“Цэцэрлэгийн цэвэрлэгээ,” Найз, 2023 оны 7-р сар, 4–5.
Цэцэрлэгийн цэвэрлэгээ
“Бидэнд туслах хэнийг урьж болох вэ?”
Энэ түүх Англид болсон.
Жона хоолоо идэж дуусмагцаа инээмсэглэв. Номлогчид ирсэн үед оройн хоол үргэлж илүү хөгжилтэй байсан.
“Бид та нартай үйлчлэлийн талаар захиас хуваалцах гэсэн юм” гэж Көрл эгч хэллээ. “Бусдад үйлчлэх нь яагаад чухал вэ?”
“Яагаад гэвэл энэ нь Есүсийг баярлуулдаг!” гэж Жонагийн эмэгтэй дүү Элиза хариулав.
“Яг зөв! Энэ нь Түүнийг маш их баярлуулдаг. Мөн бид бусдад тусалснаар өөрсдөө баяр хөөртэй болдог” гэж Кристэнсэн эгч хэлэв. “Та нар тусламж хэрэгтэй хэн нэгнийг мэдэх үү?”
Жона минут хэртэй бодлоо. “Тусламж хэрэгтэй хүн мэдэхгүй ч манай сургуулийн цэцэрлэгийг цэвэрлэхэд тусламж хэрэгтэй байгаа.”
“Сайхан санаа байна” гэж ээж нь сайшаалаа.
Жонагийн сургууль гаднаа үйл ажиллагаа явуулж болох цэцэрлэгтэй байв. Гэвч цэцэрлэгийг хэн ч арчлаагүй уджээ. Бутнууд өндөр ургаж, зэрлэг ургамлаар бүр дүүрсэн байв.
“Бид хоёр үүнд туслахдаа баяртай байх болно!” гэж Көрл эгч хэлэв. “Бидэнд цэвэрлэгээ хийхэд туслах хэнийг урьж болох вэ?”
“Манай үеэлүүд!” гэж Жонагийн ах Жэкоб хариуллаа.
“Манай Хүүхдийн хэсгийнхэн” гэж Жона нэмэв.
Маргааш өдөр ээж нь зөвшөөрөл авахаар сургуулийн төлөөлөлтэй ярилцав. Тэд цэцэрлэгийг цэвэрлэх өдрийг товложээ. Тэгээд ээж нь Жона болон түүний дүү нарт үеэлүүд, Хүүхдийн хэсгийнхэн рүү утсаар ярихад тусаллаа.
Хэдэн долоо хоногийн дараа Жона болон түүний гэр бүлийнхэн сургууль дээр номлогчидтой уулзав. Тэдний үеэлүүд, Хүүхдийн хэсгийн найзууд ч бас тэнд байлаа. Ажилдаа орох цаг боллоо!
Жона цэцэрлэгчийн том резинэн бээлий өмсөөд, “Хараач, ээж ээ. Би ийм том гартай!” гэв.
Ээж нь инээгээд “Чи наад том гараараа эдгээр бутыг тайрахад тусалж болно шүү.”
Тэр Жонад аварга том хайч шиг өвс тайрагч өглөө. Тэгээд түүнд хатсан мөчрүүдийг таслахад туслав.
“Хөгжилтэй байна шүү” гэж Жона хэлэв.
Жонаг бут тайрч байхад, Элиза цэцэрлэгийг тойруулан сийрүүлэхэд тусалжээ. Жэкоб аавдаа шувууны шинэ үүр барихад тусалж, бусад нь зэрлэг ургамлыг зулгааж, гишүү цуглуулав. Тэд тэдгээрийг том цэнхэр гялгар уутанд хийлээ. Жонагийн хамгийн бага дүү Эзра хүртэл чулуу түүж туслав.
Төд удалгүй цэцэрлэг цэвэрхэн боллоо. Жона дүүргэсэн гялгар уутнуудаа тоолов. “13 уут байна!” хэмээн тэр хашхирлаа. “Бид маш их хог цэвэрлэжээ” гээд
Кристэнсэн эгч инээмсэглэв. “Одоо бидэнд эдгээрийг машин руу зөөхөд туслах хүн бүрийн том булчин хэрэгтэй.”
Жона, Жэкоб, Элиза нар тус тусдаа нэг уутыг барив. Жона сүүлийн уутыг өргөж машинд ачихдаа баяртай байлаа. Номлогчидтой хамт үйлчлэх тун хөгжилтэй санагдав. Тэр бас хэзээ нэгэн цагт номлогч болохыг хүслээ. Тэр болтол түүнд үйлчлэх олон арга зам байв. Тэр дараагийн төслөө бодохоос сэтгэл догдолж байлаа!