Шинэ сургууль, шинэ найз
Ада хятадаар ярьдаггүй байж яаж шинэ найзтай болж чадсан бэ?
“Би айж байна” гэж Ада хэлэв. Энэ бол Тайвань дахь сургуульд орсон анхны өдөр нь байлаа. Тэр бусад сурагч шиг хятадаар ярьж чаддаггүй байв. Тэр яаж найзтай болох вэ? Завсарлагаагаар хэн түүнтэй тоглох вэ?
Ээж нь Адаг чанга тэврээд, “Айсан ч зүгээр ээ” гэв.
Ада хөмсгөө зангидан, “Би энд яаж найзтай болохоо мэдэхгүй байна” гэлээ.
Ээж нь охиноо дахин чанга тэврээд, “Чи сандраад байвал Хүүхдийн хэсгийн дуугаа бодож болно шүү дээ. Ингэвэл тус болох болов уу?” гэхэд
Ада толгой дохив. Тэгээд тэр ээжтэйгээ хамт анги руугаа алхав. Багш нь түүнийг хүлээж байлаа. “Ни хао!” гэж багш нь хэлэв. Ада инээмсэглэхийг хичээлээ. Тэр багшийн юу гэж хэлснийг ойлгохгүй байв.
Ада ээждээ баяртай гээд, ширээгээ олоод суулаа.
Тэр бусад хүүхэд рүү харав. Зарим нь хоорондоо ярьж, зарим нь Ада шиг чимээгүй сууна. Ада сандарч байсан ба гэдсэнд нь зөгийнүүд дүнгэнэж байгаа мэт санагдана.
Гэтэл Ада уйлж байгаа нэг охиныг олж харав. Ада түүнд туслахыг хүслээ. Гэвч хятадаар ярьж чадахгүй юм чинь хэрхэн түүнд туслах вэ? Тэр охинд тусламж хэрэггүй бол яах вэ?
Гэлээ ч Ада ээжийнхээ хэлснийг хийв. Тэр Хүүхдийн хэсгийн дуртай дууныхаа “Есүсийн адил бие биеэ хайрла” гэсэн үгийг бодов. Ада Ариун Сүнс өөрөөс нь туслахыг хүсэж байгааг мэдэж байлаа.
Ада тэр охины хажууд суугаад, түүнийг тэврэв. Тэгээд ээж нь түүнийг гунигтай байх үед нуруун дээр нь зөөлөн товшдог шиг тэр охины нуруун дээр товшив. Охин уйлахаа болилоо! Тэр Адаг хариу тэврэв.
Ада өөр лүүгээ заагаад, “Ада” гэхэд
тэр охин өөр лүүгээ заагаад, “Мэй” гэв.
Ада инээмсэглэв. Ада тэр өдрийн турш Мэйн хажууд суужээ. Тэд нэг хэлээр ярьдаггүй байсан ч хамтдаа хөгжилтэй байлаа. Тэд өдрийн хоолоо хамт идэж, тоглоомын талбай дээр тоглов. Мэй Адад шинэ хятад үг сурахад нь тусалсан!
Ада ээждээ шинэ найзынхаа талаар хэлэхийг тэсэн ядан хүлээж байлаа. Есүсийг дагах юм бол юунаас ч айх хэрэггүй гэдгийг тэр мэдэж авсан юм.