Судрууд
Алма 54


Бүлэг 54

Амморон, Моронай хоёр хоригдлуудыг солилцохоор хэлэлцэв—Леменчүүдийг нутгаасаа гарахыг мөн аллагын дайралтуудаа зогсоохыг Моронай шаардав—Нифайчуудыг зэр зэвсгээ хаяж, леменчүүдийн харьяат болохыг Амморон шаардав. Ойролцоогоор МЭӨ 63 он.

1 Мөнхүү эдүгээ улиран тохиох дор шүүгчдийн засаглалын хорин есдүгээр оны эхэнд, Амморон хоригдлууд солилцохыг түүнээс хүсэн Моронайд захидал илгээв.

2 Мөнхүү улиран тохиох дор Моронай энэ саналд үлэмж баясмаар байв, учир нь тэрээр лемен үндэстний хоригдлуудыг тэтгэхийн тулд зарцуулж байгаа хүнсийг өөрийнхөө хүмүүсийг тэтгэхийн төлөө байлгахыг хүсжээ; мөн түүнчлэн тэрээр их цэргээ хүчирхэгжүүлэхийн тулд өөрийнхөө хүмүүсийг хүсэж байв.

3 Эдүгээ леменчүүд олон эмэгтэй мөн хүүхдүүдийг олзолсон байв, харин Моронайн хоригдлуудын, өөрөөр хэлбэл Моронайн олзолсон хоригдлуудын дунд нэг ч эмэгтэй хүн бас хүүхэд байсангүй; тиймийн тул Моронай нифай үндэстний аль болох олон хоригдлыг леменчүүдээс авах аргыг зохиов.

4 Тиймийн тул тэрээр захидал бичиж, мөн Моронайд захидлыг авчирсан Аммороны зарцаар үүнийгээ илгээв. Эдүгээ Амморонд бичсэн түүний үгс нь эдгээр болой, өгүүлсэн нь:

5 Болгоогтун, Амморон, миний ард түмний эсрэг та нарын хийсэн тэр, өөрөөр хэлбэл ахын чинь тэдний эсрэг эхлүүлсэн тэр, мөн түүний үхлийн дараа ч одоо хүртэл та нар үргэлжлүүлэхээр хатуу шийдсэн тэрхүү дайны талаар зарим зүйлийг би та нарт бичлээ.

6 Болгоогтун, Бурханы шударга ёсны талаар, мөн та нар наманчилж мөн их цэргээ өөрсдийнхөө нутагт, өөрөөр хэлбэл Нифайн нутаг болох, өөрсдийн эзэмшлийн нутагтаа буцаахгүй аваас та нарын дээр буухад бэлэн байгаа түүний бүхнийг чадагч хилэнгийн илдний талаар зарим зүйлийг би та нарт яримаар байна.

7 Тийм ээ, хэрэв чи тэдгээрийг анхааран сонсох чадвартай байсан бол би эдгээр зүйлийг чамд хэлэхсэн; тийм ээ, та нар наманчилж мөн аллагын зорилгуудаасаа няцаж мөн их цэрэгтэйгээ нутагтаа буцахгүй аваас, чам шиг мөн ах шиг чинь тийм алуурчдыг хүлээн авахаар хүлээх тэрхүү аймшигт тамын талаар би чамд хэлмээр байна.

8 Гэвч та нар эдгээр зүйлийг нэгэнтээ эсэргүүцсэн, мөн Их Эзэний хүмүүсийн эсрэг тулалдсан учир, тэрчлэн би та нарыг үүнийг дахин хийх болно хэмээн бодож байна.

9 Мөн эдүгээ болгоогтун, бид та нарыг хүлээж авахад бэлтгэсэн буюу; тийм ээ, мөн та нар зорилгуудаасаа няцахгүй аваас, болгоогтун, өөрсдийнхөө эсэргүүцсэн тэр Бурханы хилэнг та нар доош өөрсөд дээрээ, өөрсдийгөө бүрмөсөн устгалд хүртэл татан авчрах болно.

10 Гэвч, Их Эзэн амьдын адил, та нар буцахгүй аваас бидний их цэрэг та нарын дээр буух болно, мөн та нар удалгүй үхлээр зочлогдох болно, учир нь бид хотуудаа мөн нутгаа хадгалах болно; тийм ээ, мөн бид Бурханы төлөөх байр сууриа мөн шашнаа хадгалан хамгаалах болно.

11 Гэвч болгоогтун, би эдгээр зүйлийн талаар чамд ярих нь үр дүнгүй хэмээн надад санагдана; өөрөөр хэлбэл чи тамын хүүхэд гэж надад санагдана; тиймийн тул нэг хоригдлын төлөө та нар нэг эрийг, түүний эхнэр мөн хүүхдүүдийг нь чөлөөлж ирүүлэх нөхцөлөөс бусдаар бол, би хоригдлуудыг солилцохгүйг чамд хэлснээр захидлаа дуусгая; хэрэв та нар ингэж, үүнийг хийх аваас, би солилцох болно.

12 Мөн болгоогтун, хэрэв та нар үүнийг хийхгүй бол, би их цэрэгтэйгээ та нарын эсрэг очих болно; тийм ээ, бүр би эмэгтэйчүүдээ мөн хүүхдүүдээ ч зэвсэглэх болно, мөн би та нарын эсрэг дайрч, мөн та нарыг бүр бидний анхны өв байсан тэр нутагт чинь хүртэл дагах болно; тийм ээ, мөн цусыг цусаар, тийм ээ, амийг амиар байх болно; мөн би та нарыг дэлхийн гадаргуугаас үгүй болон устгагдах хүртэл чинь та нартай тулалдах болно.

13 Болгоогтун, би бас миний хүмүүс ч түүнчлэн ууртай байна; та нар биднийг хөнөөхийг эрэлхийлсэн, харин бид зөвхөн өөрсдийгөө хамгаалахыг эрэлхийлж байлаа. Гэвч болгоогтун, хэрэв та нар цаашид биднийг устгахыг эрэлхийлэх аваас бид ч та нарыг устгахыг эрэлхийлэх болно; тийм ээ, мөн бид газар нутгаа, анхныхаа өв болох нутгаа буцааж авах болно.

14 Эдүгээ би захидлаа цэглэе. Би бол Моронай; би бол Нифайн ард түмний удирдагч.

15 Эдүгээ улиран тохиох дор Амморон энэ захидлыг хүлээн аваад ууртай байв; мөн тэрээр өөр нэг захидлыг Моронайд бичив, мөн түүний бичсэн үгс нь эдгээр бөлгөө, өгүүлсэн нь:

16 Би бол Амморон, леменчүүдийн хаан; би бол та нарын алсан Амаликаягийн дүү нь. Болгоогтун, би та нараас түүний цусны өшөөг авах болно, тийм ээ, мөн би их цэрэгтэйгээ та нарын дээр очих болно, учир нь чиний сүрдүүлгээс би айх нь үгүй.

17 Учир нь болгоогтун, та нарын эцэг өвгөд ах нартаа бурууг үйлдэн, үүнийхээ хэрээр тэдэнд өөрсдөд нь зүй ёсоор хамаарч байсан засгийн эрхийг нь тэднээс дээрэмдэн авсан билээ.

18 Мөн эдүгээ болгоогтун, хэрэв та нар зэвсгээ хаяж, мөн өөрсдийгөө засаг төр нь зүй ёсоор хамаарагдах тэдэнд захирагдахаар харьяалуулбал, тэгвэл би өөрийн хүмүүсийг зэр зэвсгээ буулгаж мөн цаашид дайтахгүй байхаар болгоно.

19 Болгоогтун, чи миний болон миний хүмүүсийн эсрэг олон сүрдүүлгийг хэлжээ; гэвч болгоогтун, бид сүрдүүлгээс чинь айхгүй.

20 Гэсэн хэдий ч би дайны эрчүүддээ зориулан хүнс нөөцөлж болохын тулд би чиний саналын дагуу хоригдлуудыг солилцохыг дуртайяа зөвшөөрч байна; мөн бид нифайчуудыг эрх мэдэлдээ харьяалуулахаар, эсвэл тэднийг мөнхөд мөхөх хүртэл нь, мөнхийн байх дайныг хийх болно.

21 Мөн бид эсэргүүцсэн хэмээн чиний хэлэх тэр Бурханы талаар бол болгоогтун, бид тийм нэгэн байдгийг мэдэх нь үгүй; та нар ч бас мэдэх нь үгүй; гэвч хэрэв ийм нэгэн байдаг аваас, тэрээр та нарын нэгэн адил биднийг бүтээсэн эсэхийг бид мэдэхгүй.

22 Мөн хэрэв чөтгөр болоод там гэж байдаг аваас, болгоогтун түүнийг тийм газар одсон хэмээн чиний цухуйлгасан, чиний хөнөөсөн тэр ахтай минь хамт байлгахаар тэрээр өөрийг чинь тийш илгээхгүй гэж үү? Гэвч болгоогтун эдгээр зүйл хамаагүй.

23 Би бол Амморон, мөн танай эцэг өвгөдийн Иерусалимаас хүчилж мөн гаргаж авчирсан тэрхүү Зорамын удмын нэгэн билээ.

24 Мөн болгоогтун эдүгээ, би бол эрэлхэг лемен үндэстэн; болгоогтун, энэ дайн нь тэдний туулсан шударга бусын өшөөг авахаар мөн тэдний засаглах эрхүүдийг хадгалах мөн олж авахын төлөө дэгдээгдсэн бөлгөө; мөн би Моронайд илгээх захидлаа дуусгая.

Хэвлэх