Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Шавиас шавьд
2024 оны 1-р сар


“Шавиас шавьд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 1-р сар.

2024 оны Өсвөр үеийнхний уриа

Шавиас шавьд

Хэрхэн Есүс Христийн шавь байх вэ? Энэ нь чиний бодож байгаагаас ч хялбар. Өөрсдийнх нь амьдрал дахь шавь нарын тухай өсвөр үеийнхний хуваалцсан эдгээр жишээг сонирхоорой.

залуу эрэгтэйчүүд

Кайлэр С., 13 настай

Эквадорын Гуаяас Сагсан бөмбөг мөн хийл тоглох дуртай.

Арик, Майк гэх сүмийн хоёр найз маань надад Есүс Христийн шавь байхын чухлыг заасан. Тэдний үлгэр жишээ намайг номлолд явах илүү их хүсэлтэй болоход тусалсан юм. Тусламж хэрэгтэй хүмүүст Есүс Христийн тухай хуваалцахдаа би одоо баяртай байдаг.

Найзууд маань хэрхэн ярьж байгаагаараа Христийн сайн үлгэр жишээ болдог. Тэд Есүс Христийг дагасан олон туршлагаа хуваалцаж, энэ нь намайг Түүнд илүү ойр болоход урамшуулсан. Жишээлбэл: Хэрэв бидэнд асуулт байвал Бурханаас асууж болохыг найз маань надад заасан. Тэр хариулж буйг бид хэрхэн мэдэх вэ? Бид зүрх сэтгэлдээ мэдэх болно. Энэ нь Бурхан бидэнтэй ярьж буйг мөн бид зөв замыг сонгож байгааг Сүнс бидэнд хэлж байна гэсэн үг. 

залуу эмэгтэй, залуу эрэгтэй хоёр

Аёотундэ Рафаэл A., 15 настай

Нигерийн Оёо. Бүжиглэх, спортоор хичээллэх, номлогчидтой хамт заах дуртай.

Найз Эва (Эваолувагийн товчилсон нэр) маань надад Христийн шавийн үлгэр жишээ болдог. Нэг удаа тэр намайг гомдоож, би түүнд уурласан байв. Тэгээд тэр надаас уучлал гуйсан. Тэр үед би түүнээс даруу байдал болон уучлалын талаар сурсан. Тэр уучлал гуйхдаа их даруухан байсан ба би түүнийг уучилсан.

Миний хувьд Есүс Христийн шавь байна гэдэг нь Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг сахиж, Бурханыг болон Түүний хүү Есүс Христийг хайрлаж, бусад хүнийг анхаарч халамжилна гэсэн үг.

залуу эрэгтэй

Габриэл A. 12 настай

Нигерийн Оёо. Хөл бөмбөг тоглох дуртай.

Би сүмийн нэг дээрэлхүү хүүг мэднэ. Гэвч тэр гэнэт өөрчлөгдсөн. “Чи яагаад өөрчлөгдсөн юм бэ?” гэж түүнээс би асуухаар шийдэв. Тэр надад залбирч, судраа уншиж, итгэлтэй байж, зан авираа өөрчлөхийн тулд их хичээсэн гэдгээ хэлсэн. Энэ нь надад тусалсан. Учир нь би хичээл эсвэл сүнслэг байдлын хувьд шийдвэр гаргахдаа одоо Бурханаас удирдамж хүсэж залбирдаг болсон.

Миний найз төгс биш ч түүний хийсэн үйлдэл сэтгэлийг минь хөдөлгөсөн. Би одоо амьдралдаа чухал зүйлийг хийхээсээ өмнө ихэвчлэн судраас уншдаг болсон. Найзын маань үлгэр жишээ намайг Христэд ойртоход тусалсан. Хэрэв би нүгэл үйлдвэл залбирч мөн наманчилснаар Их Эзэнд эргээд очиж чадна. Их Эзэнд очих нь ачаа дарамтаа орхиход тусалдаг.