“Итгэлийн цамхаг,” Найз, 2023 оны 7-р сар, 10–11.
Итгэлийн цамхаг
Дашанэл Христэд итгэх итгэлээ өндөр, бат бөх байгаасай гэж хүсэв.
Энэ түүх Ямайкад болсон юм.
Дашанэл ахдаа шарах шүүгээнээс самартай талх гаргахад нь туслав. Талх үнэхээр гоё үнэртэж байлаа!
Түдэлгүй хэн нэгэн хаалга тогшив. “Номлогчид ирлээ!” гэж эгч нь хэллээ.
Дашанэл хаалга руу гүйв. Тэр номлогчид ирэхэд дуртай. Тэднийг ирэх бүрд түүнд үргэлж сайхан мэдрэмж төрдөг байв. Заримдаа тэд түүнд болон түүний ах, эгчид тоглох тоглоом авчирдаг байв.
“Тайрэл дахиад самартай талх хийсэн!” гэж Дашанэл хэлэв. Түүний ах номлогчдод зориулж хоол хийж өгөх дуртай.
“Амсаж үзэхийг хүлээж тэсэхгүй нь ээ” гэж ахлагч Колас хэллээ. Ахлагч Юсаки, ахлагч Колас хоёр дотогш орж, шалан дээр суув. Дашанэл, түүний ах, эгч, ээж тэдний эсрэг талд суулаа.
“Өнөөдрийн хичээлээр бид юу хийх вэ?” гэж Дашанэл асуув.
Ахлагч Юсаки багцалсан аяга гаргаж ирээд “Бид итгэлийн цамхаг барина. Энд байгаа аяга бүр Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд бидний хийж чадах ямар нэгэн зүйлийг төлөөлөх юм” гэж тайлбарлав.
Ахлагч Юсаки аягануудыг өрөн цамхаг барьж эхэллээ. Дашанэл аяган дээр “залбирал”, “судар судлах”, “сүм” гэх мэт үг бичээстэй байгааг харав.
“Эдгээр нь таны биднээс гэр бүлээрээ хийхийг хүссэн зүйл байна шүү дээ” гэж тэр хэлэв.
“Яг зөв. Эдгээрийг хийснээр та нар Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлж байгаа хэрэг юм” гэж ахлагч Колас заав.
Дашанэл болон түүний ах, эгч хичээлийг сонсонгоо ээлжлэн аягануудаар өөрсдийн цамхгийг барилаа.
Номлогчдыг явсны дараа Дашанэл тэдний заасан зүйлийн талаар бодов. Тэр Христэд итгэх итгэлээ барьсан цамхаг шигээ өндөр, бат бөх байгаасай гэж хүслээ.
Сар, өдрүүд өнгөрөх тусам Дашанэл номлогчдоос сайн мэдээний талаар илүү ихийг сурч мэдэж авав. Тэр гэр бүлийнхэнтэйгээ сүмд явж эхлэв. Тэрээр итгэлийн цамхгаа улам өндөр болж буйгаар дүрсэллээ.
Нэгэн өдөр Дашанэл номлогчдыг явсны дараа ээжтэйгээ ярилцав. “Би баптисм хүртэж болох уу?” тэр гэж асуулаа.
Ээж нь “Чи бэлэн гэдэгтээ итгэлтэй байна уу?” гэв.
“Тийм ээ. Би Есүсийг дагахыг хүсэж байна” гэж Дашанэл хэлэв.
“Ойлголоо.” “Хэрэв чи хүсэж байгаа бол баптисм хүртэж болно оо” гэж ээж нь хариуллаа.
Дашанэлын ах, эгч хоёр ч гэсэн баптисм хүртэхээр шийдэв. Харин ээж нь өөрийгөө баптисм хүртэхэд хараахан бэлэн биш байна гэж хэлжээ.
Баптисмын өдрөө Дашанэл, ах, эгч гурав цагаан өнгийн хувцас өмсөв. Тэд баптисм хүртэх өөрсдийн ээлжийг тэвчээртэй хүлээж байлаа.
Дашанэлын ээлж болоход ахлагч Юсаки түүнд ус руу ороход нь туслав. Тэр дараа нь баптисмын залбирлын үгийг хэлээд түүнийг усанд дүрэв. Дашанэл уснаас гарч ирээд инээмсэглэсээр л байлаа! Түүнд нэг л аз жаргалтай, цэвэрхэн болсон санагджээ. Тэр энэ мэдрэмжээ хэзээ ч мартахыг хүссэнгүй.
Дашанэл Есүс Христэд итгэх итгэлийг нь хүчирхэгжүүлэх зүйлсийг хийсээр байлаа. Тэр гэр бүлийнхэнтэйгээ судруудыг уншиж, Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, бусдын төлөө сайн зүйлс хийжээ. Мөн баптисм хүртэхэд нь ямар мэдрэмж төрж байсныг санав. Тэр бас ээжийгээ энэ мэдрэмжийг мэдрээсэй гэж хүсэж байв.
“Ээж ээ, та яагаад баптисм хүртээгүй юм бэ?” гэж Дашанэл нэг өдөр асуув.
Ээж нь хэсэг зуур чимээгүй байснаа, “Чи надад сайн үлгэр дуурайл үзүүлсэн. Одоо би чамд үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй. Би ч гэсэн баптисм хүртмээр байна” гэж хариулав.
Ээжийгээ баптисм хүртсэн өдөр Дашанэл маш их баяртай байлаа. Ээжийг нь уснаас гарч ирэхэд бүх хүн инээмсэглэж байв. Ийнхүү Дашанэлын гэр бүл хамтдаа итгэлийн цамхгаа босгох боломжтой болсон юм.