“Есүс Христийн шавь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 1-р сар.
Шат шатаар
Есүс Христийн шавь
Мормон өөрийгөө хэрхэн тодорхойлсон нь чамд яагаад хамаатайг бодоод үзээрэй.
Есүс Христийн шавь
Шавь гэдэг үг нь багш эсвэл мэргэжлийн хүнээс суралцдаг хүнийг хэлдэг (сурагч, дагалдан сурагч гэх мэт).
Есүс Христийн шавь нар Түүнээс суралцаж, Түүний сургаалыг дагаж, Түүнтэй адилхан байхыг хичээдэг.
Түүний үгийг тунхаглахаар дуудагдсан
Зарим хүн Христийн үгийг тунхаглах онцгой дуудлагатай байдаг. Жишээлбэл: Номлогчид. Гэвч бид гэрээнүүдээрээ дамжуулан Түүний зарлигуудыг, тэр дундаа дэлхийд гэрэл байх зарлигийг сахина гэж амладаг (Матай 5:14–16-г үзнэ үү). Бид мөн “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч” (Мозая 18:9) болно хэмээн тунхагласан.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн бүр Их Эзэний ажлыг биелүүлэхээр мөн Түүний сайн мэдээг хуваалцахаар дуудагддаг (Сургаал ба Гэрээ 38:40–41-ийг үзнэ үү).
мөнх амьдрал
Мөнх амьдрал гэдэг нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамт селестиел хаант улсад амьдрахыг хэлдэг. Энэ нь Есүс Христэд итгэж, наманчилж, гэрээнүүдийг байгуулж сахин, эцсээ хүртэл тэвчсэн хүмүүст өгөх шагнал юм.
Их Эзэн “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” (Мосе 1:39) хэмээн хэлсэн байдаг. Шавь нар Түүнд ажлаа гүйцэтгэхэд нь тусалдаг.