“Харьцуулахаа боль! Чи хангалттай сайн,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 9-р сар.
Ирээд, Намайг дага
Харьцуулахаа боль! Чи хангалттай сайн
Нифайн ах нарын нэг болох Самаас сурах дөрвөн зүйл.
Ангид үргэлж зөв хариултыг мэддэг нэг сурагч байж байдаг. Сагсан бөмбөгийн багт дандаа чамаас олон гоол оруулдаг хүүхэд байдаг. Хүн болгон найзлахыг хүсдэг хүн байдаг. Бүх зүйлийг харьцуулдаг дэлхийд биднээс илүү хэн нэгэн үргэлж л байдаг.
Ялангуяа сайн мэдээний дагуу амьдрах үед харьцуулалт нь хэцүү байх талтай. Бусад хүн чамаас илүү зөв шударга, илүү хүчтэй гэрчлэлтэй, Ариун Сүнсийг илүү тодорхой мэдэрдэг гэх мэт бодол чамд төрдөг байж магадгүй. Гэхдээ ингэж өөрийгөө харьцуулах нь ач холбогдолгүй зүйл юм.
Мормоны Номоос чи Нифайг агуу удирдагч, мөн бошиглогч байсныг мэдсэн байх. Гэвч Нифайн итгэлтэй ах Самын талаар чи хэр их мэдэх вэ? Тэр Нифай шиг удирдагч эсвэл бошиглогч байгаагүй. Гэсэн ч тэр сайн байхын тул заавал Нифай шиг байх шаардлагагүй байсан.
1. Сам итгэсэн
Гэр бүлээ авч аглаг буйдын зүг явахыг Их Эзэн зарлигласан талаар Нифай залбирч, өөртөө хариулт авсан. Мөн Сам “[Нифайн] үгэнд итгэв” (1 Нифай 2:16–17-г үзнэ үү). Сам төгс гэрчлэлтэй байгаагүй байх. Түүнд асуултууд байсан л байж таарна. Гэвч тэрээр дүүгийнхээ үгэнд итгэхийг сонгож, итгэлийнхээ дагуу үйлдсэн. Өөрийнхөө итгэл гэрчлэлийг бусдынхтай бүү харьцуул. Самын адил итгэлээ үйлдэл болгосноор, Аврагчийн тухай гэрчлэл чинь бага багаар өснө. (Сургаал ба Гэрээ 46:13–14; Алма 32-ыг мөн үзнэ үү.)
2. Сам даруу байсан
Дүү Нифай нь удирдагч болсонд Лемен, Лемүел хоёр дуртай байсангүй. Харин Сам Нифайн ах хэдий ч даруухан байсан. Тэр Нифайг сонсож зөвлөгөөг нь дагасан (2 Нифай 5:3–6-г үзнэ үү). Хэрэв чи биш өөр хэн нэгэн удирдахаар болбол даруу байж, бүү харьцуул. Тэднийг дэмжиж, тэднээс суралцаж, мөн зөвийг сонгохыг хичээ.
3. Сам тэвчээртэй байсан
Эргэн тойрны чинь хүмүүс бүгд төгс төгөлдөр амьдралтай мэт санагддаг уу? Үнэндээ бүгд л хэцүү зүйлийг туулж яваа. Сам ч мөн ялгаагүй. Лемен, Лемүел хоёр Нифайн эсрэг байсан шигээ Самын ч эсрэг байсан. Тэд Нифайг цохисон шиг Самыг ч мөн саваагаар занчсан. 1 Нифай 3:28; 1 Нифай 7:6-г үзнэ үү. Гэвч Сам зовлонгоо тэвчээртэйгээр давсан. Хэцүү зүйлсийг туулна гэдэг нь чи ямар нэг зүйлийг буруу хийж байна гэсэн үг биш. Өөрийн бэрхшээлийг бусдынхтай бүү харьцуул. Тэвчээртэй байж Их Эзэнд найд. Тэр чамд тусална.
4. Сам адислагдсан
Самын эцэг Лихай, “чи өөрийн бүх өдрүүдэд адислагдах болно” хэмээн Самд хэлсэн (2 Нифай 4:11). Сам удирдагч эсвэл бошиглогч байгаагүй ч Есүс Христийг итгэлтэйгээр дагаж, үүнийхээ адислалыг хүртсэн. Аврагчийн тусламжтайгаар тэр хангалттай сайн байсан. Чи ч бас чадна.