Судрууд
Алма 40


Бүлэг 40

Христ бүх хүний амилуулалтыг улируулан авчирна—Өөрсдийн амилуулалтын өдрийг хүлээхээр, зөв шударгаар үхэгсэд диваажинд мөн ёс бусыг үйлдэгчид гадаад харанхуйд очдог—Бүх зүйл Амилуулалтад өөрсдийн зохих мөн төгс хэлбэрээрээ сэргээгдэх болно. Ойролцоогоор МЭӨ 74 он.

1 Эдүгээ хүү минь, миний чамд нэмж хэлэх зүйл энэ байна; учир нь оюун чинь нас барагсдын амилуулалтын талаар зовниж буйг би ухаарч байна.

2 Болгоогтун, би чамд хэлнэ, Христийн ирэлтийн дарааг хүртэл ямар ч амилуулалт—эсвээс, өөрөөр хэлбэл, энэ зуурдын байдал үхэшгүй байдалд, энэ ялзрал ялзаршгүй байдалд тавигдах нь—тохиохгүйг би хэлмээр байна.

3 Болгоогтун, тэрээр нас барагсдын амилуулалтыг улируулан тохиолгодог. Гэвч болгоогтун, хүү минь, амилуулалт одоохондоо болоогүй. Эдүгээ, би чамд нэг нууцыг задлая; гэсэн хэдий ч Бурханаас өөрөөс нь бусад хэн ч үл мэдэх хадгалагдсан олон нууц байдаг. Гэвч би мэдэж болохын тулд Бурханаас хичээнгүйлэн лавласан нэг зүйлийг—амилуулалтын талаар чамд заая.

4 Болгоогтун, нас барагсдаас бүгд босож ирэх цаг нь товлогдсон буй. Эдүгээ энэ цаг хэзээ ирэхийг хэн ч мэдэхгүй; харин Бурхан товлогдсон тэр цагийг мэддэг.

5 Эдүгээ, хүмүүс нь нас барагсдаас босож ирэх нь нэг удаад, эсвэл хоёр удаад, эсвэл гурван удаад байх эсэх нь үл хамаарах болно; учир нь Бурхан эдгээр бүх зүйлийг мэддэг; мөн энэ нь тохиохыг—үхэгсдээс бүгд босох цаг товлогдсоныг мэдэх нь надад хангалттай.

6 Эдүгээ үхэх цаг мөн амилуулалтын цагийн хооронд хэсэг хугацаа байх нь зайлшгүй.

7 Мөн эдүгээ энэ үхэх цагаас амилуулалтын тогтоогдсон цагийг хүртэл хүмүүний сүнсэнд юу тохиодог вэ? гэдэг талаар би лавлах гэсэн юм.

8 Эдүгээ хүмүүс босох нэгээс олон удаа товлогдсон эсэх нь хамаагүй; учир нь бүгд нэг дор үхдэггүй, мөн энэ нь хамаагүй; бүгд Бурханы хувьд нэг өдөр мэт байдаг, мөн цаг хугацаа нь зөвхөн хүмүүсээр хэмжигддэг.

9 Тиймийн тул, нас барагсдаас босох тэр цаг нь хүмүүст товлогдсон ажгуу; мөн үхлийн болон амилуулалтын цагийн хооронд хугацаа буй. Мөн эдүгээ, энэ хугацааны талаар, хүмүүний сүнсэнд юу тохиолдох вэ гэдэг нь миний мэдэж авахаар Их Эзэнээс хичээнгүйлэн лавласан тэр зүйл билээ; мөн энэ нь миний мэддэг тэр зүйл бөлгөө.

10 Мөн бүгд босох тэр цаг ирэхэд, хүмүүнд товлосон бүх цагийг Бурхан мэддэгийг тэд мэдэх болно.

11 Эдүгээ, үхэл болон амилуулалтын хоорондох сүнсний байдлын талаар—Болгоогтун, бүх хүний сүнс, тийм ээ, сайн эсвэл муу ч бай бүх хүний сүнс, энэ зуурдын биеийг орхимогцоо, өөрсдөд нь амийг өгсөн Бурхан руу гэртээ аваачигддаг нь надад нэгэн тэнгэр элчээр мэдүүлэгдсэн билээ.

12 Мөнхүү тэгээд улиран тохиох дор, зөв шударга тэдний сүнс өөрсдийн бүх бэрхшээл мөн санаа зоволт болон гашуудлаасаа амрах диваажин гэж нэрлэгдсэн аз жаргалын байдал, амралтын байдал, амар амгалангийн байдалд хүлээн авагдах болно.

13 Мөн тэгээд улиран тохиох дор, ёс бусыг үйлдэгчдийн, тийм ээ, хилэнцэт тэдний сүнснүүд—учир нь болгоогтун, Их Эзэний Сүнсний ямар ч хэсэг эсвээс хувь тэдэнд үгүй билээ; учир нь болгоогтун, тэд сайны оронд хилэнцэт үйлсийг сонгосон бөлгөө; тиймийн тул чөтгөрийн сүнс тэдэнд орж, мөн тэдний гэрийг эзэмшилдээ авсан юм—мөн эдгээр нь гадаад харанхуйд хаягдах болно; уйлаан, гаслан, мөн шүдээ хавирах нь байх болно, мөн чөтгөрийн таалалд боолчлогдон удирдагдсан учир, өөрсдийн алдсын учир ийм байх болой.

14 Эдүгээ энэ бол ёс бусыг үйлдэгчдийн сүнсний байдал болой, тийм ээ, харанхуйд, мөн тэдний дээр ирэх Бурханы уурын галт хилэнг айн хүлээх аймшигт байдалд буюу; тийн тэд энэ байдалд, түүнчлэн зөв шударгыг үйлдэгчид диваажинд, өөрсдийн амилуулалтын цагийг хүртэл үлдэнэ.

15 Эдүгээ, амилуулалтын өмнөх бодгалийн энэ аз жаргалын байдал мөн зовлонгийн байдлыг эхний нэгэн амилуулалт хэмээн ойлгосон зарим хүн бий. Тийм ээ, яригдсан үгсийн дагуу сүнс эсвээс бодгалийн өргөгдөх нь мөн тэдний аз жаргалд эсвэл зовлонд хуваарилагдах нь, энэ нь амилуулалт хэмээн нэрлэгдэж болохыг би хүлээн зөвшөөрнө.

16 Мөн болгоогтун, Христийн үхлээс амилах хүртэл байсан мөн байгаа, эсвээс байх тэд бүгдийн амилуулалт буюу эхний амилуулалт гэж буй хэмээн түүнчлэн яригдсан.

17 Эдүгээ, ийм маягаар яригдсан энэхүү эхний амилуулалт нь сүнснүүдийн амилуулалт мөн тэднийг аз жаргал эсвэл зовлонд нь хуваарилах үе хэмээн бид боддоггүй. Энэ нь ийм утгатай хэмээн чи бодож болохгүй.

18 Болгоогтун, би чамд хэлнэ, Үгүй; харин энэ нь Адамын өдрүүдээс Христийн амилалтыг хүртэлх тэдний сүнс биетэйгээ буцаж нэгдэх гэсэн утгатай юм.

19 Эдүгээ, зөв шударгыг үйлдэгчдийн нэгэн адил ёс бусыг үйлдэгчдийнх ч гэсэн, яригдсан тэдний сүнс нь биетэйгээ нэгэн зэрэг нэгтгэгдэх эсэхийг би хэлэхгүй; тэд бүгд босож ирнэ гэж миний хэлэх нь хангалттай байг; эсвээс өөрөөр хэлбэл, Христийн амилалтын дараа үхэх тэдгээрийн амилуулалтаас өмнө тэдний амилуулалт улиран тохиох болно.

20 Эдүгээ, хүү минь, тэдний амилуулалт Христийн амилалтын үед тохионо гэж би хэлээгүй; гэвч болгоогтун, би үүнийг өөрийн санаа болгон хэлье, зөв шударгыг үйлдэгчдийн сүнс мөн биес нь Христийн амилалтын үед, мөн түүнийг тэнгэрт дээшлэхэд дахин нэгтгэгдэх болно.

21 Гэвч энэ нь түүний амилалтын үед эсвэл дараа нь болох эсэхийг би хэлэхгүй; харин өдий хэрийг би хэлнэ, үхэл болон биеийн амилуулалтын хооронд хугацаа буй, мөн нас барагсад босож ирэх, мөн сүнс болон бие аль аль нь дахин нэгтгэгдэх, мөн Бурханы өмнө зогсохоор авчрагдан, мөн үйлүүдийнхээ дагуу шүүгдэх Бурханаас товлогдсон тэр цагийг хүртэл сүнсний байдал аз жаргалд эсвэл зовлонд байна.

22 Тийм ээ, энэ нь бошиглогчдын амаар яригдсан тэдгээр зүйлийн сэргээлтийг тохиолдуулах болно.

23 Сүнс нь биедээ, мөн бие нь сүнсэндээ сэргээгдэх болно; тийм ээ, мөн үе болон мөч болгон биедээ сэргээгдэх болно; тийм ээ, бүр толгойноос нэг ч үс гээгдэхгүй; харин бүх зүйл өөрсдийн зохих мөн төгс хэлбэртээ сэргээгдэх болно.

24 Мөн эдүгээ, хүү минь, энэ бол бошиглогчдын амаар яригдсан тэрхүү сэргээлт юм—

25 Мөн тэгээд зөв шударгыг үйлдэгчид Бурханы хаант улсад гэрэлтэх болно.

26 Гэвч болгоогтун, аймшигт үхэл ёс бусыг үйлдэгчдийн дээр ирнэ; учир нь тэд зөв шударгад хамаарах зүйлсийн хувьд үхдэг юм; учир нь тэд цэвэр бус, мөн ямар ч цэвэр бус зүйл Бурханы хаант улсыг өвлөж авч чадахгүй; харин тэд зайлуулагдаж, мөн хилэнцэт асан өөрсдийн үйлүүдийн эсвээс өөрсдийн хийсэн ажлуудын үр шимийг хүртэхээр хуваарилагдах болно; мөн тэд нэгэн гашуун аяганы шаарыг нь ууна.