Бүлэг 55
Моронай хоригдлуудыг солилцохоос татгалзав—Лемен үндэстний харуулууд согтоход хүрэн залилагдав, мөн Нифай үндэстний хоригдлууд чөлөөлөгдөв—Гидийн хот цус урсгалгүйгээр буцаан авагдав. Ойролцоогоор МЭӨ 63–62 он.
1 Эдүгээ улиран тохиох дор Моронай энэ захидлыг хүлээн аваад тэрээр илүү ихээр уурлав, учир нь Амморон худал хуурмагийнхаа тухай төгс мэдлэгтэйг тэр мэдэж байв; тийм ээ, Нифайн ард түмний эсрэг түүнийг дайн хийхээр болгосон нь шударга шалтгаан биш гэдгийг Амморон өөрөө мэдэж буйг тэрээр мэдэж байлаа.
2 Мөн тэрээр хэлэв: Болгоогтун, миний захидалдаа дурдсаны адилаар, тэр зорилгоосоо няцахгүй бол би Амморонтой хоригдлуудыг солилцохгүй; учир нь би байгаагаасаа илүү хүч чадалтай болохыг нь түүнд зөвшөөрөхгүй.
3 Болгоогтун, леменчүүдийн хоригдлууд болгон авсан манай хүмүүсийг харгалзаж байгаа газрыг нь би мэднэ; мөн Амморон миний захидалдаа хүссэнийг зөвшөөрөөгүйн учир, болгоогтун, өөрийнхөө үгсийн дагуу би түүнд үйлдэх болно; тийм ээ, тэд энх амгаланг гуйх хүртэл нь би тэдний дунд үхлийг эрэлхийлэх болно.
4 Мөн эдүгээ улиран тохиох дор Моронай эдгээр үгийг хэлээд, тэрээр өөрийн хүмүүсийн дундаас Лемений удмынх болох нэг хүнийг олж болохын тулд тэрээр тэдний дунд эрэл хийлгэв.
5 Мөнхүү улиран тохиох дор Лемен гэдэг нэртэй нэгнийг тэд олов; мөн тэрээр Амаликаягаар алагдсан хааны зарц нарын нэг байжээ.
6 Эдүгээ Моронай нифайчуудыг харгалзаж байсан харуулууд дээр Леменийг мөн өөрийн хүмүүсээс цөөн хэдийг нь очих болгов.
7 Эдүгээ нифайчуудыг Гид хотод харгалзан хорьж байв; тиймийн тул Моронай Леменийг томилж мөн цөөн тооны эрчүүдийг түүнтэй явахаар болгов.
8 Мөн үдэш болоход Лемен нифайчуудыг харгалзаж байсан харуулууд дээр очиж, мөн болгоогтун, тэд түүний ирж явахыг хараад мөн тэд түүний зүг хашхирав; гэвч тэрээр тэдэнд хэлэв: Бүү ай; болгоогтун, би бол лемен үндэстэн. Болгоогтун, бид нифайчуудаас оргон ирлээ, мөн тэд унтаж байна; мөн болгоогтун бид тэдний дарснаас авч мөн өөрсөдтэйгөө авчирлаа.
9 Эдүгээ леменчүүд эдгээр үгийг сонсоод тэд түүнийг баяртайгаар хүлээн авав; мөн тэд түүнд хэлэв: Бид ууж болохын тулд дарснаасаа бидэнд өг; та нар ийн өөрсөдтэйгөө дарс авчирсанд чинь бид баяртай байна, учир нь бид ядарч байна.
10 Гэвч Лемен тэдэнд хэлэв: Нифайчуудын эсрэг бид тулалдахаар явах хүртлээ дарсаа хадгалцгаая. Гэвч энэ үгс нь дарснаас уух тэдний хүслийг нь улам нэмэгдүүлэв;
11 Учир нь, тэд хэлэв: Бид ядарсан, тиймийн тул бидэнд дарснаас хүртэхийг зөвшөөр, мөн нифайчуудын эсрэг явахад биднийг хүчирхэгжүүлэх дарсны хувиа бид удахгүй авах болно.
12 Мөн Лемен тэдэнд хэлэв: Та нар хүслийнхээ дагуу хийж болно.
13 Мөнхүү улиран тохиох дор тэд дарснаас ихээр хүртэв; мөн тэдэнд амт нь таалагдаж, тиймийн тул тэд үүнээс улам ихээр хүртэв; мөн үүнийг хүчтэй байхаар бэлтгэсэн байсны учир энэ нь хүчтэй байв.
14 Мөнхүү улиран тохиох дор тэд ууж мөн наргиж, мөн удалгүй тэд бүгдээрээ согтоцгоов.
15 Мөн эдүгээ Лемен болон түүний хүмүүс тэд бүгд согтоцгоосныг бас гүн нойронд автсаныг хараад, тэд Моронайд эргэж ирээд мөн тохиолдсон бүх зүйлийг түүнд хэлэв.
16 Мөн эдүгээ энэ нь Моронайн төлөвлөгөөний дагуу байв. Мөн Моронай эрчүүдээ дайны зэр зэвсгээр бэлтгэсэн байв; мөн тэрээр леменчүүдийг гүн нойрондоо бас согтуу байхад нь Гид хотод очиж, мөн хоригдлуудад дайны зэвсгийг шидэж өгчээ, үүний улмаас тэд бүгд зэвсэглэгдэв;
17 Тийм ээ, бүр эмэгтэйчүүдэд нь мөн бүх хүүхдэд нь хүртэл буюу, Моронайг тэр бүх хоригдлыг зэвсэглэх үед, дайны зэвсэг хэрэглэж чадаж байсан болгонд буюу; мөн тэдгээр бүх зүйл бүрэн нам гүм байдалд хийгдэв.
18 Гэвч хэрэв тэд леменчүүдийг сэрээсэн бол, болгоогтун тэд согтуу байв, мөн нифайчууд тэднийг хөнөөж чадах байв.
19 Гэвч болгоогтун, энэ нь Моронайн хүсэл бус байв; тэр аллагад өөрөөр хэлбэл цус урсгахад баясдаггүй байв, харин тэрээр өөрийн хүмүүсийг устгалаас аврахдаа баясдаг байв; мөн тэрээр өөрийн дээр шударга бусыг авчрахгүй байж болохын тулд, энэхүү шалтгааны улмаас, тэрээр леменчүүдийн дээр бууж мөн тэднийг согтуу байхад нь устгахыг хүссэнгүй.
20 Гэвч тэрээр хүслүүдээ гүйцээв; учир нь тэр хотын хэрмэн дотор байсан нифай үндэстний тэдгээр хоригдлыг зэвсэглэж, мөн хэрмэн дотор байсан тэдгээр хэсгийг эзэмшилдээ авах хүчийг тэдэнд өгсөн байв.
21 Мөн тэгээд тэр өөртэйгөө хамт байсан эрчүүдийг тэднээс хэсэг холдуулаад, мөн леменчүүдийн их цэргийг бүслэхээр болгов.
22 Эдүгээ болгоогтун энэ нь шөнийн цагаар хийгдэж, иймээс леменчүүд өглөө сэрээд тэд гадуураа нифайчуудаар бүслэгдэж, мөн дотор талд хоригдлууд зэвсэглэгдсэнийг үзэв.
23 Мөн тэд нифайчуудыг давамгай байдалд буйг ийн харав; мөн тэд ийм нөхцөл байдалд нифайчуудтай тулалдах нь зүйтэй биш гэдгийг мэдэж байв; тиймийн тул тэдний ерөнхий ахмадууд нь дайны зэвсгүүдийг нь шаардаж, мөн тэд тэдгээрийг авчирч, мөн нигүүлслийг гуйн, нифайчуудын хөлд тэдгээрийг хаяв.
24 Эдүгээ болгоогтун, энэ нь Моронайн хүсэл байв. Тэрээр тэднийг дайны олзлогдогсод болгон авч, мөн хотыг эзэмшилдээ аваад, мөн нифайчууд асан, бүх хоригдлыг чөлөөлөгдөх болгов; мөн тэд Моронайн их цэрэгт элсэж, мөн түүний их цэрэгт агуу хүч нэмэв.
25 Мөнхүү улиран тохиох дор өөрийн хоригдлууд болгож баривчилсан леменчүүдийг тэрээр Гид хотыг хүрээлэх бэхлэлтүүдийг хүчирхэгжүүлэхийн тулд хөдөлмөрлөж эхлэх болгов.
26 Мөнхүү улиран тохиох дор тэрээр Гид хотыг өөрийн хүслийн дагуу бэхлээд, тэрээр уг хоригдлуудыг Өгөөмөр хотод аваачигдах болгов; мөн тэрээр түүнчлэн тэр хотыг үлэмж их хүчээр хамгаалж байжээ.
27 Мөнхүү улиран тохиох дор леменчүүдийн бүх хуйвалдаан байсаар байсан хэдий ч, тэд баривчилсан бүх хоригдлоо харгалзан мөн хамгаалж, мөн түүнчлэн тэд дахин олж авсан бүх нутаг дэвсгэрээ мөн давамгай байдлаа хадгалсан ажгуу.
28 Мөнхүү улиран тохиох дор нифайчууд дахин ялалт байгуулж, мөн эрхүүдээ мөн онцгой боломжуудаа буцаан олж эхлэв.
29 Олон удаа леменчүүд тэднийг шөнөөр бүслэхийг завдсан хэдий ч, эдгээр оролдлогодоо тэд олон хүнээ хоригдол болгон алдсан ажээ.
30 Мөн тэднийг хороор эсвээс согтуу байхад нь устгаж болохын тулд дарснаасаа нифайчуудад өгөхийг тэд олон удаа оролджээ.
31 Гэвч болгоогтун, нифайчууд өөрсдийн энэ зүдгүүрийн үед Их Эзэн Бурханаа санахдаа хойрго байсангүй. Тэднийг занганд оруулах нь тэдэнд боломжгүй байв; тийм ээ, тэд эхлээд лемен үндэстний зарим хоригдолд амсуулахгүйгээр дарснаасаа хүртдэггүй байв.
32 Мөн тэдний дунд ямар ч хор өгөгдөхөөргүй тийм хянамгай байв; учир нь хэрэв тэдний дарс лемен үндэстнийг хордуулбал, энэ нь түүнчлэн нифай үндэстнийг ч хордуулах болой; мөн тэд бүх архиа тийн шалгаж байсан бөлгөө.
33 Мөн эдүгээ улиран тохиох дор Моронайн хувьд Мориантон хот руу дайрах бэлтгэл хийх нь зайлшгүй шаардлагатай байв; учир нь болгоогтун, леменчүүд өөрсдийн хөдөлмөрөөр, Мориантон хотыг үлэмж бат бэх хамгаалалт болтол нь бэхэлсэн байв.
34 Мөн тэд уг хотод нэмэгдэл хүчийг, мөн түүнчлэн хүнсний нөөц хангамжуудыг үргэлж авчирсаар байв.
35 Мөн тийн Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын хорин ес дэх он төгсөв.