Судрууд
Алма 21


Аарон, Мулокай мөн тэдний ах дүүсийн леменчүүдэд номлосон тухай шастир оршвой.

21–25-р бүлэгт агуулагдав.

Бүлэг 21

Аарон, Христийн талаар мөн Түүний Цагаатгалын тухай амалекайчуудад заав—Аарон болон түүний ах дүүс Миддонай дахь шоронд хоригдов—Тэд чөлөөлөгдсөнийхөө дараа, синагогуудад зааж мөн олныг хөрвүүлэв—Лемонай Ишмэил нутаг дахь хүмүүст шашны эрх чөлөөг олгов. Ойролцоогоор МЭӨ 90–77 он.

1 Эдүгээ Аммон мөн түүний ах дүүс леменчүүдийн нутгийн хил дээр салцгаахад, болгоогтун, Аарон эцэг өвгөдийнх нь төрөлх нутгийн нэрээр Иерусалим гэж леменчүүдээр нэрлэгдсэн нутгийн зүг аянаа хөөв; мөн энэ нь Мормоны хилийн залгаа зайдуу оршиж байв.

2 Эдүгээ леменчүүд, амалекайчууд мөн Амюлоны хүмүүс Иерусалим гэж нэрлэгдсэн их хотыг барьсан байв.

3 Эдүгээ леменчүүд өөрсдөө хангалттай хатуу, гэвч амалекайчууд мөн амюлончууд бүр илүү хатуу байв; тиймийн тул тэд леменчүүдийг зүрх сэтгэлээ хатууруулж, тэднийг ёс бусад мөн жигшүүрт хэргүүддээ өсөн нэмэгдэхэд хүргэж байв.

4 Мөнхүү улиран тохиох дор Аарон Иерусалим хотод ирж, мөн эхлээд амалекайчуудад номлож эхлэв. Мөн тэрээр өөрсдийнх нь синагогуудад тэдэнд номлож эхлэв, учир нь тэд нихоруудын жаягийн дагуу синагогуудыг барьсан байв; учир нь амалекайчууд мөн амюлончуудын олон нь нихоруудын жаягийн дагуу байв.

5 Тиймийн тул, Аарон тэдний синагогуудын нэгэнд нь хүмүүст номлохоор ороод, мөн тэдэнд ярьж байхад, болгоогтун амалекай үндэстний нэг хүн босож мөн түүнтэй маргаж эхлэв, хэлрүүн: Чиний гэрчилсэн чинь юу билээ? Чи тэнгэр элчийг харсан гэж үү? Тэнгэр элч нар яагаад бидэнд үзэгддэггүй юм бэ? Болгоогтун энэ хүмүүс чиний хүмүүс шиг сайн биш хэрэг үү?

6 Түүнчлэн, бид наманчлахгүй аваас эрсдэх болно хэмээн чи хэллээ. Чи бидний зүрхэн дэх бодол болон зорилгыг хэрхэн мэдэх вэ? Бидэнд наманчлах шалтгаан буйг чи хэрхэн мэдэх вэ? Чи биднийг зөв шударга хүмүүс бус гэдгийг хэрхэн мэдэх вэ? Болгоогтун, бид дуганууд барьсан, мөн бид Бурханыг бишрэн сүсэглэхээр өөрсдөө цугларцгаадаг. Бурхан бүх хүнийг аврах болно гэдэгт бид итгэдэг.

7 Эдүгээ Аарон түүнд хэлэв: Бурханы Хүү хүн төрөлхтнийг нүглүүдээс нь гэтэлгэхээр ирэх болно гэдэгт та итгэдэг үү?

8 Мөн нөгөөх хүн түүнд хэлэв: Бид чамайг нэг ч ийм зүйл мэддэг гэдэгт итгэхгүй байна. Бид эдгээр мунхаг уламжлалд итгэдэггүй. Чамайг ирэх зүйлсийн тухай мэддэг, бас танай эцэг өвгөд мөн түүнчлэн бидний эцэг өвгөд өөрсдийнхөө ярьдаг байсан зүйлсийн талаар, ирэх түүний талаар мэддэг байсан гэдэгт бид итгэхгүй байна.

9 Эдүгээ Аарон тэдэнд Христийн ирэлтийн талаар, мөн түүнчлэн нас барагсдын амилуулалтын талаар мөн Христийн зовлон зүдгүүр бөгөөд үхэл, мөн түүний цусны цагаатгалаар бус аваас хүн төрөлхтний төлөөх гэтэлгэл байж чадахгүй тухай судруудыг тэдэнд дэлгэж эхлэв.

10 Мөнхүү улиран тохиох дор тэр эдгээр зүйлийг тэдэнд тайлбарлаж эхлэхэд тэд түүнд уурлаж, мөн түүнийг дооглож эхлэв; мөн тэд түүний ярьсан үгсийг үл сонсов.

11 Тиймийн тул, тэрээр тэд өөрийнх нь үгсийг сонсохгүйг хараад, тэр тэдний синагогоос гарч одов, мөн Анай-Антай гэж нэрлэгдсэн тосгонд ирж, мөн тэнд Мулокай тэдэнд номлож байхыг; мөн түүнчлэн Аммаг мөн түүний ах дүүсийг тэр олов. Мөн тэд үгийн тухай олон хүнтэй маргалдав.

12 Мөнхүү улиран тохиох дор тэд зүрх сэтгэлээ хатууруулах хүмүүс гэдгийг харж, тиймийн тул тэд одож мөн Миддонай нутагт хүрч ирэв. Мөн тэд үгийг олонд номлов, мөн тэдний заасан үгсэд итгэсэн нь цөөн байв.

13 Гэсэн хэдий ч, Аарон мөн түүний хэдэн ах дүүс баривчлагдаж мөн шоронд хаягдав, мөн тэднээс үлдсэн нь Миддонай нутгаас эргэн тойрны нутгууд руу зугтан гарав.

14 Мөн шоронд хаягдсан тэд олон зүйлийг тэвчив, мөн тэд Лемонай, Аммон хоёрын гараар чөлөөлөгдөж, мөн тэд хооллуулж мөн хувцаслагдав.

15 Мөн тэд үгийг тунхаглахаар дахин явав, мөн тийн тэд эхнийхээ удаа шоронгоос чөлөөлөгдөв; мөн тийн тэд зовсон байв.

16 Мөн тэд Их Эзэний Сүнсээр удирдагдсан зүг рүү хааш боловч явж, амалекайчуудын синагог бүрд, эсвээс тэд орох зөвшөөрлийг олж чадах леменчүүдийн цуглаан бүр дээр Бурханы үгийг номлов.

17 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн тэднийг адисалж эхлэв, үүний хэрээр тэд олныг үнэний мэдлэгт авчирсан бөлгөө; тийм ээ, тэд олонд өөрсдийнх нь нүглүүдийн, мөн эцэг өвгөдийнх нь зөв бус уламжлалуудын талаар итгүүлжээ.

18 Мөнхүү улиран тохиох дор Аммон, Лемонай хоёр Миддонай нутгаас тэдний өвийн нутаг болох Ишмэилийн нутагт эргэж ирэв.

19 Мөн Лемонай хаан Аммоныг өөрт нь үйлчлэхийг, өөрөөр хэлбэл түүний зарц байхыг зөвшөөрөхгүй байлаа.

20 Харин тэрээр Ишмэилийн нутагт синагогууд баригдах болгов; мөн тэрээр өөрийн хүмүүсийг, өөрөөр хэлбэл түүний засаглалд байсан хүмүүсийг нэгдэн цугларцгаах болгов.

21 Мөн тэрээр тэдний тул баясаж, мөн тэрээр тэдэнд олон зүйлийг заав. Мөн түүнчлэн тэрээр тэд өөрийнх нь захиргаан дахь хүмүүс гэдгийг, мөн тэд чөлөөт хүмүүс гэдгийг, тэд түүний эцэг болох хааны дарлалаас чөлөөлөгдсөнийг тэдэнд тунхаглав; учир нь түүний эцэг Ишмэилийн нутагт мөн эргэн тойрных нь бүх нутагт байсан хүмүүсийн дээр засаглаж болохыг нь түүнд зөвшөөрсөн байв.

22 Мөн түүнчлэн тэр тэдэнд Их Эзэн өөрсдийн Бурханыг хүслийнхээ дагуу ямар ч газар байсан, хэрэв энэ нь Лемонай хааны засаглалын доорх нутаг аваас чөлөөтэй шүтэн бишрэх эрхийг эдэлж болохыг тунхаглав.

23 Мөн Аммон, Лемонай хааны хүмүүст номлов; мөнхүү улиран тохиох дор тэрээр тэдэнд зөв шударгад хамаарах бүх зүйлийн талаар заасан болой. Мөн тэр байдгаараа хичээнгүйлэн өдөр бүр тэдэнд ухуулж байв; мөн тэд түүний үгсэд анхааран хандаж, мөн тэд Бурханы зарлигуудыг сахихаар тэмүүлж байв.

Хэвлэх