Хамгийн сайхан зорилго
Дэвид хэзээ нэг өдөр Дубайн ариун сүмд орохыг тэсэн ядан хүлээж байлаа.
Дэвид ёотон дээр жаахан цавуу шахан түрхэв. Тэгээд тэр болгоомжтой байрлуулав.
Ээж нь “Хөөх!” гээд, “Чиний ёотонгоор хийсэн ариун сүм гайхалтай харагдаж байна” гэлээ.
“Баярлалаа!” гээд Дэвид “Энэ бол Дубайн ариун сүм. Би жинхэнэ ариун сүм баригдаж дуусахыг тэсэн ядан хүлээж байна” гэлээ.
Ерөнхийлөгч Нэлсоныг амьдардаг улсад нь шинэ ариун сүм баригдахыг зарласнаас хойш Дэвидийн сэтгэл догдолсоор байгаа юм. Арабын Нэгдсэн Эмират улсад дэлхий дээрх хамгийн өндөр барилгуудын зарим нь байдаг ч одоохондоо тэнд ариун сүм байхгүй. Энэ нь Ойрх Дорнод дахь анхны ариун сүм байх юм.
Дэвид сүүлчийн ёотонгоо ариун сүм дээрээ тогтоолоо. “За ингээд, дууслаа!” гэж тэр хэлэв.
Ээж нь сайтар харахын тулд доош тонгойн, “Сайн байна! Бид үүнийг хаана тавих вэ?” гэж асуулаа.
Дэвид бодсоноо, “Миний өрөөнд, галт тэрэгний минь хажууд байвал ямар вэ?” гэв. Дэвид галт тэргэнд дуртай байлаа. Тэр хэзээ нэгэн цагт галт тэрэгний инженер болохыг хүсдэг байж.
“Гайхалтай санаа байна!” гэж ээж нь хэлэв.
Дэвид ёотонгоор хийсэн ариун сүмээ өрөө рүүгээ болгоомжтой зөөн, галт тэрэгний загваруудынхаа хажууд зөөлөн тавилаа. Тэр аав болон эгч нартаа үзүүлэхийг тэсэн ядан хүлээв.
Маргааш нь Дэвидын авга эгч Ана гэрт нь зочлон ирлээ. Тэд түүний хамгийн ихээр тэсэн ядан хүлээж байгаа зүйлийн талаар ярилцав. Дараа нь түүнд нэг бодол орж ирлээ.
“Би юунд хамгийн их догдолж байгааг мэдмээр байна уу” гэжДэвид асуулаа.
“Мэдээж!” гэж авга эгч Ана нь хэлэв.
“Манай гэр бүлийн явдаг сүм Дубайд ариун сүм барьж байгаа!” гэлээ.
Авга эгч Ана нь инээмсэглээд, “Үнэхээр сайхан сонсогдож байна” гэв.
Дэвид “Тийм ээ!” гээд, “Одоогоор манай сүмийнхэнд зориулсан ариун сүм ойр хавьд байхгүй болохоор бид Швейцарийн эсвэл Германы ариун сүм рүү явдаг. Ойрхон ариун сүмтэй болох гэж байгаадаа би баярлаж байгаа. Тиймээс би тийшээ ороход бэлтгэх зорилго тавьсан” гэж Дэвид хэлэв.
Авга эгч Ана нь “Ямар сэтгэл хөдлөм юм бэ!” гээд, “Өөрийгөө бэлдэхийн тулд чи юу хийж байгаа вэ?” гэж асуув.
“Би залбирч, судар уншиж, Есүс Христийг дагахыг хичээж байгаа. Тэгээд би ариун сүм рүү явахад бэлэн болно!” гэж Дэвид хэлэв.
“Гайхалтай. Чамайг зорилгодоо хүрэхийн тулд хичээнэ гэдэгт би итгэлтэй байна” гэж авга эгч Ана нь хэллээ.
“Тэгнэ ээ” гээд, Дэвид баярлан толгой дохилоо. Тийм чухал зүйлээ хуваалцах нь түүнд сайхан санагдав.
Тэр орой Дэвид ёотонгоор хийсэн ариун сүмээ гал тогооны өрөө рүү зөөж болох эсэх талаар асуулаа.
“Би үүнийг бүгд ямар ч үед харж болох газарт тавимаар байна. Би ариун сүмд ороход тасралтгүй бэлдэх хэрэгтэй гэдгээ санамаар байна” гэж тэр хэлэв.
“Наадах чинь сайхан санаа байна. Чиний ариун сүмийг өдөр бүр харах нь надад ч гэсэн тустай байх шүү” гэж аав нь хэллээ.
Аав нь Дэвидэд ёотонгоор хийсэн ариун сүмийг нь гал тогооны өрөө рүү зөөхөд туслав.
“Гоё харагдаж байна” гэж Дэвидын эгч Кэтлин хэллээ.
“Дубайн жинхэнэ ариун сүм баригдаж дуусахад би найзуудаа ирж үзэхэд урьж болох уу?” гэж Дэвид асуулаа.
Ээж нь толгой дохиод, “Наадах чинь ёстой сайхан санаа байна!” гэв.
“Бас авга эгч Анаг урих уу?” гэхэд
“Мэдээж” гэж аав нь хариулав.
Дэвид инээмсэглэлээ. Тэр Дубайн ариун сүмийн төлөө аль хэдийн маш их талархаж байв.