“Бенжамин гэр бүлийн түүхийн тухай ярив,” Найз, 2023 оны 7-р сар, 36-37.
Бенжамин гэр бүлийн түүхийн тухай ярив
Бенжамин Аргентины Буэнос-Айрест амьдардаг. Бид түүнээс гэр бүлийн түүхийн талаар хэдэн зүйл асуусан юм.
Чи гэр бүлийн түүхийг хэрхэн хийж эхэлсэн бэ?
Би аавтайгаа гэр бүлийн түүх хийж эхэлсэн. Ням гараг бүр бид хамтдаа хийдэг байсан. Аав маань надад FamilySearch-ийг хэрхэн ашиглахыг зааж өгсөн юм. Би ахин дахин дадлага хийсэн. Одоо би аав, үеэл дүү Жасминатайгаа гэр бүлийн түүх хийдэг.
Чи гэр бүлийн түүхийн юунд нь хамгийн их дуртай вэ?
Би шинэ хүмүүсийг олж, гэр бүлийн модондоо нэмэх дуртай. Эхлээд би хуучин бүртгэлүүдийг олдог. Дараа нь би өвөг дээдсийнхээ нэрийг хайдаг. Би тэдний төрсөн он, сар, өдөр, төрсөн газрыг олдог. Мөн тэдний амьдарч байсан өөр өөр газруудыг бас эрж хайдаг.
Чи өвөг дээдсийнхээ талаар юу олж мэдсэн бэ?
Миний өвөг дээдэс Итали, Германаас гаралтай гэдгийг би мэдсэн. Италиас гаралтай өвөг дээдсийн минь нэг нь дүүтэй минь адилхан нэртэй. Миний дүүг “Сантиаго” гэдэг ба италиар “Жиакомо” юм. Миний овгийг өмнө нь өөрөөр бичдэг байсныг би мэдсэн.
Чи бусдад гэр бүлийн түүхийн ажил хийхэд нь хэрхэн тусалдаг вэ?
Би эмээдээ FamilySearch ашиглахад нь тусалдаг. Би түүнд дурсамж хэрхэн нэмэхийг зааж өгсөн. Бас дутуу хүмүүсийг гэр бүлийн модонд нэмэхэд нь тусалсан. Эмээгийн хамаатнуудын зарим нь маш олон нэртэй байсан! Бүгдийг нь оруулах гэж их удсан. Гэхдээ аав маань надад тусалсан шиг би түүнд FamilySearch-ийг ашиглаж сурахад нь тусалж чадсандаа үнэхээр баяртай байсан.
Чи гэр бүлийн түүхийн ямар ямар ажлыг цаашид хийхийг хүсэж байна вэ?
Би найз нөхөд, гэр бүлийнхэндээ зориулж FamilySearch-ийг хэрхэн ашиглахыг үзүүлсэн видео хийхийг хүсэж байгаа. Эхэндээ надад сурч мэдэх ёстой зүйл маш их байсан. Бусад хүнийг гэр бүлийн түүхээ хийгээсэй гэж хүсэж байгаа учраас би тэдэнд зааж өгөхийг хүсэж байна.