Бүлэг 31
Урвагч зорамчуудыг залруулах номлолыг Алма толгойлов—Зорамчууд Христийг үгүйсгэж, сонгогдсон хэмээх буруу ойлголтдоо итгэж мөн тогтсон хэллэгтэй залбирлуудаар сүсэглэв—Номлогчид Ариун Сүнсээр дүүргэгдэв—Тэдний зүдгүүрүүд Христэд баясах баясалд автагдав. Ойролцоогоор МЭӨ 74 он.
1 Эдүгээ улиран тохиох дор Корихорын төгсгөлийн дараа, зорамчууд Их Эзэний замуудыг гажуудуулж байна, мөн тэдний удирдагч Зорам хүмүүсийн зүрх сэтгэлийг амьгүй шүтээнүүдэд бөхийхөд удирдаж байна гэсэн мэдээг Алма хүлээн авсан учир, түүний зүрх сэтгэл уг хүмүүсийн алдсуудын учир дахин шаналж эхлэв.
2 Учир нь өөрийн хүмүүсийн дундах алдсуудыг мэдсэн нь Алмагийн их гуниг харамслын шалтгаан байв; тиймийн тул зорамчууд нифайчуудаас тусгаарласны учир түүний зүрх сэтгэл үлэмж гуниглаж байв.
3 Эдүгээ зорамчууд өөрсдөө Зарахемла нутгийн дорнод дахь, тэнгисийн эрэгт ойрхноор хиллэж байсан, Жершоны нутгийн өмнөдөд байсан, түүнчлэн өмнөд талаараа леменчүүдээр дүүрэн байх тэр аглаг буйдтай хиллэсэн Антионум гэж өөрсдийн нэрлэсэн нэгэн нутагт нэгдэн цугларцгаасан байв.
4 Эдүгээ нифайчууд, зорамчууд леменчүүдтэй харилцаатай болох вий хэмээн, мөн энэ нь нифайчуудын талд агуу алдагдлын шалтгаан болох вий хэмээн ихээр айж байв.
5 Мөн эдүгээ, үгийг номлох нь шударга болох түүнийг хийхэд хүмүүсийг удирдах хандлага ихтэй байсан учир—тийм ээ, энэ нь хүмүүсийн оюун ухаанд илдээс, эсвээс тэдэнд тохиолдсон юунаас ч илүү хүчтэйгээр нөлөө үзүүлсэн байв—тиймийн тул тэд Бурханы үгийн нөлөөлөх хүчээр туршиж үзэх хэрэгтэй болов хэмээн Алма боджээ.
6 Тиймийн тул тэрээр Аммон, Аарон, мөн Омнерыг авч; мөн тэрээр Химнайг Зарахемла дахь сүмд орхив; харин тэрээр дээрх гурвыг, түүнчлэн Мелект байсан Амюлек мөн Зиезромыг өөртэйгөө авчээ; мөн түүнчлэн тэрээр хөвгүүдийнхээ хоёрыг нь авав.
7 Эдүгээ тэрээр хөвгүүдийнхээ ахмадыг нь өөртэйгөө авсангүй, мөн түүний нэр Хиламан байв; харин тэрээр өөртэйгөө авсан тэдний нэрс нь Шиблон мөн Кориантон байв; мөн эдгээр нь түүнтэй хамт зорамчуудын дунд тэдэнд үгийг номлохоор одсон тэдний нэрс бөлгөө.
8 Эдүгээ зорамчууд бол нифайчуудаас тэрслэгчид байв; тиймийн тул Бурханы үг тэдэнд номлогдсон байсан ажээ.
9 Гэвч тэд их алдаануудад унасан байв, учир нь тэд Бурханы зарлигууд болон түүний тогтоолуудыг Мосегийн хуулийн дагуу дагахаар мэрийсэнгүй бөлгөө.
10 Бас тэд уруу таталтад орохгүй байж болохын тулд, Бурханд хандан өдөр бүр залбирал болоод гуйлтаа үргэлжлүүл гэсэн сүмийн тэр үйлүүдийг дагадаггүй байв.
11 Тийм ээ, дүгнэж хэлэхэд, тэд маш олон тохиолдолд Их Эзэний замуудыг гажуудуулж байв; тиймийн тул, энэ шалтгааны учир, Алма болон түүний ах дүүс уг нутагт тэдэнд үгийг номлохоор очив.
12 Эдүгээ, тэд уг нутагт ирсний дараа, болгоогтун, зорамчууд синагогууд барьсныг, мөн тэд Их Эзэний өдөр гэж өөрсдийн нэрлэсэн долоо хоногийн нэг өдөр өөрсдөө нэгдэн цугларч; мөн тэд Алма болон түүний ах дүүсийн хэзээ ч хараагүй тийм маягаар сүсэглэдэг болохыг олж мэдээд, тэдний гайхал нь төрсөн болой;
13 Тухайлбал тэд синагогийнхоо төвд толгойноос өндөрт өргөгдсөн, дээр нь зогсох индэр барьсан байлаа; мөн түүний дээр зөвхөн нэг хүн багтах ажээ.
14 Тиймийн тул, шүтэн сүсэглэхийг хүссэн хэн боловч урагшлан мөн үүний орой дээр нь зогсоод, мөн тэнгэрийн зүг хоёр гараа сунган, мөн чанга дуугаар ийн хашхиран хэлэх ёстой байв:
15 Ариун, ариун Бурхан; та бол Бурхан, мөн та бол ариун гэдэгт бид итгэдэг, мөн та сүнс байсан, мөн та бол сүнс, мөн та үүрд сүнс байх болно гэдэгт бид итгэдэг.
16 Ариун Бурхан, та биднийг ах дүүсээс маань салгасан гэдэгт бид итгэдэг; мөн тэдний эцэг өвгөдийн гэнэн тэнэгээр тэдэнд дамжуулагдсан ах дүүсийнхээ уламжлалуудад бид итгэдэггүй; харин та биднийг өөрийн ариун хүүхдүүд байхаар сонгосон гэдэгт бид итгэдэг; мөн түүнчлэн Христ гэж үгүй байх болно гэдгийг та бидэнд мэдүүлж өгсөн билээ.
17 Гэвч та бол өчигдөр, өнөөдөр, мөн үүрд нэгэн адил; мөн бид аврагдахын төлөө та биднийг сонгосон, харин бидний эргэн тойронд байгаа бүгд таны хилэнгээр доош тамд хаягдахаар сонгогдсон билээ; биднийг ариун болгосонд, ай Бурхан, бид танд талархдаг; мөн түүнчлэн ах дүүсийн маань сэтгэлийг бидний Бурхан танаас холдуулж төөрөгдүүлэн удирдах, тэднийг Христэд итгэх итгэлд доош хүлэх тэр, тэдний мунхаг уламжлалуудад бид хөтлөгдөхгүй байж болохын тулд биднийг сонгосонд тань бид талархдаг.
18 Мөн үүнчлэн бид сонгогдсон мөн ариун хүмүүс байгаадаа бид танд талархдаг, ай Бурхан минь. Амен.
19 Эдүгээ улиран тохиох дор Алма болон түүний ах дүүс мөн түүний хөвгүүд эдгээр залбирлыг дуулаад, тэд хэмжээлшгүйгээр гайхширав.
20 Учир нь болгоогтун, хүн бүр урагшилж мөн үүний адил залбирлуудыг өргөж байв.
21 Эдүгээ уг газар тэднээр Рамеумптом, орчуулбал ариун тавцан хэмээн нэрлэгдсэн байв.
22 Эдүгээ, энэ тавцангаас тэд, хүн бүр Бурханд хандан адилхнаар залбирч, тэд түүгээр сонгогдсон хэмээн, мөн тэрээр тэднийг ах дүүсийнх нь уламжлалд эс удирдсан хэмээн, мөн тэдний огтхон ч мэдэхгүй, ирэх зүйлсэд итгэхээр өөрсдийнх нь зүрх сэтгэл хулгайлагдаагүй хэмээн Бурхандаа талархлаа өргөж байв.
23 Эдүгээ, хүмүүс бүгд энэ маягаар талархал өргөснийхөө дараа, тэд гэртээ эргэж очоод, тэд өөрсдөө мөнөөх ариун тавцанд өөрсдийн маягаар талархал өргөхөөр дахин цугларах хүртлээ Бурханыхаа тухай дахин огт ярьдаггүй ажээ.
24 Эдүгээ Алма үүнийг хараад зүрх сэтгэл нь гашуудав; учир нь тэрээр тэдний ёс бус мөн тэрс хүмүүс байсныг үзэв; тийм ээ, тэрээр тэдний зүрх сэтгэл алт, мөнгөн дээр, мөн бүх төрлийн сайн эд зүйлс дээр байрласныг харав.
25 Тийм ээ, мөн тэрээр түүнчлэн тэдний зүрх сэтгэл бардамналдаа, агуу онгиргон занд өргөгдсөнийг харав.
26 Мөн тэрээр дуугаа тэнгэрт өргөн, мөн хашхирч, хэлрүүн: Ай хэр удаан, ай Их Эзэн, та зарц нараа энэ доор бие махбодод, хүмүүсийн үрсийн дунд буй бузар ёс бусыг болгоохоор оршин байхыг зөвшөөрөх вэ?
27 Болгоогтун, ай Бурхан, тэд танд залбирах хэдий ч тэдний зүрх сэтгэл бардамналдаа автагдсан буюу. Болгоогтун, ай Бурхан, тэд дэлхийн хоосон зүйлсээр ихээр ихэмсэглэж байхдаа, амаараа танд залбирах ажгуу.
28 Болгоогтун, ай Бурхан минь, тэдний үнэт хувцас, мөн тэдний бөгж, бугуйвчнууд, тэдний алтан чимгүүд, мөн тэдний өөрсдийгөө гоёсон бүх үнэт зүйлс; мөн болгоогтун, тэдний зүрх сэтгэл тэдгээрийн дээр байрлажээ, гэсэн хэдий ч тэд танд залбирч ийн хэлнэ—Бид танд талархаж байна, ай Бурхан, учир нь бусад нь мөхөх байхад, бид таны хувьд сонгогдсон хүмүүс билээ.
29 Тийм ээ, мөн Христ гэж байхгүй байх болно гэдгийг та тэдэнд мэдүүлсэн хэмээн тэд хэлдэг.
30 Ай Их Эзэн Бурхан, энэ хүмүүсийн дунд ийм ёс бус бөгөөд үнэнч бус байдал байхыг та хэр удаан зөвшөөрөх билээ? Ай Их Эзэн, өөрийн сул дорой байдалд тэвчээртэй хандах хүчийг та надад өгөөч. Учир нь би сул дорой, мөн энэ хүмүүсийн дундах ийм ёс бус нь бодгалийг минь өвтгөх бөлгөө.
31 Ай Их Эзэн, зүрх сэтгэл минь үлэмж гашуудна; та бодгалийг минь Христээр тайтгаруулна уу. Ай Их Эзэн та, энэ хүмүүсийн алдсын учир миний дээр ирэх эдгээр зүдгүүрийг тэвчээртэйгээр туулж болох хүчтэй байж болохыг надад соёрхоно уу.
32 Ай Их Эзэн, бодгалийг минь та тайтгаруулж, мөн надад, мөн түүнчлэн надтай хамт буй миний хамтран хөдөлмөрлөгчдөд ч—тийм ээ, Аммон, Аарон, Омнер, мөн түүнчлэн Амюлек, Зиезром, мөн түүнчлэн хоёр хөвгүүнд минь—бас амжилтыг өгнө үү, тийм ээ, ай Их Эзэн, бүр тэд нарыг та тайтгаруулна уу. Тийм ээ, та тэдний бодгалиудыг Христээр тайтгаруулна уу.
33 Энэ хүмүүсийн алдсуудын учир тэдний дээр ирэх зүдгүүрүүдийг тэвчиж болох хүчтэй байж болохыг та тэдэнд соёрхоно уу.
34 Ай Их Эзэн, тэднийг дахин Христээр танд авчрахад амжилттай байхыг та бидэнд соёрхоно уу.
35 Болгоогтун, ай Их Эзэн, тэдний бодгаль эрхэм үнэт, мөн тэдний олон нь бидний ах дүүс; тиймийн тул, бид тэднийг, ах дүүсээ дахин танд авчирч болохын тулд, ай Их Эзэн, хүч чадал болон мэргэн ухааныг бидэнд өгөөч.
36 Эдүгээ улиран тохиох дор Алма эдгээр үгийг хэлээд, өөртэйгөө хамт байсан тэд бүгдийн дээр гараа тавив. Мөн болгоогтун, тэрээр тэдний дээр гараа тавихад, тэд Ариун Сүнсээр дүүргэгдэв.
37 Мөн түүний дараа тэд юу идэх, юу уух, эсвэл юу өмсөх билээ гэсэн өөрсдийн төлөөх бодолгүйгээр нэг нэгнээсээ салж одов.
38 Мөн Их Эзэн тэднийг өлсгөлгүйгээр бас цангаалгүйгээр хангаж байв; тийм ээ, мөн тэрээр түүнчлэн тэдэнд Христийн баясалд автагдахаас бусдаар зүдгүүрүүдийг үзүүлэхгүйн тулд тэдэнд хүч чадал өгч байв. Эдүгээ энэ нь Алмагийн залбирлын дагуу байв; мөн энэ нь итгэлтэйгээр залбирсных нь учир болой.