Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Есүс Христийн шавь билээ би
2024 оны 1-р сар


“Есүс Христийн шавь билээ би,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 1-р сар.

2024 оны Өсвөр үеийнхний уриа

Би бол Есүс Христийн шавь

Чи Аврагчийг дагаж, Түүний үгийг бусдад түгээж чадна.

2024 оны Өсвөр үеийнхний урианы лого

Есүс хүмүүсийг эдгээснийхээ дараа заримд нь яагаад хэнд ч хэлж болохгүй гэсэн юм бол гэж чи гайхаж байсан уу (Марк 7:36-г үзнэ үү)? Нэг шалтгаан нь Түүнд хэрэгтэй байсан дагагчидтай холбоотой байж болох юм. Хүмүүс өөрсдийн эдгэрсэн тухайгаа ярих нь Есүс олон дагагчтай болох сайн арга гэж чи бодож магадгүй. Гэсэн хэдий ч Есүст зөвхөн дагагчид хэрэгтэй байгаагүй. Түүнд шавь нар хэрэгтэй байсан.

Есүс Петр, Андрей хоёрт “Намайг дага” хэмээн хэлсэн (Матай 4:19). Иосеф Смитийн Орчуулгад энэ шүлэг, “Бошиглогчдоор бичигдсэн тэр нь би болой; намайг дагагтун” гэсэн байдаг (Иосеф Смитийн орчуулга, Матай 4:18, [Матай 4:19, зүүлт тайлбар а). Энэ нь зүгээр нэг Түүнтэй хамт хэсэг хугацаанд цагийг өнгөрөөх урилга байгаагүй. Тэрээр тэднийг мөнхөд Өөрийнх нь шавь нар байгаасай хэмээн хүссэн.

Тэрээр тэднээс хэрхэн хүмүүст зааж, хүмүүсийг хайрлаж, гайхамшгуудыг үйлдэж байгааг нь зүгээр нэг хараасай гэж хүсээгүй. Есүс тэднээс тийн үйлдээсэй хэмээн хүссэн. Тэрээр Түүний ажил тэдний ч ажил болоосой гэж хүссэн. Христийг сонгох нь Түүний үйлчилсэн шиг үйлчилж, Түүн шиг боддог байхыг хэлнэ. Өөрийнх нь амьдарсан шиг амьдарч, Өөртэй нь илүү адил болоход хэрэгтэй зүйлсийг Тэрээр тэдэнд зааварчилж туслах болно.

Есүс Христ

Грек хэлэнд шавь гэх үгийг матэтэс гэдэг. Энэ нь дагагч буюу сурагч гэсэн утгатай. Энэ нь ихэвчлэн дагалдан сурагч гэж орчуулагддаг. Христийн үед шавь нар багш болохын тулд суралцахыг хүссэн багшаа ихэвчлэн өөрсдөө сонгодог байв. Христ энэхүү хэв маягийг дагаагүй юм. Харин оронд нь Тэр өөрөө шавь нараа хайсан. Өнөөдөр Христ биднийг Өөрт нь ирэхэд урьдаг. Тэрээр биднийг Өөрийнх нь шавь байж, Өөрийнх нь хүмүүс үүрдийн амьдралтай байж болохын тулд үгийг нь тунхаглахад дууддаг (3 Нифай 5:13-ыг үзнэ үү).

Карибын тэнгисийн Гайти улсын нэгэн залуу эмэгтэй Сүмийн гишүүн бус найзаа ӨҮБББТ чуулганд хамт явахад урьж Христийн шавь байх хүслээ харуулжээ. Эхэндээ найзынх нь аав охиноо явуулахыг зөвшөөрсөнгүй. Сүмийн удирдагчид чуулганы эерэг үйл явдлуудыг болон охиныг нь харж хандах гайхалтай залуу насанд хүрэгчдээс бүрдсэн зөвлөхүүдийн талаар тайлбарлав. Охиныхоо амьдралд гарсан өөрчлөлтийг хараад уг аав охиноо Сүмд явахыг зөвшөөрөв. Түүнчлэн зургаан сарын дараа баптисм хүртэхийг нь ч зөвшөөрчээ.

Өмнөд Америкийн Аргентин улсын нэгэн залуу эрэгтэй сургууль руугаа автобусаар явж байхдаа найзтайгаа чихрээ хувааж идсэнээр Христийн шавь байх хүслээ харуулжээ. Чихэр идэж байхад нь кофены амттай чихэр гарч ирэхэд тэрээр гэрийнхэн нь кофе уудаггүй учраас амтыг нь огт мэдэхгүй тухайгаа тайлбарлав. Энэ нь Сүмийн тухай яриа өрнүүлэхэд хүргэж, улмаар Сүмийн цуглаануудад урьж, тэгснээр найз нь Сүмд нэгдэж, Чили улсад номлолд үйлчилжээ.

Чиний Сүмийн тухай ярьсан эсвэл үйл ажиллагаанд урьсан хүн болгон Сүмд нэгдэхийг хүсэхгүй. Гэсэн ч зүгээр дээ. Христ дэлхийд тохинуулж байх үед Түүний ярьсан хүн болгон Сүмд нэгдээгүй. Гэсэн ч бид Есүс Христийн шавь байж Түүний үгийг тунхаглахыг хүсвэл Тэр бидэнд зориг мөн тэнгэрлэг тусламж өгнө. Бид хэрхэн Түүн шиг байхыг сурна. Энэ нь шавь нарын хийдэг зүйл.