2023
Үдийн хоолонд Кофта
2023 оны 7-р сар


“Үдийн хоолонд Кофта,” Найз, 2023 оны 7-р сар, 12–13.

Үдийн хоолонд кофта

“Чиний идэж байгаа хачин зүйл юу вэ?”

Энэ түүх АНУ-д болсон.

Үдийн хоолны ширээнд сууж буй хүү

Рой ширээний ард суугаад үдийн хоолны саваа нээв. Түүний гэр бүл дөнгөж саяхан нүүж ирсэн бөгөөд энэ бол түүний шинэ сургуульд орсон анхны өдөр юм. Ээж нь түүний дуртай армени хоол болох кофта хийж өгчээ. Тэр хоолоо идэх гээд догдолж байв!

Рой кофтаг ороосон нимгэн цаасыг задлав. Яг л урт, нарийхан махан цагариг шиг харагдах аж. Түүнд махыг шарахад орсон амтлагчийн үнэр таалагдав. Дунд нь гаргасан нүх үүнийг яг л бяцхан шүгэл шиг харагдуулж байлаа. Тэр үүнийг амандаа хийгээд үлээж үзэв. Тэгээд тэр хазав. Амттай байна шүү!

“Хөөе” гэж ширээний нөгөө талд суух нэгэн хүү хэлэв. “Чиний идэж байгаа хачин зүйл юу вэ?”

Рой хацар нь улайж буйг мэдэрлээ. “Энэ бол миний үдийн хоол.”

“Хмм, тийм ч гоё харагдахгүй л байна” гээд нөгөө хүүг инээхэд,

Рой юу гэж хариулахаа мэдсэнгүй. Тэнд байсан бусад хүүхэд кофта идэж үзээгүйг тэр мэдсэнгүй. Тэр тэднийг өөрийг нь хачин хүүхэд гэж бодохыг хүссэнгүй! Тэгээд үдийн хоолоо далд хийгээд завсарлага авахаар гадагш гүйв.

Сургуулиасаа ирээд Рой ээжийгээ хоолны сав задалж байхыг олж харлаа.

“Би дахиж сургууль руу кофта авч явмааргүй байна” гэж Рой хэлэв.

“Яагаад? гэж ээж нь асуув. “Энэ чиний дуртай хоол шүү дээ.”

Рой ээждээ сургууль дээр болсон явдлыг ярив. “Үнэхээр ичмээр байсан!”

“Тийм зүйл болсонд харамсаж байна” гэж ээж нь хэлээд “Эндхийн ихэнх хүүхэд кофта идэж үзээгүй. Тэдэнд жаахныг идэж үзэх боломж олговол ямар вэ?” гэж асуулаа.

“Яагаад? гэж Рой асуув. “Тэд идэхгүй ээ.”

“Гэхдээ чи асуухгүй бол мэдэх боломжгүй шүү дээ! Шинэ найз нөхөдтэй болох хэцүү гэдгийг би мэднэ. Гэхдээ бид бүгдээрээ Бурханы хүүхдүүд. Заримдаа бид бие биеийнхээ талаар илүү ихийг мэдэх хэрэгтэй болдог.”

Рой энэ тухай бодож үзлээ. Тэр дахин шоолуулахыг хүссэнгүй. Гэхдээ тэр үдийн хоолноосоо хүүхдүүдэд хуваалцаж тэдэнд ойлгох илүү дээр боломж олгохыг хүсэв. Дээрээс нь кофта үнэхээр амттай шүү дээ.

Тэр толгой дохиод, “За тэгье. Тэдэнд ч бас хийцгээе” гэв.

Маргааш нь үдийн хоолны үеэр Рой гүнзгий амьсгаа аваад, өөрийг нь шоолж байсан хүүгийн хажууд суув.

Рой үдийн хоолны саваа онгойлгов. “Та нарын хэн нэгэн нь армени хоол идэхийг хүсэж байна уу?”

Рой кофтаг задлахад бусад хүүхэд цугларав.

“Би жаахныг амсаж үзье” гэж нэг хүү хэллээ.

“Би ч бас” гэж нэг охин дуугарав. Хүн бүрд амсуулахын тулд Рой савтай кофтаг тойруулав. Тэгээд тэд бүгд хазлаа.

“Энэ үнэхээр амттай юм аа!” гэж өнөөх хүү хэлэв. “Энэ юу гэдэг нэртэй хоол вэ?”

“Кофта” гэж Рой хариуллаа.

“Ямар гоё юм бэ!” Нөгөө хүү инээмсэглээд “Намайг Жон гэдэг. Завсарлагаагаар хамт тогломоор байна уу?” гэлээ.

Рой ам нь дүүрэн байсан тул зөвхөн толгой дохив. Тэд бүгд Бурханы хүүхдүүд гэж ээжийнх нь хэлсэн үг зөв байлаа! Хуваалцсанаар тэр найз нөхөдтэй болсон юм.

Alt text

Зураг чимэглэлийг Марк Робисон