Бүлэг 46
Амаликая хаан болохоор хуйвалдав—Моронай эрх чөлөөний туг өргөв—Тэр шашнаа хамгаалахад хүмүүсийг уриалав—Жинхэнэ итгэгчид Христийнх хэмээн нэрлэгддэг—Иосефын үлдсэн хүмүүс хадгалагдан үлдэх болно—Амаликая болон тэрслэгчид Нифайн нутаг тийш зугтав—Эрх чөлөөний төлөөх байр суурийг үл дэмжсэн тэд үхэлд хүргэгдэв. Ойролцоогоор МЭӨ 73–72 он.
1 Мөнхүү улиран тохиох дор Хиламан мөн түүний ах дүүсийн үгийг анхаарахыг хүсээгүй тэр болгон нь ах дүүсийнхээ эсрэг нэгдэн цугларав.
2 Мөн эдүгээ болгоогтун, тэд үлэмж хилэгнэж байв, үүнийхээ хэрээр тэднийг хөнөөхөөр шийдсэн байв.
3 Эдүгээ ах дүүсийнхээ эсрэг хилэгнэсэн тэдний удирдагч нь том биетэй мөн хүчирхэг эр байв; мөн түүний нэрийг Амаликая гэдэг байв.
4 Мөн Амаликая хаан болох хүсэлтэй байв; мөн хилэгнэсэн тэр хүмүүс түүнийг хаанаа болгохыг хүсэж байв; мөн тэдний ихэнх хэсэг нь нутгийн бага эрх мэдэлтэй шүүгчид байв, мөн тэд хүчийг эрэлхийлж байв.
5 Мөн хэрэв тэд өөрийг нь дэмжиж мөн өөрийг нь хаанаа болговол тэр тэднийг хүмүүсийн дээрх захирагч болгоно хэмээх Амаликаягийн зусар үгсээр тэд нөлөөлөгдөн удирдагдсан байв.
6 Ийнхүү тэдгээр нь Амаликаягаар тийн сөргөлдөөнд удирдуулсан болой, Хиламан мөн түүний ах дүүсийн номлол байсан хэдий ч, тийм ээ, тэд сүмийн дээр агуу халамжийг үзүүлж байсан хэдий ч тэр буюу, учир нь тэд сүмийн дээрх дээд пристүүд байсан болой.
7 Мөн Амаликаягийн зусар үгсэд итгэсэн нь сүмийн дотор олон байв, тиймийн тул тэд бүр сүмээс ч тэрслэв; мөн тэдэнд леменчүүдийг ялсан тэдний тэрхүү агуу ялалт, мөн Их Эзэний мутраар чөлөөлөгдсөний учир тэдэнд тэр агуу баясал байсан хэдий ч, Нифайн хүмүүсийн байдал ийн үлэмж тогтворгүй мөн аюултай байв.
8 Хүмүүсийн үрс Их Эзэн Бурханаа хэчнээн хурдан мартдагийг, тийм ээ, алдсыг үйлдэхэд, мөн хилэнцэт нэгнээр удирдуулагдахдаа хэчнээн хурдныг бид ийн харлаа.
9 Тийм ээ, мөн түүнчлэн нэгэн ихэд ёс бус хүн, хүмүүсийн үрсийн дунд ямар агуу ёс бусыг авчирч чаддагийг бид харлаа.
10 Тийм ээ, Амаликая, тэрээр хуурамч аргатай мөн олон зусар үгтэй хүн байсан учир, олон хүмүүний зүрх сэтгэлийг ёс бусыг хийхэд; тийм ээ, мөн Бурханы сүмийг устгахад, мөн Бурханы тэдэнд соёрхсон, өөрөөр хэлбэл зөв шударгыг үйлдэгчдийн төлөө бүх нутгийн гадаргуу дээр адислал болгон Бурханы илгээсэн тэрхүү эрх чөлөөний үндэс суурийг устгахыг эрэлхийлэхэд тэр удирдсаныг бид харлаа.
11 Мөн эдүгээ улиран тохиох дор нифайчуудын их цэргийн ерөнхий захирагч Моронай эдгээр зөрөлдөөний талаар сонсоод, тэрээр Амаликаяд уурлаж байв.
12 Мөнхүү улиран тохиох дор тэр хүрмээ урж; мөн үүнийхээ нэг хэсгийг нь авч, мөн үүн дээрээ—Бурханы минь, бидний шашин шүтлэгийн, эрх чөлөөний, мөн бидний энх амгалангийн, эхнэр мөн хүүхдүүдийн минь талаарх санамж болгоё—хэмээн бичиж, мөн тэрээр үүнийг савааны үзүүрт тогтоов.
13 Мөн тэрээр дуулга, цээжний хуяг, мөн бамбайгаа зүүгээд, мөн хуягаа ташаан тус газраа бэхлэв; мөн үзүүрт нь хүрэмнийх нь урж авсан хэсэг байгаа тэр савааг аваад, (мөн тэр үүнийг эрх чөлөөний туг гэж нэрлэжээ) мөн тэрээр газарт бөхийн сууж, мөн уг нутгийг эзэмших, Христийн бүлэг хүмүүс байгаа цагт ах дүүсийнх нь дээр эрх чөлөөний адислалууд байгаасай хэмээн Бурхандаа хүчтэйгээр залбирав—
14 Учир нь Бурханы сүмд харьяалагдсан, Христийн жинхэнэ итгэгчид бүгдээрээ сүмд харьяалагдаагүй тэднээр тийн нэрлэгддэг байв.
15 Мөн сүмд харьяалагддаг тэд үнэнч байв; тийм ээ, Христэд жинхэнэ итгэгчид болох тэд, ирэх тэрхүү Христэд итгэх итгэлийнхээ учир бүгд өөрсдийн дээр Христийн нэрийг авахыг буюу Христийнх гэгдэхийг дуртайяа хүлээн авчээ.
16 Мөн тиймийн тул, энэ үед, Христийнхний байр суурь мөн уг нутгийн эрх чөлөө дэмжигдэж болохын төлөө Моронай залбирав.
17 Мөнхүү улиран тохиох дор тэрээр өөрийн бодгалийг Бурханд юүлсний дараа, тэр Эзгүйрлийн нутгаас өмнөд дэх бүх нутгийг, тийм ээ, мөн дүгнэж хэлэхэд, умард ба өмнөдөд аль алинд нь байх бүх нутгийг—сонгомол нутаг, мөн эрх чөлөөний нутаг хэмээн нэрлэв.
18 Мөн тэрээр хэлэв: Өөрсдийн дээр Христийн нэрийг авснаас болж ад үзэгдсэн биднийг доор дэвслэгдэхийг мөн устгагдахыг Бурхан зөвшөөрөхгүй нь лавтай, бид үүнийг өөрсдийнхөө дээр зөрчлүүдээрээ авчрах хүртэл буюу.
19 Мөн Моронай эдгээр үгийг хэлээд, тэр хүмүүсийн дунд явж, нөгөөх урагдсан хэсэг дээрх өөрийнх нь бичсэнийг бүгд харж болохын тулд, нөмрөгийнхөө урагдсан хэсгийг агаарт даллан, мөн чанга дуугаар хашхирч, хэлсэн нь:
20 Болгоогтун, уг нутагт энэ тугийг дэмжихийг хүсдэг хэн боловч, тэд Их Эзэний хүчинд нааш ирж, мөн Их Эзэн Бурхан тэднийг адисалж болохын тулд эрхээ, мөн шашин шүтлэгээ дэмжих болно гэсэн гэрээнд орогтун.
21 Мөнхүү улиран тохиох дор Моронай эдгээр үгийг тунхаглахад, болгоогтун, хуягаа ташаан тус газраа бэхэлсэн хүмүүс гүйлдэн ирцгээв, тэд Их Эзэн Бурханаа орхихгүй; эсвээс өөрөөр хэлбэл, хэрэв тэд Бурханы зарлигуудыг зөрчих, эсвээс зөрчилд унаж, мөн Христийн нэрийг өөрсдийн дээр авахаас ичих аваас, тэд нөмрөгүүдээ урж тасдсан шиг Их Эзэн тэднийг урвал зохино гэсний тэмдэг буюу гэрээ болгон нөмрөгүүдээ урав.
22 Эдүгээ тэдний хийсэн, мөн нөмрөгүүдээ Моронайн хөлд хаяж, хэлсэн гэрээ нь энэ байв: Хэрэв бид зөрчилд унах аваас, уг нутгийн умард хэсэгт байсан ах дүүсийнхээ адил устгагдах болно хэмээн бид Бурхантайгаа гэрээлж байна; тийм ээ, хэрэв бид зөрчилд унах аваас, бүр нөмрөгүүдээ хөл доор дэвслэгдсэн байхаар таны хөлд хаясны адилаар, тэр биднийг дайснуудын маань хөлд хаяж болно.
23 Моронай тэдэнд хэлэв: Болгоогтун, бид Иаковын үр удмын үлдэгдэл билээ; тийм ээ, ах нар нь хүрмийг нь олон хэсэг тасчсан тэрхүү Иосефын үр удмын үлдэгдэл билээ бид; тийм ээ, мөн эдүгээ болгоогтун, Бурханы зарлигуудыг сахихаа санацгаая, эс бөгөөс бидний өмсгөлүүд ах дүүсээр маань тасчигдан, мөн бид шоронд хаягдан, эсвээс худалдагдаж, эсвээс алагдах болно.
24 Тийм ээ, Иосефын үлдсэн хүмүүсийн хувьд эрх чөлөөгөө хадгалан хамгаалцгаая, тийм ээ, Иаковын үхэхийнхээ өмнө хэлсэн үгийг санацгаая, учир нь болгоогтун, тэрээр Иосефын хүрмийн үлдэгдлийн нэг хэсэг нь хадгалагдаж мөн үжирч ялзраагүйг харсан бөлгөө. Мөн тэр хэлсэн нь—Миний хүүгийн нөмрөгийн энэ үлдэгдэл хадгалагдан үлдсэний адил, тэрчлэн хүүгийн минь үр удмын нэгэн үлдэгдэл Бурханы мутраар хадгалагдан үлдэх болно, мөн түүнд өөрт нь хүлээн авагдах болно, Иосефын үр удмын бусад нь түүний нөмрөгийн үлдэгдэл мэт мөхөж байхад буюу.
25 Эдүгээ болгоогтун, энэ нь бодгальд минь харууслыг авчирна; гэсэн хэдий ч, бодгаль минь хүүдээ баясдаг, Бурханд авагдах түүний үр удмын нэг хэсгийн учир бөлгөө.
26 Эдүгээ болгоогтун, энэ бол Иаковын үгс байжээ.
27 Мөн эдүгээ түүний нөмрөг адил мөхөх Иосефын үр удмын үлдэгдэл нь, биднээс тэрсэлсэн тэд байх ч юм уу, хэн мэдэх билээ? Тийм ээ, мөн хэрэв бид Христэд итгэх итгэлдээ гуйвшгүйгээр зогсохгүй аваас бүр энэ нь бид өөрсдөө байх болно.
28 Мөн эдүгээ улиран тохиох дор Моронай эдгээр үгийг хэлээд, тэрээр урагш алхаж, мөн түүнчлэн нутгийн тэрсэлдээн байсан тэр бүх хэсэгт үг илгээж, мөн эрх чөлөөгөө дэмжих хүсэлтэй бүх хүнийг, амаликаячууд гэж нэрлэгдсэн мөн тэрсэлсэн тэдний эсрэг мөн Амаликаягийн эсрэг зогсоохоор нэгтгэн цуглуулав.
29 Мөнхүү улиран тохиох дор Амаликая Моронайн хүмүүсийг амаликаячуудаас илүү олон тоотойг хараад—мөн өөрийнх нь хүмүүс хүлээсэн байр суурийнхаа шударга эсэх талаар эргэлзэж буйг тэрээр түүнчлэн хараад—тиймийн тул, зорьсондоо хүрэхгүй байх вий хэмээн айсны учир, тэрээр өөрийн хүмүүсээс өөртэй нь хамт явах тэднийг авч мөн Нифайн нутаг тийш одов.
30 Эдүгээ Моронай леменчүүд илүү хүчийг нэмж авах нь зүйтэй бус хэмээн боджээ; тиймийн тул тэрээр Амаликаягийн хүмүүсийг зогсоох, эсвээс тэднийг гүйцэж мөн буцаан авчрах, мөн Амаликаяг үхэлд хүргэхээр бодсон ажээ; тийм ээ, учир нь өөрсдийнх нь эсрэг уурлуулахаар леменчүүдийг Амаликая өдөөн хатгаж, мөн өөрсдийнх нь эсрэг тулалдахаар ирэхэд тэднийг хүргэнэ гэдгийг тэр мэдэж байв; мөн Амаликая зорилгодоо хүрч болохын тулд үүнийг хийнэ гэдгийг тэр мэдэж байв.
31 Тиймийн тул Моронай нэгдэн цугларсан, мөн өөрсдийгөө зэвсэглэж энхийг сахих гэрээнд орсон их цэргээ авчрах нь зүйтэй хэмээн бодсон ажээ—мөн улиран тохиох дор тэрээр их цэрэг, майхнуудаа авч мөн аглаг буйд дахь Амаликаягийн замыг хааж зогсоохоор аглаг буйд тийш жагсан одов.
32 Мөнхүү улиран тохиох дор тэрээр хүслийнхээ дагуу хийж, мөн аглаг буйдад жагсан алхаж, мөн Амаликаягийн их цэргийг зогсоов.
33 Мөн улиран тохиох дор Амаликая өөрийн хүмүүсээс цөөн хэдтэй нь зугтаж мөн үлдсэн нь Моронайн гарт орж мөн Зарахемла нутагт буцаан хүргэгдэв.
34 Эдүгээ, Моронай ерөнхий шүүгчдээр мөн хүмүүсийн саналаар томилогдсон хүн байсан учир, тиймийн тул тааллынхаа дагуу нифайчуудын их цэргийн дээр эрх мэдлээ тогтоож мөн үзүүлэх хүч түүнд байв.
35 Мөнхүү улиран тохиох дор тэд чөлөөт засаглалыг дэмжиж болохын тулд, эрх чөлөөний байр суурийг дэмжих гэрээнд орохгүй байсан амаликаячуудын хэнийг боловч, тэрээр үхэлд хүргэгдэх болгов; мөн эрх чөлөөний гэрээнээс татгалзсан нь цөөн хэдхэн байв.
36 Мөнхүү улиран тохиох дор, түүнчлэн тэр нифайчуудаар эзэмшигдэж байсан тэр бүх нутаг даяарх цамхаг болгон дээр эрх чөлөөний туг өргөгдөх болгов; мөн ийн Моронай эрх чөлөөний далбааг нифайчуудын дунд босгов.
37 Мөн уг нутагт тэд дахин энх амгалан байж эхлэв; мөн тийн тэд бараг шүүгчдийн засаглалын арван есдүгээр оны эцсийг хүртэл уг нутагт энх амгаланг хадгалав.
38 Мөн Хиламан болон дээд пристүүд түүнчлэн сүм дэх эмх журмыг хадгалав; тийм ээ, бүр дөрвөн жилийн турш сүмийн дотор тэдэнд их амгалан мөн баясал байв.
39 Мөнхүү улиран тохиох дор тэдний сүнснүүд Их Эзэн Есүс Христээр гэтэлгэгдсэн хэмээн хатуу итгэсээр үхсэн нь олон байв; тийн тэд дэлхийгээс баясалтайгаар халив.
40 Мөн зарим нь, жилийн зарим улиралд уг нутагт маш олонтоо тохиолддог халуурах өвчнөөр үхэв—гэвч төдий олон нь халуурахаас болсонгүй, учир нь цаг агаарын учир хүмүүний тусах өвчний эх үүсвэрийг үгүй болгохоор Бурханы бэлтгэсэн олон ургамал мөн үндсүүдийн онц сайн чанартайгаас буюу—
41 Харин насны өндрөөс үхсэн нь олон байв; мөн бидний итгэх ёстойн адил, Христэд итгэсээр наснаас хальсан тэд түүнтэй хамт аз жаргалтай байгаа болой.