“Сургаал ба Гэрээ: Тойм,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 1-р сар, 14–15.
Ирээд, Намайг дага
Сургаал ба Гэрээ: Тойм
Энэ юу вэ?
Сургаал ба Гэрээ нь голчлон бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Бурханаас өгсөн орчин үеийн илчлэлтүүдийн цуглуулга юм. Эдгээр илчлэлтийн олон нь Иосефын болон Сүмийн бусад анхны гишүүдийн Бурханаас асуусан асуултуудын хариулт болон өгөгджээ.
Сургаал ба Гэрээ яагаад бий болсон бэ?
Сүмийн эхэн үед эдгээр илчлэлтийн цөөн хэдхэн, гараар бичсэн хуулбар байдаг байсан. 1831 онд Сүмийн удирдагчид Зарлигуудын номд илчлэлтүүдийг хэвлэн гаргахаар шийджээ. 1831 оны 11-р сард Зарлигуудын номын талаар ярилцаж байхдаа Иосеф илчлэлт хүлээн авсан ба энэ нь одоо Сургаал ба Гэрээний 1-р хэсгийн эхэнд байдаг.
Сургаал
Илчлэлтүүдийн эхний цуглуулгыг Зарлигуудын ном гэж нэрлэдэг байв. Хожим нь уг цуглуулгыг Сургаал ба Гэрээ гэж нэрлэсэн. Учир нь тэд “сүмийн сургаалын талаар” буюу товчоор “сургаал” (одоо Lectures on Faith гэдэг) гэж нэрлэгддэг цувралыг нэмсэн юм. 1921 оны хэвлэлээс хойш Lectures on Faith-ийг оруулахаа больсон боловч Сургаал ба Гэрээ гэдэг нэр нь хэвээр үлджээ.1
Гэрээнүүд
Номын үлдсэн хэсэг нь Иосеф Смитийн хүлээн авсан илчлэлтүүдийг багтаадаг. Энэ хэсгийг “Их Эзэний гэрээнүүд болон зарлигууд” буюу товчоор “гэрээнүүд” гэж нэрлэдэг байжээ. Эхэн үеийн гэгээнтнүүд бошиглогчийн хүлээн авсан эдгээр илчлэлтийг Иосеф Смитийн сүнсээр өдөөгдсөн заавар болон Библийн орчуулга гэх мэт бусад бичмэлээс ялган тусгаарлахын тулд “гэрээнүүд” эсвэл “зарлигууд” гэж нэрлэдэг байв.2
Яагаад Сургаал ба Гэрээ өнөөдөр чухал вэ?
Сургаал ба Гэрээнд Есүс Христийн хүмүүстээ өгсөн илчлэлтүүд багтдаг. Энэ нь Бурхан бидний хүн нэг бүрийг нэрээр маань мэддэг гэдгийг болон Тэр бидний залбирлыг сонсож, асуултад маань хариулдгийг мөн Бурхан өнөөдөр ярьсаар байгааг бидэнд заадаг. Түүнчлэн энэ нь авралын төлөвлөгөөний талаар эрхэм сургаалыг заадаг бөгөөд Есүс Христийн Цагаатгалын талаар нэмэлт ойлголт өгдөг. Энэ нь Бурхан биднийг хэрхэн хайрладгийг мөн алдаа гаргах үед маань ч Өөрт нь ирэхэд биднийг дууддагийг дүрслэн харуулснаар биднийг тайтгаруулдаг.