Бүлэг 34
Авралд хүргэх үг Христэд байдгийг Амюлек гэрчлэв—Цагаатгал хийгдэхгүй аваас, бүх хүн төрөлхтөн мөхөх ёстой—Мосегийн бүх хууль Бурханы Хүүгийн золиосын зүг заадаг—Гэтэлгэлийн мөнхийн төлөвлөгөө итгэл болон наманчлал дээр тулгуурладаг—Эд зүйлийн мөн сүнсний адислалуудын төлөө залбирагтун—Энэ амьдрал хүмүүний хувьд Бурхантай уулзахад бэлтгэх хугацаа болой—Бурханы өмнө эмээж өөрсдийн авралыг гүйцээгтүн. Ойролцоогоор МЭӨ 74 он.
1 Мөн эдүгээ улиран тохиох дор Алма тэдэнд эдгээр үгийг ярьсныхаа дараа газар дээр сууж, мөн Амюлек босож мөн тэдэнд сургаж эхлэв, өгүүлсэн нь:
2 Ах дүүс минь, биднээр Бурханы Хүү хэмээн заагдсан тэр Христийн ирэлтийн талаар яригдсан зүйлсийг үл мэдэх нь та нарт боломжгүй хэмээн бодно би; тийм ээ, бидний дундаас та нар тэрслэхээс өмнө эдгээр зүйл та нарт элбэг дэлбэгээр сургагдсаныг мэднэ би.
3 Мөн зүдгүүрүүдийнхээ учир та нар юу хийвэл зохихыг тэрээр та нарт мэдүүлэхийг хайрт ахаас минь хүссэнчлэн; мөн тэрээр та нарын оюуныг бэлтгэхээр зарим зүйлийг та нарт ярьсан билээ; тийм ээ, мөн тэрээр та нарыг итгэлтэй мөн тэвчээртэй байхад ухуулсан бөлгөө—
4 Тийм ээ, бүр та нар үүний сайныг нь туршин шалгаж болохын тулд, та нар үгийг зүрх сэтгэлдээ тарих тийм итгэлтэй байхад буюу.
5 Мөн Бурханы Хүүд уг үг байдаг эсэх, эсвээс Христ байх үгүй эсэх нь та нарын оюунд их том асуулт болохыг бид ойлгов.
6 Мөн түүнчлэн авралд хүргэдэг үг Христэд буй гэдгийг ах маань та нарт олон жишээгээр нотолсныг та нар болгоов.
7 Бурханы Хүүгээр гэтэлгэл ирнэ гэсэн Зиносын үгсээс, мөн түүнчлэн Зинокийн үгсээс ах минь эш татав; мөн түүнчлэн тэрээр эдгээр зүйлийн үнэнийг нотлохоор Мосег эш татсан болой.
8 Мөн эдүгээ, болгоогтун, эдгээр зүйлийн үнэнийг би өөрөө та нарт гэрчлэх болно. Болгоогтун, би та нарт хэлнэ, Христ хүмүүсийн үрсийн дунд өөрийн хүмүүсийн зөрчлүүдийг өөртөө авахын тулд ирэхийг, мөн тэр дэлхийнхний нүглийг цагаатгах болно гэдгийг би мэднэ; учир нь Их Эзэн Бурхан үүнийг ярьсан билээ.
9 Учир нь цагаатгал хийгдэх нь зайлшгүй чухал юм; учир нь Мөнхийн Бурханы агуу их төлөвлөгөөний дагуу цагаатгал хийгдэх ёстой, эс бөгөөс бүх хүн төрөлхтөн гарцаагүй мөхөх ёстой; тийм ээ, бүгд хатуурсан; тийм ээ, бүгд унасан мөн алдагдсан, мөн хийгдэх нь зайлшгүй чухал уг цагаатгалаар бус аваас тэд мөхөх ёстой.
10 Учир нь агуу их болоод эцсийн нэгэн тахил байх нь зайлшгүй чухал; тийм ээ, хүмүүнийг тахилаар өргөх бус, бас амьтныг ч бус, бас ямар ч жигүүртнийг бус болой; учир нь энэ нь хүмүүний тахил байх нь үгүй; харин энэ нь хэмжээлшгүй бөгөөд мөнхийн тахил байх ёстой.
11 Эдүгээ өөр нэгний нүглийг цагаатган өөрийн цусыг тахилаар өргөж чадах ямар ч хүн үгүй. Эдүгээ, хэрэв хүмүүн аллага үйлдвэл, болгоогтун шударга болох манай хууль ахынх нь амийг авна гэж үү? Би та нарт хэлнэ, Үгүй.
12 Харин хууль нь алсан түүний амийг шаарддаг; тиймийн тул дэлхийнхний нүглүүдэд хангалттай байх тэр нь хэмжээлшгүй цагаатгалаас өөр юу ч байж эс чадах ажээ.
13 Тиймийн тул, агуу их болоод эцсийн тахил өргөгдөх нь зайлшгүй чухал, мөн тэгээд цус урсгалтыг төгсгөх болно, өөрөөр хэлбэл төгсгөх нь зохистой; тийнхүү Мосегийн хууль гүйцэлдэх болно; тийм ээ, энэ нь бүгд гүйцэлдэх болно, зураас мөн үсэг бүр, мөн аль нь ч хүчингүй болохгүй болой.
14 Мөн болгоогтун, энэ нь хуулийн бүрэн утга учир юм, цэг болгон нь агуу их болоод эцсийн тахилын зүг заадаг; мөн тэр агуу болон эцсийн тахил нь Бурханы Хүү байх болно, тийм ээ, хэмжээлшгүй бөгөөд үүрдийнх бөлгөө.
15 Мөн тийн тэрээр өөрийнх нь нэрэнд итгэх тэд бүгдэд авралыг авчрах болно; эцсийн тахилын зорилго нь, шударга ёсыг давамгайлах нигүүлслийн сэтгэлийг хэрэгжүүлэн, мөн хүмүүс наманчлалд хүрэх итгэлтэй байж болохын тулд тэдэнд арга замыг бий болгох явдал юм.
16 Мөн тийн нигүүлсэл нь шударга ёсны шаардлагыг хангаж мөн тэднийг аюулгүйн гараар хүрээлж чадна, харин наманчлалд хүргэх итгэлийг хэрэгжүүлээгүй тэр нь шударга ёсны шаардлагын бүх л хуульд захирагддаг; тиймийн тул зөвхөн наманчлалд хүргэх итгэлтэй түүнд гэтэлгэлийн агуу их болон мөнхийн төлөвлөгөө үйлчилдэг.
17 Тиймийн тул ах дүүс минь, тэрээр та нарын дээр нигүүлсэнгүй байхын тулд, та нар түүний ариун нэрийг дуудаж эхлэхийн тулд, наманчлалд хүргэх итгэлийг хэрэгжүүлж эхэлж болохыг Бурхан та нарт соёрхох болтугай;
18 Тийм ээ, нигүүлслийн тулд түүнээс гуйцгаа, учир нь тэр аврах хүчтэй билээ.
19 Тийм ээ, өөрсдийгөө даруу болго, мөн түүнд хандан залбирлаа үргэлжлүүлэгтүн.
20 Та нар талбайдаа байхдаа тийм ээ, түүнд хандан, өөрсдийн бүх мал сүргийнхээ төлөө залбиран гуй.
21 Гэртээ түүнд залбиран гуй, тийм ээ, бүх гэрийнхнийхээ төлөө, өглөө, өдөр мөн орой, аль алинд нь буюу.
22 Тийм ээ, дайснуудынхаа хүчний эсрэг түүнээс залбиран гуй.
23 Тийм ээ, бүх зөв шударгын дайсан болох чөтгөрийн эсрэг түүнээс гуй.
24 Та нар түүгээр дэгжиж болохын тулд өөрсдийн талбай дахь ургацынхаа төлөө түүнээс гуй.
25 Тэдгээр нь өсөж үржихийн тулд талбай дахь сүргийнхээ төлөө гуй.
26 Гэвч энэ нь бүгд бус; өрөөнүүддээ мөн нууц газрууддаа, мөн аглаг буйддаа та нар өөрсдийн бодгалийг уудлан нээх ёстой.
27 Тийм ээ, мөн та нар Их Эзэнээс гуйгаагүй үедээ ч, зүрх сэтгэл тань дүүрэн байг, өөрсдийн сайн сайхны төлөө, мөн түүнчлэн эргэн тойронд тань байгаа тэдний сайн сайхны төлөө үргэлжийн залбирлаар зүрхээ түүнд хандуулж бай.
28 Мөн эдүгээ болгоогтун, хайрт ах дүү нар минь, би та нарт хэлнэ, энэ нь бүгд хэмээн бүү бод; учир нь та нар эдгээр бүх зүйлийг хийсний дараа, хэрэв та нар гачигдсаныг, мөн нүцгэрснийг хоосон буцааж, мөн өвдсөн бөгөөд зовсонд үл очин, мөн хэрэв та нарт буй аваас хөрөнгөөсөө гачигдсан тэдэнтэй эс хуваалцвал—Би та нарт хэлнэ, хэрэв та нар эдгээр зүйлийн нэгийг эс хийвээс, болгоогтун, залбирал тань үр дүнгүй, мөн та нарт ямар ч хэрэггүй байж, мөн та нар итгэлийг үгүйсгэдэг хоёр нүүртний адил байх болно.
29 Тиймийн тул, хэрэв та нар төгс хайртай байхыг санахгүй бол, та нар хайлуулан цэвэршүүлэгчдээр (энэ нь ямар ч ашиггүй учир) хаягддаг мөн хүмүүсийн хөл дор дэвслэгддэг хаягдал адил болой.
30 Мөн эдүгээ, ах дүүс минь, та нар ийм олон гэрчлэл хүлээн авсныхаа дараа, ариун судрууд эдгээр зүйлийг гэрчилдгийг мэдсэн учир, та нар ирж мөн наманчлалд хүргэх жимсийг гаргаасай хэмээнэ би.
31 Тийм ээ, та нар ирж мөн зүрх сэтгэлээ цаашид бүү хатууруулаасай хэмээнэ би; учир нь болгоогтун, та нарын авралын өдөр мөн үе нь одоо болой; мөн тиймийн тул, хэрэв та нар наманчилж, зүрх сэтгэлээ хатууруулахгүй аваас гэтэлгэлийн агуу их төлөвлөгөө тэр даруй та нарт үйлчлэх болно.
32 Учир нь болгоогтун, энэ амьдрал бол хүмүүсийн Бурхантай уулзахаар бэлтгэх үе; тийм ээ, болгоогтун энэ амьдралын өдөр бол хүмүүс өөрсдийн хөдөлмөрийг гүйцэтгэх өдөр юм.
33 Мөн эдүгээ, та нарт миний урьд нь хэлсэнчлэн, та нарт ийм олон гэрч байгаа учир, тиймийн тул, наманчлалын өдрөө эцсийг хүртэл бүү хойшлуулаасай хэмээн би та нараас гуйна; учир нь мөнхийн байдлын төлөө бэлтгэхээр бидэнд өгөгдсөн амьдралын энэ өдрийн дараа, болгоогтун, хэрэв бид энэ амьдралдаа цагийг сайнаар ашиглахгүй бол, тэгвэл ямар ч хөдөлмөр гүйцэтгэж чадахгүй шөнийн харанхуй ирэх болно.
34 Тэрхүү аймшигт түгшүүрт байдалд авчрагдсан үедээ би наманчилна хэмээн, би Бурхандаа эргэж очих болно хэмээн та нар хэлж чадахгүй. Үгүй, та нар ингэж хэлж чадахгүй; учир нь энэ амьдралаас гарах цагт та нарын биесийг эзэмдэж байдаг тэрхүү сүнс, мөнхүү тэр сүнс мөнхийн дэлхийд та нарын биеийг эзэмших хүчтэй байх болно.
35 Учир нь болгоогтун, хэрэв та нар бүр үхлийг хүртэл наманчлалынхаа өдрийг хойшлуулсан бол, болгоогтун, та нар чөтгөрийн сүнсэнд харьяалагддаг болсон байна; мөн тэрээр та нарыг өөрийн хэмээн лацаддаг, тиймийн тул Их Эзэний Сүнс таныг орхин гарч, мөн таны дотор зайг эзлэхгүй болж, мөн чөтгөр таны дээр бүх хүчийг эзэмших болно; мөн энэ нь ёс бусыг үйлдэгчдийн сүүлчийн байдал юм.
36 Мөн би үүнийг мэднэ, яагаад гэвэл Их Эзэн өөрөө ариун бус дуганд үл оршдог, харин тэрээр зөв шударгыг үйлдэгчдийн зүрх сэтгэлд оршдог хэмээн хэлсэн буюу; тийм ээ, мөн тэрээр түүнчлэн зөв шударгыг үйлдэгчид ахин гарахгүйгээр түүний хаант улсад суух болно; харин тэдний өмсгөл Хурганы цусаар цагаан болгогдох болно хэмээн хэлжээ.
37 Мөн эдүгээ, хайрт ах дүү нар минь, та нар эдгээр зүйлийг санаасай, мөн та нар Бурханы өмнө айдастайгаар өөрсдийн авралыг гүйцээгээсэй, мөн та нар Христийн ирэлтийг цаашид бүү үгүйсгээсэй хэмээн хүснэ би;
38 Та нар Ариун Сүнсний эсрэг цаашид бүү тэмцээсэй, харин та нар үүнийг хүлээн аваасай, мөн Христийн нэрийг өөрсөд дээрээ аваасай; та нар өөрсдийгөө бүр тоос шороо мэт даруусган, мөн байж болох газар бүрдээ Бурханыг сүнсэнд бас үнэнд шүтэн бишрээсэй; мөн та нарын дээр түүний бэлэглэдэг тэрхүү олон нигүүлсэл мөн адислалуудын төлөө өдөр бүр талархалтайгаар амьдраасай.
39 Тийм ээ, мөн түүнчлэн би та нарт ухуулна, ах дүүс минь, та нар үргэлж залбирахаа анхаар, та нар эцсийн өдөр чөтгөрийн харьяат болохгүй байж болохын тулд, тэрээр та нарыг давамгайлахгүй байж болохын тулд, та нар түүний уруу таталтаар төөрөгдүүлэн удирдуулахгүй байж болохын тулд буюу; учир нь болгоогтун, тэрээр та нарыг ямар ч сайн зүйлээр шагнадаггүй билээ.
40 Мөн эдүгээ хайрт ах дүү нар минь, тэвчээртэй байхыг, мөн та нар бүх төрлийн зүдгүүрийг тэвчихийг; та нарыг үлэмж ядуугийн чинь учир зайлуулдаг тэднийг, та нар тэдэнтэй адил нүгэлтнүүд болохгүйн тулд тэднийг доромжлохгүй байхыг;
41 Харин та нар тэвчээртэй байж, мөн нэгэн өдөр бүх зүдгүүрээсээ амарна гэсэн гуйвшгүй найдлагатайгаар тэдгээр зүдгүүрийг тэвчихийг би та нарт ухуулъя.