Гидеон дахь хүмүүст хүргэсэн Алмагийн тэр үгс, түүний өөрийнх нь цэдгийн дагуу оршвой.
7-р бүлэгт агуулагдав.
Бүлэг 7
Христ Мариагаас төрөх болно—Тэрээр үхлийн хүлээсийг тайлж мөн Өөрийн хүмүүсийн нүглүүдийг үүрэх болно—Наманчилж, баптисм хүртэж, мөн зарлигуудыг сахидаг тэдгээр нь мөнх амьдралыг авах болно—Бузар муухай нь Бурханы хаант улсыг өвлөж чадахгүй—Даруу байдал, итгэл, найдвар мөн төгс хайр шаардагдана. Ойролцоогоор МЭӨ 83 он.
1 Болгоогтун хайрт ах дүү нар минь, та нар дээр ирэх нь надад зөвшөөрөгдсөн болохоор, тиймийн тул би өөрийн хэлээр та нарт ярихыг оролдоё; би шүүгчийн суудалд бүрэн баригдаж, их ажилтай байснаас та нар дээр ирж чадаагүй учир, би анх удаа та нарт хандан өөрийн амнаас гарах үгсээр ярьж байгаа учир, тийм ээ, өөрийн амаар ярихыг оролдоё.
2 Мөн хэрэв шүүгчийн суудал миний оронд засаглах өөр нэгэнд өгөгдөөгүй байсан бол бүр энэ цагт ч гэсэн би ирж чадахгүй байхсан; мөн Их Эзэн их нигүүлсэлдээ надад та нар дээр ирэхийг минь зөвшөөрсөн билээ.
3 Мөн болгоогтун, та нар өөрсдийгөө Бурханы өмнө даруусгаж, мөн та нар түүний ач ивээлийг гуйсаар л буйг олж мэдэх юмсан, би та нарыг түүний өмнө буруугүй байгааг олж мэдэх юмсан, би та нарыг Зарахемла дахь бидний ах дүүсийн адил хүнд байдалд ороогүй байгааг олж мэдэх юмсан гэсэн агуу их найдлага мөн ихээхэн хүсэлтэйгээр ирсэн билээ би.
4 Гэвч Бурханы нэр алдаршиг, учир нь тэрээр надад мэдүүлж өгсөн билээ, тийм ээ, тэд дахин түүний зөв шударгын замд оруулагдсаныг нь мэдүүлэн үлэмж агуу баяслыг надад өгсөн билээ.
5 Мөн надад орших Бурханы Сүнсний дагуу, түүнчлэн та нарын төлөө баясах болно гэдэгт би найдаж байна; гэсэн хэдий ч та нарын төлөө баясах миний баясал Зарахемла дахь ах дүүсийн төлөө миний туулсан шиг тийм их зүдгүүр мөн гашуудлыг туулснаас ирээсэй хэмээн би хүсэхгүй байна, учир нь болгоогтун, тэдний төлөөх миний баясал нь их зүдгүүр мөн гашуудлыг туулсны дараа ирсэн бөлгөө.
6 Гэвч болгоогтун, би та нарыг өөрсдийн ах дүүсийн адил тийм ч их итгэлгүй байдалд ороогүй байх хэмээн найдаж байна; би та нарыг зүрх сэтгэлийнхээ бардамналд хөөрөөгүй хэмээн найдаж байна; тийм ээ, би та нарыг зүрх сэтгэлээ дэлхийн хоосон зүйлс дээр мөн баялгууд дээр тавиагүй хэмээн найдаж байна; тийм ээ, би та нарыг хиймэл шүтээн шүтдэггүй, харин үнэн бөгөөд амьд Бурханыг шүтэж, мөн хойшид ирэх нүглүүдийнхээ ангижралыг үүрдийн итгэлтэйгээр харуулдаж буй гэдэгт найдаж байна.
7 Учир нь болгоогтун, би ирэх олон зүйл буйг та нарт хэлнэ; мөн болгоогтун, тэд бүгдээс илүү чухал нэгэн зүйл буй—учир нь болгоогтун, Гэтэлгэгч өөрийн хүмүүсийн дунд ирж мөн амьдрах тэрхүү цаг тийм ч холгүй болжээ.
8 Болгоогтун, тэрээр өөрийн зуурдын асарт орших цагтаа бидний дунд ирэх болно гэж би хэлээгүй; учир нь болгоогтун, энэ байдал тохиохыг Сүнс надад хэлсэнгүй. Эдүгээ энэ зүйлийн хувьд би мэдэхгүй; гэвч би Их Эзэн Бурхан өөрийн үгийн дагуу тэр бүх зүйлийг хийх хүчтэй гэдгийг мэднэ.
9 Гэвч болгоогтун, Сүнс надад дараахыг хэлж, өгүүлсэн нь: Энэ хүмүүст хашхирч, хэлэгтүн—Наманчлагтун та нар, мөн Их Эзэний замыг бэлтгэ, мөн шулуун болох түүний замуудаар алхагтун; учир нь болгоогтун тэнгэрийн хаант улс ойртож байна, мөн Бурханы Хүү дэлхийн гадаргуу дээр ирэх болно.
10 Мөн болгоогтун, тэр бидний эцэг өвгөдийн нутаг болох тэр Иерусалимд Мариагаас төрөх болно, тэр нь онгон бүсгүй, Ариун Сүнсний хүчээр бүрхэгдэж мөн хөл хүнд болгогдож, мөн хүүг, тийм ээ, бүр Бурханы Хүүг төрүүлэх эрхэмсэг мөн сонгогдсон тээгч байх болно.
11 Мөн тэрээр бүх төрлийн өвчин, зүдгүүр мөн уруу таталтуудыг тэвчих болно; мөн тэр өөрийн хүмүүсийн өвчин мөн эмгэгүүдийг өөр дээрээ авах болно гэсэн тэрхүү үг биелэгдэж болохын тулд ингэх бөлгөө.
12 Мөн тэр өөрийнх нь хүмүүсийг хүлсэн тэрхүү үхлийн хүлээсийг тайлж болохын тулд, тэрээр үхлийг өөр дээрээ авах болно; мөн түүний сэтгэл маханбодын дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр маханбодын дагуу өөрийн хүмүүсийг сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно.
13 Эдүгээ Сүнс бүх зүйлийг мэддэг; гэсэн хэдий ч Бурханы Хүү өөрийн хүмүүсийн нүглүүдийг өөр дээрээ авч болохын тулд, тэрээр өөрийн чөлөөлөлтийн хүчний дагуу тэдний зөрчлүүдийг арилгаж болохын тулд маханбодын дагуу зовох болно; мөн эдүгээ болгоогтун, надад буй гэрчлэл нь энэ болой.
14 Эдүгээ та нар наманчилж, мөн дахин төрөх ёстойг би та нарт хэлнэ; учир нь хэрэв та нар дахин төрөхгүй бол тэнгэрийн хаант улсыг өвлөж чадахгүй хэмээн Сүнс хэлдэг; тиймийн тул ирэгтүн мөн наманчлалын төлөө баптисм хүртэгтүн, та нар нүглүүдээсээ угаагдаж болохын тулд, та нар дэлхийнхний нүглүүдийг зайлуулах, зөв шударга бус бүхнээс ариусгаж мөн аврах чадалтай, Бурханы Хурганд итгэлтэй байж болохын тулд бөлгөө.
15 Тийм ээ, ирэгтүн мөн бүү эмээ, мөн та нарыг амархан түгшээх, та нарыг доош устгалд хүргэхээр хүлэх нүгэл бүрээ хая хэмээн би та нарт хэлнэ, тийм ээ, ирэгтүн мөн урагшлагтун, мөн Бурхандаа та нар нүглээ наманчилж мөн түүний зарлигуудыг сахихаар түүнтэй гэрээ хийхэд бэлэн байгаагаа үзүүлж, мөн үүнийгээ энэ өдөр баптисмын усанд орсноор түүнд гэрчлэгтүн.
16 Мөн үүнийг үйлдсэн бас тэр цагаас Бурханы зарлигуудыг сахисан хэн боловч, мөнхүү тэр нь өөрт нь миний хэлснийг санах болно, тийм ээ, надад гэрчлэх тэр Ариун Сүнсний гэрчлэлийн дагуу тэрээр мөнх амьдралыг авах болно хэмээн түүнд миний хэлснийг тэрээр санах болно.
17 Мөн эдүгээ хайрт ах дүү нар минь, та нар эдгээр зүйлд итгэдэг үү? Болгоогтун, би та нарт хэлнэ, тийм ээ, та нарыг тэдгээрт итгэдгийг би мэднэ; мөн та нарын тэдгээрт итгэж буйг миний мэдсэн зам нь надад байх Сүнсний үзүүлэлтээр болой. Мөн эдүгээ миний ярьсан зүйлсийн талаар, тийм ээ, түүний талаарх та нарын итгэл хүчтэйн учир миний баясал агуу их болой.
18 Учир нь та нарыг ах дүүсийнхээ адил хүнд байдалд бүү байгаасай гэсэн их хүсэл надад байсныг би та нарт эхлэлээс хэлсний дагуу, үүнчлэн миний хүсэл хангагдсаныг би олж мэдлээ.
19 Учир нь та нар зөв шударгын замууд дээр буйг би ухаарч байна; та нар Бурханы хаант улс тийш удирдах зам дээр байгааг би ухамсарлаж байна; тийм ээ, та нар түүний харгуйг шулуутгаж буйг би ухамсарлаж байна.
20 Тэрээр муруй тахир замуудаар алхаж чадахгүй нь түүний үгийн гэрчлэлээр та нарт мэдүүлэгдсэнийг би ухаарч байна; тэрээр өөрийн хэлснээс буцах нь үгүй; бас түүнд баруунаас зүүн тийш, өөрөөр хэлбэл зөв болох түүнээс буруу болох түүний тийш эргэхийн сүүдэр ч үгүй байдаг; тиймийн тул, түүний замнал нэгэн мөнхийн эргэлт авай.
21 Мөн тэрээр цэвэр бус ариун сүмүүдэд орших нь үгүй; бас Бурханы хаант улсад бузар эсвээс цэвэр бус нэг ч зүйл хүлээн авагдаж чадахгүй; тиймийн тул, бузар нэг нь өөрийн бузар байдалдаа үлдэх тэр цаг ирэх болно, тийм ээ, мөн энэ нь эцсийн өдөр байх болно гэдгийг би та нарт хэлье.
22 Мөн эдүгээ хайрт ах дүү нар минь, би та нарыг Бурханы өмнө хүлээх үүргийн тань мэдрэмжинд сэрээж болохын тулд, та нар түүний өмнө гэмгүйгээр алхаж болохын тулд, та нар өөрсдийг тань хүлээн авсан тэр, Бурханы тэрхүү ариун жаягийн дагуу алхаж болохын тулд би эдгээр зүйлийг та нарт хэлсэн бөлгөө.
23 Мөн эдүгээ би та нарыг даруухан, мөн хүлцэнгүй бас зөөлөн; харьцахад амархан; тэсвэр мөн тэвчээрээр дүүрэн; бүх зүйлд өөрийгөө захирч ханддаг; Бурханы зарлигуудыг сахихдаа цаг үргэлж хичээнгүй; сүнсний бас зуурдын амьдралын аль алинд нь хэрэгцээтэй зүйлийг юуг боловч гуйдаг; өөрсдийн хүлээн авдаг ямар ч зүйлийн төлөө Бурханд үргэлж талархалтайгаар хариулдаг байгаасай хэмээнэ.
24 Мөн та нар итгэл, найдвар мөн төгс хайрыг агуулахаа анхаар, тэгвэл та нар сайн үйлсээр үргэлж бялхах болно.
25 Мөн та нар Абрахам, Исаак, мөн Иаков болон дэлхийн эхлэлээс байсан бүх ариун бошиглогчтой хамт, та нар өмсгөлүүдээ бүр тэдний өмсгөл мэт толбогүй байлган, ахин гарахгүйгээр тэнгэрийн хаант улсад хамт суухаар эцэст нь хүргэгдэж болохын тулд, Их Эзэн та нарын өмсгөлийг толбогүй байлгаж, мөн та нарыг адислаг.
26 Мөн эдүгээ хайрт ах дүү нар минь, надад гэрчлэх Сүнсний дагуу би эдгээр үгийг та нарт ярилаа; мөн миний үгэнд хандсан та нарын үлэмжийн хичээнгүй байдал болон анхаарлын учир бодгаль минь үлэмж баяснам.
27 Мөн эдүгээ, та нарын итгэл болон сайн үйлсийн дагуу, та нарын дээр, танай гэр орон мөн газар нутгуудын дээр мөн та нарын бог бас бод мал, та нарын эзэмшдэг бүхний дээр, эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийн тань дээр Бурханы амар амгалан энэ цагаас хойш мөн үүрд оршиг. Мөн би ийн ярив. Амен.