“Есүс Христ … чадна,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 9-р сар.
Ирээд, Намайг дага
Сургаалт үгс, Номлогчийн үгс, Исаиа
Есүс Христ … чадна
Хэдэн мянган жилийн өмнө бичигдсэн үнэнүүд Их Эзэний өнөөдөр чиний төлөө юу хийж чадахыг заадаг.
Бурханы үнэнд дуусах хугацаа гэж байдаггүй. Яагаад гэвэл, энэ нь “тэдгээр зүйлүүдийг байгаагаар нь, мөн тэдгээр зүйлүүдийг үнэхээр байхаар нь” (Иаков 4:13) мэдэх мэдлэг юм.
Хуучин Гэрээнд хэдэн мянган жилийн өмнө бичигдсэн үнэнүүд одоо ч үнэн хэвээр. Харин тэдний зарим нь Их Эзэний өнөөдөр чиний төлөө юу хийж чадахыг олж харахад чамд тусалдаг. Сургаалт үгс, Номлогчийн үгс, Исаиа (энэ сард чиний судлах) ном дээрх хэдэн үнэнийг дурдъя. Тэдгээр нь Есүс Христ … чадна гэдгийг чамд харуулдаг.
Зам мөрийг чинь чиглүүлнэ
Заримдаа бидэнд эргэлзэх, төөрөлдөх эсвэл удирдамж заавар хэрэгтэй мэт санагддаг. Хэрэв чи Их Эзэнд бүрэн итгэж найдан, даруу байж, талархах юм бол “Тэрээр зам харгуйг чинь шулуутгана” (Сургаалт үгс 3:5–6-г үзнэ үү).
Хэрэв Түүний зарлигуудыг сахих юм бол Тэрээр “явах замаар чинь удирд[аж]” мөн “амар тайван чинь гол мэт” (Исаиа 48:17–18) болно.
Чамд харах өнцгийг өгнө
Дэлхийн хандлага, амьдралын хэв маяг дажгүй эсвэл зугаатай мэт санагдаж болох юм. Гэвч Есүс Христийн сургаал бидэнд дэлхийн арга зам ямар хий хоосон, хоромхон зуурынх болохыг олж харахад тусална.
Бүх зүйл “Наран доор хийгддэг … бүгд л хоосон агаад салхи хөөцөлдсөн хэрэг” (Номлогчийн үгс 1:14). Өөрөөр хэлбэл, ертөнцийн арга зам бүтэлгүйтлийг авчирдаг. Энэ нь салхины араас хөөцөлдөж, барьж авахыг оролдохтой адил юм. Бурханыг хүндэлж, эрхэмлэн дээдэлж, Түүний тушаалуудыг сахиснаар бид аз жаргалыг хүлээн авдаг (Номлогчийн үгс 12:13-ыг үзнэ үү).
Дэлхийд олон хүн “мууг сайн, сайныг муу гэж …, харанхуйг гэрэл, гэрлийг харанхуйгаар сол[ьж], гашууныг амттай, амттайг гашуунаар орлуул[даг]” (Исаиа 5:20). Гэвч Их Эзэн бидэнд үнэнийг харуулдаг. Түүний зам, үгийг дагаснаар бид “баяртайгаар гарч явж, амар тайвнаар хөтлүүлнэ” (Исаиа 55:8–12-ыг үзнэ үү).
(Мөн Исаиа 40:6–8; 51:7–8-ыг үзнэ үү.)
Нүглээ уучил
Бид бүгдээрээ алдаа гаргадаг. Бүгдээрээ л нүгэл үйлдсэн. Хэрэв бид наманчилж, Бурханы зарлигуудыг сахихыг хичээх аваас Есүс Христ биднийг дахин цэвэршүүлж, эрүүл болгоно. “[Биднийг] өрөвдө[нө] ЭЗЭН, Өгөөмрөөр ууч[илна]” (Исаиа 55:7). Тэр ийн хэлсэн.
“Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно. Хүрэн лугаа улаан боловч ноос лугаа адил болно” (Исаиа 1:18).
“Би, зөвхөн Би л … гэмт үйлдлийг чинь арилган Нүглийг чинь дурсахгүй” (Исаиа 43:25).
Чамайг хүчирхэгжүүлнэ
Заримдаа бидэнд сул дорой эсвэл ядарч туйлдсан мэт санагддаг. Есүс Христ чамд хүч чадал өгч чадна. “Учир нь ЭЗЭН БУРХАН дотор Мөнхийн хад бий” (Исаиа 26:4). Хэрэв чи даруу байж, Түүнд итгэж найдах юм бол Тэрээр уруу таталтыг эсэргүүцэх, хүнд хэцүү шийдвэр гаргах эсвэл саад бэрхшээлийг үл харгалзан үргэлжлүүлэн цааш явахад чинь туслах болно. Тэрээр:
“Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ. Чамд үнэхээр тусална” (Исаиа 41:10) хэмээн хэлсэн.
Чамайг хэзээ ч мартахгүй
Аврагч Есүс Христ бидний Тэнгэрлэг Эцэгийг болон чамайг хайрладаг тул чиний төлөө Өөрийгөө золиосолсон. Түүний золиос чамд амилуулагдан, Тэнгэрлэг Эцэгтэй адилхан болох боломжийг олгосон билээ. Тэр чамайг хэзээ ч орхихгүй бас мартахгүй. Тэр:
“Эх хүн хөхүүл хүүхдээ марта[х] … уу? Хэдийгээр тэд мартаж болох ч Би чамайг мартахгүй.
Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн” (Исаиа 49:15) хэмээн хэлсэн.
Тэр бидний төлөө маш их зүйлийг хийсэн бөгөөд хэзээ ч биднийг мартахгүй учраас бид ч мөн адил “үргэлж Түүнийг санаж” явахыг хичээх ёстой (Сургаал ба Гэрээ 20:77, 79).