Бүлэг 37
Гуулин ялтаснууд болон бусад судар бодгалиудыг авралд авчрахаар хадгалагдан үлдээгддэг бөлгөө—Жаредчууд өөрсдийн ёс бусын улмаас устгагдав—Тэдний нууц ам тангаргууд мөн гэрээнүүд хүмүүсээс нууцлагдах ёстой—Өөрийн бүх үйлдээ Их Эзэнтэй зөвлө—Лиахона нифайчуудыг удирдсаны адилаар, тийн Христийн үг хүмүүсийг мөнх амьдрал тийш удирддаг. Ойролцоогоор МЭӨ 74 он.
1 Мөн эдүгээ, Хиламан хүү минь, надад итгэмжлэгдсэн цэдгүүдийг чамайг авахыг би чамд зарлиглаж байна;
2 Мөн түүнчлэн энэ хүмүүсийн цэдгийг миний хийсний адилаар, Нифайн ялтаснууд дээр хөтлөхийг би чамд зарлиглаж байна, мөн бүр би тэдгээрийг хадгалсны адил миний хадгалсан эдгээр бүх зүйлийг нандигнан хадгалахыг буюу; учир нь тэдгээрийн хадгалагддаг нь мэргэн зорилгын тулд болой.
3 Мөн бидний өвөг дээдсийн удмын бичгийг бүр эхлэлээс агуулдаг, дээр нь ариун судруудын цэдгүүд байдаг, эдгээр сийлбэрийг тээдэг энэ гуулин ялтаснууд нь—
4 Болгоогтун, тэдгээр нь нэг үеэс нөгөөд гардуулагдан хадгалагдаж мөн тэдгээрт тээгдсэн нууцуудыг тэд мэдэж болохын тулд, тэдгээр нь үндэстэн, ястан, хэлтэн, мөн ард түмэн болгонд очих хүртэл Их Эзэний мутраар хадгалагдаж мөн хамгаалагдах нь бидний эцэг өвгөдөөр бошиглогдсон буюу.
5 Мөн эдүгээ болгоогтун, хэрэв тэдгээр нь хадгалагдах аваас өнгөлөг хэвээр байх ёстой; тийм ээ, мөн тэдгээр нь өнгөлөг хэвээр байх болно; тийм ээ, мөн ариун бичиг болох түүнийг тээсэн тэр бүх ялтас түүнчлэн тийм байх болно.
6 Эдүгээ энэ нь миний хувьд мунхаглал хэмээн чи бодож болно; гэвч болгоогтун, өчүүхэн мөн энгийн зүйлсээр агуу их зүйлс улиран авчрагддагийг би чамд хэлнэ; мөн өчүүхэн аргууд олон тохиолдолд мэргэдийг мадалдаг бөлгөө.
7 Мөн Их Эзэн Бурхан өөрийн агуу бөгөөд мөнхийн зорилгуудыг тохиолдуулах аргуудаар ажилладаг; мөн маш өчүүхэн аргаар Их Эзэн мэргэдийг мадалж мөн олон бодгалийн авралыг авчирдаг.
8 Мөн эдүгээ, эдгээр зүйл одоог хүртэл хамгаалагдан үлдсэн байх нь Бурханы мэргэн ухаан билээ; учир нь болгоогтун, тэдгээр нь энэ хүмүүсийн ой ухааныг тэлж, тийм ээ, мөн тэдний олонд замуудынх нь алдааны талаар үнэмшүүлж; мөн тэднийг бодгалийнх нь авралд хүргэхээр Бурханых нь мэдлэгт авчирсаар ирсэн юм.
9 Тийм ээ, би чамд хэлнэ, эдгээр ялтас дээрх, эдгээр цэдгийг тээсэн энэ зүйлс үгүй аваас, Аммон болон түүний ах дүүс тийм олон мянган лемен үндэстэнд тэдний эцэг өвгөдийн зөв бус уламжлалын талаар үнэмшүүлж чадахгүй байсан; тийм ээ, энэ цэдгүүд мөн тэдний үгс нь тэднийг наманчлалд авчирсан ажгуу; тэдгээр нь Их Эзэн Бурханых нь мэдлэгт мөн Есүс Христ өөрсдийн Гэтэлгэгчдээ баясахад тэднийг хүргэсэн болой.
10 Мөн тэдний олон мянгыг нь, тийм ээ, мөн зүрх сэтгэлээ нүгэлд мөн алдсуудад эдүгээ хатууруулж буй бидний гөжүүд ах дүүс нифайчуудаас түүнчлэн олон мянгыг нь тэдний Гэтэлгэгчийн тухай мэдлэгт авчрахад тэдгээр нь хэрэгсэл болох ч юм уу, хэн мэдэх билээ?
11 Эдүгээ эдгээр нууц надад хараахан бүрэн дүүрэн мэдүүлэгдээгүй байна; тиймийн тул би илүүг хэлэхгүй.
12 Мөн тэдгээр нь Бурханы мэдэх тэрхүү зорилго болох мэргэн зорилгын тулд хадгалагдан үлдсэнийг би хэлбэл хангалттай байх; учир нь тэрээр өөрийн бүх бүтээлийн дээр мэргэн ухаанаар зөвлөдөг, мөн түүний замууд шулуун, мөн түүний замнал нь нэгэн мөнхийн эргэлт авай.
13 Ай Хиламан хүү минь санагтун, Бурханы зарлигууд ямар чанд болохыг санагтун. Мөн тэрээр хэлсэн нь: Хэрэв та нар миний зарлигуудыг сахивал та нар уг нутагт дэгжих болно—харин хэрэв та нар түүний зарлигуудыг сахихгүй аваас түүний оршихуйгаас тусгаарлагдах болно.
14 Мөн эдүгээ, хүү минь, эдгээр зүйлийг Бурхан чамд даатгасныг санагтун, ариун нандин агаад, түүний нандигнан хадгалсаар ирсэн, мөн түүнчлэн тэрээр ирээдүйн үеийнхэнд өөрийнхөө хүчийг үзүүлж болохын тулд, тэрээр өөрийн мэргэн зорилгын тулд хадгалж мөн хамгаалсаар байх эдгээр зүйлийг болой.
15 Мөн эдүгээ болгоогтун, хэрэв чи Бурханы зарлигийг зөрчих аваас, болгоогтун, ариун нандин эдгээр зүйл чамаас Бурханы хүчээр хураагдаж, мөн чи Сатанд хүргэгдэх болно, тэгээд тэр чамайг буудайн хальс мэт салхинд хийсгэж болно гэдгийг бошиглолын суу билгээр би чамд хэлнэ.
16 Гэвч хэрэв чи Бурханы зарлигуудыг сахиж, мөн ариун нандин эдгээр зүйлийн хувьд Их Эзэн чамд зарлигласны дагуу хийх аваас, (учир нь чи бүх зүйлд тэдгээрээр юу хийх ёстой талаар Их Эзэнд хандах ёстой) болгоогтун, дэлхийн эсвээс тамын ямар ч хүч тэднийг чамаас салган авч чадахгүй, учир нь Бурхан өөрийн бүх үгийг гүйцэлдүүлэхээр хүчирхэг бөлгөө.
17 Учир нь тэрээр чамд өгөх тэр бүх амлалтаа гүйцэлдүүлэх болно, учир нь тэрээр бидний эцэг өвгөдөд өгсөн амлалтуудаа гүйцэлдүүлсэн билээ.
18 Учир нь тэрээр өөрийн хүчийг ирээдүйн үеийнхэнд үзүүлж болохын тулд, өөрт буй мэргэн зорилгын улмаас эдгээр зүйлийг хадгалан үлдээнэ гэдгийг тэдэнд амласан болой.
19 Мөн эдүгээ болгоогтун, бүр леменчүүдээс олон мянгыг нь үнэний мэдлэгт сэргээн, тэрбээр нэгэн зорилгоо гүйцэлдүүлсэн билээ; мөн тэрээр тэдгээрээр өөрийн хүчийг үзүүлсэн, мөн түүнчлэн тэрээр тэдгээрээр өөрийн хүчийг ирээдүйн үеийнхэнд ч бас үзүүлэх болно; тиймийн тул тэдгээр нь хадгалагдан үлдэх болно.
20 Тиймийн тул, Хиламан хүү минь, миний бүх үгийг гүйцэлдүүлэхдээ хичээнгүй бай, мөн тэдгээрийн бичигдсэний дагуу Бурханы зарлигуудыг сахихдаа чи хичээнгүй бай хэмээн би чамд зарлиглана.
21 Мөн эдүгээ, би чамд тэр хорин дөрвөн ялтасны талаар ярья, нууцууд болон харанхуйн ажлууд, мөн тэдний нууц ажлууд, өөрөөр хэлбэл устгагдсан тэр хүмүүсийн нууц ажлуудыг энэ хүмүүст мэдүүлж болохын тулд; тийм ээ, тэдний бүх аллага, дээрэм, тонуулууд болон тэдний бүх ёс бус мөн жигшүүрт хэргүүд энэ хүмүүст мэдүүлэгдэж болохын тулд чи тэдгээрийг хадгалах талаар; тийм ээ, мөн чи эдгээр хөрвүүлэгчийг хадгалан үлдээх талаар ярья.
22 Учир нь болгоогтун, Их Эзэн өөрийнх нь хүмүүс харанхуйд үйлдэхийг, тийм ээ, нууц аллага, мөн жигшүүрт хэргүүдийг үйлдэж эхлэхийг харсан билээ; тиймийн тул, хэрэв тэд наманчлахгүй аваас дэлхийн гадаргуугаас устгагдах болно хэмээн Их Эзэн хэлсэн юм.
23 Мөн Их Эзэн хэлсэн нь: Би өөрийн зарц Газелемд, харанхуйг гэрлээр гийгүүлэх нэгэн чулууг бэлтгэн өгөх болно, надад үйлчлэх өөрийн хүмүүстээ мэдүүлж болохын тулд, би тэдэнд ах дүүсийнх нь үйлүүдийг, тийм ээ, тэдний нууц үйлийг, тэдний харанхуйн ажлуудыг, мөн тэдний ёс бус болон жигшүүрт хэргүүдийг мэдүүлж болохын тулд буюу.
24 Мөн эдүгээ, хүү минь, эдгээр хөрвүүлэгч нь Бурханы ийн хэлсэн үг гүйцэлдэж болохын тул бэлтгэгдсэн юм, хэлрүүн:
25 Би тэдний бүх нууц үйл мөн жигшүүрт хэргийг харанхуйгаас гэрэлд гарган авчрах болно; мөн тэд наманчлахгүй аваас би тэднийг дэлхийн гадаргуугаас устгах болно; мөн хойшид уг нутгийг эзэмших үндэстэн бүрд, тэдний бүх нууц мөн жигшүүрт хэргийг би гэрэлд гарган мэдүүлэх болно.
26 Мөн эдүгээ, хүү минь, тэд наманчлаагүйг бид харж байна; тиймийн тул тэд устгагдсан ажгуу, мөн одоог хүртэл Бурханы үг гүйцэлдсээр ирсэн билээ; тийм ээ, тэдний нууц жигшүүрт хэргүүд харанхуйгаас гаргагдаж мөн бидэнд мэдүүлэгдсэн бөлгөө.
27 Мөн эдүгээ, хүү минь, чи тэдний бүх тангараг, мөн тэдний гэрээ, мөн тэдний нууц жигшүүрт хэргүүд дэх хэлэлцээрүүдийг нууцал хэмээн би чамд зарлиглаж байна, тийм ээ, тэд тэдгээрийг мэдэхгүй байхын тулд, тэд харанхуйд унаж мөн түүнчлэн устгагдах вий хэмээхийн учир тэдний бүх дохио болон гайхширлыг энэ хүмүүсээс чи нуух болно.
28 Учир нь болгоогтун, харанхуйг үйлдэгчид үйлдээ бүрэн боловсрох үед тэд бүгдийн дээр Бурханы хүчний дагуу устгал ирнэ гэсэн зүхэл энэ бүх нутгийн дээр буй; тиймийн тул энэ ард түмэн устгагдахгүй байгаасай хэмээн би хүсэж байна.
29 Тиймийн тул чи тэдний эдгээр гэрээ болон тангаргийнх нь нууц төлөвлөгөөнүүдийг энэ хүмүүсээс далдлагтун, мөн зөвхөн тэдний ёс бус байдал болон тэдний аллагууд мөн тэдний жигшүүрт хэргүүдийг л чи тэдэнд мэдүүлэх ёстой; мөн чи тэдэнд тийм ёс бус мөн жигшүүрт хэргүүд болон аллагуудыг жигшин зэвүүцэхийг заах ёстой; мөн түүнчлэн энэ хүмүүс өөрсдийн ёс бус байдал мөн жигшүүрт хэргүүд мөн өөрсдийн аллагуудын улмаас устгагдсан хэмээн чи тэдэнд заах болно.
30 Учир нь болгоогтун, тэд өөрсдийнх нь дунд алдсуудынх нь талаар тэдэнд тунхаглахаар ирсэн Их Эзэний бүх бошиглогчийг хөнөөсөн юм; мөн тэдний хөнөөсөн тэдний цус өөрсдийнх нь алуурчдын дээр өшөө авалтыг авчрахын тулд Их Эзэн Бурхандаа хандан гуйсан болой; мөн тийн Бурханы шүүлт эдгээр харанхуйг мөн нууц хуйвалдааныг үйлдэгчдийн дээр ирсэн юм.
31 Тийм ээ, мөн тэд үйлдээ боловсорч гүйцэхээсээ өмнө наманчлахгүй аваас, бүр устгагдах болтол нь тэдгээр харанхуйг болон нууц хуйвалдааныг үйлдэгчдэд уг нутаг үүрд мөн мөнхөд зүхэгдэг.
32 Мөн эдүгээ, хүү минь, чамд миний ярьсан үгсийг санагтун; энэ нууц төлөвлөгөөнүүдийг энэ хүмүүст бүү даалга, харин тэдэнд нүглийн бас алдсын эсрэг үүрдийн үзэн ядалтыг сурга.
33 Наманчлал, мөн Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийг тэдэнд номло; өөрсдийгөө даруусгаж мөн зүрх сэтгэлдээ даруу мөн хүлцэнгүй байхыг тэдэнд заа; чөтгөрийн уруу таталт болгоныг, Их Эзэн Есүс Христэд итгэх өөрсдийн итгэлээр сөрөн зогсохыг тэдэнд заа.
34 Сайн үйлүүдээс хэзээ ч үл залхаж, харин зүрх сэтгэлдээ даруу, номхон хүлцэнгүй байхыг тэдэнд заа; учир нь тийм хүмүүс өөрсдийн бодгальд амар амгаланг олох болой.
35 Ай, санагтун, хүү минь, мөн насны залууд мэргэн ухааныг сур; тийм ээ, насны залууд Бурханы зарлигуудыг сахиж сурагтун.
36 Тийм ээ, мөн өөрт хэрэгтэй бүх дэмжлэгийн тулд Бурханаас гуй; тийм ээ, бүхий л үйлүүд тань Их Эзэний төлөө байг, мөн чи хаана ч явсан Их Эзэний дагуу яваг; тийм ээ, бүх бодол санаа чинь Их Эзэнд чиглэсэн байг; тийм ээ, зүрх сэтгэлийн тань хайр Их Эзэн дээр үүрд байрлаг.
37 Бүх үйлүүддээ Их Эзэнтэй зөвлөгтүн, мөн тэрээр чамайг сайны төлөө чиглүүлэх болно; тийм ээ, чи үдэш унтахаар хэвтэхдээ, тэрээр нойронд чинь чамайг манаж болохын тулд Их Эзэний төлөө хэвт; мөн өглөө босохдоо зүрх сэтгэл чинь Бурханд хандах талархлаар дүүрэн байг; мөн хэрэв чи эдгээр зүйлийг хийх аваас эцсийн өдөр өргөгдөх болно.
38 Мөн эдүгээ, хүү минь, бидний эцэг өвгөдийн бөмбөрцөг эсвээс чиглүүлэгч гэж нэрлэсэн тэр зүйлийн талаар хэлэх зарим зүйл надад буй—өөрөөр хэлбэл бидний эцэг өвгөд үүнийг Лиахона, хөрвүүлбээс луужин гэж нэрлэсэн юм; мөн Их Эзэн үүнийг бэлтгэсэн бөлгөө.
39 Мөн болгоогтун, иймэрхүү маягийн нарийн урыг ямар ч хүн бүтээж чадахгүй. Мөн болгоогтун, энэ нь аглаг буйдад аялах тэдний замыг бидний эцэг өвгөдөд үзүүлэхийн тулд бэлтгэгдсэн байсан ажгуу.
40 Мөн энэ нь Бурханд итгэх итгэлийнх нь дагуу тэдний төлөө ажилладаг байжээ; тиймийн тул, хэрэв тэд Бурхан тэдний явах ёстой замыг тэр зүүнүүдээр заалгаж чадна гэсэн итгэлтэй байвал, болгоогтун, энэ нь хийгддэг байжээ; тиймийн тул тэдний төлөө энэхүү гайхамшиг, мөн түүнчлэн бусад олон гайхамшиг Бурханы хүчээр өдрөөс өдөрт хийгддэг байсан бөлгөө.
41 Гэсэн хэдий ч, тэр гайхамшгууд өчүүхэн арга хэрэгслүүдээр гүйцэлдсэн учир тэдэнд гайхамшигт ажлуудыг үзүүлсэн бөлгөө. Тэд хойрго байж, мөн итгэлээ бас хичээнгүй байдлаа хэрэгжүүлэхээ мартсан юм, мөн тэгээд тэр гайхамшигт ажлууд зогссон билээ, мөн тэд аян замдаа урагшилсангүй;
42 Тиймийн тул, тэд өөрсдийн зөрчлүүдийн учир аглаг буйдад саатаж, өөрөөр хэлбэл шулуун чигээр аялсангүй, мөн өлссөнөөс бас цангаснаас зовж байв.
43 Мөн эдүгээ, хүү минь, би чамайг эдгээр зүйлд адилтгал бий гэдгийг ойлгоосой хэмээнэ; учир нь бидний эцэг өвгөд энэ луужинд анхаарлаа хандуулахдаа хойрго байснаас, (эдүгээ эдгээр зүйл нь зуурдынх байв) тэд дэгжээгүй юм; бүр тэрчлэн сүнслэг зүйлсийн хувьд ч тийм болой.
44 Учир нь болгоогтун, мөнхийн жаргалд хүрэх шулуун замыг чамд заах Христийн үгэнд анхаарлаа хандуулах нь амлагдсан нутагт хүрэх шулуун замыг тэдэнд заах уг луужинд эцэг өвгөд маань анхаарлаа хандуулахад байсны адил амархан болой.
45 Мөн эдүгээ би хэлнэ, энэ зүйлд бэлгэдэл үгүй гэж үү? Учир нь үүний чигийг дагаснаар, бидний эцэг өвгөдийг амлагдсан нутагт энэ чиглүүлэгч авчирсан нь гарцаагүйн адил, хэрэв бид Христийн үгсийн чигийг нь дагавал тэдгээр нь биднийг энэ харамслын хөндийн цаад дахь илүү дээр амлалтын нутагт аваачих болно.
46 Ай хүү минь, уг замын амархны учир хойргошихгүй байцгаая; учир нь бидний эцэг өвгөдөд ийм байлаа; учир нь, хэрэв тэд харсан бол амьдарч болохуйцаар тэдэнд бэлтгэгдсэн байв; бидний хувьд ч ийм билээ. Зам нь бэлтгэгдсэн, мөн хэрэв бид харвал бид үүрд амьдарч болох билээ.
47 Мөн эдүгээ, хүү минь, чи энэ ариун нандин зүйлсэд санаа тавихыг мэд, тийм ээ, чи Бурханд хандахаа мэдтүгэй, тэгээд амьдрах болно. Энэ хүмүүст оч мөн үгийг тунхагла, мөн чанд бай. Хүү минь, салах ёс гүйцэтгэе.