Бүлэг 49
Халдан довтлогч леменчүүд Аммонайха болон Ноагийн бэхлэгдсэн хотуудыг авах боломжгүй байв—Амаликая Бурханыг зүхэж мөн Моронайн цусыг уухаар тангараг тавив—Хиламан болон түүний ах дүүс Сүмийг хүчирхэгжүүлэхээ үргэлжлүүлэв. Ойролцоогоор МЭӨ 72 он.
1 Мөн эдүгээ улиран тохиох дор арван есдүгээр оны арван нэгдүгээр сард, уг сарын арав дахь өдөр, леменчүүдийн их цэрэг Аммонайха нутгийн зүг ойртож буй нь харагдав.
2 Мөн болгоогтун, уг хот сэргээн босгогдсон байв, мөн хотын хилийн ойролцоо их цэргийг Моронай байрлуулсан ажгуу, мөн тэд леменчүүдийн сум мөн чулуунаас өөрсдийгөө халхлах гэж тойруулан шороогоор далан босгосон байв; учир нь болгоогтун тэд чулуугаар мөн нум сумаар байлддаг байжээ.
3 Болгоогтун би Аммонайха хот сэргээн босгогдсон гэж хэллээ. Би та нарт хэлнэ, тийм ээ, энэ нь хэсэгчлэн сэргээн босгогдсон байлаа; мөн хүмүүсийнх нь алдсын учир леменчүүд үүнийг нэгэнтээ устгасан учир, энэ нь тэдний хувьд дахин амархан олз болно хэмээн тэд бодсон ажгуу.
4 Гэвч болгоогтун тэдний урам маш ихээр хугарав; учир нь болгоогтун, нифайчууд өөрсдийгөө тойруулан, леменчүүд өөрсдийн чулуу мөн сумнуудаа үр дүнтэйгээр тэдний дээр буулгаж, бас орц газраар бус аваас тэдэн дээр ирж чадахааргүй тийм өндөр даланг шороогоор босгожээ.
5 Эдүгээ энэ үед бэхлэлтийн газруудаа бэлтгэхэд гаргасан нифайчуудын мэргэн ухааны учир леменчүүдийн ерөнхий ахмадууд үлэмж гайхан цочирдсон аж.
6 Эдүгээ леменчүүдийн удирдагчид өөрсдийнх нь тоо агуу олны учир ийн бодсон байв, тийм ээ, тэд урьд нь тэгж байсныхаа адил тэдэн рүү дайрах боломжтой байх болно хэмээн бодсон ажгуу; тийм ээ, мөн түүнчлэн тэд өөрсдийгөө бамбай мөн цээжний хуягуудаар бэлтгэсэн байв; мөн түүнчлэн тэд өөрсдийгөө арьсан хүрмүүдээр, тийм ээ, нүцгэнийг нь халхалсан маш зузаан хүрмүүдээр бэлтгэсэн байв.
7 Мөн тийн бэлтгэснээр тэд өөрсдийн тааллын дагуу ах дүүсээ амархан давамгайлж мөн боолчлолын буулганд харьяалуулж, эсвээс тэднийг алж мөн хядах болно хэмээн боджээ.
8 Гэвч болгоогтун, тэднийг бүрмөсөн гайхан цочирдуулсан нь, тэднийг ирэхэд тэд Лихайн үрсийн дунд хэзээ ч мэдэгдээгүй тийм маягаар бэлтгэсэн байв. Эдүгээ тэд леменчүүдийг ирэхэд Моронайн заавруудын дагуу тулалдахаар бэлтгэсэн байв.
9 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд буюу амаликаячууд, тэдний дайнд бэлтгэсэн маягийг хараад үлэмж гайхширав.
10 Эдүгээ хэрэв Амаликая хаан Нифайн нутгаас их цэргээ толгойлон ирсэн бол, тэрээр магад леменчүүдийг Аммонайха хот дахь нифайчууд руу довтлуулах байсан буйза; учир нь болгоогтун, тэр өөрийн хүмүүсийн цусыг ч үл хайхрах ажээ.
11 Гэвч болгоогтун, Амаликая өөрөө тулалдахаар ирээгүй байжээ. Мөн болгоогтун, түүний ерөнхий ахмадууд Аммонайха хот дахь нифайчууд руу довтолж зүрхэлсэнгүй, Моронай нифайчуудын дундах үйл хэргүүдийг удирдах аргыг өөрчилсөн учир, тиймээс леменчүүд тэдний хоргодох газруудынх нь учир урам нь хугарч мөн тэдний дээр ирж эс чадав.
12 Тиймийн тул тэд аглаг буйд тийш ухарч, мөн буудлаа авч мөн тэдний хувьд нифайчуудын эсрэг дайрах дараагийн хамгийн тохиромжтой газар хэмээн бодож Ноа нутгийн зүг жагсан одов.
13 Учир нь эргэн тойрны бүх нутгийн хот болгоныг Моронай бэхэлснийг, өөрөөр хэлбэл хамгаалах бэхлэлтүүд барьсныг тэд мэдсэнгүй; тиймийн тул, тэд бат шийдэмгийгээр Ноа нутгийн зүг жагсан явцгаав; тийм ээ, тэдний ерөнхий ахмадууд урагшилж мөн тэд уг хотын хүмүүсийг устгах болно хэмээн тангараг тавив.
14 Гэвч болгоогтун, тэдний гайхширалыг төрүүлсэн нь, урьд нь хүчээр дорой газар байсан тэр Ноа хот нь, эдүгээ Моронайн тусламжтайгаар хүчирхэг болсон байв, тийм ээ, бүр Аммонайха хотынхоос илүү хүчирхэг болсон байв.
15 Мөн эдүгээ, болгоогтун, энэ нь Моронайн мэргэн ухаан байв; учир нь, тэд Аммонайха хотоос сүрдэнэ хэмээн; мөн Ноа хот одоог хүртэл нутгийн хамгийн сул дорой хэсэг байснаас, тиймийн тул тэд тулалдахаар тийш жагсах байх хэмээн тэр боджээ; мөн тийн энэ нь түүний хүслийн дагуу болов.
16 Мөн болгоогтун, Моронай уг хотын эрчүүдийн дээр ерөнхий ахмад болгохоор Лихайг томилсон байв; мөн энэ нь Сидон голын зүүн хөндийд леменчүүдтэй байлдсан тэрхүү Лихай байв.
17 Мөн эдүгээ болгоогтун улиран тохиох дор, Лихай уг хотыг захирч буйг леменчүүд олж мэдээд тэд дахин урам нь хугарав, учир нь тэд Лихайгаас үлэмж айдаг ажээ; гэсэн хэдий ч тэдний ерөнхий ахмадууд уг хотыг довтлохоор тангараг тавьцгаасан байв; тиймийн тул тэд их цэргээ толгойлов.
18 Эдүгээ болгоогтун, леменчүүд тэдний хамгаалалтын бэхлэлтүүдэд орцноос бусад газраар нэвтэрч чадсангүй, учир нь орцноос бусад газрыг хүрээлэн овоолсон далангийн өндрөөс мөн ухагдсан шуудууных нь гүнээс буюу.
19 Мөн тийн нифайчууд өөр ямар нэгэн газраар бэхлэлтэнд орох гэж авирахаар завдсан бүгдийг, чулуугаар мөн сумаар харван устгахад бэлтгэсэн байв.
20 Тэд тийн, тийм ээ, орц газраар хамгаалалтын байранд нь орж ирэхээр завдсан бүгдийг цохиж унагахаар, тэдний хамгийн хүчтэй эрчүүдийн хэсэг нь илднүүд мөн дүүгүүрүүдтэйгээ бэлтгэсэн байв; мөн тэд леменчүүдийн эсрэг өөрсдийгөө хамгаалахаар тийн бэлтгэсэн байв.
21 Мөнхүү улиран тохиох дор леменчүүдийн ахмадууд их цэргээ орох хаалганы өмнө авчирч, мөн тэдний хамгаалах газарт нь орохоор нифайчуудтай тулалдаж эхлэв; гэвч болгоогтун, тэд цагаас цагт буцаан туугдаж, үүний хэрээр тэд асар их аллагаар хядагдав.
22 Эдүгээ тэд уг орц газраар нифайчуудыг давамгайлах хүчийг олж чадахгүйгээ мэдээд, тэд их цэрэгтээ гарц гаргаж болохын тулд, тэд тулалдах адил тэгш боломжтой байж болохын тулд шороон даланг нь ухаж эхлэв; гэвч болгоогтун, эдгээр завдлагадаа тэд өөрсдийнх нь дээр буулгасан чулуу мөн сумнуудаар хиар цохигдов; мөн шуудуунуудыг нь шороон даланг буулгаж дүүргэхийн оронд, тэдгээр нь тэдний үхэгсэд мөн шархадсан биесээр хэсэг хэмжээгээр дүүргэгдэв.
23 Тийнхүү дайснуудаа давах бүх хүч нифайчуудад байв; мөн тийн леменчүүд өөрсдийн бүх ерөнхий ахмадыг алагдах хүртэл нифайчуудыг устгахаар оролджээ; тийм ээ, мөн леменчүүдийн мянгаас илүү нь алагдав; харин, нөгөө талд, нифайчуудаас алагдсан нэг ч бодгаль байсангүй.
24 Орц газраар ил байснаас леменчүүдийн суманд өртөж шархадсан нь тавь орчим байв, гэвч тэд бамбайнуудаараа, мөн цээжний хуяг мөн дуулгаараа халхлагдсан байлаа, иймээс тэдний шархнууд хөлөнд нь байв, тэдгээрийн олон нь маш ноцтой байжээ.
25 Мөнхүү улиран тохиох дор, леменчүүд өөрсдийн ерөнхий ахмадууд бүгд алагдсаныг хараад тэд аглаг буйд тийш зугтав. Мөнхүү улиран тохиох дор тэд, уг гарал нь нифай үндэстэн болох өөрсдийн хаан Амаликаяд их хохирлынхоо талаар мэдээлэхээр Нифайн нутагт буцаж ирэв.
26 Мөнхүү улиран тохиох дор тэр, нифайчуудын тухайд хүслээ гүйцээгээгүй учир өөрийн хүмүүст үлэмж уурлаж байв; тэр тэднийг боолчлолын буулганд харьяалуулсангүй.
27 Тийм ээ, тэр үлэмж хилэгнэж, мөн Моронайн цусыг уух болно хэмээн тангараг тавьж, түүнийг мөн түүнчлэн Бурханыг зүхэв; мөн энэ нь Моронай өөрийн хүмүүсийн аюулгүй байдлын төлөө бэлтгэхдээ Бурханы зарлигуудыг сахисны учир болой.
28 Мөнхүү улиран тохиох дор, нөгөө талд, Нифайн хүмүүс Их Эзэн Бурхандаа, тэднийг дайснуудынх нь гараас чөлөөлсөн түүний зүйрлэшгүй хүчний улмаас талархал илэрхийлэв.
29 Мөн тийн Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын арван ес дэх он төгсөв.
30 Тийм ээ, мөн тэдний дунд үргэлжийн амгалан байв, мөн Хиламан, Шиблон, Кориантон, бас Аммон болон түүний ах дүүсээр, тийм ээ, мөн Бурханы ариун жаягаар томилогдсон, наманчлалын төлөө баптисм хүртэж, мөн номлохоор хүмүүсийн дунд илгээгдсэн тэд бүгдээр тэдэнд тунхаглагдсан Бурханы үгэнд хандах тэдний анхаарал мөн хичээнгүй байдлын учир сүмд үлэмж агуу дэгжилт байв.