2023
Бусдад туслах клуб
2023 оны 7-р сар


“Бусдад туслах клуб,” Найз, 2023 оны 7-р сар, 20–21.

Бусдад туслах

Жөүси Есүс Христийн үлгэр жишээг дагах арга замыг мэдэж байв.

Энэ түүх АНУ-д болсон.

Туг барьсан хоёр охин

Жөүси үеэл Ашлинтайгаа гэрийнхээ гадаах модон дор суув.

“Бидэнд мөнгө олдог, хөгжилтэй ажил байдаг ч болоосой” гэж Жөүси хэллээ.

“Магадгүй бид хүмүүст туслангаа мөнгө олж болох юм” гэж Ашлин хариулав.

“Ийм клуб байгуулбал ямар вэ?” Жөүси сэтгэл догдлон үсрэн бослоо. “Яг л гэрийн тэжээвэр амьтан асардаг эсвэл нохой салхилуулдаг клуб шиг.”

“Бид бүх төрлийн зүйлийг хийнэ” гэж Ашлин нэмлээ. “Хүмүүст үргэлж тусламж хэрэгтэй байдаг. Тэгээд тэд бидэнд мөнгө төлөх болно.”

Ашлины зөв байлаа. Жөүси өдөр бүр тусламж хэрэгтэй хүмүүсийг хардаг байв.

Гэнэт Жөүсид өөр санаа төрлөө. Тэр зүрх сэтгэлдээ дулаан зүйлийг мэдрэв. Энэ нь түүнд өнгөрсөн жил болсон баптисмыг нь сануулжээ. Тэр үргэлж Есүсийг санаж, Түүний үлгэр жишээг дагахаа амласан. Тэр үүнийг хийх нэг арга замыг мэдэж байв.

“Хүмүүст үнэ төлбөргүй тусалдаг клубтэй болбол ямар вэ?” гэж Жөүси асуув. Нөгөө дулаан мэдрэмж бүр нэмэгдэх нь тэр.

Ашлин нүдээ томруулан, “Тэгвэл үнэхээр хөгжилтэй байна даа” гэж хариуллаа. “Бид сургууль, Сүм гээд хаана ч хүмүүст тусалж болно.”

Өөр охин руу даллаж буй охин

“Бид үүнийг “Бусдад туслах клуб” гэж нэрлэе!” гэлээ. “Маргааш сургууль дээрээ эхлүүлцгээе.”

Маргааш нь завсарлагаагаар Ашлин, Жөүси хоёр тоглоомын талбайн зах руу гүйв.

“Бидний тусламж хэрэгтэй хэн нэгнийг чи харж байна уу?” Ашлин өлмий дээрээ зогсоод солонгын өнгөтэй мушгиралдсан гулсуур руу харав.

“Хараахан болоогүй.” Жөүси турник, савлуур луу харав. Хүүхдүүд гулсаж, савлаж, бөмбөг шидэж, дээсээр тоглож байлаа. Хэнд нь ч тусламж хэрэгтэй мэт харагдахгүй байв. Бүгд найзуудаараа байх шиг санагджээ. Тэгтэл тэр дээс барьсан ганцаархнаа байгаа жаахан охиныг харлаа.

Жөүси Ашлины гараас атгав. “Тийшээ хардаа!”

Жөүси, Ашлин хоёр дээс олоод охин руу чиглэн алхлаа.

“Сайн уу? Намайг Жөүси гэдэг.”

“Намайг Ашлин гэдэг. Чамайг хэн гэдэг вэ?”

Өнөөх охин гайхсан байдалтай хараад, “Намайг Лэсли гэдэг” гэв.

“Чи бидэнтэй тоглохыг хүсэж байна уу?” Жөүси дээсээ өргөв.

Хамтдаа дээс тоглож буй охид

Лэсли инээмсэглээд “Тэгье!” гэлээ.

Ашлин, Жөүси хоёр Лэслид дээс тоглох шинэ аргуудыг заажээ. Хонх дуугарахад тэд баяртай гэж хэлцгээв. Жөүсид сайхан санагджээ. Энэ нь Ариун Сүнс гэдгийг тэр мэдэж байв.

Үүнээс хойш Жөүси, Ашлин хоёр Лэслиг коридорт харах болгондоо түүнтэй мэндэлдэг боллоо.

Жөүси, Ашлин хоёр өөр олон хүнд туслахаар хайв. Зарим үед тэд хүмүүст сайхан үг хэлж, баярлуулах гэж хичээжээ. Заримдаа тэд хүүхдүүдийг урин хамт тоглож байлаа.

Нэгэн өдөр Жөүси сургуулийн гадаа таарсан хүү рүү инээмсэглээд, “Үлэг гүрвэлийн зурагтай цамц чинь надад таалагдаж байна” гэж хэлэв.

Хүү инээмсэглэн цамц руугаа харж, “Баярлалаа!” гэв.

Хүүтэй ярилцаж буй охин

Жөүси суугаад, клуб байгуулах үедээ ийм зүйл хийх талаар огт бодоогүйгээ ойлгов! Тэр дөнгөж сая үүнийг хийсэн.

Жөүси Ашлинтай хамт клуб байгуулснаас хойш найзалсан бүх найзынхаа тухай бодлоо. Жөүси хүмүүст туслахдаа үнэхээр дуртай байв. Энэ нь түүнийг бусдын төлөө илүү сайхан зүйл хийх хүсэлтэй болгожээ. Бусдад туслах клуб түүнийг илүү сайн хүн болгож байлаа. Мөн энэ нь гайхалтай санагдав.

Alt text

Зураг чимэглэлийг Таниа Рэкс