2021
Мөөгний тэтгэлэг
2021 оны 1-р сар


“Мөөгний тэтгэлэг,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 1-р сар, 6–7

Мөөгний тэтгэлэг

Би мөөг шиг муухай зүйлээс ямар сургамж авч чадах вэ?

Зураг
Кимоно өмссөн залуу эмэгтэй мөөгний хамт

Зургийг Жюлиа Еллөү

Би мөөгөнд дургүй. Үнэр, бүтцээс нь авахуулаад би мөөгөнд огт дургүй. Гэхдээ аав, ээж хоёр маань намайг хүүхэд байхад л мөөг ургуулж эхэлсэн бөгөөд бид өдөр бүр хоолондоо мөөг иддэг байсан. Ургацын улирлын үеэр би аав, ээждээ шөнө орой болтол тусалдаг байв. Би 200 грамм мөөг жинлэж аваад, уутанд хийж, уутны амыг лацдан хаадаг байсан. Би гэр бүлийнхэнтэйгээ ярьж, хөгжилддөг байснаа санаж байна. Энэ нь бараг өдөр бүр гэр бүлийн үдэш хийж байгаа юм шиг л байдаг байлаа.

Энэ нь бас гэр бүлд маань орлого оруулдаг байсан тул бид туслах ёстой байсан. Гэхдээ хоёр сөрөг тал байсны нэг нь миний дуртай зурагтын хөтөлбөр бидний ажиллах ёстой цагаар гардаг байсан тул би үзэж чаддаггүй байв. Хоёрдугаарт, намайг ажлаа дуусгах үед миний хоёр гар мөөгнөөс болж хав хар болдог байсан ба өнгө, үнэрийг нь савангаар арилгана гэдэг хэцүү байдаг байсан. Би жаахан байхдаа, заримдаа өдөр бүр яагаад ийм их туслах ёстой талаар гомдоллодог байв.

Хэсэг хугацаанд мөөг сайн орлого оруулсан боловч яваандаа мөөг ургуулагчдын тоо нэмэгдсэнээр мөөгний үнэ хямдарч, аав, ээж хоёр мөөг ургуулахаа болив. Мөөг хямдарсан болохоор л тэднийг мөөг ургуулахаа больсон байх гэж би бодож байсан боловч би коллеж төгсөхдөө нэг зүйлийг олж мэдээд гайхсан юм.

Эцэг эх маань миний болон ах дүүсийн маань коллежийн төлбөрийг хадгалахын тулд мөөг ургуулж эхэлсэн байв. Тэд хүссэн дүндээ хүрсэн учраас ургуулахаа больсон байлаа. Би энэ талаар олж мэдээд гомдоллодог байсандаа маш их ичиж билээ. Би ирээдүйн коллежийн зардлаа олохоор ажиллаж байснаа мэдээгүй юм. Үүнээс гадна гэр бүлийнхэн маань надад тусалсан!

Миний тэтгэлгийг олох гэж мөөг ургуулж байсныг нь мэдэлгүй би дахин дахин гомдоллодог байсан байв. Миний гомдоллох нь 1 Нифай 2:12 дээрх Лемен, Лэмүел хоёрынхтой адил байв. “Мөн ийнхүү, … Лемен, Лемүел хоёр … өөрсдийг нь бүтээсэн Бурханы үйлсийг мэдээгүйн улмаас бувтналдсан болой.” Би гомдоллож байсан ч Их Эзэн намайг сайн мэддэгт мөн намайг адисалсанд маш их баяртай байдаг.

Би мөөг идэх дуртай болно гэж бодохгүй байна. Гэхдээ мөөг байгаагүй бол би гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрүүлсэн эдгээр дурсамжаа санах боломжгүй учраас үнэндээ гунигтай байх байсан. Эдгээрийн ачаар би адислалуудаа үнэлж, Их Эзэний төлөвлөгөөнд итгэж, гомдоллохгүй байхыг сурсан! Тиймээс би мөөгөнд дургүй ч гэсэн одоо талархаж ханддаг болсон. Эдгээр нь гэр бүлийнхээ холбоог санах чухал бэлгэ тэмдэг болсон юм.

Зохиогч нь Японы Шинагава хотод амьдардаг.

Хэвлэх