2023
Ариун Сүнснээс ирсэн зориг
2023 оны 7-р сар


“Ариун Сүнснээс ирсэн зориг,” Найз, 2023 оны 7-р сар, 29.

Та нарын бичсэн түүх

Ариун Сүнснээс ирсэн зориг

Alt text

Зураг чимэглэлийг Тоби Ниүсом

Бага байхад минь эмч нар эцэг эхэд маань намайг сонгомол мутизмтай гэж хэлсэн. Энэ бол бусадтай ярихад хүндрэлтэй болгодог түгшүүрийн эмгэг юм. Би зөвхөн ойр дотны хүмүүстэйгээ л ярьж чаддаг байлаа.

Ялангуяа хэн нэгэн надтай яривал би байнга түгшдэг байсан. Залбирах нь намайг үргэлж тайтгаруулж, тайвшруулдаг байв. Мөн би сургууль дээрээ зөвлөх багшаас тусламж авдаг байлаа. Гэсэн ч надад би огт сайжрахгүй байгаа юм шиг мэдрэгдсэн. Би бууж өгмөөр санагдсан ч итгэлээ хадгалсаар байв.

Миний найман насны төрсөн өдөр ойртож байлаа. Эцэг эх минь намайг баптисм хүртэх эсэхээ шийдэхэд маань туслахын тулд Мормоны Номыг уншиж, залбирахыг урамшуулав. Орой бүр би баптисм хүртэх хэрэгтэй эсэхээ асуухаар залбирдаг байлаа. Залбирах бүрд би зүрх сэтгэлдээ нэг ижил хариултыг буюу дулаахан, тайван, мэдрэмжийг хүлээн авч байв. Ариун Сүнс надад баптисм хүртэх нь зөв сонголт гэж хэлж байгааг би мэдсэн.

Баптисм хүртсэнийхээ дараа Ариун Сүнсний бэлгийг авах үед би итгэл найдвар, хайр, урам зоригийн үгсийг сонсов. Ариун Сүнс намайг тайвшруулж, зоригжуулах болно гэдгийг би мэдэж байлаа.

Тиймээс би сайн найз Чарлитайгаа ярьж үзэхээр шийдсэн юм. Би бүтэн долоо хоног оролдсон ч үнэхээр хэцүү байлаа. Гэтэл нэг өдөр Чарли бид хоёр сургуулийн цэцэрлэгт хоёулаа үлдэв. Би дотроо чимээгүй залбирлаа. Тэнгэрлэг Эцэг минь, ядаж нэг үг хэлэхэд надад туслаач.

Тэгээд би амаа нээж “Хөөе Чарли!” гэлээ. Тэр маш их гайхлаа. Би ямар их баяртай байсан гээч!

Тэр өдрөөс хойш олон өөр зорилгоо биелүүлэхэд хялбар болсон. Удалгүй би бараг бүх хүнтэй ярьж эхлэв! Чарлитай ярих зоригийг Ариун Сүнс надад өгсөнд би талархаж байна.