Бүлэг 63
Шиблон мөн дараа нь Хиламан ариун нандин цэдгүүдийг эзэмшилдээ авав—Олон нифайчууд умард нутаг тийш аялав—Хагот усан онгоцуудыг барьж, тэдгээр нь өрнөд тэнгист хөвөв—Моронайха тулалдаанд леменчүүдийг ялав. Ойролцоогоор МЭӨ 56–52 он.
1 Мөнхүү улиран тохиох дор Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын гучин зургаадугаар оны эхэнд, Алмагаар Хиламанд дамжуулагдсан ариун нандин зүйлсийг Шиблон эзэмшилдээ авав.
2 Мөн тэр шударга хүн байв, мөн тэрээр Бурханы өмнө зөв шударгаар алхдаг байв; мөн тэр үргэлж сайныг үйлдэхээр, Их Эзэн Бурханыхаа зарлигуудыг сахихаар мэрийдэг байв; мөн түүний дүү нь ч бас тийн үйлдсэн буюу.
3 Мөнхүү улиран тохиох дор түүнчлэн Моронай нас барав. Мөн шүүгчдийн засаглалын гучин зургаадугаар он ийн төгсөв.
4 Мөнхүү улиран тохиох дор шүүгчдийн засаглалын гучин долоодугаар онд, эрчүүдийн томоохон хэсэг, бүр таван мянга дөрвөн зуун тооны эр, эхнэр мөн хүүхдүүдийнхээ хамт Зарахемла нутгаас гарч, умард дахь нутаг тийш одов.
5 Мөнхүү улиран тохиох дор Хагот, тэрээр үлэмж сониуч хүн байсан учир, тиймийн тул тэрээр явж мөн Өгөөмөр нутгийн хил дээр, Эзгүйрэл нутгийн дэргэд өөртөө үлэмж том усан онгоцыг барьж мөн умард нутаг тийш хөтлөх тэрхүү нарийн хоолойн дэргэд өрнөд тэнгисийн усанд тавьжээ.
6 Мөн болгоогтун, үүнд сууж мөн их хүнс нөөцтэйгээр хөвж одсон нь нифайчуудаас олон байв, мөн түүнчлэн олон эмэгтэй мөн хүүхдүүд байв; мөн тэд умардыг чиглэн аянаа хөөв. Мөн гучин долоодугаар он тийн төгсөв.
7 Мөн гучин найм дахь онд энэ хүн өөр бусад усан онгоцыг барив. Мөн эхний онгоц түүнчлэн эргэж ирэв, мөн өөр олон хүн үүнд оров; мөн түүнчлэн тэд их нөөц хүнс авч мөн умард нутгийг дахин чиглэв.
8 Мөнхүү улиран тохиох дор тэднээс дахин сураг сонсогдсонгүй. Мөн бид тэднийг тэнгисийн гүнд живсэн байх хэмээн бодном. Мөнхүү улиран тохиох дор өөр нэг онгоц түүнчлэн хөвж одов; мөн түүний хааш одсоныг бид мэдэх нь үгүй.
9 Мөнхүү улиран тохиох дор энэ онд умард нутаг тийш одсон олон хүн байв. Мөн гучин найм дахь он тийн төгсөв.
10 Мөнхүү улиран тохиох дор шүүгчдийн засаглалын гучин есдүгээр онд, Шиблон түүнчлэн нас барж, мөн Кориантон умард нутаг тийш одсон хүмүүст нөөц хүнс хүргэхээр тэр нутаг тийш усан онгоцоор одсон бөлгөө.
11 Тиймийн тул нас барахынхаа өмнө, эцгийнхээ нэрээр нэрлэгдсэн, Хиламаны хүүд, Хиламан гэж нэрлэгдсэн түүнд тэдгээр ариун нандин зүйлийг шилжүүлэх нь Шиблоны хувьд зайлшгүй болов.
12 Эдүгээ болгоогтун, Хиламаны эзэмшилд байсан тэдгээр бүх сийлбэр, илчлэгдэх ёсгүй хэмээн Алмагаар зарлиг болгогдсон хэсгүүдээс бусад нь, бичиглэгдэж мөн бүх нутаг даяар хүмүүсийн үрсийн дунд илгээгдсэн байв.
13 Гэсэн хэдий ч, эдгээр зүйл нь ариун нандин хэвээр хадгалагдаж мөн нэг үеэс нөгөөд доош гардуулагдах ёстой байв; тиймийн тул, энэ онд, тэдгээр нь Шиблоныг нас барахын өмнө Хиламанд шилжүүлэгдсэн байлаа.
14 Мөнхүү улиран тохиох дор түүнчлэн энэ онд леменчүүд дээр очсон зарим тэрслэгч байв; мөн тэд нифайчуудын эсрэг уур уцаарт дахин өдөөн хатгагдав.
15 Мөн түүнчлэн мөнхүү онд тэд олон тооны цэрэгтэйгээр Моронайхагийн хүмүүсийн эсрэг буюу Моронайхагийн их цэргийн эсрэг дайтахаар ирэв, ингэхдээ үлэмж их хохирол хүлээн, тэд ялагдан мөн нутгийнхаа зүг дахин ухраагджээ.
16 Мөн Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын гучин есдүгээр он тийн төгсөв.
17 Мөн Алмагийн, мөн түүний хүү Хиламаны, мөн түүнчлэн түүний хүү асан Шиблоны шастир ийн төгсөв.