2022
Тусламжийн гараа сунгаж, сайн сайхныг эрэлхийл
2022 оны 9-р сар


“Тусламжийн гараа сунгаж, сайн сайхныг эрэлхийл,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 9-р сар.

Амьдралд зориулсан тусламж

Тусламжийн гараа сунгаж, сайн сайхныг эрэлхийл

Бид бүгд өөр хоорондоо адилгүй ч бүгд Бурханы хүүхдүүд бөгөөд энэ бол гайхамшигтай зүйл юм!

Залуу эмэгтэй уран зураг харж байгаа нь

Гэрэл зургийг Getty Images-ээс авав

Бүх уран зургийг дан ганц хөх өнгөөр будсан, бүх хоол нь адилхан амттай, дуу болгон нь ганцхан ноотоос бүрдсэн дэлхий ертөнцөд амьдарч байна гээд төсөөл. Чамд ямар байхыг мэдэхгүй ч миний хувьд ийм байх нь дэндүү уйтгартай гэж бодож байна!

Урлаг, амт, хөгжим өөр хоорондоо адилгүй байх нь дэлхийг хэмжээлшгүй ихээр сонирхолтой, үзэсгэлэнтэй болгодог. Үүний нэгэн адил хүмүүсийн өөр өөр гарал үүсэл, итгэл үнэмшил, гадаад төрх, үндэс, угсаа гарал, туршлага нь энэ дэлхийг гайхамшигтай болгодог.

Би хар багаасаа дийлэнх нь ислам шашинтай Арабт олон жил амьдарсан. Дундуур нь хэсэг хугацаанд би Английн дотуур байртай сургуульд суралцаж байсан. Араб, Англи хоёрын аль алинд нь би янз бүрийн л хүмүүстэй тааралдаж байлаа. Эхэндээ өөрөөсөө өөр олон янзын хүмүүсийн дунд байх амаргүй байвч эцэст нь ихэнх ялгаатай тал маань сайн, бүр гайхалтай байдгийг би өөрийн туршлагаар олж мэдсэн! Дэлхийн олон орны янз бүрийн соёл, итгэл үнэмшилтэй хүмүүстэй харилцаж байсан явдал миний амьдралыг хэмжээлшгүй ихээр баяжуулсан юм.

Өөрөөсөө өөр хүмүүсийг хүндэлж, ойлгоход тус болох өөрийн сурсан зарим зүйлийг дурдъя.

Залуу эмэгтэй, залуу эрэгтэй хоёр

Сайн сайхныг нь олж хар

Заримдаа хүмүүсийн сайн сайхан талыг шууд олж харж чадахгүй байж болох ч бид тэдгээрийг хайр, энэрлээр хайвал сайн сайхныг нь олж хардаг нь гайхалтай. Ийн хайх нь чиний зүрх сэтгэлийг нээж, бусдаас суралцахад тусална.

Хүмүүс ямар нэгэн байдлаар сэтгэлийн шарх амссан учраас ойлгоход бэрх үйлдэл гаргаж байж болох юм гэдгийг санах нь зүйтэй. Бараг хүн бүрд ямар нэгэн эмзэглэдэг зүйл эсвэл зовлон шаналал байдаг. Магадгүй чамд ч бас ийм зүйл байж болох юм. Чи үүнийг ухаарснаар хүмүүс яагаад ийм байдгийг илүү сайн ойлгож, улмаар бусдын сайн сайхныг илүү амархан олж харж чаддаг болно. Харин дараа нь чи тэдэнд тусалж, адислах арга замаа олж чадна.

Сонсож байгаа залуу

Идэвхтэй сонс

Бид бусдыг сонсох буюу үнэхээр сонсох үед хүндлэх, ойлгох зам эхэлдэг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бид сайн мэдээг хуваалцах гэж ихэнхдээ яардаг бөгөөд энэ нь сайн хэрэг! Эцсийн эцэст Есүс Христийн сайн мэдээ бол бидний хуваалцаж чадах хамгийн гайхамшигтай мөнхийн бэлэг юм. Гэхдээ заримдаа бид тэдний талаар юу ч ойлгоогүй мөртлөө итгэл үнэмшлээ хуваалцдаг. Бид бусдыг идэвхтэй сонсож, тэднээс суралцах хэрэгтэй. Бид бас уулзах хүн бүрийнхээ талаар илүү ихийг ойлгож мэдэн, тэдэнд илүү их талархаж чадна.

Гараараа зүрх үзүүлж буй залуу эмэгтэй

Нийтлэг байр сууриа хайж ол

Саяхан Арабын буланд айлчлах үеэрээ би надаас тэс өөр олон хүнтэй уулзсан. Гэхдээ би тэдэнтэй ойртож танилцсанаар суурь итгэл үнэмшил маань тийм ч эрс ялгаатай биш юм байна гэдгийг олж мэдсэн юм. Би ижил төстэй талуудаасаа урам зориг авсан.

Бидэнд мөргөлдөөний улмаас орон гэргүй болсон эсвэл хохирол амссан дүрвэгчдэд туслах гэсэн нэгдмэл нэг хүсэл байгааг би олж мэдсэн юм. Ийм нэгдмэл хүсэл байгааг олж мэдсэн нь үнэхээр гайхалтай явдал байв. Би үүнд баярлаж, уулзсан хүмүүсээ ямар их хайрлаж байгаагаа мэдэрсэн.

Нэгэнт нийтлэг зүйлээ олж мэдсэн учраас бид дараа нь нэг нэгнийхээ талаар үнэхээр мэдэж авъя гэсэн хүсэлтэйгээр өөрсдийнхөө ялгаатай болон нийтлэг үнэт зүйлсийнхээ талаар ярилцаж чадсан юм. Энэ үйл явдал надад сайн хүмүүс хаана ч байсан итгэл үнэмшлийнхээ дагуу сайн сайхныг хийхийг хичээдэг гэдгийг сануулсан.

Дугуй унаж буй залуу эрэгтэй

Ажигч гярхай бай

Бусадтай харилцах гайхалтай арга зам бол ажигч гярхай байж, харилцан яриа өрнүүлэх ямар нэгэн арга зам олох явдал юм. Жишээлбэл: Хэрэв хэн нэгэнд гайхалтай дугуй байгааг анзаарч харсан бол “Хөөх, надад дугуй чинь таалагдаж байна!” гэж хэлээд, дугуйных нь талаар тэднээс асуу.

“Өнөөдөр танд ямар байна?” гэх мэт энгийн асуулт нь хэн нэгэнтэй холбогдоход чамд тусална. Эхлээд эвгүй санагдаж магад. Эхлээд дадлага хийх шаардлагатай ч сайн туршлага хуримтлуулснаар чамд таатай санагдах болно.

Ухаалаг утас

Өөрийнхөө хүрээллээс гадуур хар

Аврагч өөр соёлтой олон хүнтэй уулзаж байсан. Тэрээр бусдын цэрвэж, зайгаа барьдаг байсан хүмүүст ч гэсэн тусламжийн гараа сунгасан. Тэрээр өвчтэй, гадуурхагдсан хүмүүстэй уулзахыг бүхий л чадлаараа хичээдэг байв. Тэр тэдэнтэй ярилцаж, тэднийг эдгээдэг байсан.

Хэрэв бид Түүний аминч бус хандлагыг дагах юм бол энэ дэлхий илүү сайхан газар болох болно. Бусдад том, жижиг зүйлээр туслаарай. Эелдэг үгтэй зурвас илгээ, амттанаар дайл, бусдын үл тоосон хэн нэгнийг татан оролцуул. Дээрхтэй адил сайн үйлс нь чамд эргэн тойрныхоо хүмүүстэй харилцаа холбоо тогтооход тусална. Гайхалтай нь, эдгээр үйлс биднийг илүү сайн сайхан болгодог.

Есүс Христ

Үүнийг бүү алд

Хоёр дахь нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” (Матай 22:39) гэсэн агуу тушаал юм. Бид бүгдээрээ Бурханы хүүхэд гэдгийг сана. Өөртэйгөө адилгүй хүмүүстэй буюу хөрштэйгөө уулзах үед миний ертөнцийг үзэх үзэл тэлж, би илүү сайн хүн болдог. Бусдаас суралцах боломжоо бүү алд.

Хэрэв чи эргэн тойрныхоо хүмүүсийн ялгааг хайрлаж, хүндэлж сурвал дэлхий ертөнц ямар гэрэл гэгээтэй, ямар гайхамшигтай байж болохыг хараад шагших болно.