“Иосеф Смит—Миний бошиглогч,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 1-р сар, 8–11.
Ирээд, Намайг дага
Иосеф Смит—Миний бошиглогч
Тэр бас таны бошиглогч. Та энэ жил түүний заасан зүйлсээс суралцаж, түүнийг бошиглогчоо болгоорой.
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах зүйл сэтгэлд маань хүрсэн “Хаана амьдарч байгаа, нөхцөл байдал тань ямар байхаас үл хамааран Их Эзэн Есүс Христ бол таны Аврагч, Бурханы бошиглогч Иосеф Смит бол таны бошиглогч юм” (“Түүнийг сонс” [Ensign, May 2020, 88 эсвэл 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108]).
Би залуу байхаасаа Иосеф Смитийг миний бошиглогч гэж боддог байсан. Хэн хэнээс ч илүүтэй Сэргээлтийн энэ бошиглогч надад Есүс Христийг болон Түүний сайн мэдээг мэддэг болоход тусалсан юм. Би Сургаал ба Гэрээн дэх илчлэлтүүдийг судалсан. Намайг өсвөр насанд байхад аав надад бошиглогч Иосеф Смитийн заасан зүйлсийг багтаасан нэгэн ном өгсөн бөгөөд би үүнийг амтархан уншиж билээ. Тэдгээр сургаалыг судалсан нь сэргээгдсэн сайн мэдээний талаарх гэрчлэлийн маань гол суурь чулуу болсон юм.
Тэр үеэс хойш би Иосеф Смитийн заасан ямар зүйлс надад гүн сэтгэгдэл төрүүлсэн юм бол? гэж бодох болсон. Эдгээрийн үнэнийг надад хүчтэй гэрчлэх боломжийг юу Сүнсэнд олгосон юм бол? Би гурван зүйлийг хэлмээр байна. (1) Тэр мэддэг зүйлээ мэдэж байсан бөгөөд үүнийгээ зоригтой ярьсан; (2) тэр илчлэлтээр дамжуулан сурсан үнэнүүдээ тодорхой тайлбарлаж чаддаг байсан; (3) түүний мөн чанар болон зан ааш үргэлжид илэрхий харагддаг байсан.
Тэр мэддэг зүйлээ мэдэж байсан бөгөөд үүнийгээ зоригтой ярьсан
Анхны үзэгдлээс хойш Иосеф Смит илчлэлтээр дамжуулан сурсан зүйлсээ хуваалцсаныхаа төлөө хавчлага дарамтад өртжээ. Гэвч тэр ухрах ёсгүй гэдгээ мэдэж байлаа. “Үнэнийг хэлсний төлөө яагаад намайг хавчиж байгаа юм бэ? Үнэндээ би үзэгдэл харсан шүү дээ; Бурханы эсрэг зогсож чадах хэн юм бэ би, яагаад үнэхээр харсан зүйлээ үгүйсгэхийг дэлхий надаас хүснэ вэ? Учир нь би үзэгдэл харсан; би үүнийг мэдэх бөгөөд Бурхан ч үүнийг мэднэ гэдгийг мэднэ, би үүнийг үгүйсгэж чадахгүй мөн үүнийг хийж зүрхлэх нь үгүй” (Иосеф Смит-Түүх 1:25).
Илүү их хавчигдаж, үзэн ядагдана гэдгийг мэдэж байсан ч Иосеф Смит амьдралынхаа үлдсэн бүх л хугацаанд Бурханаас сурсан үнэнээ зоригтой тунхагласан юм.
Жишээ:
Христийн ихэнх шашинтан Бурхан хүнийг хоосон зүйлээс бүтээсэн гэж итгэдэг байсан бол Иосеф Смит үүнийг өөрөөр, итгэлтэйгээр ийн заасан.
“Эхлэлд хүмүүн тэрчлэн Бурхантай хамт байсан юм. Оюун билиг буюу үнэний гэрэл нь бүтээгдээгүй буюу хийгдээгүй юм, мөн чухамдаа ийм байж ч чадахгүй болой” (Сургаал ба Гэрээ 93:29).
“Хүний сэтгэл санаа—оюун ухаан—үхэшгүй сүнс. Сүнс хаанаас ирсэн юм бол? Бүх эрдэмтэн мэргэд болон шашны профессорууд үүнийг Бурхан эхлэлд бүтээсэн гэдэг. Гэвч энэ нь тийм биш. Чухам энэ санаа миний бодоход хүнийг жижгэрүүлж байна. Энэ сургаалд би итгэдэггүй. Би арай илүүг мэднэ. Дэлхийн бүх хязгаарт та нар үүнийг сонс. Учир нь Бурхан надад ийн хэлсэн билээ. Та нар надад итгэхгүй байсан ч энэ нь үнэнийг үр нөлөөгүй болгож чадахгүй” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 236).
Тэр үнэнийг тодорхой тайлбарладаг байсан
Иосеф Смит Бурханы нууцын талаар дэлхийнхэнтэй хуваалцаж чадахаас илүүг мэднэ гэдгээ заримдаа битүүхэн хэлдэг байжээ. Тэр заахдаа Бурханы үнэнийг энгийн, тодорхой болгож чаддаг байсан.
Жишээ:
Анхны үзэгдлээс хойш Бурхан Мөнхийн Эцэгийн мөн чанарын талаар олон үнэнийг Иосеф Смит сурсан. Тэр өөрийн заасан зүйлсээр дамжуулан эдгээр үнэний ач холбогдлын талаар тайлбарлажээ. Тухайлбал, тэр ийн хэлсэн байдаг.
“Хэрэв хүмүүс Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол тэд өөрсдийгөө ойлгож чадахгүй” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 47). Энэ тодорхой мэдэгдэлд Бурхан гэж хэн болох, бид хэн болох, бид Түүнтэй ямар харилцаатай мөн бид ямар чадавхтай зэрэг гол үнэнийг өгүүлдэг.
Тэр цааш үргэлжлүүлэн, “Бурхан Өөрөө нэгэнтээ одоогийн бидэн шиг байсан бөгөөд эдүгээ өргөмжлөгдсөн хүмүүн” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 47) гэж хэлжээ. Бүр илүү тодорхой хэлжээ.
Тэгээд дараа нь тэр ийн заасан. “Бурхан өөрөө сүнснүүд болон алдар суугийн дунд байгаагаа мэдсэн аж. Тэрээр илүү оюун билигтэй учраас бусад өөрөө оршдог биес түүнтэй адилхан болж хөгжих боломжтой байх хуулиудыг бий болгох нь зохимжтой гэж үзсэн ажээ. (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 239). Иосеф Смит Тэнгэрлэг Эцэг биднийг Өөртэйгөө адил болохыг хүсдэг гэж Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний үндэс болох нэгэн зүйлийг илэрхийлсэн.
Түүний хувь хүний ааш болон зан чанар илэрхий харагддаг
Иосеф Смитийн өөрийгөө тайлбарлаж байсан арга зам хэн байсныг нь төдийгүй хувь хүний хувьд болон бошиглогчийн хувьд ямар хүн байсныг илтгэдэг. Энэ нь маш чухал, яагаад гэвэл хүмүүстэй холбогдох нь бодол санаагаараа амархан холбогдох боломжийг олгодог. Иосефын зан чанар заасан зүйлүүдээс нь илэрхий харагддаг.
Жишээ:
Ерөнхийдөө Иосеф Смит төрөлхийн баяр хөөртэй хүн байсан боловч (Иосеф Смит—Түүх 1:28-ыг үзнэ үү) Их Эзэний зарлигласан зүйлсийн хувьд тэр хөнгөн хуумгай хандаагүй. Тийм зарлигуудаас төөрөн холдох нь ямар үр дагавартай байж болохыг тэр өөрийн биеэр туулж мэдсэн (жишээлбэл, Сургаал ба Гэрээ 3:4–9-ийг үзнэ үү). Хөгжилтэй байдал болон буурь суурьтай шавь хоёрын хослол надад сонирхолтой санагддаг бөгөөд надад ч бас тийм тал нь танил санагддаг.
Сэргээлтийн бошиглогчийн хувьд Иосеф Смит бүх хүнд шинэ соргог байсан Бурханы илчилсэн олон үнэнийг заахаар зарлиг хүлээн авсан. Иосефт эдгээр шинэ үнэнийг олж мэдэхэд нь хүмүүст туслах гэж хичээх хэрэгтэй байсан. Гэхдээ заримдаа нь энэ нь урам хугармаар байдаг байжээ. Тэр нэг удаа:
“Энэ үеийнхний толгойд ямар нэг юм хийж өгнө гэдэг үнэхээр хэцүү юм. Энэ нь бидэрт цуур модонд эрдэнэ шишийн гамбираар шаантаг хийж хуваах эсвэл хулуугаар цохиур (модон муна) хийхтэй адил ажээ. Гэгээнтнүүд ойлгохдоо удаан хойрго юм даа” гэжээ (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит,, 520).
Энэ нь Иосеф Смитийн хувьд чухал сэдэв байв. Тэрээр хүмүүс маш олон зүйлийг мэдэж, ойлгож, амьдралдаа хүлээн аваасай гэж хүсэж байсан нь лавтай боловч хүмүүс тэгэхгүй байв. Гэхдээ Нэгдсэн Улсын хил дээрх 19-р зууны аналог нь сонирхолтой дүр зургийг өгч мөн Иосеф Смитийн зан авирыг өнгөц харуулдаг.
Иосеф Смитийн зан чанарын олон тал нь түүний заасан зүйлсэд илэрхий харагддаг. Тухайлбал, түүний найз нөхдөө хайрладаг байсан нь: ”Миний төлөө ажилладаг хүмүүсийн төлөө гар минь цуцалтгүй хөдөлмөрлөж, бие сэтгэл минь анд найзууддаа үүрд үнэнч итгэлтэй байх болно” гэснээс харагддаг (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 524).
Бас түүний найрсаг, өгөөмөр сэтгэл нэг удаа хүмүүс байр нь шатсан нэгэн хүнийг хэр их өрөвдөж байгаагаа хэлж байхад, Иосеф тэр даруй “би энэ ахыг таван доллартой тэнцүү хэмжээгээр өрөвдөж байна. Харин та нар хэдий хэмжээгээр түүнийг өрөвдөж байна вэ?” гэж хэлснээс харагддаг Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 522.
Бас түүнээс гэр бүлээ хайрлах хайр, үнэнч байдал, даруу зан, өөртөө итгэх итгэл, шударга ёс, бэрхшээл зовлон дундах итгэлтэй байдал харагддаг. Эдгээр нь мөнхийн үнэнүүд, дагаж амьдрах зарчмуудын хамт бүгд илэрхий харагддаг.
Тэр бол миний бошиглогч
Иосеф Смит рүү өнөөдөр ч дайран довтолж, шүүмжилсээр байдаг нь ойлгомжтой. Гэхдээ тэрээр “Би та нарт өөрийгөө төгс гэж хэзээ ч хэлээгүй, гэвч миний заасан илчлэлтүүдэд алдаа байхгүй” хэмээжээ (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 591). Бид түүнийг бошиглогч байсан хэмээн зоригтой гэрчилж чадна. Би хүмүүсийн түүний талаар асууж болох бүх асуултад амархан хариулт олсондоо биш, харин би түүний илчлэлтүүд, бошиглогчийн заавруудыг судалсан учраас, Ариун Сүнс надад эдгээр нь үнэн хэмээн гэрчлэхийг мэдэрсэн учраас Иосеф Смитийн талаар гэрчлэх нь надад хэцүү байдаггүй. Энэ нь Иосеф Смитийн нэгэнтээ хэлсэн дараах үгстэй адил юм.
“Мөнх амьдралын зарчмуудын амт шимтийг би мэдэж чадна, Үүнийг та нар ч бас мэдэрч чадна. Эдгээр зарчим Есүс Христийн илчлэлтүүдээр надад өгөгддөг. Иймээс илчлэлтүүд надад өгөгдсөн үед би мөнх амьдралын эдгээр үгийг та нарт ярихад, та нар тэдгээрийг амтлах болно. Ийнхүү та нар эдгээр үгэнд итгэдгийг би мэдэх болно. Зөгийн бал бурам амттай хэмээн та нар хэлдэг, би ч бас ийн хэлдэг. Би бас мөнх амьдралын сүнсийг амталж чадна. Энэ нь сайхныг би мэднэ. Эдгээр зүйл Ариун Сүнсний нөлөөгөөр надад өгөгдсөн үед би та нарт ярина. Та нар тэдгээрийг бал бурам лугаа адил хүлээн авснаар улам илүү баясах нь тодорхой юм” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 594).
Би тэр амтлаг амтыг амталж байсан. Миний бошиглогч Иосеф Смит үүнийг надтай хуваалцсан юм. Ерөнхийлөгч Нэлсоны хэлсэнчлэн, тэр таны ч бошиглогч билээ. Та Ирээд, Намайг дага хөтөлбөрийн дагуу энэ жил түүний амьдрал, сургаалаас нухацтай суралцаж чадна. Тэгээд та түүний тусламжтайгаар амталсан амтлаг үнэний талаар гэрчлэлээ хуваалцаж чадна.