Газар бүрийн анхдагчид
Майклын олон жилийн эрэл хайгуул
Майкл аль сүм үнэн болохыг мэдэхийг хүсдэг байлаа.
Майкл цүнхээ мөрөндөө үүрэв. Сургуулийн анхны өдөр байсан тул тэр яарч байлаа! Тэр гэр бүлийнхээ хамт Энэтхэгт амьдардаг. Түүний амьдардаг хотын олон хүүхэд сургуульд явах боломжгүй. Түүнд сурах боломж олдсонд тэр талархдаг байлаа.
Тэр сурахад, ялангуяа тоонд дуртай байв. Мөн тэр сэтгүүл унших дуртай. Өнгө өнгийн хуудаснуудыг эргүүлэн, дэлхийн өөр өөр газар орон, амьтны талаар уншина.
Нэг өдөр Майкл өөр төрлийн сэтгүүл уншив. Энэ нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сэтгүүл байлаа. Майклд сонирхолтой санагдсан бөгөөд илүү ихийг мэдэхийг хүсжээ.
Майкл өөр сүмүүдээр явж үзсэн байлаа. Түүнд Есүсийн тухай сурч мэдэх нь таалагдаж байсан ч заримдаа эргэлзээ төрдөг байв. Аль нь үнэн сүм бэ?
Дараа нь бошиглогч Иосеф Смитийн талаарх товхимлыг уншиж байхад түүнд онцгой мэдрэмж төржээ. Иосеф Смит ч гэсэн үнэнийг хайж өөр өөр сүмээр явсан байв. Би бас Иосефтэй адил нөхцөлд байгаа бололтой гэж Майкл бодсон байна.
Майкл энэ шинэ сүм рүү очиж, ямар гэдгийг нь харахыг хүссэн ч Энэтхэгт хожмын үеийн гэгээнтний сүм байдаггүй байлаа. Майклын сэтгэл гонсойв. Тэр чадах чинээгээрээ суралцсаар байлаа. Тэр Мормоны Номыг уншиж, уг номын талаар залбирав. Тэр үүнийг үнэн гэдгийг мэдэж авчээ! Тэр баптисм хүртэхийг хүсэв. Гэвч тэр хүлээх хэрэгтэй байлаа.
Олон жил өнгөрөв. Майклыг 21 настай байхад ахмад хос номлогчид Энэтхэгт иржээ. Эцэст нь Майкл баптисм хүртсэн юм! Удалгүй тэр өөрөө АНУ-ын Юта мужид номлолд үйлчлэв.
Дахин олон жил өнгөрчээ. Нэг өдөр найз нь түүн рүү залгав. Энэтхэг дэх хүмүүст зориулан Ерөнхий чуулганыг орчуулахад туслах хүмүүсийг Сүм хайж байлаа. Эхлээд Майкл сандрав. Гэсэн ч тэр туслахдаа баяртай байлаа.
10-р сарын нэгэн өдөр Майкл Ерөнхий чуулган дээр хэлсэн ерөнхийлөгч Нэлсоны үгийг орчуулж байв. Тэр Энэтхэгт ариун сүм баригдана гэж бошиглогчийн зарлахыг сонсжээ. Майклд баярлан хашхирмаар санагдав. Тэр баярын нулимс дуслуулан,
сургуульд байхдаа сурсан бүх зүйлдээ талархаж байлаа. Гэхдээ тэр Есүс Христийн сайн мэдээний талаар мэдэж авсандаа бүр илүү талархаж байв. Түүний эх оронд өөр олон хүн Есүс Христийн талаар сурах боломжтой байгаад тэр баярлаж байлаа.