Бүлэг 23
Шашны эрх чөлөө тунхаглагдав—Долоон нутаг мөн хотод леменчүүд хөрвүүлэгдэв—Тэд өөрсдийгөө Антай-нифай-лихайчууд хэмээн нэрлэж мөн зүхлээс чөлөөлөгдөв—Амалекайчууд мөн амюлончууд үнэнийг эсэргүүцэв. Ойролцоогоор МЭӨ 90–77 он.
1 Болгоогтун, эдүгээ улиран тохиох дор леменчүүдийн хаан өөрийн бүх ард түмний дунд тунхаг илгээж, тэдний нутгийн аль ч хэсэгт, ямар ч газар байсан тэд Аммон, Аарон, Омнер, эсвээс Химнай, мөн Бурханы үгийг номлож яваа тэдний ах дүүсийн хэнд ч гар хүрэх ёсгүй хэмээв.
2 Тийм ээ, тэднийг хүлэхээр, эсвээс тэднийг шоронд хорихоор тэд гараа хүргэх ёсгүй; бас тэд тэдэн дээр нулимж, бас тэднийг цохиж, бас синагогуудаасаа хөөж, мөн тэднийг шилбүүрдэх ёсгүй; бас тэд тэдний зүг чулуу шидэх ёсгүй, харин тэд тэдний гэрт мөн түүнчлэн тэдний ариун сүмүүд, мөн дугануудад чөлөөтэй нэвтрэх боломжтой хэмээх тогтоолыг тэрээр тэдний дунд илгээсэн бөлгөө.
3 Мөн хаан, мөн бүх гэрийнхэн нь Их Эзэнд хөрвүүлэгдсэн учир, тэд тийн хүссэнийхээ дагуу явж мөн үгийг номлож болох байв; тиймийн тул тэрээр, Бурханы үг ямар ч саадгүй байж болохын тулд, харин энэ нь бүх нутаг даяар түгэж, түүний хүмүүс эцэг өвгөдийнхөө ёс бус уламжлалуудын талаар ятгагдаж болохын тулд, мөн тэд бүгд ах дүүс учир, мөн тэд алах, тонох, хулгайлах, бас садар самууныг үйлдэх, бас ямар ч төрлийн ёс бусыг үйлдэх ёсгүйд ятгагдаж болохын тулд өөрийн хүмүүст уг нутаг даяар өөрийн тунхаглалыг илгээсэн буюу.
4 Мөн эдүгээ улиран тохиох дор хаан энэ тунхаглалыг илгээхэд, Аарон болон түүний ах дүүс хотоос хотод, мөн шүтлэгийн нэг өргөөнөөс нөгөөд явж, сүмүүд байгуулан, мөн леменчүүдийн дунд уг нутаг даяар, тэдний дунд Бурханы үгийг номлуулж мөн заалгахаар пристүүд болон багш нарыг томилон адисалж байв; мөн тийн тэд агуу амжилттай байж эхлэв.
5 Мөн мянга мянга нь Их Эзэний мэдлэгт авчрагдав, тийм ээ, мянга мянга нь Нифайчуудын уламжлалд итгэх итгэлд авчрагдсан бөлгөө; мөн тэд одоо цагийг хүртэл доош гардуулагдаж ирсэн тэрхүү цэдгүүд болон бошиглолуудад сургагдав.
6 Мөн Их Эзэн амьд нь гарцаагүйн адил, итгэсэн болгон нь, өөрөөр хэлбэл илчлэл болон бошиглолын суу билгийн, мөн тэднээр дамжуулан гайхамшгуудыг үйлдэх Бурханы хүчний дагуу, Аммон болон түүний ах дүүсийн номлолоор үнэний мэдлэгт авчрагдсан болгон нь—тийм ээ, би та нарт хэлнэ, Их Эзэн амьдын адил, леменчүүдээс тэдний номлолд итгэн мөн Их Эзэнд хөрвүүлэгдсэн болгон нь, хэзээ ч итгэл алдраагүй болой.
7 Учир нь тэд зөв шударга хүмүүс болсон билээ; тэд эсэргүүцлийн зэр зэвсгээ доош тавьснаар, Бурханы эсрэг бас ах дүүсийнхээ хэнийх нь ч эсрэг дахин тулалдсангүй.
8 Эдүгээ, Их Эзэнд хөрвүүлэгдсэн тэд нь эдгээр юм:
9 Ишмэил нутагт байсан леменчүүдийн хүмүүс;
10 Мөн түүнчлэн Миддонай нутагт байсан леменчүүдийн хүмүүсээс;
11 Мөн түүнчлэн Нифайн хотод байсан леменчүүдийн хүмүүсээс;
12 Мөн түүнчлэн Шилом нутагт, Шэмлон нутагт байсан, мөн Лемүел хотод, мөн Шимнилом хот дахь тэр леменчүүдийн хүмүүсээс болой.
13 Мөн эдгээр нь Их Эзэнд хөрвүүлэгдсэн леменчүүдийн хотуудын нэрс болой; мөн эдгээр нь эсэргүүцлийн зэр зэвсгээ, тийм ээ, дайны бүх зэр зэвсгээ доош тавьсан тэд ажээ; мөн тэд бүгдээрээ леменчүүд байв.
14 Мөн амалекайчуудын нэгээс бусад нь, бас амюлончуудаас нэг нь ч хөрвүүлэгдсэнгүй; харин тэд, өөрсдийн оршдог нутгийн тэр хэсэгт хаа боловч, тийм ээ, мөн тэдний бүх тосгонд мөн тэдний бүх хотод өөрсдийн зүрх сэтгэлийг, мөн түүнчлэн леменчүүдийн зүрх сэтгэлийг хатууруулсан ажээ.
15 Тиймийн тул, наманчилж мөн үнэний мэдлэгт ирж, мөн хөрвүүлэгдсэн леменчүүдийн бүх хотыг бид дурдав.
16 Мөн эдүгээ улиран тохиох дор хаан мөн хөрвүүлэгдсэн тэд ах дүүсээсээ ялгагдаж болохын тулд нэртэй байх хүсэлтэй байв; тиймийн тул хаан, Аарон бас тэдний пристүүдийн олонтой нь, тэд ялгагдаж болохын тулд өөрсдийн дээр авах нэрийн талаар зөвлөлдөв.
17 Мөнхүү улиран тохиох дор тэд өөрсдийн нэрсийг Антай-нифай-лихайчууд хэмээв; мөн тэд энэ нэрээр нэрлэгдэж мөн цаашид леменчүүд гэж нэрлэгдсэнгүй.
18 Мөн тэд маш их ажилсаг хүмүүс болж эхлэв; тийм ээ, мөн тэд нифайчуудтай нөхөрсөг байв; тиймийн тул, тэд тэдэнтэй харилцааг нээж, мөн Бурханы зүхэл тэднийг цаашид дагасангүй.