Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Суралцах олон арга зам
2024 оны 1-р сар


“Суралцах олон арга зам,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 1-р сар.

Суралцах олон арга зам

Дэлхийг илүү сайхан газар болгохыг хүсэж байна уу? Яаж гэдгийг сурч мэдэхээс энэ нь эхэлдэг.

толинд харж буй залуу эмэгтэй

Зураг чимэглэлийг Дийн Макадам

Үс тайрч сурах нь тайзны гэрэл тавихтай ямар холбоотой вэ?

“Энэ миний төлөвлөгөөний нэг хэсэг” хэмээн коллежийн 1-р курсийн оюутан Лиза хэлэв.

Лиза 16 настай байхдаа гоо сайхны сургуульд явж эхэлсэн. Тэрээр өглөө нь ахлах сургуульдаа яваад, үдээс хойш нь гоо сайхны сургуульдаа явж болох хөтөлбөрт хамрагджээ. Тэр одоо коллежид театрын техникчээр сурч байгаа нь гоо сайхны сургууль нь бүтээгүй гэсэн үг биш юм. Үнэндээ, бүх зүйл түүний бодож байснаар болж байна.

“Би коллежийн төлбөрийг төлөхөд хэрэгтэй ур чадвар эзэмшихийг хүссэн. Цаашлаад би энэ чадвараа ашиглан бусдад үйлчилж, үлдсэн амьдралынхаа туршид гэрийнхнийхээ үсийг засаж мөнгө хэмнэнэ!” гэж Лиза дурдав.

Бид яагаад суралцдаг вэ

“Тэнгэрлэг Эцэг Өөрийн хөвгүүд, охидыг үргэлж суралцдаг байгаасай хэмээн хүсдэг.”1 Насан туршдаа суралцах нь яагаад агуу адислал болох талаар цөөн зүйлийг хэлье. Үүнд:

  • Чи найзууд, гэр бүлийнхэндээ болон бусдад илүү сайнаар тусалж, тэдэнд зааж чадна.

  • Сүмд болон амьдардаг газартаа илүү сайнаар үйлчилж чадна.

  • Бие даасан байдалд хэрэгтэй ур чадвартай болно.

  • Нас барсныхаа дараа хуримтлуулсан мэдлэгээ аваад явах боломжтой.

  • Тархиа идэвхтэй ажиллуулах нь эрүүл байхад тустай.

Бид хэрхэн суралцдаг вэ

“Бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэгтүн” хэмээн судар бидэнд заадаг (Сургаал ба Гэрээ 88:118; мөн 130:18-ыг үзнэ үү). Өмнө хэзээ ч байгаагүй суралцах олон боломж бидэнд байна. Жишээ нь:

  • Коллеж, их сургууль, мэргэжлийн сургалт гэх мэт албан ёсны сургуулиуд.

  • “Шилдэг номнуудаас” мэдлэг олж авах (Сургаал ба Гэрээ 88:118). Үүн дээр “шилдэг цахим эх сурвалжуудаас” гэж нэмж болно.

  • Найз нөхөд, гэр бүлийн гишүүдээсээ шууд суралцах.

    Үйл ажиллагааны санаа! Өөрийн салбар, тойрогтоо “ур чадвар солилцох” нэртэй заах үйл ажиллагаа зохион байгуулаарай. Хүн болгон мэддэг зүйлсээ бие биедээ ирж заана.

  • Залбирах, судраас судлах

  • “Та нарт бүгдийг заах” Ариун Сүнстэй байнгын хамтрагч байхын тулд зохистой, итгэлтэй амьдрах (Иохан 14:26).

  • Туршилт, бүтээлч сэтгэлгээ, хүчин чармайлт. Мэдлэгийн нэг гайхалтай зүйл нь өдөр бүр нэмэгддэг явдал юм. Чи дэлхийн мэдлэгийн санд хувь нэмрээ оруулж чадна.

Бид хэзээ суралцдаг вэ

Эцэстээ бид Лиза шиг үс засаж сурна уу, эсвэл шинэ үеийн эрчим хүчний технологи хөгжүүлэлт сурна уу ялгаагүй, үүнийг хийх хамгийн зөв цаг үе гэж байдгийг ерөнхийлөгч Нэлсон бидэнд сануулдаг.

“Тийм ээ, бид өнгөрснөөсөө суралцаж чадна, суралцах ч хэрэгтэй. Тийм ээ, бид ирээдүйдээ бэлдэж чадна, бэлдэх ч хэрэгтэй” гэж тэр заасан. Гэхдээ зөвхөн одоо л бид хийж чадна. Одоо л бид суралцаж чадна. Одоо л бид бусдыг адисалж чадна.”2

Одоо тэгэхээр, чи өнөөдөр юуны талаар сурч мэдэхийг хүсэж байна?