2022
Исаиаг ойлгоход туслах Нифайн дөрвөн түлхүүр
2022 оны 9-р сар


“Исаиаг ойлгоход туслах Нифайн дөрвөн түлхүүр,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 20221 оны 9-р сар.

Ирээд, Намайг дага

Исаиа

Исаиаг ойлгоход туслах Нифайн дөрвөн түлхүүр

Исаиаг уншихад асуудал гарав уу? Нифай чамд тусална!

Алтан ялтаснууд дээр бичиж буй Нифай

Зураг чимэглэлийг Кэвин Кийл

Хуучин Гэрээн дэх бошиглогч Исаиагийн бичвэрүүдийг Шинэ Гэрээнд болон Мормоны Номд маш олон удаа эш татсан байдаг тул чухал гэдэг нь ойлгомжтой. Аврагч Өөрөө “Исаиагийн үгс агуу” (3 Нифай 23:1) хэмээн хэлсэн.

Ийм байтал яагаад тэдгээрийг ойлгоход тийм хэцүү байх ёстой вэ?

Бүү шантар! Нифай бидний зовлонг мэдэж байсан. Тэрээр “ойлгоход бэрх олон зүйлийг Исаиа ярьсан” (2 Нифай 25:1) гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Аз болоход, Нифай Исаиагийн үгсийн утга агуулгыг нээхэд бидэнд туслах дөрвөн түлхүүрийг өгсөн юм.

Нэг дэх түлхүүр: Хожмын өдрүүдэд амьдар

Нифай “эцсийн өдрүүдэд” амьдрах хүмүүс Исаиагийн үгсийг “ойлгож” чадна хэмээн бичсэн (2 Нифай 25:8). Магадгүй энэ нь Исаиагийн үед амьдарч байсан хүмүүст байгаагүй харах өнцөг эцсийн өдрүүдэд амьдрах хүмүүст байхтай холбоотой байж болох юм. Дээр үед хүмүүс хэрхэн “мууг сайн, сайныг муу” (Исаиа 5:20) гэж дуудахыг ойлгоогүй байж болох ч энэ бүхэн бидний эргэн тойронд болж байгааг бид хардаг.

Түүнчлэн дээр үед амьдарч байсан хүмүүс Их Эзэн “Би энэ ард түмний дотор ер бусын гайхамшигт, гайхалтай зүйлийг дахин бүтээнэ” (Исаиа 29:14) гэснээр юуг илэрхийлэх гэснийг нь ойлгоогүй байж болох юм.

Орчин үеийн бошиглогчид бидэнд энэхүү “гайхамшигт ажил ба гайхамшиг” бол Мормоны Ном урагш гарч ирэх болон Есүс Христийн сайн мэдээний үргэлжлэн явагдаж буй Сэргээлтийг илэрхийлж байгааг хэлсэн. Чи Исаиагийн олон бошиглол биелснийг гэрчилж болох цаг үед амьдрахаар адислагджээ.

Хоёр дахь түлхүүр: Бошиглолын Сүнстэй бай

Исаиагийн үгс “бошиглолын суу билгээр дүүргэгдсэн тэд бүгдэд тодорхой” (2 Нифай 25:4) болохыг Нифай хэлсэн. Энэ нь эхэндээ сүрдмээр сонсогдож болох ч зөвхөн бошиглогчид Исаиаг ойлгож чадна гэсэн үг биш юм. Судрууд “Есүсийн гэрчлэл бол эш үзүүллэгийн сүнс мөн” (Илчлэлт 19:10) болохыг заадаг. Өөрөөр хэлбэл, хэрэв чи Есүс Христэд итгэдэг бол Исаиаг ойлгоход шаардагдах наад захын зүйл чамд аль хэдийн байгаа!

Исаиагийн бичвэрүүд Есүс Христ, Түүний Цагаатгалын талаар гэрчилдэг. Түүний нэр хүртэл Аврагчийг гэрчилдэг! Исаиагийн нэр “Эзэн бол Аврал” эсвэл “Есүс авардаг” гэсэн утгатай.

Гурав дахь түлхүүр: Яруу найраг, бэлгэдлийг ойлго

Исаиагийн үгсийг “иудейчүүдийн дундах бошиглолын арга ухааны талаар” (2 Нифай 25:1) мэддэггүй хүмүүс ойлгоход амаргүй болохыг Нифай тайлбарлажээ. Бид Исаиагийн амьдарч байсан үеийн яруу найраг, бэлгэдэл гэх мэт дорно дахины бичгийн уламжлалын талаар илүү ихийг сурч мэдэх юм бол Исаиагийн үгсийг ойлгоход илүү хялбар болно. Исаиа бичвэртээ ихэвчлэн нарийн төвөгтэй тэмдгүүдийг ашигладаг байв.

Жишээлбэл: Исаиа “өндөр мөн хөөрс[өн],” “Ливаны бүх хуш моднууд” болон “Башаны [Сири] бүх царснууд” шиг хүмүүсийн тухай бичсэн (2 Нифай 12:13). Хуш, царс хоёр хатуу мод юм. Бардам, эрхэмсэг хүмүүс зүрх сэтгэлээ хатууруулж, өөрсдийгөө бусдаас илүү гэж боддог учраас Исаиа яруу найргийн үг хэллэг ашиглан тэднийг өндөр модтой адил хэмээжээ. Исаиаг яруу найраг маягаар унших нь түүний заасан зүйлийг илүү сайн ойлгоход бидэнд тусална.

Дөрөв дэх түлхүүр: Газар орныг мэдэх

Исаиа бичвэртээ 108 өөр газрын нэрийг дурдсан байдаг. Ялангуяа хэзээ ч тэнд амьдарч байгаагүй хүнд үүнийг өөр хооронд нь хольж хутгахгүй байх амаргүй байж магад! Нифайн дөрөв дэх түлхүүр бол Иерусалимын “эргэн тойрны нутгийг” мэддэг байх явдал юм (2 Нифай 25:6).

Иерусалим нь өмнө байсан газраа л байгаа. Гэхдээ эрт дээр үед дэлхийн гурван хүчирхэг гүрний дунд оршиж байсан. Зүүн зүгт урлаг, загварын төв болох Вавилон байв. Хойд зүгт Исаиагийн амьдарч байсан үеийн хүчирхэг армитай Ассири байв. Баруун өмнө зүгт худалдааны төв болох Египет байв. Эдгээрийг л мэддэг байх нь хэн Израил руу довтлохоор заналхийлж, хүмүүсийг нь боолчлохоор авч явсныг мөшгөж мэдэхэд бидэнд тусална. Бэлгэдлийн хувьд Вавилон нь дэлхийн үзэл санаа, Ассири нь бардамнал, Египет эд баялгийг тус тус төлөөлдөг.

Исаиагийн үгс чамд зориулагдсан

Исаиа бидний ойлгосон байвал зохих өөр олон зүйлийг заасан. Тэрээр Израилын тараалт, цугларалтыг гэрчилсэн бөгөөд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “цугларалт өнөөдөр дэлхий дээр болох хамгийн чухал зүйл юм. … Хэрэв та нар сонговол, хэрэв та нар хүсвэл үүний нэгэн томоохон хэсэг байж чадна” хэмээн хэлжээ (“Израилын найдвар” [Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], 8, HopeofIsrael.ChurchofJesusChrist.org; Исаиа 49:13–23-ыг үзнэ үү).

Есүс Христийн Хоёр дахь ирэлт

Түүнчлэн Исаиа Аврагчийн Хоёр дахь ирэлтэд болон мянган жилийн хаанчлалд бэлдэн Сионыг барьж босгох талаар гэрчилсэн (жишээлбэл: Исаиа 5152-ыг үзнэ үү). Есүс Христийн тухай гэрчлэлтэй байхад Сүнс Исаиагийн үгсийн ач холбогдлыг болон тэдгээр нь өнөөдөр чиний амьдралд хэрхэн тусалж, адислахыг гэрчилнэ.