“Магнолиагийн гайхалтай аав,” Найз, 2023 оны 7-р сар, 40–41.
Магнолиагийн гайхалтай аав
“Аав чинь манай сүмийн гишүүн биш учраас танайх сайн гэр бүл биш гэж зарим хүүхэд хэлсэн.”
Энэ түүх АНУ-д болсон.
“Магнолиа! Лили!” гэж аав нь дуудав. “Залбирч, судраас унших цаг боллоо!”
Магнолиа Рэйндроп нэртэй нохойныхоо дэргэд шалан дээр сууж, Лили дуртай хөнжлөөрөө өөрийгөө ороов.
Гэр бүлээрээ судар судлах цаг хөгжилтэй өнгөрлөө. Заримдаа тэд судрын түүхүүдийг хамтдаа жүжигчлэн тоглодог байв. Энэ нь Магнолиад түүхийг дүрслэн ойлгоход тусалжээ. Түүнчлэн түүхэд амьтан гарах үед Рэйндроп үргэлж тусалдаг байлаа!
Аав нь судраа нээгээд нэг эшлэлийг уншив. Тэр дараа нь хүнд гэгч нь том Библийг Магнолиад дамжуулав. Тэд ээлжлэн уншлаа.
“нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд” гэж Магнолиа уншив*.
Тэр хөмсгөө зангидлаа. Сүм дээрх хүмүүс түүнд үргэлж найрсаг ханддаггүй байв.
“Ээж, аав, би нэг зүйл хэлж болох уу?” гэж тэр хэллээ.
“Мэдээж. Юун тухай юм бэ?” гэж ээж нь асуулаа.
“Өчигдөр Хүүхдийн хэсгийн үеэр аав чинь манай сүмийн гишүүн биш учраас танайх сайн гэр бүл биш гэж зарим хүүхэд хэлсэн.”
Магнолиагийн аав өөр сүмд харьяалагддаг байлаа. Тэрээр ням гарагт гэр бүлийнхэнтэйгээ ариун ёслолын цуглаанд очдог байв. Мөн Лили болон Магнолиагийн баптисм дээр Ариун Сүнсний тухай үг хэлжээ. Бүгд л түүнийг маш сайн байсан гэсэн. Тэр гайхалтай аав байлаа.
“Тэдний хэлсэн зүйлийг сонсоод би уйлмаар болсон” гээд Магнолиа мэгшив. “Хүмүүс яагаад ийм бүдүүлэг байдаг юм бэ?”
Аав, ээж хоёр нь бие бие рүүгээ харав.
“Чи юу болсныг бидэнд хэлсэнд баяртай байна. Аав, ээж хоёр нь бие биедээ маш их хайртай. Гэр бүл маань бидний хувьд маш чухал” гэж аав нь хэлэв.
Ээж нь толгой дохиод, “Манай гэр бүл Тэнгэрлэг Эцэгийн хувьд ч бас чухал. Тэр бүх хүүхдэдээ хайртай” гэв.
Рэйндроп Магнолиад наалдахад тэр түүний чихийг маажив.
“Тэнгэрлэг Эцэг биднийг, мөн бид бие биедээ хайртай гэдгийг мэднэ. Ямар ч гэр бүл төгс биш, гэхдээ бид бүх чадлаараа хичээж чадна” гэж аав нь нэмж хэлэв.
“Гэхдээ хүмүүс манай гэр бүлийн талаар муухай зүйл ярихад миний сэтгэл өвддөг” гэж Магнолиа хариуллаа. “Есүс бидэнд хүн бүхэнд найрсаг хандахыг заасан. Муухай зүйл хэлэх нь Есүсийг дагахгүй байна гэсэн үг.”
“Чиний зөв” гэж аав нь хэлэв. “Магадгүй ямар нэгэн сөрөг зүйл хэлмээр санагдах үе гарвал бусад хүн чамтай муухай харьцахад ямар мэдрэмж төрж байсныг чи санаж чадна. Тэгээд чи оронд нь эерэг сайхан зүйл хэлэх болно.”
Магнолиа уртаар амьсгаа аваад, “За” гэв. Тэр ээж, аавтайгаа ярилцсандаа баяртай байлаа.
“Гэр бүлээрээ тэврэлдэх цаг боллоо!” Аав нь Лили, Магнолиа хоёрыг өөр лүүгээ татаад, чанга гэгч нь тэврэв. Ээж нь бас тэр гурвыг тэврэн авлаа. Рэйндроп хүн бүрийг тойрон гүйв.
“Би амьсгалж чадахгүй байна!” гэж Лили хошигноход Магнолиа инээв.
“Одоо хэний унших ээлж билээ?” гэж аав нь асуув. Тэр охидыг тавиад судраа авав.
“Миний ээлж! Дараа нь аав залбирна” гэж Лили хэллээ.
Уншиж дуусаад бүгд залбирахаар өвдөг сөгдөв. Аавынхаа залбирлыг сонсоод Магнолиа амар амгаланг мэдэрчээ. Тэнгэрлэг Эцэг түүний гэр бүлд хайртай гэдгийг тэр мэдэж байлаа.