Судрууд
Алма 16


Бүлэг 16

Леменчүүд Аммонайхагийн хүмүүсийг устгав—Зорам леменчүүдийг ялсан ялалтад нифайчуудыг удирдав—Алма, Амюлек хоёр мөн бусад олон нь үгийг номлов—Христ Амилалтынхаа дараа нифайчуудад үзэгдэх болно хэмээн тэд заав. Ойролцоогоор МЭӨ 81–77 он.

1 Мөнхүү улиран тохиох дор Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын арван нэг дэх онд, хоёрдугаар сарын тав дахь өдөр, Зарахемла нутагт ихэд амгалан байсны дараа, бүр арван нэгдүгээр оны хоёрдугаар сарын тав дахь өдрийг хүртэл тодорхой хэдэн жилийн турш дайнууд бас тэмцлүүд үгүй байсны дараа, уг нутаг даяар дайны зар дуулдав.

2 Учир нь болгоогтун, леменчүүдийн их цэрэг аглаг буйдын зүгээс, нутгийн хилийг даван бүр Аммонайха хотод орж ирээд, мөн хүмүүсийг алж мөн хотыг устгаж эхэлсэн аж.

3 Мөн эдүгээ улиран тохиох дор, нифайчууд тэднийг нутгаасаа ухраан гаргах хангалттай их цэргийг цуглуулж чадахаас өмнө тэд Аммонайха хотод байсан хүмүүсийг мөн түүнчлэн Ноагийн хилийн ойролцоох заримыг ч устгаж, мөн бусад заримыг олзлон аглаг буйд тийш авч явсан байв.

4 Эдүгээ улиран тохиох дор нифайчууд аглаг буйд тийш олзлогдон аваачигдсан тэднийг буцаан авахыг хүсэж байв.

5 Тиймийн тул, нифайчуудын их цэргүүдийг захирах ерөнхий ахмадаар томилогдсон тэр нь, (мөн түүний нэр Зорам, мөн тэрээр Лихай, Эйха гэсэн хоёр хүүтэй байв)—эдүгээ Зорам мөн түүний хоёр хүү, Алма сүмийн дээрх дээд прист болохыг мэдэж байсан учир, мөн түүнд бошиглолын суу билиг байгааг дуулсан учир, тиймийн тул тэд түүнд очиж мөн тэднийг леменчүүдэд олзлогдсон өөрсдийн ах дүүсийг хайхаар аглаг буйд тийш хааш яв хэмээн Их Эзэн хүсэж байгааг мэдэхээр түүнээс асуув.

6 Мөнхүү улиран тохиох дор Алма Их Эзэнээс уг хэргийн талаар лавлав. Мөн Алма эргэж ирээд мөн тэдэнд хэлсэн нь: Болгоогтун, леменчүүд Мантай нутгийн хилийн цаадах, өмнөд аглаг буйд дахь хэсгээр Сидон голыг гатлах болно. Мөн болгоогтун Сидон голын зүүн эрэг дээр та нар тэдэнтэй тулгарч, мөн тэнд леменчүүдэд олзлогдсон ах дүүсийг тань Их Эзэн та нарт чөлөөлж өгөх болно.

7 Мөнхүү улиран тохиох дор Зорам мөн түүний хөвгүүд их цэрэгтэйгээ Сидон голыг гаталж, мөн Мантайн хилийн цаана Сидон голын зүүн эрэг дэх, өмнөд аглаг буйд тийш жагсан очив.

8 Мөн тэд леменчүүдийн их цэргийн дээр бууж, мөн леменчүүд тараагдаж мөн аглаг буйд тийш ухраагдав; мөн тэд леменчүүдэд олзлогдсон ах дүүсээ олж авав, мөн олзлогдсон тэднээс нэг ч бодгаль алдагдсан байсан нь үгүй. Мөн тэд өөрсдийн нутгуудыг эзэмшихээр ах дүүсээрээ авчрагдав.

9 Мөн леменчүүд уг нутгаас туугдаж, мөн Аммонайхагийн хүмүүс устгагдан, шүүгчдийн арван нэг дэх он тийн төгсөв; тийм ээ, аммонайхачуудын амьд бодгаль бүхэн, мөн түүнчлэн агуу ихийнх нь учир Бурхан ч устгаж чадахгүй хэмээн тэдний хэлж байсан агуу хот нь устгагдав.

10 Гэвч болгоогтун, нэг өдрийн дотор энэ нь эзгүйрч үлдэв; мөн цогцсууд нь ноход мөн аглаг буйдын зэрлэг араатнуудад тасчуулагдав.

11 Гэсэн хэдий ч, олон хоногийн дараа тэдний цогцос нь газар дээр овоологдож, мөн тэдгээр нь шороогоор нимгэн хучигдав. Мөн эдүгээ түүний үнэр нь маш хурц байснаас хүмүүс олон жилийн турш Аммонайха нутгийг эзэмшихээр явсангүй. Мөн энэ нь Нихоруудын Эзгүйрэл гэж нэрлэгдэв; учир нь алагдсан тэд Нихорын адил бодолтой байжээ; мөн тэдний нутаг эзгүй үлдэв.

12 Мөн леменчүүд Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын арван дөрөв дэх он болтол нифайчуудын эсрэг дайтахаар дахин ирсэнгүй. Мөн Нифайн хүмүүс гурван жилийн турш бүх нутаг даяар тийн үргэлжийн амар амгаланг эдлэв.

13 Мөн Алма, Амюлек хоёр хүмүүст өөрсдийнх нь ариун сүмүүд, мөн өөрсдийнх нь дуганууд, мөн түүнчлэн иудейчүүдийн маягаар баригдсан өөрсдийнх нь синагогуудад наманчлалыг номлосоор явав.

14 Мөн өөрсдийнх нь үгсийг сонсох тэр болгонд, ялгаварлан үзэлгүйгээр тэдэнд Бурханы үгийг тэд үргэлж түгээж байв.

15 Мөн тийн Алма, Амюлек хоёр, мөн түүнчлэн уг ажилд сонгогдсон өөр олон нь, бүх нутаг даяар үгийг номлохоор явав. Мөн сүмийн байгуулалт уг нутаг даяар, эргэн тойрны газар болгонд, нифайчуудын бүх хүний дунд өргөн тархсан байлаа.

16 Мөн тэдний дунд тэгш бус байдал байсангүй; түүний ирэлтийн үед тэдний дунд заагдах үгийг хүлээн авахад хүмүүсийн үрсийн оюуныг бэлтгэхээр буюу тэдний зүрх сэтгэлийг бэлтгэхээр Их Эзэн өөрийн Сүнсийг уг нутгийн бүх гадаргуу дээр юүлсэн болой—

17 Тэд үгийн эсрэг хатуурхахгүй байж болохын тулд, тэд итгэж мөн устгал тийш одохгүй байж болохын тулд, харин тэд үгийг баяртайгаар хүлээн авч, мөн үнэн модны их биед залгагдах мөчир адил, тэд Их Эзэн Бурханыхаа амралтад орж болохын тулд болой.

18 Эдүгээ хүмүүсийн дунд одсон пристүүд бүх худал, заль мэх, атаа жөтөө, мөн хэрүүл маргаан, өс хонзон, доромжлолууд, мөн хулгай, дээрэм, тонуул, аллага, садар самууныг үйлдэх ба бүхэл төрлийн шунаг тачаангуй байдлын эсрэг, эдгээр зүйл байх ёсгүй хэмээн хашхиран номлов—

19 Удахгүй ирэх ёстой тэр зүйлийг номлож, тийм ээ, Бурханы Хүүгийн ирэлтийг, түүний зүдгүүрүүд бөгөөд үхлийг мөн түүнчлэн нас барагсдын амилуулалтын талаар номлов.

20 Мөн хүмүүсийн олон нь Бурханы Хүүгийн ирэх ёстой тэр газар нь хаана болохыг лавлав; мөн тэрээр өөрийн амилалтын дараа тэдэн дээр хүрч ирэх болно хэмээн тэд заалгасан ажгуу; мөн үүнийг хүмүүс агуу их баясал мөн баяртайгаар сонссон болой.

21 Мөн эдүгээ уг сүм нутаг даяар байгуулагдсаны дараа—чөтгөрийн дээр ялалтыг олсны дараа, мөн Бурханы үг цэвэр ариун байдлаараа бүх нутагт номлогдож, мөн Их Эзэн адислалуудаа хүмүүсийн дээр юүлж—Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын арван дөрөв дэх он тийн төгсөв.

Хэвлэх