Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Гэрэл өөд тэмүүл!
2024 оны 1-р сар


“Гэрэл өөд тэмүүл!,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 1-р сар.

Ирээд, Намайг дага

Мормоны Номын нүүр хуудас; Мормоны Номын удиртгал

Гэрэл өөд тэмүүл!

Мормоны Ном амьдралд чинь гэрэл гэгээ, хүч чадал авчирч, ирээдүйн сорилт бэрхшээлтэй мөн сэтгэл хөдөлгөм өдрүүдэд чамайг удирдан чиглүүлэх болно.

судар дахь залуу эмэгтэй

Зураг чимэглэлийг Габриэл Краколичи

Би багадаа Мормоны Номын Жаредын ахын түүхэд дуртай байв. Би түүний адал явдлыг оюун санаандаа кино мэт төсөөлдөг байлаа. Уншиж байхтай зэрэгцээд үйл явдал нь яг л өрнөж буй мэт санагдсан.

Их Эзэн Жаредын ахад гэр бүлийнхээ хамтаар “амлалтын нутаг” руу очихоор далайг гатлахын тулд далайн хөлгүүд барихыг зарлиглажээ (Ифер 2:9). Гэвч тэдгээр далайн хөлөг гэрэлгүй байв. Харанхуйд аялахгүйн тулд Жаредын ах Их Эзэнээс тусламж хүслээ. Их Эзэн түүнээс, “Намайг хэрхэхийг та нар хүснэ вэ?” гэж асуув (Ифер 2:23).

Агуу итгэлтэйгээр Жаредын ах 16 ширхэг чулуу аван уулын оройд гарч залбирав. “Тэдгээр нь харанхуйд гэрэлтэж болохын тулд” чулуунуудад хүрэхийг Их Эзэнээс тэр хүслээ (Ифер 3:4). Тэр үед Их Эзэн мутраа сунган чулуу бүрд хуруугаа хүргэн гэрэл өгөв. Их Эзэн чулуунд хэрхэн хүрснийг би амьдралынхаа турш төсөөлсөөр ирсэн.

Жаредын ах гэрэлтэй болсны адил Их Эзэн Есүс Христ та бүгдэд гэрэл гэгээг авчрах болно. Тэр бол “дэлхийн гэрэл ба амь” (3 Нифай 11:11). Би чамайг Гэрэл өөд тэмүүлэхэд урьж байна! Мормоны Номыг судлах нь Есүс Христэд итгэх итгэлийг чинь хүчирхэгжүүлж, Түүний Гэрэлтэй хамт байхад тусална.

Хөтөч ба Гэрэл

Би Мормоны Номыг уншаад үнэн гэсэн гэрчлэлийг олонтоо мэдэрч байсан. Би хэзээ ч эргэлзээгүй. Сүнсийг мэдрэхгүй үедээ, сүнслэг байдлын хувьд бага зэрэг хазайсан үедээ би харанхуйг мэдэрдэг. Гэвч Мормоны Номыг унших үед гэрэл буцаад ирдэг. Заримдаа ганц шүлэг уншихад л би гэрлийг дахин мэдэрдэг. Би Мормоны Номыг унших үедээ үргэлж гэрлийг мэдэрч чаддаг.

Гэрэл харанхуйг ялан дийлдэг нь миний хувьд бодит зүйл юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Та нар өдөр бүр Мормоны Номыг залбирч судалбал өдөр бүр илүү сайн шийдвэр гаргадаг болно” гэж хэлсэн.1 Учир нь Мормоны Ном Есүс Христэд итгэх итгэлийг чинь нэмэгдүүлдэг. Энэ нь гэрэл мөн хүчийг өгдөг. Үүний сургаалууд ирээдүйн сорилт бэрхшээлтэй мөн сэтгэл хөдөлгөм өдрүүдэд чамайг удирдан чиглүүлэх болно.

Гэрлийг мэдрэх нь

Би Ерөнхийлөгч Нэлсоны дэргэд үйлчлэхээр адислагдсан. Бошиглогчийг өрөөнд орж ирэхэд өрөө тэр даруй илүү гэрэлтэй болдог. Тэрээр Христийн гэрлийг өөртөө авч явдаг.

Христийн гэрлийг мэдэрч буйдаа итгэлтэй байх нь заримдаа хэцүү. Энэ нь нүдэнд бодитоор харагддаггүй. Харин сүнслэг мэдрэмжээр ирдэг. Энэ нь зөв бурууг, мөн үнэн худлыг ялгах мэдрэмж юм (Моронай 7:13–19-ийг үзнэ үү).

Есүс Христтэй илүү адил болохоор сонгох бүрдээ чи Христийн гэрэлд алхдаг. Мормоны Номыг уншсанаар тэрхүү Гэрэл тод болдог.

“Мэдээж, энэ үнэн!”

Сударт “Санагтун, санагтун” (Хиламан 5:12) гэж гарах үед энэ нь зөвхөн Есүс Христийг эсвэл Түүний гэрлийг мэдэрсэн үеэ сана гэсэн үг биш гэдэгт би үнэхээр итгэдэг. Бид Түүний гэрлийг одоо, дахин дахин мэдрэх ёстой. Эрик гэх залуу эрэгтэй Мормоны Номыг анх уншихдаа үүнийг олж мэдсэн юм.

Шинэ газар нүүж очоод, ахлах сургуульд орсныхоо дараа Эрик хичээлдээ маруухан болж, хүүхдүүдтэй нийлэхэд хэцүү байлаа. Тэрээр өөрийн гэсэн гэрчлэлтэй гэдэгтээ эргэлзэж эхлэв.

Эрик “Би амьдралдаа анх удаа Мормоны Номыг нухацтайгаар судалж эхэлсэн. Би өдөр бүр уншиж, залбирсан” гэсэн юм.

Тэнгэрлэг Эцэгээс Мормоны Ном үнэн эсэхийг залбирч асуух үед хариулт авна гэдэгт Эрик итгэлтэй байлаа. Гэвч юу ч болсонгүй.

Хэсэг хугацааны дараа Эрик гэрийнхээ арын ойгоор алхаж явахдаа дахин асуужээ. Энэ удаад харин “Эрик, Мормоны Номыг өдөр бүр уншиж залбирснаас чинь хойш амьдралд чинь юу тохиов?” гэж Тэнгэрлэг Эцэг асууж буй мэт сэтгэгдэл түүнд төрөв.

Эрик сайн найзуудтай болсноо, хичээлдээ сайжирч байгаагаа бодлоо. Ухаарч ойлгоогүй байхад нь Мормоны Ном аль хэдийн түүний амьдралд гэрэл гэгээ, мөн хүч өгсөн байв.

Тэгээд хариултаа авсан.

Эрик хэлэхдээ “Би дуу хоолой сонсоогүй ч зүрх сэтгэл минь Сүнсээр дүүрч, толгойд минь ‘Мэдээж, энэ үнэн!’ гэх үгс орж ирсэн. Би амар тайван, баяр хөөр, тайвшралыг ихээр мэдэрсэн. Би эцэст нь хариултаа олсноо ойлгосон юм”2 гэв.

Гэрэлд урагш тэмүүлэх нь

Мормоны Ном эхнээсээ дуусах хүртлээ “Есүс бол Христ”3 гэдгийг гэрчилж, “энэ амьдралдаа амар амгаланг, ирэх амьдралд мөнх авралыг олохын тулд [бид] юу хийх ёстойг” бидэнд заадаг.4

Чи Мормоны Номыг судлах явцдаа, үүнийг чамд зориулж бичсэн гэдгийг мэдэрнэ гэдэгт би найдаж байна. Мормоны Ном дахь сургаалууд, Нифай, Лихай Сариа хоёр, Абинадай, Алма, Амюлек, Абиш, Мозаягийн хөвгүүд гэх зэрэг олон хүний баатарлаг жишээнүүд чамд урам өгч, удирдан чиглүүлж, чамайг Есүс Христийн сайн шавь байхад хүчирхэгжүүлж, Түүний гэрэлд итгэлтэйгээр алхахад чинь хөтлөх болно.

Мормоны Ном бол Есүс Христ амьд, бидэнд тайтгарал, найдвар, энх амгалан, баяр хөөр, гэрэл өгөгч гэдгийн нандин бөгөөд бат гэрч гэдгийг би гэрчилж байна. Би чамайг Мормоны Ном дахь Гэрэл өөд тэмүүлж Есүс Христэд илүү ойртон, Түүний гэрэл болон хайрын дулаан илчийг хэзээ хэзээнээс илүү мэдрээсэй хэмээн чин сэтгэлээсээ залбирч байна.

Том дэвтэр харандаатай охин