2022
Есүс Христ бидэнд итгэл найдвар өгдөг
2022 оны 9-р сар


“Есүс Христ бидэнд итгэл найдвар өгдөг,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 9-р сар.

Есүс Христ бидэнд итгэл найдвар өгдөг

Бусдад үйлчлэх үед, амьдрал маань болж бүтнэ гэсэн итгэл найдварыг Есүс Христ бидэнд өгдөг.

Зураг
Түрдэг тэрэг түрж буй залуу эрэгтэйчүүд

Перугийн Куско хотын залуу эрэгтэйчүүд хамтарч ажиллан, үйлчлэл үзүүлдэг.

Энэ амьдрал сорилт бэрхшээлээр дүүрэн. Тэдгээрийн зах зухаас та аль хэдийн мэдэрсэн байх. Стресст оруулах, сэтгэл зовоох, айдас, түгшүүр төрүүлэх олон шалтгаан бий. Бидэнд ийм үйл явдлууд тохиолдох үед бид дуугаа хураах юм уу өөрийгөө болон өөрсдийн хэрэгцээг бүхнээс дээгүүр тавьдаг. Хэрэв аливаа зүйлийг “засахад” цаг зав, хүч чадлаа зориулах юм бол асуудлаа шийдвэрлэж чадна гэж бид боддог.

Гэхдээ Есүс Христ бидэнд үүнээс илүү үр дүнтэй арга замыг зааж өгсөн юм. Тэрээр “Хэн амиа хадгалахыг хичээнэ, тэр түүнийгээ алдана. Хэн амиа алдана, тэр түүнийгээ хадгална” (Лук 17:33) хэмээн заасан. Сорилт бэрхшээл тулгарах үед итгэл найдвар олж авах хамгийн хурдан арга зам бол зүрх сэтгэлээ Аврагч руу хандуулж, Түүний үлгэр жишээг дагаж, бусдад үйлчлэх явдал юм.

Зураг
Христ Бетзадад нэгэн эрийг эдгээсэн нь

Бетзадад эдгээсэн нь, Гари Смит

Аврагчийн амьдрал бол хүмүүсийг хайрлах, тэдэнд сайхан сэтгэлээр хандах төгс жишээ байсан. Тэр үргэлж бусдын төлөө Өөрийгөө умартдаг байсан. Тэрээр амин хувиа хичээдэггүй байсан нь ямар нэгэн цагт баригдалгүй, өдөр тутмын амьдралдаа хийдэг байсан бүх зүйлээс нь харагддаг байв.

Бид Аврагчтай адилаар зүрх сэтгэлээ гадагш хандуулах юм бол бидний тусламж хэрэгтэй хүмүүст чимээгүйхэн, сайхан сэтгэлээр туслах хязгааргүй их боломжийг олж харах болно гэдгийг би батлан хэлж байна.

Энэ нь бидэнд Аврагчийг илүү сайн таньж мэдэх, бусдыг илүү ихээр энэрэн хайрлаж сурахын зэрэгцээ дэлхийд амар амгаланг олоход тусална. Аврагчийн үлгэр жишээг дагаж бусдад туслахын тулд “амиа алдах” үед Тэр танд туслах болно.

Зураг
Шавар тоосго өргөж буй залуу эрэгтэйүүд

Бидний эргэн тойрон дахь тэнгэр элч нар

Ихэнхдээ Аврагч сорилт бэрхшээлтэй тулгарах үед бидэнд хэрэгтэй амар амгалан, тайтгарлыг өгөхийн тулд бусдыг бидний амьдралд хөтлөн авчирдаг. Энэ адислагдсан хүмүүс бидэнд тэнгэрээс илгээгдсэн тэнгэр элч нар шиг санагддаг. Учир нь тэд үнэхээр тэнгэр элч нар байдаг.

Би болон гэр бүлийнхэн маань орчин үеийн эдгээр тэнгэр элчийн өгдөг тайтгарал, амар амгаланг хэд хэдэн үйл явдлын үеэр мэдэрсэн. Би тэдгээр үйл явдлын нэгийг дурсмаар байна. 2003 онд бид өөрсдийн эх орон болох Бразилаас АНУ-ын Юта руу нүүсэн юм.

Тэр өвөл Юта мужид сүүлийн хэдэн жил тохиогоогүй хамгийн ширүүн цасан шуурга шуурсан. Бид далдуу мод, далайн эргийн элсэн дунд өссөн болохоор ийм зүйлийг урьд өмнө хэзээ ч харж байгаагүй. Явган хүний урт замтай нэгэн толгодын буланд манай байшин байдаг байв.

Цас орж эхлэхэд, эхнэр маань машины болон явган хүний замынхаа цасыг цас цэвэрлэгчээр зориг гарган цэвэрлэж эхлэв. Хэд хоногийн өмнө мөсөн дээр халтирч бугуйгаа хугалсан тул би тусалж чадаагүй. Тэр гэмтлээсээ болж би мэс засал хийлгэж, гараа гипсдүүлсэн юм.

Амьдралдаа анх удаа цас цэвэрлэгчээр цэвэрлэхдээ эхнэр маань машины замын нэг талыг цэвэрлэснийхээ дараа цас цацагч хоолойн чиглэлийг өөрчлөх ёстойг мэдсэнгүй. Тэгээд нөгөө тал руу эргэн цэвэрлэх болоход хоолой нь түүний цэвэрлэсэн тал руу харсан байлаа. Тэр эргэж буцан явсан ч цасаа цэвэрлэж чадсангүй, харин ч цасаа тараагаад цацчихаж билээ!

Гадаа хүйтэнд дэндүү удаан байснаас болж түүний хоёр чих хоёулаа үрэвсэж, бараг 2 сарын турш сонсголоо бүрэн алдсан юм. Үүний хажуугаар 16 настай хүү маань чаргаар гулгаж байгаад нуруугаа гэмтээснээс хэвтрийн дэглэм сахих шаардлагатай болсон. Ингээд л нэг нь хэвтэрт орж, нөгөө нь сонсголоо алдаж, бас нэг нь гипсдүүлж, бүгдээрээ осгох нь шахуу байв.

Хөршүүд маань биднийг хараад гайхсан байх. Нэгэн хүйтэн өглөө үүрээр, таван цагийн үед цонхны цаана дуугарах цас цэвэрлэгчийн чимээнээр би сэрлээ. Цонхоор хартал, гудамжны эсрэг талд амьдардаг манай хөрш Блэйн Виллямс ах байв. Бараг далан насыг шүргэж яваа тэрээр дулаан тохилог гэрээсээ гарч, манай урд чимээгүйхэн ирээд, биднийг өөрсдөө хийж чадахгүй гэдгийг мэдэж байсан учраас манай машины болон явган хүний замыг цэвэрлэж өгсөн юм.

Зураг
Цас цэвэрлэгч

Гэрэл зургийг Getty Images-ээс авав

Миний өөр нэг найз Даниэл Алмэйда ах бас манай гэрт ирээд, нүсэр том шохойдсон боолтоосоо болоод машинаа барьж чадахгүй байсан намайг Солт Лэйк Сити дэх ажил руу маань хүргэж өгч байж билээ. Тэд өглөө бүр намайг бодсоор манайд ирж, гэр бүлийнхнийг маань эдгэрч, дахиад өөрсдөө ажлаа хийх боломжтой болох хүртэл сайхан сэтгэлийн эдгээр үйлдлээр хайраа харуулж байв.

2003 оны тэр хүйтэн өвлийн үеэр эдгээр тэнгэр элч болох ах нарыг бидэн рүү илгээсэн юм. Энэ хоёр ах өөрсдийн хэрэгцээг бодохоосоо өмнө Аврагчийн үлгэр жишээг дагаж, бидний хэрэгцээг бодсон.

Аврагч амар амгаланг өгдөг

Бусдад үйлчлэх нь бидэнд илүү дээд түвшний, илүү ариунаар харах өнцгийг өгдөг. Бусдад үйлчлэх үед, амьдрал маань болж бүтнэ гэсэн итгэл найдварыг Есүс Христ бидэнд өгдөг.

Аврагчтай адилаар зүрх сэтгэлээ гадагш хандуулах нь бидний тусламж хэрэгтэй байгаа хүмүүст өөрсдийгөө чимээгүйхэн, сайхан сэтгэлээр зориулах хязгааргүй боломжоор адислах болно. Аврагчтай адил амьдрах нь бусдыг хайрлах энэрэл хайрыг Христийнхтэй илүү адил болгон хөгжүүлэхэд тусалдаг. Энэ нь бидэнд илүү их хайр, амар амгалан, гэрэл гэгээ, шинэчлэгдсэн хүч чадлыг олж авахад тусалдаг.

Зураг
Эгч нар

Аврагч биднийг бодол санаа бүрдээ Өөрийг нь эрэлхийлж, дагахад урьдаг. Энэ нь бидэнд Түүний гэрэлд алхаж болох мөн Түүний удирдамж заавар бидний амьдралыг харанхуйн нөлөөллөөс сэргийлнэ хэмээх амлалтыг өгдөг. Өөрийн амьдралыг Түүнд “зориулах” үед Тэрээр танд өөрөө өөрийгөө олоход тусална.

Зураг
Хөвгүүд сургууль дээр

Гэрэл зургийг Getty Images-ээс авав

Үргэлж Христэд ханд

Есүс үхлээс амилсан бөгөөд Тэр амьд гэдгийг би чин сэтгэлээсээ гэрчилж байна. Өөрөөрөө болон Өөрийн хязгааргүй Цагаатгалаар дамжуулан Аврагч бидэнд үхлийг бие махбод, сүнслэг байдлаараа ялан дийлэх арга замыг өгсөн гэдгийг би гэрчилж байна.

Үүнээс гадна, хүнд хэцүү цаг үед Тэрээр бидэнд тайтгарал, баталгааг өгдөг. Бид Есүс Христэд болон Түүний бурханлаг цагаатгагч золиослолд итгэж найдан, итгэлдээ эцсээ хүртэл тэвчих аваас Түүний оршихуйд нэгэн цагт эргэн очиход маань туслахын тулд бүхий л хүчээрээ бүхнийг хийдэг хайрт Тэнгэрлэг Эцэгийнхээ өгсөн амлалтуудыг хүртэх болно гэдгийг би та нарт батлан хэлье.

Хэвлэх