“Арк юу сурах дуртай вэ?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 9-р сар.
Арк юу сурах дуртай вэ?
Шинэ улс, шинэ соёл, шинэ найзууд … асуудал биш ээ!
Арк халуун ногоотой хоолонд дуртай. Энэ нь түүний хувьд шинэ нээлт байлаа. Түүний төрж өссөн Филиппинд бүх хоол харьцангуй халуун ногоо багатай байв.
Гэтэл аав нь Малайзад ажиллахаар болжээ.
Тэр үед Арк янз бүрийн гарал үүсэлтэй хэдэн хүүхэдтэй, тэр дундаа энэтхэг хүүхдүүдтэй Сүмд танилцав.
“Тэд үнэхээр их халуун ногоотой хоол иддэг!” 14 настай Арк С. шинэ найзуудынхаа тухай ярьж байна. “Энэ хоол гэртээ иддэг байснаас маань хамаагүй их халуун ногоотой.”
Хамгийн инээдтэй нь, Арк өөрт нь юу дутагдаж байгааг огтхон ч мэддэггүй байлаа. Одоо хоолны шинэ ертөнцтэй танилцах болсондоо тэр баярлаж байна.
Мэдээж, энэ бол Сүмийн найзууд нь Аркийн амьдралыг илүү сайнаар өөрчилж чадсан цорын ганц арга зам биш юм. “Би Малайз руу нүүж ирсэндээ баярлахын зэрэгцээ гуниглаж байлаа. Шинэ найзуудтай болсондоо баярлаж байсан ч тэдэнтэй ярих амаргүй байв.”
Гэвч шинэ салбарынх нь өсвөр үеийнхэн энэ шилжилтийг хийхэд тусалжээ. Бас дээр нь тэр одоо янз бүрийн газрын талаар илүү ихийг мэддэг болсон. “Би өөр өөр соёлын талаар суралцсан” гээд, “Хоол нь ч, хувцас нь ч өөр. Гэхдээ тэдний хувцас өнгөлөг бөгөөд яаж хийдэг нь маш сонирхолтой!”
Гэхдээ нүүх явцад болон нүүдлийн дараа дасан зохицоход бусдаас илүү тусалсан хэсэг найз түүнд байсан ба тэр нь гэр бүлийнхэн нь байв.
Найзуудтайгаа тоглодог тоглоом
Арк цаг заваа гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрүүлэх, ялангуяа хөзөр тоглох дуртай. Уно бол түүний хамгийн дуртай тоглоом юм. Яагаад? “Би үргэлж ялдаг” гэсээр тэр инээлээ.
Тэр мөн эцэг эхтэйгээ болон өөрийн дүү Лифтэй хамт Монополи тоглох дуртай. (Отгон дүү нь тоглож чадах насандаа хараахан хүрээгүй байгаа.) Гэхдээ энэ тоглоомыг тоглоход шоо хаяж, цаасан мөнгөөр худалдаа хийхээс гадна өөр олон зүйл сурдаг. “Эцэг эх маань надад тоглоомын үеэр бизнесийн стратеги, мөнгөний зарчмуудыг заадаг. Энэ бол ирээдүйд үнэхээр хэрэгтэй зөвлөгөө юм.”
Түүний аав программ хангамж хөгжүүлэгч бөгөөд ээж нь Филиппинд хувийн бизнес эрхэлдэг байсан. Тэдэнд уламжлуулах маш олон ур чадвар бий. Энэ тал дээр Арк сурч чадах бүх зүйлээ тэднээс сурахыг эрмэлздэг. Ажил мэргэжлийн тал дээр түүнд том төлөвлөгөө бий.
Тэр биотехнологи, инженерчлэлийн хичээлдээ дуртай. Арк биотехнологич болохыг хүсдэг. Урдаа том зорилго тавьсан тэрээр шинэ зүйл сурах боломж бүрийг алдахгүй байхыг хичээдэг.
Гэхдээ Аркийн хувьд эцэг эхээсээ суралцах нь үргэлж мэдлэг боловсролын хамгийн дуртай эх сурвалж нь байсангүй. Халуун ногоотой хоолонд дуртай болсонтой адил энэ үнэ цэнтэй нөөц бололцоог тэр амьдралдаа хожуу олж мэдсэн.
Зөрүүд нэгнээс оюутан болсон нь
Арк “Би маш их зөрүүд хүүхэд байсан. Үнэндээ би эцэг эхээсээ суралцах талаар огтхон ч боддоггүй байсан” гэж алдаагаа хүлээн зөвшөөрчээ.
Тэр ганцаараа хийхийг, үгүй бол зөвхөн найз нөхөд, сургуулийн багш нараасаа суралцахыг хичээдэг байв. Харин дараа нь Мормоны Номоос уншсан нэг зүйл аливааг харах өнцгийг нь ихээхэн өөрчилсөн юм.
Алма номын 36, 37-р бүлэгт Алма өөрийн хүү Хиламанд зөвлөгөө өгдөг. Тэр Хиламанд өөрийн хөрвөлтийн гайхамшигт түүхээс (тэнгэр элч түүнд амьдралдаа тийм ч сайн сонголт хийхгүй байна гэж хэлсний дараа гурван өдөр ухаангүй байсан гэж [Алма 36:6–10-ыг үзнэ үү]) эхлэн нууц бүлэглэлийн аюул занал хүртэл бүгдийг заадаг.
Энэ бүхнийг уншиж байх зуур Аркийн нүдэнд “Ай, санагтун, хүү минь, мөн насны залууд мэргэн ухаанд суралц, тийм ээ, насны залууд Бурханы зарлигуудыг дагаж сурагтун” (Aлма 37:35) гэсэн нэгэн шүлэг хуудсан дотроос туссан байна.
Эдгээр үгийг сонсоход, нээрээ тийм шүү гэсэн бодол Аркад төржээ. “Аав, ээж хоёр маань ч гэсэн надад мэргэн ухааныг зааж чадна шүү дээ” гэж тэр хэлсэн юм. Түүний өмнө мэдээллийн баялаг эх сурвалж байгааг тэр шалавхан ухаарч ойлгосон байна. “Одоо би тэдний мэргэн үгийг маш анхааралтай сонсдог. Тэд намайг хайрладаг бөгөөд ирээдүйдээ бэлдэхэд минь тусалж чадна.”
Мөн тэдний мэргэн ухаан нь ширээний тоглоомын үеэр хуваалцдаг бизнесийн зөвлөгөөнөөс ч өргөн хүрээтэй.
Ээж, аавын мэргэн ухаан
Эцэг эхийнх нь Аркад заасан нэг үнэ цэнтэй сургамж бол эргэн тойрныхоо муу нөлөөнд өөрийг нь унагах боломж олгохгүй байх явдал юм. “Манай сургуулийн олон хүүхэд надад кофе, цай уулгаж, тамхи татуулах гэх мэтийг хийлгэх гэж үздэг.”
Энэ бол гэрт байнга өрнөдөг ярианы сэдэв юм. “Би эцэг эхтэйгээ энэ талаар олон удаа ярьж байсан. Тэд нэг л зүйлээ үргэлж давтан хэлдэг” гэж тэр хошигнов.
Нэг зүйлээ байнга давтаж байсан ч энэ нь үр дүнгээ өгчээ. Итгэл үнэмшлийнхээ эсрэг ямар нэг зүйл хийхийг түүнээс хүсэх болгонд Арк эцэг эхийнхээ заасан зүйлээс хүчээ сэлбэдэг.
Тэр бас хэрхэн хувцаслах талаар тэднээс сургамж авсан. Үгүй ээ, энэ нь сургуульдаа бусадтай илүү сайн таарч тохирохын тулд Аркад эцэг эхээсээ загварын зөвлөгөө авах хэрэгтэй байсан гэсэн үг биш л дээ. Үнэндээ энэ тал дээр тэр бусдаас илүү гэхээс дутахааргүй. Арк “Бүхий л дажгүй гэсэн хувцсыг би өмсдөг байлаа. Би охидод таалагдахын тулд их хичээдэг байсан” гэв.
Тийм ч гэлээ, ингэж хувцаслах нь санамсаргүй үр дагаврыг авчирна гэдгийг ойлгоход эцэг эх нь тусалжээ. “Бидний өмсдөг хувцас таны талаарх бусдын бодолд нөлөөлдөг” гэж Арк тайлбарлав. Үүнд илүү анхаарал тавьж ажигласнаар, өмнөх шигээ хувцаслахад өөрийнх нь тухай бусдын зарим бодол түүнд таалагдахгүй байгааг тэр ойлгосон юм.
Одоо тэр илүү энгийн, даруухан буюу өөрийнх нь хэлдгээр “номын хүн” шиг хувцасладаг болсон. Түүнд шинэ дүр төрх нь таалагддаг бөгөөд сүнслэг байдлын хувьд хувцаслалтдаа санаа зовохоо больжээ. (Арк аа, үүнээс гадна номын хүмүүс ч гэсэн дажгүй шүү! Энэ бол баттай зүйл.)
Насан туршдаа сурч боловсрох
Арк амьдарч буй газартаа болон гэр бүлдээ хайртай бөгөөд эцэг эхээсээ суралцах дуртай.
Тэр бас сайн мэдээг судлах дуртай.
Арк “Есүс Христ амьд гэдэгт би итгэдэг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол бидний амьд бошиглогч бөгөөд Есүс Христ Иосеф Смитээр дамжуулан Өөрийн Сүмийг сэргээсэн гэдэгт би итгэдэг. Сайн мэдээ бидний амьдрал, туулсан аливаа саад бэрхшээл, зовлон зүдгүүрээр дамжуулан бидэнд тусалж чадна гэдэгт би итгэдэг” гэж хэллээ.
Арк ирээдүйд ямар гайхалтай зүйлийг сурч мэдэх вэ гэдгээс үл хамааран аль хэдийн хамгийн чухал зарим зарчмыг сурч мэдсэн. Гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх нь амьдралыг амттай болгодог гэж жагсаалтынх нь эхэнд байдаг.