“Сэргээлтийн агуу хөдөлгөөн,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 1-р сар, 3–5.
Сэргээлтийн агуу хөдөлгөөн
Иосеф, Хайрум Смит хоёрын болон өөр олон итгэлтэй эрэгтэй, эмэгтэй хүний эхлүүлсэн ажил одоо ч Сүмд үргэлжилж байна.
Залуу Иосеф Смит ойд залбирахаар очоод, өнөө үед Анхны үзэгдэл хэмээн нэрлэгдэх болсон гайхамшигт үзэгдлийг харсан билээ.
Энэ үзэгдэлд, Иосефын нүглүүд уучлагдсан хэмээн Аврагч хэлжээ. Тэрээр бас Иосефын асуултад хариулж, тэр үеийн аль ч сүм “Бурханаар Түүний сүм эсвэл хаант улс хэмээн зөвшөөрөгдөөгүй” байсныг хэлсэн.
“Тэр үед, Сайн мэдээний бүрэн байдал ирээдүйд надад илчлэгдэх болно гэсэн амлалтыг би хүлээн авсан байлаа”1 хэмээн Иосеф дурсан ярьжээ.
Тэрхүү сүр жавхлант үзэгдлийн дараа Иосеф Ариун ойн цоорхойгоос Бурханы бошиглогч болох бэлтгэлээ эхлүүлэхэд бэлэн гарч ирсэн.
Моронай ба Мормоны Ном
1823 онд буюу гурван жилийн дараа, эцсийн өдрүүдэд Есүс Христийн сайн мэдээг үргэлжлүүлэн сэргээх ажлын нэгэн хэсэг болж тэнгэр дахин нээгдсэн юм. Моронай гэгч тэнгэр элч түүнд үзэгдэн, “[түүнд] зориулсан хийх нэгэн ажил Бурханд бий гэдгийг, мөн … алтан ялтсууд дээр бичиглэгдсэн,” … нэгэн ном хадгалагдсаныг … үүрдийн Сайн мэдээний бүрэн байдал үүнд агуулагдсаныг” хэлжээ.
Эцэст нь Иосеф эртний цэдгийг авч, орчуулан, хэвлэн гаргасан бөгөөд үүнийг өнөөдөр Мормоны Ном гэдэг нэрээр мэднэ.
Итгэлтэй ах дүүс
Иосефын ах Хайрум Иосефыг үргэлж дэмждэг байв. Амьдралынхаа туршид Иосеф, Хайрум хоёр халдлага, хавчлагыг хамтдаа туулжээ. Жишээлбэл, тэд 1838–1839 оны хүйтэн өвөл, таван сарын туршид Миссури дэх Либерти шоронд хамгийн хүнд нөхцөлд зовж байсан.
Хавчлагын үеэр Хайрум, хүсвэл дайснуудынхаа гараас мултарч чадна зэрэг Их Эзэний өгсөн амлалтуудад итгэж байгаагаа харуулж байсан юм. 1844 оны 6-р сард Хайрумын өмнө, амьдрах уу эсвэл хайрт дүү Иосефтойгоо мөр зэрэгцэн Бурханыг алдаршуулахын тулд амиа өгч, “өөрийн гэрчлэлийг цусаар лацдах” уу (Сургаал ба Гэрээ 136:39-ийг үзнэ үү) гэсэн сонголт гарч ирсэн юм.
Тэднийг хэрцгийлэн алахаас долоо хоногийн өмнө Иосеф Хайрумд гэр бүлээ аваад, холдон нүү хэмээн хэлжээ. Хайрум түүнд “Иосеф минь, би чамайг орхиж чадахгүй”2 гэж хариулсныг санахад өр зүрх минь одоо ч эмтэрдэг.
Тиймээс Иосеф, Хайрум хоёр Картейж руу явж, тэндээ Христийн үйл хэрэг, нэрийн өмнөөс амиа өгсөн юм. “Амьдралд тэд салсан нь үгүй, мөн үхэлд тэд тусдаа байсан нь үгүй!” (Сургаал ба Гэрээ 135:3; тодотгол нэмсэн).
Үйлдэх уриа
Бид Сүмийг үндэслэн байгуулж, та бидэнд өнөөдөр олон адислалыг эдлүүлж, энэ бүх илчлэгдсэн үнэнүүдийг өгөхийн тулд Иосеф, Хайрум хоёрын болон өөр олон итгэлтэй эрэгтэй, эмэгтэй хүн болон хүүхдүүдийн төлсөн төлөөсийг ямагт санаж байх ёстой. Тэдний итгэлийг хэзээ ч мартах ёсгүй!
Иосеф 1844 онд нас барахаасаа өмнө, нэгэн урам зориг хайрласан захидлыг гэгээнтнүүдэд бичжээ. Уг захидал бол өнөө үед ч Сүмд өгөгдсөөр байгаа үйлдэх уриа байсан юм.
“Ах [эгч] дүүс минь, ийм агуу учир шалтгааны төлөө бид урагш явахгүй гэж үү? Арагшаа биш, харин урагшаа явагтун. Зориглогтун, ах [эгч] дүүс минь тэгээд ялалт өөд ахь! …
… Тиймийн тул, бид Сүмийн хувьд болон хүмүүсийн хувьд, мөн хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд Их Эзэнд зөв шударга байдалд өргөл өргөцгөөе” (Сургаал ба Гэрээ 128:22, 24; тодотгол нэмэгдсэн).
Ирэх өдрүүдэд Их Эзэнд зөв шударгаар ямар өргөл өгөхөө эргэцүүлэн бод. Зоригтой бай. Итгэж найддаг хүнтэйгээ хуваалц. Хамгийн гол нь үүнийг хийхэд цаг зав гаргаарай!
Иосеф, Хайрум гэх гайхамшигтай хоёр ах дүүгийн болон итгэлтэй бусад гэгээнтний үнэнч шударга сэтгэлийн өргөлийг Аврагч таалсны адил биднийг сэтгэл зүрхнийхээ угаас, зөв шударга өргөлөө Түүнд өргөн барихад Тэрээр таална гэдгийг би мэднэ.