2021
Агуу ажил
2021 оны 1-р сар


“Агуу ажил,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 1-р сар, 20–21.

Агуу ажил

2021 оны өсвөр үеийнхний уриа:
Сургаал ба Гэрээ 64:33–34

Их Эзэн таныг дэлхий дээрх“хамгийн агуу ажилд” нэгдэхийг урьсан.1

Зураг
2021 Өсвөр үеийнхний урианы лого

Гайхалтай залуу эмэгтэй, эрэгтэйчүүд та нар гайхамшигт зүйлийн нэг хэсэг бөгөөд та нар “агуу ажлын суурийг тавьж байгаа” (Сургаал ба Гэрээ 64:33). Биднийг хөшигний хоёр талд Израилыг цуглуулах, Сионыг барьж босгоход оролцох үед тэрхүү ажил Их Эзэн Есүс Христэд зорилгоо гүйцээхэд нь тусалдаг.

Өсвөр үеийнхний батальонд нэгдэх

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон та нарын хүн нэг бүрийг энэ ажилд “Их Эзэний өсвөр үеийнхний батальоны” нэг хэсэг болон нэгдэхэд урьсан.”2 Батальон гэж юу вэ? Батальон гэж тодорхой даалгаврыг хамтдаа гүйцэтгэх зорилготой тусгай нэгжийг хэлдэг. Энэ нь та нар Их Эзэний агуу ажил дахь өөрийн хэсгийг олж мэдэн, гүйцэтгэх тусгай нэгжийн нэг хэсэг гэсэн үг юм.

Бошиглогч та нарыг өөрсдийн амьдралын зорилгыг Израилыг цуглуулахад төвлөрүүлэн харахад урих үед та нарын амьдрал Мосегийн амьдрал адил харагдаж эхэлсэн. Египетийн ханхүү болж өссөн Мосе амиа аврахын тулд зугтах ёстой болсон ба хожим нь хонь хариулдаг энгийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг байв. Гэвч Бурхан түүнийг дуудаад, “Чамд зориулсан ажил надад буй” (Мосе 1:6) хэмээн тунхаглажээ. Тэнгэр дэх Эцэг маань Мосегийн мэдэхгүй байсан зүйлийг мэдэж байсан ба Мосе Бурханы тусламжтайгаар агуу үндэстнийг аврахад зэмсэг болно гэдгээ мөн юуг хийж чадахаа ч мэдэхгүй байв.

Та нар өөрчлөлт гаргаж чадна

Та нар “Би Мосе биш шүү дээ. Би энэ дэлхийд өөрчлөлт авчирч чадна гэж үү?” гэж бодож болох юм. Бидэнд ч бас ингэж бодох үе байсан боловч бид “тийм” гэж хариулахаа мэдэх болтлоо удаан наслаад байна. Бид энгийн амьдралаар амьдрахгүй байхыг сонгож байгаа энгийн өсвөр үеийнхнийг өдөр бүр хардаг. Тэд Есүс Христийн үнэн шавийн хувьд чимээгүйхэн байснаар өөрсдийн эргэн тойронд байгаа хүмүүст хүчтэй нөлөө үзүүлдэг. Тэд авьяас чадвараа хөгжүүлж, гэр бүлээ амжилттай байхад нь тусалж байгаа. Та нарыг бошиглогч “агуу ажлын суурийг тавихаар” дуудсан. Бид Есүс Христэд найдаж мөн Түүний хүслийг гүйцэлдүүлэхээр эрэлхийлэх үедээ өөрчлөлт гаргаж чадна!

Та энэ аялалд ганцаараа биш. Та нар Их Эзэний батальонд элсэхдээ дэлхий даяарх өсвөр үеийнхний агуу том бүлэгт элсдэг. Бид та нартай болон та нарын эцэг эх, удирдагч, найз нөхөд, төлөөлөгч, бошиглогч, тэнгэрийн жинхэнэ тэнгэр элчүүдтэй мөр зэрэгцэн зогсож мөн бүгдээрээ Их Эзэний ажлыг хамтдаа хийхээр хичээж байгаа (Сургаал ба Гэрээ 84:88-ыг үзнэ үү).

Агуу болох тэрхүү зүйл жижиг зүйлүүдээс гарч ирдэг

Бид үүнийг бага багаар хэрэгжүүлнэ. Их Эзэн биднийг энэ агуу ажилд гарахдаа жижиг, энгийн алхмуудыг хийхэд урьсан (Сургаал ба Гэрээ 64:33-ыг үзнэ үү). Итгэлтэй байнгын үйлдлүүд биднийг урагшлуулж, эргэн тойрон дахь хүмүүстээ туслахад урьдаг. Хүн бүрийн аялал өөр хоорондоо яг адил биш тул эдгээр энгийн зүйлийн заримыг та өөртөө тохируулан өөрчилж болно.

Өөрийнхөө хэн гэдгийг мэдэж авч мөн Бурханы төлөвлөгөөн дэх хувийн үүрэг хариуцлагаа ойлгохын тулд залбир. Өдөр бүр ямар жижиг, энгийн зүйлсийг хийх хэрэгтэйгээ мэдэхийн төлөө залбир. Та өөрийгөө шахах хэрэгтэй байж болох ч хүлээж авсан өдөөлтийнхөө дагуу үйлдэхэд бэлэн байгаа цагт танд илүү их нь өгөгдөх болно.

Ерөнхийлөгч Нэлсон “Бид Есүс Христийн шавь байхыг эрэлхийлэхдээ, илүү их санаачилга гарган Түүнийг сонсохыг хичээдэг байх ёстой. Өдөр бүр амьдралаа Түүний үгс, сургаал, үнэнээр дүүргэхийн тулд чин сэтгэлээсээ, байнга хичээл зүтгэл гаргах шаардлагатай”3 хэмээн заасан.

Их Эзэн Таны чадварыг хөгжүүлж, баяр хөөрийг тань нэмэгдүүлэх болно

Таныг илчлэлт эрэлхийлэх үед Их Эзэн өөрийн авьяас чадварыг хэрхэн ашиглах, хувиараа хэрхэн үйлчлэх, сайн мэдээний дагуу хэрхэн амьдрахаа мэдэхэд тань удирдах болно. Хэзээ ч боломжтой гэж бодож байгаагүй тийм арга замуудаар Тэр таны төсөөлөл, бүтээлч сэтгэлгээ, чадавхыг тэлэх болно.

Та Их Эзэнд хүслээр дүүрэн зүрх сэтгэл, оюун ухааныг өргөх үедээ илүү олон найзтай болж, үйлчлэх илүү олон боломжийг олох болно. Таны өөрийгөө харах байдал болон зорилго бэхжиж, та баяр хөөрийг олох болно.

Бид заримдаа одоогийн байдалдаа үлдэж, амралт авахдаа сэтгэл хангалуун байж болох ч Бурхан бидэнд өөр зүйлийг нөөцөлсөн байдаг. Мосед зориулсан агуу ажил Түүнд байсантай адил, та нарт зориулсан агуу ажил Түүнд байгаа. Бүү шантар! Бид Их Эзэний өсвөр үеийнхний батальонд буюу та нарт бүрэн дүүрэн итгэж байна.

Эшлэлүүд

  1. Рассэлл М.Нэлсон, “Израилын итгэл найдвар” (Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3), 3, HopeofIsrael.ChurchofJesusChrist.org.

  2. Рассэлл М.Нэлсон, “Израилын итгэл найдвар,” 12, HopeofIsrael.ChurchofJesusChrist.org.

  3. Рассэлл М.Нэлсон, “Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган (Ensign May 2020, 89 эсвэл 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108).

Хэвлэх