Бүлэг 22
Бүтээлтийн, Адамын Уналтын, мөн Христээр дамжин ирэх гэтэлгэлийн төлөвлөгөөний тухай Лемонайн эцэгт Аарон заав—Хаан мөн бүх гэрийнхэн нь хөрвүүлэгдэв—Нифайчууд болон леменчүүдийн хоорондох нутгийн зааг тайлбарлагдав. Ойролцоогоор МЭӨ 90–77 он.
1 Эдүгээ, Аммон Лемонайн хүмүүст үргэлжлүүлэн тийн зааж байх зуур, Аарон болон түүний ах дүүсийн шастирт бид эргэж оръё; учир нь тэрбээр Миддонай нутгаас одсоныхоо дараа тэр Сүнсээр Нифайн нутаг тийш, бүр Ишмэилийн нутгаас бусад бүх нутгийн дээрх тэр хааны гэр лүү удирдагдсан буюу; мөн тэр нь Лемонайн эцэг байв.
2 Мөнхүү улиран тохиох дор тэрээр хааны ордонд ах дүүсийнхээ хамт түүнд очиж, мөн хааны өмнө бөхийн, мөн түүнд хэлэв: Болгоогтун, ай хаантан, бид Аммоны ах дүүс, шоронгоос таны чөлөөлсөн тэд билээ.
3 Мөн эдүгээ, ай хаантан, хэрэв та бидний амийг хэлтрүүлж хайрлавал бид таны зарц нар болно. Мөн хаан тэдэнд хэлсэн нь: Босогтун, учир нь би та нарын амийг хэлтрүүлэх болно, мөн би та нарыг өөрийн зарц нар байхыг зөвшөөрөхгүй; харин би надад сургахыг та нараас шаардана; учир нь та нарын ах Аммоны үгсийн өгөөмөр мөн агуугийн учир сэтгэл оюундаа зарим талаар би түгшиж байна; мөн тэр яагаад та нартай Миддонайгаас ирээгүйн шалтгааныг би мэдэхийг хүсэж байна.
4 Мөн Аарон хаанд хэлэв: Болгоогтун, Их Эзэний Сүнс түүнийг өөр зүгт дуудсан; тэрээр Ишмэилийн нутаг тийш Лемонайн хүмүүст заахаар явсан билээ.
5 Эдүгээ хаан тэдэнд хэлэв: Их Эзэний Сүнсний талаар та нарын хэлсэн тань юу билээ? Болгоогтун энэ бол намайг түгшээх тэр зүйл болой.
6 Мөн түүнчлэн, Аммоны ийн хэлсэн нь—Хэрэв та наманчилбал аврагдах болно, мөн хэрэв та наманчлахгүй бол, та эцсийн өдөр хаягдах болно гэсэн нь юу вэ?
7 Мөн Аарон түүнд хариулж мөн түүнд хэлэв: Бурхан байдагт та итгэдэг үү? Мөн хаан хэлэв: Амалекайчууд Бурхан байдаг хэмээн хэлдгийг би мэднэ, мөн тэд түүнийг шүтэн бишрэхээр өөрсдөө цугларцгааж болохын тулд тэд дуганууд барихыг би тэдэнд зөвшөөрсөн бөлгөө. Мөн хэрэв эдүгээ та Бурхан байдаг гэж хэлбэл, болгоогтун би итгэх болно.
8 Мөн эдүгээ Аарон үүнийг сонсоод, зүрх нь баясаж эхлэв, мөн тэр хэлсэн нь: Болгоогтун, ай хаантан, та амьд буй нь гарцаагүйн адил Бурхан байдаг.
9 Мөн хаан хэлэв: Бурхан гэж бидний эцэг өвгөдийг Иерусалим нутгаас авчирсан тэр Агуу Их Сүнс мөн үү?
10 Мөн Аарон түүнд хэлэв: Тийм ээ, тэр бол тэрхүү Агуу Их Сүнс, бас тэрээр тэнгэр ба дэлхийн аль алинд нь буй бүх зүйлийг бүтээсэн юм. Та үүнд итгэж байна уу?
11 Мөн тэр хэлэв: Тийм ээ, Агуу Их Сүнс бүх зүйлийг бүтээсэн гэдэгт би итгэдэг, мөн та нарыг надад эдгээр бүх зүйлийн талаар хэлж өгөхийг би хүсэж байна, мөн би та нарын үгсэд итгэх болно.
12 Мөнхүү улиран тохиох дор хаан өөрийнх нь үгсэд итгэхийг Аарон үзээд, тэрээр Адамын бүтээлтээс эхэлж, судруудыг—Бурхан хэрхэн хүнийг өөрийн дүр төрхөөр бүтээсэн ба Бурхан түүнд зарлигууд өгснийг, мөн зөрчлийн учир хүмүүн унасныг хаанд уншиж өгөв.
13 Мөн Аарон түүнд Адамын бүтээлтээс эхлэн, хүмүүний уналтыг, мөн тэдний зуурдын байдлыг ба түүнчлэн Христээр дамжин, түүний нэрэнд итгэсэн хүн бүрийн төлөө, дэлхийн үүслээс бэлтгэгдсэн тэрхүү гэтэлгэлийн төлөвлөгөөг түүний өмнө дэлгэн, судруудыг тайлбарласан болой.
14 Мөн хүмүүн нь унасан болохоор тэрээр өөрөөсөө болоод юуг ч хүртэх нь зохистой биш; гэвч Христийн зовлонгууд болон үхэл нь тэдний нүглийг итгэл болон наманчлалаар дамжуулан цагаатгадаг зэргийг; мөн тэрээр, булш ялалт үгүй болж, мөн үхлийн гашуун нь сүр жавхлангийн найдварт эзэгнэгдэхийн тулд үхлийн хүлээсийг тасчдаг гэдгийг; мөн Аарон эдгээр бүх зүйлийг хаанд тайлбарласан аж.
15 Мөнхүү улиран тохиох дор Аарон эдгээр зүйлийг түүнд тайлбарласны дараа, хаан хэлэв: Таны ярьсан тэрхүү мөнх амьдралыг авч болохын тулд би юу хийх билээ? Тийм ээ, энэ ёс бусын сүнсийг цээжнээсээ үндсээр нь сугалуулан, мөн Бурханаас төрж болохын тулд, мөн түүний Сүнсийг хүлээн авч, баяслаар дүүргэгдэж болохын тулд, эцсийн өдөр би хаягдахгүй байж болохын тулд би юу хийх билээ? Болгоогтун, тэр хэлэв, би энэхүү агуу баяслыг хүлээн авч болохын тулд би өөрийн эзэмшдэг бүгдийг өгөх болно, тийм ээ, би хаант улсаа орхих болно.
16 Гэвч Аарон түүнд хэлэв: Хэрэв та энэ зүйлийг хүсвэл, хэрэв та Бурханы өмнө доош бөхийх юм бол, тийм ээ, хэрэв та бүх нүглээ наманчилбал, мөн Бурханы өмнө доош бөхийвөл, мөн та хүлээн авах болно гэдэгтээ итгэн, түүний нэрийг итгэлтэйгээр дуудвал, тэгвэл та хүссэн тэрхүү найдварыг хүлээн авах болно.
17 Мөнхүү улиран тохиох дор Аарон эдгээр үгийг хэлэхэд, хаан Их Эзэний өмнө доош бөхийн өвдөг дээрээ сөхрөв; тийм ээ, бүр тэрээр газар сунан хэвтэж, мөн хүчтэйгээр хашхирч, хэлэв:
18 Ай Бурхан, Аарон надад Бурхан байдаг хэмээн хэлэв; мөн хэрэв Бурхан байдаг бол, мөн хэрэв та Бурхан бол та өөрийгөө надад мэдүүлнэ үү, мөн би таныг мэдэхийн тулд мөн би нас барагсдаас босгогдож, мөн эцсийн өдөр аврагдаж болохын тулд бүх нүглээ орхих болно. Мөн эдүгээ хаан эдгээр үгийг хэлээд, тэр үхсэн мэт цочирдон унав.
19 Мөнхүү улиран тохиох дор зарц нар нь гүйлдэж мөн хаанд тохиолдсон бүгдийг хатанд хэлэв. Мөн тэр хаан дээр ирэв; мөн тэр түүнийг үхсэн мэт хэвтэж буйг, мөн түүнчлэн Аарон болон түүний ах дүүс түүний унасны шалтгаан мэт зогсохыг хараад, тэр тэдэнд уурлаж, мөн тэднийг баривчилж мөн алахыг зарц нартаа буюу хааны зарц нарт зарлиглав.
20 Эдүгээ зарц нар хааны унасан шалтгааныг харсан байв, тиймийн тул тэд Аарон болон түүний ах дүүст гар хүрч зүрхэлсэнгүй; мөн тэд хатнаас гуйж хэлсэн нь: Болгоогтун, тэдний нэг нь л бид бүгдээс илүү хүчтэй байхад энэ хүмүүсийг алахыг та яагаад бидэнд зарлиглав? Тиймийн тул бид тэдний өмнө унах болно.
21 Эдүгээ хатан зарц нарын айдсыг хараад түүнчлэн өөр дээр нь ямар нэгэн хилэнц ирэх вий хэмээн өөрөө ч үлэмж айж эхлэв. Мөн зарц нартаа явж мөн хүмүүсийг дуудахыг тэр тэдэнд зарлиглав, Аарон болон түүний ах дүүсийг тэдгээр нь алж болохын тулд болой.
22 Эдүгээ Аарон хатны шийдэмгий байдлыг хараад, тэрээр, түүнчлэн хүмүүсийн зүрх сэтгэлийн хатууг мэдэхийн учир, ард олон нэгдэн чуулах вий хэмээн, мөн тэдний дунд агуу тэмцэл мөн зөрчил гарах вий хэмээн айв; тиймийн тул тэрээр гараа сунган хааныг газраас босгож, мөн түүнд хэлэв: Зогс. Мөн тэрээр хүчээ олж, хөл дээрээ зогсов.
23 Эдүгээ энэ нь хатан болон зарц нарын олны дэргэд хийгдсэн бөлгөө. Мөн тэд үүнийг хараад ихээр гайхаж, мөн айж эхлэв. Мөн хаан урагш алхаж, мөн тэдэнд тохинуулж эхлэв. Мөн тэрээр тэдэнд тохинуулж, үүний хэрээр бүх гэрийнхэн нь Их Эзэнд хөрвүүлэгдэв.
24 Эдүгээ хатны зарлигийн учир ард олон нэгдэн цугларсан байв, мөн Аарон болон түүний ах дүүсийн учир тэдний дунд маш их бувтналдаан байж эхлэв.
25 Гэвч хаан тэдний дунд урагш зогсоод мөн тэдэнд тохинуулав. Мөн тэд Аарон болон түүнтэй хамт байсан тэдний тухайд тайтгаруулагдав.
26 Мөнхүү улиран тохиох дор хаан хүмүүсийн тайвширсныг хараад, тэрээр Аарон болон түүний ах дүүсийг ард олны дунд урагш зогсоон, мөн тэднээр уг үгийг тэдэнд номлох болгов.
27 Мөнхүү улиран тохиох дор хаан бүх нутаг даяар, умардад Зарахемла нутгийн тэнд байх аглаг буйдын хилд, мөн тэнгисийн эргийн эргэн тойронд дорнын тэнгисээс бүр өрнийн тэнгис хүртэл үргэлжилдэг, Мантайн хилийг гатлан, дорноос өрнөдөд урсах Сидон голын эхийн дэргэд дэх тэрхүү аглаг буйдын нарийн хэсгээр Зарахемла нутгаас тусгаарлагддаг байсан, мөн дорнодод мөн өрнөдөд, бүр тэнгистэй хиллэсэн эргэн тойрны бүх нутагт, өөрийн бүх нутагт байгаа өөрийн бүх ард түмний дунд тунхаг илгээв—мөн тийн леменчүүд болон нифайчууд хуваагддаг байжээ.
28 Эдүгээ, леменчүүдийн илүү залхаг хэсэг нь аглаг буйдад амьдарч, мөн майханд оршдог байв; мөн тэд Нифайн нутагт, өрнөдийн аглаг буйд даяар тархсан байв; тийм ээ, мөн түүнчлэн Зарахемла нутгийн өрнөдөд, тэнгисийн эргээр хил дээр, мөн Нифайн нутгийн өрнөд хэсэгт, өөрсдийн эцэг өвгөдийн анхны өвийн газарт, мөн тийн тэнгисийн эргийн дагуу хиллэж байв.
29 Мөн түүнчлэн нифайчууд тэднийг тийш түрсэн тэнд олон лемен үндэстэн дорнын тэнгисийн эргээр байв. Мөн тийн нифайчууд бараг л леменчүүдээр хүрээлүүлсэн байлаа; гэсэн хэдий ч Нифайчууд аглаг буйдтай хиллэх умардын, Сидон голын эхэнд, дорноос өрнийг хүртэл, аглаг буйдаар хүрээлүүлэх бүх нутгийг эзэмшин авсан байв; умардад, тэд өөрсдийн ирсэн, Өгөөмөр гэж нэрлэсэн бүр тэр нутгийг хүртэл буюу.
30 Мөнхүү тэр нь Эзгүйрэл гэж тэдний нэрлэсэн тэр нутагтай хиллэдэг байв, энэ нь Зарахемлагийн хүмүүсийн анх буусан газар байсан тул тэднээр олж нээгдсэн, тэдний ясных нь тухай бидний ярьсан, устгагдсан тэр хүмүүсээр эзэмшигдэж байсан тэрхүү нутагт хүрч, умардад маш хол оршдог байсан учраас тэр болой.
31 Мөн тэд тэндээс өгсөн өмнөд аглаг буйдад ирсэн ажээ. Тийн умард зүгийн нутаг Эзгүйрэл хэмээн нэрлэгдэж, мөн өмнө зүгийн нутаг нь төрөл бүрийн зэрлэг амьтдын зүйл бүрээр, зарим нь умард нутгаас хоол хайж ирсэн тэдгээрээр дүүргэгдсэн аглаг буйд байсны учир Өгөөмөр хэмээн нэрлэгдсэн ажгуу.
32 Мөн эдүгээ, Өгөөмөр Эзгүйрэлтэй залгах хилээр, өрнөөс дорнын тэнгисийг хүртэл нифай үндэстэн хүний хувьд зөвхөн нэг бүтэн мөн нэг хагас өдөр аялах зай байв; мөн тийн Нифайн нутаг мөн Зарахемла нутаг бараг л усаар хүрээлэгдэж, өмнөд хэсгийн нутаг мөн умард хэсгийн нутгийн хооронд нарийн хоолой газар байв.
33 Мөнхүү улиран тохиох дор нифайчууд Өгөөмөр нутгийг, бүр өрнөөс дорнын тэнгисийг хүртэл эзэмшсэн байв, мөн тийн нифайчууд өөрсдийн мэргэн ухаанд, харуулууд мөн их цэргээр, леменчүүдийг өмнөдөд шахсан байлаа, тиймээс тэд нь умардад хойшид эзэмшилтэй байхгүйн тулд, тэд умард хэсгийн нутагт тархахгүйн тулд болой.
34 Тиймийн тул леменчүүд зөвхөн Нифайн нутаг мөн эргэн тойрных нь аглаг буйдаас өөрийг эзэмшдэггүй байв. Эдүгээ энэ нь нифайчуудын мэргэн ухаан байв—леменчүүд тэдний дайсан байсан учир өөрсдийг нь тал бүрээс зовоохыг тэд зөвшөөрөхгүй байж, мөн түүнчлэн тэд өөрсдийн хүслийн дагуу тийш зугтаж болох нутагтай байж болохын тулд болой.
35 Мөн эдүгээ би үүнийг хэлснийхээ дараа, Аммон болоод Аарон, Омнер болон Химнай, мөн тэдний ах дүүсийн шастирт дахин эргэж оръё.