Судрууд
Алма 17


Бурханы үгийн төлөө хаант улсыг захирах эрхээсээ татгалзаж, мөн леменчүүдэд номлохоор Нифайн нутаг өөд одсон Мозаягийн хөвгүүдийн шастир; тэдний зүдгүүрүүд мөн чөлөөлөлт—Алмагийн цэдгийн дагуу оршвой.

17–27-р бүлэгт агуулагдав.

Бүлэг 17

Мозаягийн хөвгүүдэд бошиглолын болон илчлэлийн суу билиг байв—Тэд өөр өөрсдийн замаар леменчүүдэд үгийг тунхаглахаар одов—Аммон Ишмэилийн нутагт очиж мөн Лемонай хааны зарц болов—Аммон хааны сүргийг аварч мөн Себасын усны дэргэд түүний дайснуудыг хөнөөв. 1–3 дугаар шүлэг, ойролцоогоор МЭӨ 77 он; 4-р шүлэг, ойролцоогоор МЭӨ 91–77 он; мөн 5–39 дүгээр шүлэг, ойролцоогоор МЭӨ 91 он.

1 Мөн эдүгээ улиран тохиох дор Алма Гидеоны нутгаас урагш Мантай нутгийн зүг аялж байх зуураа, болгоогтун, түүний гайхширалыг төрүүлсэн нь, тэрээр Зарахемла нутгийн зүг аялан яваа Мозаягийн хөвгүүдтэй дайралдав.

2 Эдүгээ тэнгэр элч Алмад анх үзэгдсэн тэр цагт Мозаягийн энэ хөвгүүд түүнтэй хамт байжээ; тиймийн тул Алма ах дүүсээ хараад үлэмж баярлав; мөн түүний баяр хөөрийг илүүгээр нэмсэн нь, тэд Их Эзэний хувьд түүний ах дүүс хэвээрээ байсны учир болой; тийм ээ, мөн тэд үнэний мэдлэгт хүчтэй болсон байв; өөрөөр хэлбэл тэд зөв ойлголттой хүмүүс болж мөн тэд Бурханы үгийг мэдэж болохын тулд судруудыг хичээнгүйлэн судалсан байв.

3 Гэвч энэ нь бүгд бус; тэд өөрсдийгөө их залбирал, мөн мацаг барилтад зориулсан байв; тиймийн тул тэдэнд бошиглолын суу билиг, мөн илчлэлийн суу билиг байлаа, мөн тэд заахдаа Бурханаас хүлээн авсан хүч мөн эрх мэдэлтэйгээр заадаг байв.

4 Мөн тэд леменчүүдийн дунд арван дөрвөн жилийн турш Бурханы үгийг зааж, үнэний мэдлэгт олныг авчрахдаа их амжилттай байсан болой; тийм ээ, тэдний үгсийн хүчээр Бурханы тахилын ширээний өмнө, түүний нэрийг дуудаж мөн түүний өмнө нүглүүдээ тоочихоор олон нь авчрагдсан бөлгөө.

5 Эдүгээ тэдний аяллын үед тэдэнд тохиолдсон нөхцөл нь эдгээр болой, тодруулбал тэд олон зүдгүүртэй тулгарчээ; тэд өлсөж, цанган, ядарч мөн түүнчлэн сүнслэг байдлын их зүдрэлээр, биеэрээ ч мөн оюунаараа ч аль алинаар нь ихэд зовсон болой.

6 Эдүгээ эдгээр нь тэдний аянууд байв: Шүүгчдийн эхний жилд, өөрсдийн эцэг Мозаятай тэд салах ёс гүйцэтгэсний дараа; эцгийнхээ өөрсдийнх нь дээр шилжүүлэхийг хүссэн хаант улсаас татгалзсаны дараа, мөн түүнчлэн ийн шилжүүлэх нь хүмүүсийн хүсэл байв;

7 Гэсэн хэдий ч тэд Зарахемла нутгаас одож, мөн өөрсдийн илд, жад, өөрсдийн нум, сум, өөрсдийн дүүгүүрүүдийг авчээ; мөн аглаг буйдад байх зуураа өөрсдөдөө хүнс залгуулж болохын тулд тэд үүнийг хийсэн болой.

8 Мөн тийн тэд өөрсдийн сонгосон хэдтэйгээ Нифайн нутаг өөд явж, Бурханы үгийг леменчүүдэд номлохоор аглаг буйд тийш одов.

9 Мөнхүү улиран тохиох дор тэд аглаг буйдад олон хоног аялж, мөн хэрэв энэ нь боломжтой аваас өөрсдийн ах дүүс леменчүүдийг үнэний мэдлэгт, зөв бус байсан тэр эцэг өвгөдийнх нь уламжлалуудын ёс бус байдлын тухай мэдлэгт авчрахад Бурханы мутарт зэмсэг болж болохын тулд, Их Эзэн өөрийн Сүнсний хэсгийг тэдэнтэй хамт явж, мөн тэдэнтэй оршин байхаар тэдэнд соёрхоосой хэмээн тэд ихэд мацаг барьж мөн ихэд залбирав.

10 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн өөрийн Сүнсээр тэдэнд зочилж, мөн тэдэнд: Тайтгарагтун хэмээв. Мөн тэд тайтгаруулагдав.

11 Мөн Их Эзэн тэдэнд түүнчлэн хэлсэн нь: Өөрсдийн ах дүүс леменчүүдийн дунд явж, мөн миний үгийг тогтоо; хэдий тийм ч та нар надаар дамжуулж сайн үлгэр жишээг тэдэнд үзүүлж болохын тул, та нар тэсэж тэвчин, мөн зүдгүүрүүддээ тэсвэр тэвчээртэй байх ёстой, мөн би та нарыг олон бодгалийг авралд хүргэх өөрийн мутар дахь зэмсэг болгох болно.

12 Мөнхүү улиран тохиох дор Мозаягийн хөвгүүд, мөн түүнчлэн тэдэнтэй байсан тэд Бурханы үгийг тэдэнд тунхаглахаар леменчүүдэд очих зоригийг зүрх сэтгэлдээ олов.

13 Мөнхүү улиран тохиох дор тэд леменчүүдийн нутгийн хилд хүрч ирээд, тэд өөрсдөө тус тусдаа явж мөн ургацаа хураасны эцэст дахин уулзах болно хэмээн Их Эзэнд итгэн нэг нэгнээсээ салцгаав; өөрөөр хэлбэл тэдний хүлээн авсан ажил агууг тэд таамаглаж байсан ажгуу.

14 Мөн энэ нь лавтайяа агуу их зүйл байв, учир нь тэд Бурханы үгийг зэрлэг мөн хатуу сэтгэлт мөн харгис хүмүүст; нифайчуудыг хөнөөхдөө, мөн тэднийг дээрэмдэж мөн тонохдоо баясдаг хүмүүст номлох үүргийг хүлээн авчээ; мөн тэр хүмүүсийн зүрх сэтгэл баялгууд буюу алт, мөнгөн дээр мөн үнэт чулуунууд дээр байрласан байлаа; хэдий тийм ч тэд өөрсдийнхөө төлөө өөрсдийн гараар хөдөлмөрлөхгүй байж болохын тулд тэд эдгээр зүйлийг аллагаар мөн тонуулаар олж авахыг эрэлхийлдэг байв.

15 Тэд тийн, олон нь хиймэл шүтээнүүдийг биширдэг, маш залхаг хүмүүс байв, мөн тэдний эцэг өвгөдийн уламжлалуудын учир Бурханы зүхэл тэдний дээр буусан байв; гэсэн хэдий ч наманчлалын нөхцөл дор Их Эзэний амлалтууд тэдэнд боломжтой байсан болой.

16 Тиймийн тул, тэднийг наманчлалд авчирч магад хэмээн Мозаягийн хөвгүүд уг ажлыг хийхээр хүлээн авсны шалтгаан нь энэ байв; тэд гэтэлгэлийн төлөвлөгөөний талаар тэдэнд мэдүүлж болох магад хэмээсний учир бөлгөө.

17 Тиймийн тул тэд өөрсдөө нэг нэгнээсээ салцгааж, мөн хүн бүр ганцаараа өөрт нь өгөгдсөн Бурханы үг болон хүчний дагуу тэдний дунд явав.

18 Эдүгээ Аммон тэдний дунд ахлагч нь байв, өөрөөр хэлбэл тэдэнд зааварладаг байжээ, мөн тэрээр хэд хэдэн албан тушаалынх нь дагуу тэднийг адисалсны дараа, Бурханы үгийг тэдэнд хэлснийхээ дараа, өөрөөр хэлбэл явахынхаа өмнө тэдэнд зааварласныхаа дараа тэднээс салж одов; мөн тийн тэд уг нутаг даяар тус тусын аяныг хөөв.

19 Мөн Аммон Ишмэилийн хөвгүүдийн, түүнчлэн леменчүүд болсон тэдний нэрээр нэрлэгдсэн нутаг болох Ишмэилийн нутаг руу аялав.

20 Мөн Аммон Ишмэилийн нутагт ормогц, өөрсдийнх нь гарт орсон нифайчуудыг хүлж, мөн хааны өмнө тэднийг аваачдаг заншлаараа леменчүүд түүнийг баривчилж мөн түүнийг хүлэв; мөн тийн тэднийг алах, эсвээс тэднийг дарангуйлалд байлгах, эсвээс тэднийг шоронд хорих, эсвээс тэднийг нутгаасаа хөөн зайлуулах нь хааны таалалд, түүний хүсэл мөн тааллын дагуу байдаг байв.

21 Мөн тийн Аммон Ишмэилийн нутгийг захирсан хааны өмнө хүргэгдэв; мөн түүний нэр Лемонай байв; мөн тэрээр Ишмэилийн удмынх байжээ.

22 Мөн хаан Аммоноос тэрээр уг нутагт леменчүүдийн дунд, өөрөөр хэлбэл өөрийнх нь ард түмний дунд орших хүсэлтэй эсэхийг лавласан ажгуу.

23 Мөн Аммон түүнд хэлэв: Тийм ээ, би хэсэг хугацаанд; тийм ээ, мөн магадгүй үхэх өдрөө хүртэл энэ ард түмний дунд амьдрах хүсэлтэй хэмээв.

24 Мөнхүү улиран тохиох дор Лемонай хаан Аммоныг ихэд таалан үзэж, мөн түүний хүлээсийг тайлуулав; мөн тэрээр Аммон өөрийнх нь охидоос нэгийг нь эхнэр болгон аваасай хэмээн хүсэв.

25 Харин Аммон түүнд: Үгүй, харин би таны зарц байх болно хэмээв. Тиймийн тул Аммон, Лемонай хааны зарц болов. Мөнхүү улиран тохиох дор тэрээр леменчүүдийн заншлын дагуу Лемонайн сүргийг хариулах үүргийг өөр зарц нартай хамт хүлээв.

26 Мөн тэрээр хааны үйлчлэлд гурав хоног байсны дараа, тэрээр лемен үндэстний зарц нартай хамт сүргээ туун Себасын ус гэж нэрлэгдсэн устай газарт очихоор явах зуур, мөн леменчүүд бүгдээр сүрэг нь ус ууж болохын тулд сүргээ тийш туудаг байв—

27 Тиймийн тул, Аммон болон хааны зарц нар сүргээ энэ устай газрын зүг тууж явтал, болгоогтун, малаа усалж байсан тодорхой тооны леменчүүд босож мөн Аммоны болон хааны зарц нарын сүргийг тараав, мөн тэдгээр нь тал тал тийш зугтах хүртэл нь тэдгээрийг тараав.

28 Эдүгээ хааны зарц нар бувтналдаж эхлэв, хэлсэн нь: Эдүгээ сүрэг нь энэ эрчүүдээр ёс бусаар тараагдсанаас болж, бидний ах дүүсийг тэгсэн шигээ хаан биднийг алах болно. Мөн тэд үлэмж ихээр уйлж эхлэн: Болгоогтун, бидний сүрэг аль хэдийн тараагдсан хэмээцгээв.

29 Эдүгээ тэд алагдахаас айсны учир уйлжээ. Эдүгээ Аммон үүнийг хараад дотроо зүрх сэтгэл нь баяраар бялхав; учир нь, тэр бодов, би эдгээр бусад зарцын сэтгэлийг татаж болохын тулд, тэднийг үгсэд минь итгэхэд би удирдаж болохын тулд, энэ сүргийг хаанд эргүүлэн өгснөөр би өөрийн хүчийг, өөрөөр хэлбэл надад буй тэр хүчийг эдгээр бусад зарцад үзүүлэх болно.

30 Мөн эдүгээ, өөрийн ах дүүс гэж нэрлэсэн тэдний зүдгүүрийг хараад Аммон ингэж бодож байв.

31 Мөнхүү улиран тохиох дор тэрээр өөрийн үгсээр тэднийг аргадаж, хэлсэн нь: Ах дүүс минь, зоригтой байцгаа мөн сүргийг эрэхээр явцгаая, мөн бид тэдгээрийг цуглуулж бас тэдгээрийг устай газар буцаан авчрах болно; мөн тийн бид хаанд сүргийг нь хадгалан хамгаалж тэгснээр тэр биднийг алахгүй байх болно.

32 Мөнхүү улиран тохиох дор тэд сүргийг хайн явж, мөн тэд Аммоныг даган, мөн тэд их хурднаар яаран явж мөн хааны сүргийг тогтоож, мөн тэдгээрийг дахин устай газар нэгтгэн цуглуулав.

33 Мөн сайхь эрчүүд тэдний сүргийг тараахаар дахин зогсож байв; гэвч Аммон ах дүүстээ хэлсэн нь: Зугтаалгахгүйн тул сүргийг тойрон хүрээл; мөн би явж мөн бидний сүргийг тараагч энэ эрчүүдтэй тэмцэлдье.

34 Тиймийн тул, тэд Аммоны өөрсдөд нь зарлигласныг хийж, мөн тэрээр урагш одож мөн Себасын усны дэргэд зогсоцгоож байсан тэдэнтэй тэмцэлдэхээр зогсов; мөн тэд тоогоороо цөөн байсангүй.

35 Тиймийн тул тэд Аммоноос айсангүй, учир нь өөрсдийнх нь эрчүүдийн нэг нь тэдний тааллын дагуу түүнийг алж чадна хэмээн тэд боджээ, учир нь Их Эзэн хөвгүүдийг нь тэдний гараас чөлөөлнө хэмээн тэрээр Мозаяд амласан байсныг тэд мэдсэнгүй; бас Их Эзэний талаар юу ч мэддэггүй байв; тиймийн тул тэд ах дүүсийнхээ устгалд баясдаг байв; мөн үүний учир тэд хааны сүргийг тараахаар зогсож байсан аж.

36 Гэвч Аммон зогсоод мөн дүүгүүрээрээ тэдэн рүү чулуу нүүлгэж эхлэв; тийм ээ, их хүчтэйгээр чулууг тэдний дунд тэр дүүгүүрдэж байв; мөн тийн тэрээр тэдний хэд хэдийг алсан учир, үүний хэрээр тэд түүний хүчинд гайхширч эхлэв; гэсэн хэдий ч тэд ах дүүс нь алуулсан учир ууртай байв, мөн тэд түүнийг унах ёстой хэмээн хатуу шийдсэн байв; тиймийн тул, тэд түүнийг өөрсдийн чулуугаар онож чадахгүй байгаагаа хараад, түүнийг алахаар бороохой шийдэмтэйгээр давшин ирэв.

37 Гэвч болгоогтун, Аммоныг цохихоор шийдмээ өргөсөн хүн бүрийг, тэрээр илдээрээ гарыг нь тас цавчив; тодруулбал тэр илднийхээ ирээр тэдний гарыг цавчин тэдний дайралтуудыг эсэргүүцэж, үүний хэрээр тэд гайхан цочирдож эхлэв, мөн түүнээс зугтаж эхлэв; тийм ээ, мөн тэд цөөн тоотой байсангүй; мөн тэрээр гарынхаа хүчээр тэднийг зугтахад хүргэв.

38 Эдүгээ тэдний зургаа нь дүүгүүрт унасан байлаа, харин тэр тэдний удирдагчаас нь өөр хэнийг ч илдээрээ алсан нь үгүй; мөн тэр түүний эсрэг далайсан тэр болгоны гарыг тас цавчсан аж, мөн тэд цөөн байгаагүй билээ.

39 Мөн тэрээр тэднийг хол хөөгөөд, тэр эргэж ирэв, мөн тэд сүргээ усалж мөн тэдгээрийг хааны бэлчээрт эргүүлж аваачаад, тэгээд хаанд очиж, түүнийг хөнөөхийг эрэлхийлсэн тэдний, Аммоны илдээр тас цавчигдсан гаруудыг үзүүлэв; мөн тэдний хийсэн зүйлсийн гэрч болгон хаанд тэдгээр нь авчрагдав.