Бүлэг 58
Хиламан, Гид, Тиомнер гурав Мантай хотыг заль мэхээр авав—Леменчүүд ухран зайлав—Аммоны хүмүүсийн хөвгүүд чөлөөт байдал мөн итгэлээ хамгаалахад бат зогссоноор хамгаалагдан үлдэв. Ойролцоогоор МЭӨ 63–62 он.
1 Мөн болгоогтун, эдүгээ улиран тохиох дор бидний дараагийн зорилго бол Мантай хотыг авах байв; гэвч болгоогтун, өөрсдийн багахан хэсгээр бид тэднийг хотоос гаргаж чадах ямар ч аргагүй байв. Учир нь болгоогтун, тэд бидний урьд нь юу хийснийг санаж байв; тиймийн тул бид тэднийг бат бэх хамгаалалтуудаас нь залилан гаргаж чадсангүй.
2 Мөн тэд бидний их цэргээс илүү олон тоотой байснаас, бид давшин мөн бат бэх хамгаалалтад байхад нь тэднийг дайрч зүрхэлсэнгүй.
3 Тийм ээ, бид эзэмшилдээ буцаан авсан нутгуудын хэсгийг хадгалан хамгаалахын тулд өөрсдийн хүмүүсийг ажиллуулах нь бидний хувьд шаардлагатай болов; тиймийн тул бид Зарахемла нутгаас нэмэгдэл хүч мөн түүнчлэн хүнс нөөцийн шинэ хангамж хүлээн авч болохын тулд, бид зайлшгүй хүлээх ёстой болов.
4 Мөнхүү улиран тохиох дор тийн би хүмүүсийнхээ байдлын талаар танилцуулахаар нутгийнхаа захирагчид элч илгээв. Мөнхүү улиран тохиох дор бид Зарахемла нутгаас хүнс болон хүч хүлээн авахаар хүлээж байв.
5 Гэвч болгоогтун, ингэх нь бидэнд ашиг багатай байв; учир нь леменчүүд ч түүнчлэн өдрөөс өдөрт их хүч, мөн түүнчлэн их нөөц хангамжийг хүлээн авч байв; мөн энэ үед бидний нөхцөл байдал ийм байв.
6 Мөн леменчүүд үе үе бидний эсрэг довтолж, биднийг заль мэхээр устгахаар шийдсэн байв; гэсэн хэдий ч бид, тэдний нуувчууд мөн бат бэх хамгаалалтуудын учир тэдэнтэй тулалдахаар очиж чадсангүй.
7 Мөнхүү улиран тохиох дор бид ийм хэцүү нөхцөл байдалд олон сарын турш, бүр бид хүнс дутагдсанаас эрсдэх дөхтлөө хүлээсэн билээ.
8 Гэвч улиран тохиох дор бидэнд тусламж болох хоёр мянган эртэй их цэргээр харгалзуулан бидэнд авчрагдсан хүнсийг бид хүлээн авсан билээ; мөн өөрсдийгөө мөн улс орноо дайснуудынхаа гарт орохоос хамгаалахаар, тийм ээ, тоолшгүй олон байсан тэр дайсантай тэмцэлдэхээр, бидний хүлээн авсан бүх тусламж энэ л юм.
9 Мөн эдүгээ бидний эдгээр хүндрэлийн шалтгааныг, эсвээс тэд бидэнд илүү нэмэгдэл хүч илгээгээгүйн шалтгааныг бид мэдсэн нь үгүй; тиймийн тул бидний уналт мөн бүрмөсөн устгалд хүргэн Бурханы шийтгэлүүд ямар нэгэн байдлаар нутаг дээр минь ирэх вий хэмээн бид гашуудаж мөн түүнчлэн айдсаар дүүрсэн байв.
10 Тиймийн тул тэрээр биднийг хүчирхэгжүүлж мөн биднийг дайснуудын маань гараас чөлөөлж, тийм ээ, мөн түүнчлэн хүмүүсийнхээ дэмжлэгийн төлөө хотуудаа, газар нутгаа, мөн эзэмшлүүдээ хадгалж болох хүчийг бидэнд түүнчлэн өгөөсэй хэмээн бид зүрх сэтгэлээ Бурханд хандсан залбиралд юүлсэн болой.
11 Тийм ээ, мөнхүү улиран тохиох дор Их Эзэн Бурхан маань, тэрээр биднийг чөлөөлөх болно хэмээх баталгаагаар бидэнд зочилсон юм; тийм ээ, үүний хэрээр тэр бидний сэтгэл оюунд амар амгаланг өгч, мөн агуу итгэлийг бидэнд соёрхож, мөн биднийг түүгээр дамжин ирэх чөлөөлөлтөндөө найдах болгосон билээ.
12 Мөн бид хүлээн авсан тэр багахан хүчиндээ зоригжин, мөн дайснуудаа ялахаар, мөн газар нутгаа, эзэмшлүүдээ, мөн эхнэр, хүүхдүүдээ, түүнчлэн эрх чөлөөний байр сууриа хадгалан хамгаалахаар хөдөлшгүй хатуу шийдэв.
13 Мөн бид тийн Мантай хотод байсан леменчүүдийн эсрэг бүх хүчээрээ давшив; мөн бид уг хотын ойролцоох аглаг буйдын захад майхнуудаа босгов.
14 Мөнхүү улиран тохиох дор маргааш нь, биднийг уг хотын ойролцоох аглаг буйдын захад байгааг леменчүүд үзээд, тэд их цэргийн маань тоо мөн хүчийг олж мэдэж болохын тулд бидний эргэн тойронд тагнуулуудаа илгээв.
15 Мөнхүү улиран тохиох дор тооны хувьд бидний хүчтэй бишийг тэд үзээд, мөн тэд бидний эсрэг тулалдахаар гарч ирэн мөн биднийг хөнөөхгүй бол бид тэднийг дэмжлэгээс нь салгах болуузай хэмээн айж, мөн түүнчлэн өөрсдийн олон тооны цэргээр биднийг амархан устгаж чадна хэмээн бодсоны учир, тиймийн тул бидний эсрэг тулалдахаар гарч ирэхээр тэд бэлтгэлүүдийг хийж эхлэв.
16 Мөн тэд бидний эсрэг гарч ирэхээр бэлтгэлийг хийж байгааг бид хараад, болгоогтун, би Гидийг цөөн тооны хүмүүстэйгээ өөрийгөө аглаг буйдад нуух, мөн түүнчлэн Тиомнерыг мөн цөөн тооны хүмүүстэй, өөрсдийгөө түүнчлэн аглаг буйдад нуугдах болгов.
17 Эдүгээ Гид мөн түүний хүмүүс баруун талд мөн бусад нь зүүн талд байв; мөн тэд тийн өөрсдийгөө нууцалсны дараа, болгоогтун, би их цэргийнхээ үлдсэнтэй нь, анх майхнаа босгосон газраа леменчүүд тулалдахаар гарч ирэх цагийг хүлээн үлдэв.
18 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд бидний эсрэг олон тооны их цэрэгтэйгээ гарч ирэв. Мөн тэд ирээд мөн илдтэйгээ бидний дээр буух гэж байхад нь, би хүмүүсээ, надтай байсан тэднийг, аглаг буйд тийш ухрах болгов.
19 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд биднийг хөнөөж болохын тулд тэд биднийг гүйцэх үлэмж хүсэлтэй байсны улмаас, тэд их хурдтайгаар бидний араас нэхсэн болой; тиймийн тул тэд биднийг аглаг буйд тийш дагав; мөн бид Гид, Тиомнер хоёрын дундуур өнгөрч, үүний хэрээр тэд леменчүүдээр илрүүлэгдсэнгүй.
20 Мөнхүү улиран тохиох дор леменчүүдийг өнгөрсний дараа, өөрөөр хэлбэл их цэргийг нь өнгөрмөгц, Гид, Тиомнер хоёр нуугдсан газруудаасаа босож, мөн леменчүүдийн тагнуулуудыг хотод эргэн очуулахгүйн тулд тэдний замыг хаасан болой.
21 Мөнхүү улиран тохиох дор тэд тэдний замыг хаасныхаа дараа, тэд хот руу гүйж мөн хотыг харгалзахаар үлдсэн харуулууд дээр буув, үүнчлэн тэднийг устгаж мөн хотыг эзэмшилдээ авсан болой.
22 Эдүгээ леменчүүд зөвхөн цөөн хэдэн харуулуудаас бусад бүхэл их цэргээ аглаг буйд тийш удирдуулагдахыг зөвшөөрсөн учир энэ явдал тохиолдов.
23 Мөнхүү улиран тохиох дор Гид, Тиомнер хоёр энэ маягаар тэдний бат бэх хамгаалалтуудыг эзэмшилдээ олж авсан байв. Мөнхүү улиран тохиох дор бид аглаг буйдад ихэд аялсны дараа, Зарахемла нутгийн зүг аян замаа хөөв.
24 Мөн леменчүүд өөрсдийгөө Зарахемла нутгийн зүг жагсан явж буйгаа үзээд, тэднийг устгалд хүргэх төлөвлөгөө хийгдсэн болов уу хэмээн тэд үлэмж их айв; тиймийн тул тэд дахин аглаг буйд тийш, тийм ээ, бүр өөрсдийн ирсэн тэрхүү замаар буцан ухарч эхлэв.
25 Мөн болгоогтун, энэ нь шөнө байв, мөн тэд майхнуудаа босгов, учир нь леменчүүдийн ерөнхий ахмадууд нифайчууд алхсаныхаа учир ядарсан байгаа хэмээн бодсон аж; мөн тэдний их цэргийг бүхэлд нь өмнөө ухраасан хэмээн бодсон учир, тиймийн тул тэд Мантай хотын талаар огт бодсонгүй.
26 Эдүгээ улиран тохиох дор шөнө болоход, би хүмүүсээ унталгүй, харин тэд өөр нэг замаар Мантайн нутгийн зүг урагшлан жагсах болгов.
27 Мөн бид шөнийн цагт жагсан явсан учир, болгоогтун, маргааш нь бид леменчүүдийн цаана нь гарч, ингэснээр бид тэднээс түрүүлэн Мантай хотод хүрч ирсэн бөлгөө.
28 Мөн тийн улиран тохиох дор, энэ зальт аргаар бид Мантай хотыг цус урсгалгүйгээр эзэмшилдээ авав.
29 Мөнхүү улиран тохиох дор леменчүүдийн их цэрэг уг хотын ойролцоо хүрч ирээд, мөн бид тэдэнтэй тулгарахаар бэлтгэснийг үзээд, тэд үлэмж цочирдон мөн их айдсаар балмагдаж, үүний хэрээр тэд аглаг буйд тийш зугтав.
30 Тийм ээ, мөнхүү улиран тохиох дор леменчүүдийн их цэрэг уг нутгийн энэ бүх хэсгээс гарч зугтсан болой. Гэвч болгоогтун тэд, уг нутгаас олон тооны эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийг өөрсөдтэйгөө авч гарав.
31 Мөн леменчүүдээр эзлэгдсэн байсан тэдгээр хот, бүгдээрээ энэ үед бидний эзэмшилд байна; мөн эцгүүд маань мөн манай эмэгтэйчүүд мөн хүүхдүүд маань, леменчүүдээр олзлогдон аваачигдсан тэднээс бусад нь бүгд, гэртээ эргэн ирцгээж байна.
32 Гэвч болгоогтун, тийм агуу олон хотыг мөн тийм олон эзэмшлийг хадгалан хамгаалахад их цэрэг маань бага байна.
33 Гэвч болгоогтун, Бурхандаа, тэдгээр нутгийн дээрх ялалтыг бидэнд өгсөн түүнд бид найдна, үүний хэрээр бид өөрсдийнх байсан тэдгээр хот мөн тэр нутгуудыг буцаан авсан билээ.
34 Эдүгээ засгийн газар бидэнд илүү нэмэгдэл хүч өгөөгүйн шалтгааныг бид мэдэхгүй байна; бидэнд ирсэн тэр хүмүүс ч бас бид яагаад илүү их нэмэгдэл хүч хүлээн аваагүйг мэдсэнгүй.
35 Болгоогтун, та нар амжилтгүй байж, мөн та нар нутгийн тэр хэсэгт бүх хүчийг аваачсан эсэхийг бид мэдэхгүй байна; хэрэв тэгсэн бол, бид бувтналдах хүсэлгүй байна.
36 Мөн хэрэв тэгээгүй аваас, болгоогтун, засгийн газарт хагарал байгаагаас тэд бидэнд нэмэгдэл хүмүүсийг туслуулахаар илгээхгүй байна хэмээн бид айж байна; учир нь тэд илгээснээсээ илүү олон тоотойг бид мэдэж байна.
37 Гэвч болгоогтун, энэ хамаагүй—бид их цэрэг маань сул дорой ч гэсэн, Бурхан биднийг чөлөөлнө, тийм ээ, мөн дайснуудын маань гараас чөлөөлөх болно гэдэгт найдна.
38 Болгоогтун, энэ бол хорин ес дэх оны төгсгөл, мөн бид өөрсдийн нутгуудыг эзэмшиж байна; мөн леменчүүд Нифайн нутаг тийш зугтсан билээ.
39 Мөн миний өндрөөр үнэлэн ярьсан, Аммоны хүмүүсийн тэр хөвгүүд надтай хамт Мантай хотод байна; мөн Их Эзэн тэднийг дэмжсэн, тийм ээ, мөн тэднийг илдэнд унахаас хамгаалсан, үүний үр дүнд бүр нэг ч бодгаль эрсдээгүй болой.
40 Гэвч болгоогтун, тэд олон шарх олсон; гэсэн хэдий ч тэд Бурханаар чөлөөлөгдсөн эрх чөлөөндөө бат зогсож байна; мөн тэд Их Эзэн Бурханаа өдрөөс өдөрт дурсан санахдаа хичээнгүй байдаг; тийм ээ, тэд түүний тогтоолуудыг, түүний шүүлтүүдийг, мөн түүний зарлигуудыг үргэлж дагахаар мэрийдэг; мөн ирэх тэр зүйлийн талаарх бошиглолуудад тэдний итгэл хүчтэй билээ.
41 Мөн эдүгээ, хайрт анд Моронай минь, биднийг гэтэлгэсэн мөн чөлөөтэй болгосон Их Эзэн бидний Бурхан, таныг үргэлж өөрийн оршихуйд байлгах болтугай; тийм ээ, мөн тэрээр энэ хүмүүсийг таалалдаа багтааг, тиймээс бүр та нар леменчүүдийн биднээс авсан, бидний дэмжлэгийн төлөө байсан тэр бүгдийг эзэмшилдээ олж авахад амжилттай байх болтугай. Мөн эдүгээ, болгоогтун, би захидлаа дуусгая. Би бол Алмагийн хүү Хиламан болой.