Алмагийн Хүү болох
Алмагийн Ном
Алмагийн хүү асан, Нифайн ард түмний дээрх анхны мөн ерөнхий шүүгч, мөн түүнчлэн Сүмийн дээрх дээд прист асан Алмагийн шастир оршвой. Шүүгчдийн засаглал, мөн хүмүүсийн хоорондох дайнууд болон зөрчилдөөнүүдийн талаарх шастир оршвой. Мөн түүнчлэн анхны мөн ерөнхий шүүгч Алмагийн цэдгийн дагуу, нифайчууд болон леменчүүдийн дундах дайны шастир оршвой.
Бүлэг 1
Нихор хуурамч сургаал зааж, сүм байгуулан, санваарын байр суурийг урвуулан ашиглах явдлыг танилцуулж, мөн Гидеоныг алав—Нихор гэмт хэргүүдийнхээ учир цаазлагдав—Санваарын байр суурийг урвуулан ашиглах байдал мөн хавчлагууд хүмүүсийн дунд тархав—Пристүүд өөрсдийгөө тэтгэн, хүмүүс ядуусыг халамжилж, мөн Сүм хөгжив. Ойролцоогоор МЭӨ 91–88 он.
1 Эдүгээ улиран тохиох дор Нифайн ард түмний дээр энэ цагаас эхэлсэн шүүгчдийн засаглалын эхний жилд, Мозая хаан амьдралын тулаанд үнэнчээр дайтаж, Бурханы өмнө зөв шударгаар алхлан, өөрийн оронд засаглах хэнийг ч үлдээлгүйгээр бүх хорвоогийн жамаар одов; гэсэн хэдий ч тэрээр хуулиудыг тогтоож, тэдгээр нь ард түмнээр хүлээн зөвшөөрөгдсөн байв; тиймийн тул, энэ цагаас эхлэн, тэд түүний гаргасан хуулиудыг сахих ёстой байв.
2 Мөнхүү улиран тохиох дор Алмагийн шүүгчийн суудал дахь засаглалын эхний жилд, нэгэн хүн шүүгдэхээр түүний өмнө авчрагдсан нь, том биетэй, их хүчтэйгээрээ нэрд гарсан нэгэн байсан бөлгөө.
3 Мөн тэрээр хүмүүсийн дунд явж, Бурханы үг хэмээн өөрийн нэрлэсэн зүйлээ тэдэнд номлон, сүмийн эсрэг тэмцэв; прист мөн багш бүр нэр хүндтэй болох ёстойг; мөн тэд өөрсдийн гараар хөдөлмөрлөх ёсгүйг, харин тэд ард түмнээр тэтгэгдэх ёстойг ард түмэнд тунхагладаг байв.
4 Мөн тэрээр эцсийн өдөр бүх хүн төрөлхтөн аврагдах болно, мөн тэд айх бас чичрэх ч хэрэггүй, харин тэд тэргүүнээ өргөн мөн баясаж болох буюу; учир нь Их Эзэн бүх хүнийг бүтээсэн, мөн түүнчлэн бүх хүнийг гэтэлгэсэн; мөн төгсгөлд нь бүх хүн мөнх амьдралтай байна хэмээн ард түмэнд түүнчлэн гэрчлэв.
5 Мөнхүү улиран тохиох дор тэр эдгээр зүйлийг маш их заасан учир олон нь түүний үгсэд итгэсэн аж, бүр маш олон байснаас тэд түүнийг тэтгэж мөн түүнд мөнгө өгч эхэлсэн бөлгөө.
6 Мөн тэрээр зүрх сэтгэлийнхээ бардамналд хөөрч эхлэв, мөн маш үнэтэй хувцас хунар өмсөж, тийм ээ, мөн өөрийн номлолын дагуу бүр сүм байгуулж эхлэв.
7 Мөнхүү улиран тохиох дор тэр өөрийнх нь үгэнд итгэсэн тэдэнд номлохоор явж байхдаа, тэр Бурханы сүмд хамаарагдах нэгэн хүнтэй, тийм ээ, бүр тэдний багш нарын нэгтэй нь тааралдав; мөн сүмийн хүмүүсийг тэрбээр төөрөгдүүлэн удирдаж болохын тулд тэр түүнтэй хурцаар маргалдаж эхлэв; гэвч уг хүн Бурханы үгсээр түүнийг зэмлэн, түүнийг сөрөн зогсов.
8 Эдүгээ сайхь хүний нэр Гидеон байв; мөн Лимхайн хүмүүсийг боолчлолоос чөлөөлөхөд Бурханы мутарт зэмсэг байсан тэр байв.
9 Эдүгээ, Бурханы үгсээр Гидеон өөрийг нь сөрөн зогссон учир тэр Гидеонд хилэгнэж, мөн илдээ сугалаад түүн рүү дайрч эхлэв. Эдүгээ Гидеон өндөр настай байв, тиймийн тул тэрээр түүний дайралтуудыг сөрөн зогсох чадалгүй байлаа, тиймийн тул тэрээр илдэнд хөнөөгдөв.
10 Мөн түүнийг хөнөөсөн хүн сүмийн хүмүүсээр баривчлагдаж, мөн тэр үйлдсэн гэмт хэргүүдийнхээ дагуу шүүгдэхээр Алмагийн өмнө авчрагдав.
11 Мөнхүү улиран тохиох дор тэрээр Алмагийн өмнө зогсож мөн ихэд зоригтойгоор өөрийгөө өмгөөлөв.
12 Харин Алма түүнд хэлэв: Болгоогтун, санваарын байр суурийг урвуулан ашиглах нь уг хүмүүсийн дунд анх удаа танилцуулагдсан нь энэ юм. Мөн болгоогтун, чи зөвхөн санваарын байр суурийг урвуулан ашигласан гэмтэй ч биш, бас үүнийг илдээр албадахыг оролдсон байна; мөн санваарын байр суурийг урвуулан ашиглах нь энэ хүмүүсийн дунд албадуулагдваас, энэ нь тэдний бүрэн устгалын шалтгаан болох юм.
13 Мөн чи зөв шударга хүний, тийм ээ, энэ хүмүүсийн дунд ихээхэн сайныг хийсэн хүний цусыг урсгалаа; мөн бид чамайг хэлтрүүлэх аваас түүний цус өшөө авалтын төлөө бидэн дээр ирэх болно.
14 Тиймийн тул чи, манай сүүлчийн хаан Мозаягаар бидэнд өгөгдсөн тэр хуулийн дагуу үхэхээр яллагдлаа; мөн уг хууль нь энэ хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдсөн бөлгөө; тиймийн тул энэ хүмүүс уг хуулийг мөрдөх ёстой.
15 Мөнхүү улиран тохиох дор тэд түүнийг баривчлав; мөн түүний нэр Нихор байв; мөн тэд түүнийг Мантай толгодын орой дээр аваачиж, мөн тэнд тэрээр тэнгэр газрын хооронд өөрийн хүмүүст заасан зүйлсийг Бурханы үгийн эсрэг байсан гэдгээ хүлээн зөвшөөрөв, эсвээс өөрөөр хэлбэл, тэгж хэлэхээр албадуулагдав; мөн тэнд тэрээр гутамшигт үхлийг үзэв.
16 Гэсэн хэдий ч, энэ нь санваарын байр суурийг урвуулан ашиглах байдал уг нутаг даяар тархахыг төгсгөл болгосонгүй; учир нь дэлхийн хоосон зүйлсэд дурлах болсон нь олон байв, мөн тэд хуурамч сургаалуудыг номлон явж байв; мөн тэд үүнийг баялаг болоод нэр хүндийн төлөө хийсэн бөлгөө.
17 Гэсэн хэдий ч, тэд хуулиас айх учир илт мэдэгдэхээр худал хэлж зүрхэлсэнгүй, худал хэлэгчид шийтгэгдэж байсны учир бөлгөө; тиймийн тул тэд сүсэг бишрэлийнхээ дагуу номлож буй дүр үзүүлж байв; мөн эдүгээ уг хууль нь ямар ч хүний сүсэг бишрэлийнх нь дээр хүчгүй байв.
18 Мөн тэд хуулиас айх учир хулгайлж зүрхэлсэнгүй, тийм нь шийтгэгдэж байсны учир бөлгөө; бас тэд дээрэм, мөн аллага хийж зүрхэлсэнгүй, учир нь аллага хийсэн нь үхлээр шийтгэгдэж байлаа.
19 Гэвч улиран тохиох дор Бурханы сүмд харьяалагдаагүй хэн боловч, Бурханы сүмд харьяалагдаж мөн Христийн нэрийг өөрсдийн дээр авсан тэднийг хавчиж эхлэв.
20 Тийм ээ, тэд харьяалагдах тэднийг хавчиж, мөн тэднийг янз бүрийн үгсээр зовоож байв, мөн тэдний даруу төлвийн учир ингэсэн бөлгөө; учир нь харьяалагдах тэд өөрсдийн нүдэнд бардам байсангүй, мөн тэд Бурханы үгийг нэг нэгэнтэйгээ, мөнгөгүйгээр мөн үнэгүйгээр хуваалцдаг байсны учир бөлгөө.
21 Эдүгээ сүмийн хүмүүсийн дунд, сүмд харьяалагдсан нэг ч хүн сүмд харьяалагдаагүй тэдний эсрэг босож мөн хавчиж болохгүй, мөн тэдний өөрсдийнх нь дунд ч хавчлага байх ёсгүй хэмээх хатуу хууль байв.
22 Гэсэн хэдий ч, тэдний дунд бардам болж эхэлсэн нь, мөн дайснуудтайгаа ширүүн, бүр зодолдох хүртлээ тэмцэлдэж эхэлсэн нь олон байв; тийм ээ, тэд бие биеэ нударгалан зодолдох болов.
23 Эдүгээ энэ нь Алмагийн засаглалын хоёр дахь жилд байв, мөн энэ нь сүмд их зүдгүүрийн шалтгаан байв; тийм ээ, энэ нь сүмд их бэрхшээлийн шалтгаан байв.
24 Учир нь олны зүрх сэтгэл хатуурч, мөн тэдний нэрс арилгагдав, иймээс тэд Бурханы хүмүүсийн дунд цаашид дурсагдсангүй. Мөн түүнчлэн олон нь тэдний дундаас өөрсдийгөө холдуулав.
25 Эдүгээ энэ нь сүсэг бишрэлдээ үнэнч үлдсэн тэдэнд агуу бэрхшээл болов; гэсэн хэдий ч, тэд Бурханы зарлигуудыг сахихдаа хөдөлшгүй мөн гуйвшгүй байв, мөн тэд өөрсдийн дээр овоологдсон хавчлагыг тэвчээртэйгээр үүрч байв.
26 Мөн пристүүд Бурханы үгийг хүмүүстэй хуваалцахаар хөдөлмөрөө орхиход, хүмүүс ч түүнчлэн Бурханы үгийг сонсохоор хөдөлмөрлөхөө орхиж байв. Мөн прист тэдэнд Бурханы үгийг дуулгамагц тэд бүгд хөдөлмөртөө дахин хичээнгүйлэн буцан орж байв; мөн прист нь, өөрийгөө сонсогчдоосоо дээр хэмээн үнэлсэнгүй, учир нь номлогч нь сонсогчоосоо өчүүхэн ч илүү бус ажгуу, бас багш нь сурагчаасаа илүү бус бөлгөө; мөн тийн тэд бүгд адил тэгш, мөн тэд бүгд, хүн бүр өөрт буй хүчний дагуу хөдөлмөрлөж байв.
27 Мөн тэд хөрөнгөөсөө, хүн бүр өөрт байгаагийнхаа хэрээр, ядуутай, мөн гачигдсантай, мөн өвдсөн мөн зовж зүдэрсэнтэй хуваалцаж байлаа; мөн тэд үнэтэй хувцас хунар өмсдөггүй байв, гэвч тэд цэвэр нямбай мөн дур булаам байсан буюу.
28 Мөн тийн тэд сүмийн хэргүүдийг тогтоов; мөн тэдний бүх хавчлага байсан хэдий ч, тийн тэд үргэлжийн амгаланг дахин эдэлж эхлэв.
29 Мөн эдүгээ, сүмийнхний гуйвшгүй байдлын учир тэд үлэмж баян болж эхлэн, тэдэнд хэрэгцээтэй аливаа бүх зүйлээр—үй түмэн бог мөн бод мал, мөн зүйл бүрийн төл мал, түүнчлэн арвин их үр тариа, мөн алт, мөнгө, үнэт зүйлс, мөн арвин их торго ба нарийн нэхээст эд, мөн төрөл бүрийн энгийн сайн даавуугаар элбэг хангалуун байх болов.
30 Мөн тийн, тэд хангалуун байдалдаа нүцгэн, өлссөн, цангасан, өвдсөн, эсвэл асаргаагүй байсан нэгнийг ч буцаагаагүй болой; мөн тэд зүрх сэтгэлээ баялаг дээр тавьсангүй; тиймийн тул тэд, настай мөн залуу аль алинд нь, боол мөн чөлөөт аль алинд нь, эрэгтэй мөн эмэгтэй аль алинд нь, сүмийнх биш ч бай, мөн ч бай, ялгаварлан үзэлгүйгээр гачигдах тэдэнд бүгдэд нь өгөөмөр хандаж байв.
31 Мөн тийн тэд дэгжиж мөн сүмд нь харьяалагдаагүй тэднээс хамаагүй илүү чинээлэг болов.
32 Учир нь тэдний сүмд харьяалагдаагүй тэд илбэ шидэд, мөн хиймэл шүтээнийг шүтэхэд эсвээс залхуу хойрго байдалд, мөн чалчаа яриа, атаа жөтөө мөн хэрүүл маргаанд өөрсдийгөө өөгшүүлж байв; үнэтэй хувцас өмсөн; өөрсдийнхөө нүдэнд бардамнан хөөрч; бусдыг хавчин, худал хэлж, хулгайлж, дээрэмдэж, садар самууныг үйлдэн, мөн аллага, мөн зүйл бүрийн ёс бусыг үйлдэж байв; гэсэн хэдий ч, үүнийг зөрчсөн тэд бүгдийн дээр хууль боломжийн хэрээр хэрэгжүүлэгдэж байв.
33 Мөнхүү улиран тохиох дор хүн бүр өөрийн хийсэн зүйлийхээ дагуу шийтгэгдэн, тэдний дээр хуулийг хэрэгжүүлснээр, тэд үймээнгүй болж, мөн хэрэв мэдэгдэхээр бол ямар ч ёс бусыг үйлдэж зүрхлэхгүй байв; тиймийн тул, Нифайн хүмүүсийн дунд шүүгчдийн засаглалын тав дахь жилийг хүртэл их амар амгалан байв.