2021
Сүнсний хэлийг сурах
2021 оны 1-р сар


“Сүнсний хэлийг сурах,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 1-р сар, 16–18.

Ирээд, Намайг дага

Сүнсний хэлийг сурах

Илчлэлт бол бидний хүн нэг бүрийн сурах хэрэгтэй хэлтэй адил юм.

Зураг
Хэл яриа

Зургийг Майкл Муллан

Шинэ хэл сурах нь хэцүү байж болно. Хэрвээ та сургуульдаа хэл сурч байсан бол эсвэл өөрөө хэл сурахаар оролдож байсан бол үүнийг өөрийн туршлагаас мэдэх байх. Үүнд шаргуу хөдөлмөр, дадлага шаардлагатай байдаг. Би номлолд байхдаа испани хэл сурсан бөгөөд энэ нь эхэндээ хэцүү байсан ч яваандаа Сүнсний тусламжтайгаар сурч эхэлсэн.

Би илчлэлтийг хэл талаас нь Сүнсний хэл гэж, мөн бид бүгдийн энэ амьдралдаа сурах хэрэгтэй зүйл гэж бодох дуртай. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлж, удирдаж, тайтгаруулах, байнга хамт байх нөлөөгүйгээр энэ нь сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно”1 хэмээн хэлсэн.

Үүний талаар бодоход, шинэ хэл сурах болон Сүнсний хэлийг сурах хоёрын хооронд нийтлэг зүйл их байдаг. Дараах адил төстэй талуудыг хар. Тэдгээр нь Сүнсний хэлээр дамжуулан илчлэлт хэрхэн хүлээж авахаа илүү сайн мэддэг болоход танд үнэхээр туслах болно.

Суралцах арга

Шинэ хэлийг анх сурч байх үед өөр өөр хүмүүст өөр өөр арга барил тус болдог. Миний хувьд дүрэм сурч, бичиж тэмдэглэж авах нь испани хэлийг сурахад үнэхээр их тус болсон. Бусад номлогчийн хувьд, хамтрагчидтайгаа ярих дадлага хийхэд илүү дуртай байсан. Нэг арга нь нөгөөгөөсөө илүү тус болж магад, иймд таны хувьд аль нь хамгийн тустай байгааг олж мэд.

Бид бас Сүнсийг яг адилхан арга замаар мэдэрч, сонсдоггүй. Миний ээжийн жишээг аваад үзье. Би өсөж том болж байхдаа түүнтэй адилхан арга замаар өдөөлт авч байгаагүй тул Сүнсийг мэдэрч чадахгүй байгаадаа нэг хэсэг санаа зовж байсан. Ээж өдөөлтийг оюун санаанд нь үг орж ирж байгаагаар дүрсэлдэг байсан. Надад энэ нь хэзээ ч тохиолдож байгаагүй, тиймээс би Сүнсийг мэдэрч чадахгүй байна гэж боддог байсан юм. Гэхдээ би яваандаа Сүнс надтай үгсээр биш харин мэдрэмж, сэтгэгдлээр ихэвчлэн холбогддог байсныг олж мэдсэн. Амар амгалан, баяр хөөр болон хайрын мэдрэмж ерөнхийдөө илчлэлтийн мэдрэмжтэй маань холбоотой байдаг.

Сурах арга барилтай адил, Сүнсийг мэдрэх нэг арга зам нь нөгөөгөөсөө илүү дээр байдаггүй. Бид бүгдээрээ өөрийн гэсэн онцлогтой учраас Сүнс бидэнтэй өөр өөрөөр харьцдаг. Сургаал ба Гэрээнээс бид Сүнсний бидэнтэй ярьдаг бүх төрлийн арга замыг мэдэж авч чадна. Тэрээр “[бидний] оюуныг гэгээрүүлж,” “[бидний] оюунд амар амгаланг ярьж,” “оюунд мөн зүрх сэтгэлд [маань] [бидэнд] ярьж,” эсвэл “[бидний] зүрх сэтгэлд оршиж” болох ба эсвэл цээжиндээ шатахыг мэдэрч, “энэ нь зөв юм байна гэдгийг мэдэрч,” бас өөр бусад арга замаар мэдэрч болно (Сургаал ба Гэрээ 6:15, 23; 8:2; 9:8-ыг үзнэ үү).

Бид судраас суралцаж мөн Сүнсийг сонсох дадлага хийх үедээ Түүнийг бидэнтэй хэрхэн ярьдгийг ялган таньдаг болох болно.

Тусламж хүс.

Зураг
Гар

Хэл сурч байх үедээ уг хэлийг мэддэг хүнээс тусламж авах нь үнэхээр тустай байдаг. Ном, бусад эх сурвалж их тустай ч уг хэлээр ярьдаг хүнтэй ярих нь үйл явцыг хурдасгадаг.

Бид Сүнсний талаар илүү ихийг сурахыг хүсэх үедээ гэр бүлийн гишүүд, удирдагчид, найз нөхөд гэх мэт итгэж найддаг хүмүүсээс хэрхэн хийдгийг нь асуух юм бол нэмэлт тусламж авах болно. Гэхдээ Тэнгэрлэг Эцэгээс асуух нь хамгийн чухал. Бид Түүнээс Сүнсийг сонсох илүү олон боломжийн төлөө эсвэл сүнслэг өдөөлтийг хүлээн авах үедээ ялган таних тусламж гэх мэт зүйлсийн төлөө залбирч болох юм. Хэрвээ бид даруу байж, Түүнээс бидэнд туслахыг гуйн, Сүнсийг мэдэрч сурахад маань тусална гэдэгт итгэлтэй байх юм бол Тэрээр бидэнд туслах болно.

Бичиж ав

Зураг
Тэмдэглэлийн дэвтэр

Хэл сурч байх үедээ юм бичиж авах нь маш тустай. Би өдрийн турш сонссон шинэ үгсээ бичиж авахаар жижигхэн дэвтэр авч явдаг байсан ба дадлага хийхийн тулд орой болгон тэмдэглэлийн дэвтэр дээрээ испаниар бичдэг байсан. Бид төгс сайн санаж чаддаггүй учраас бичиж авах нь буцаж давтах боломжийг бидэнд олгодог.

Удирдагчид маань биднийг мартахгүйн тулд сүнслэг мэдрэмжээ бичиж авч байхад урьсан.2 Ийм зүйлсээ бичиж тэмдэглэж авах нь бидэнд хэдэн арга замаар Сүнсээр тусалж чадна. Үүнд: (1) Энэ нь бидэнд өнгөрсөн хойно нь өдөөлт, мэдрэмжээ санахад тусалдаг. Өмнө нь авсан өдөөлт ирээдүйд тань тусалж болно эсвэл Сүнс үнэхээр танд хандан ярьсан гэдгийг сануулж болно. (2) Түүнчлэн ирээдүйд илүү сайн ялган таньдаг болохын тулд өнгөрсөн үед Сүнсийг хэрхэн мэдэрч байснаа цэгцлэн санах маш сайн арга зам юм. Ингэснээр та Сүнсийг илүү тодорхой ялган таньж эхэлнэ.

Хичээсээр бай

Зураг
Судруудыг унших

Бас өөр нэг чухал зүйл нь гэвэл бүү бууж өг. Хэлний бэлэг авсан байлаа ч нэг л өдрийн дотор гадаад хэлийг төгс сурахгүй. Та үргэлжлүүлэн дадлага хийж, шаргуу хөдөлмөрлөх үедээ үүнийг сурах болно, гэхдээ та итгэлтэй байж, тэвчээртэй байх хэрэгтэй.

Илчлэлт хүлээн авч сурч мөн Сүнстэй илүү холбоотой байх нь үнэндээ амьдралын турш гаргах хичээл зүтгэл юм. Хэрвээ та эцэг эхээсээ эсвэл Сүмийн удирдагчдаас асуух юм бол тэд ч бас үүний төлөө ажиллаж байна гэж хэлнэ гэдэгт би итгэлтэй байна. Хэрэв удаж байгаа мэт санагдвал санаагаар бүү уна. Энэ нь ганцхан танд тохиолдож байгаа юм биш! Бид бүгдэд шинэ хэл сурахад хугацаа хэрэгтэй. Тиймээс тэвчээртэй байж, үргэлжлүүлэн хичээ. Сүнсний хэлийг сурахад тань туслахын тулд Их Эзэн тэнд байх болно.

Хэвлэх