“Их Эзэний их цэргийн нисгэгч,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 1-р сар.
Их Эзэний их цэргийн нисгэгч
Английн Зүүн Мидлэндийн Ламар Ф. хүнд хэцүү үед ч түүнийг өндөрт нисгэх том зорилготой.
“Миний санахын л би онгоцоор нисэхийг хүсдэг байсан” хэмээн 17 настай Ламар Ф. хэлсэн. Тэргэнцрийн уралдаанд ордог байх үеийнх нь нэг найз түүнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нисэж сурахад нь тусалдаг Британийн энэрлийн байгууллага байдаг тухай ярихад Ламар үүнийг оролдож үзэхийг хүсэв.
Тэнгэр мэт хол мөрөөдөл
Тэрээр өнөөх энэрлийн байгууллагын хоёр ч хөтөлбөрт бүртгүүлэв. Тэдний нэг нь 12-18 насны өсвөр насныханд зориулсан Залуу нисгэгчдийн хөтөлбөр (ЗНХ) байв. Эдгээр хөтөлбөр болон бусад бие даасан хичээл нь түүнийг хувийн нисэгчийн үнэмлэх авах гэсэн том зорилгод нэг алхам ойртуулж байна.
Түүнд гэрийнхэн нь урам зориг хайрладаг. Ламарын асран хамгаалагч аав нь жил бүр түүнтэй хамт агаарын шоу очиж үздэг байсан ба түүнийг анх нисэх мөрөөдөлтэй болоход нь хөтөлсөн аж. Үүний дараа тэрээр дөрвөн настайдаа өөр айлд үрчлэгдэж, үрчилж авсан эцэг нь нисгэгчийн үнэмлэх авахаар суралцаж байсан нь Ламарын нисэх сонирхлыг улам нэмжээ. “Тэр надад нисгэгч болох урмыг өгсөн” хэмээн Ламар хэлсэн. Одоо Ламарын нисэж сурч байгаа нэг сэнстэй, таван хүний суудалтай онгоцонд аав нь хамт нисэх боломжтой юм.
Жинхэнэ хөлгөөр анх удаа нисэхдээ Ламар бүх зүйлийг санахын тулд ихэд сандарч байлаа. “Би дээшээ нисэхээсээ өмнө чимээгүйхэн гялс залбирч тайвширсан” гэж тэр хэлэв. Нисэж явахдаа аливааг санахыг хичээх үед тэдгээр бяцхан чимээгүй залбирал түүнд шаардлагатай зүйлсийг хийхэд тусалдаг. Аав нь хойно нь суугаагүй байсан ч Ламар Тэнгэр дэх Эцэг нь түүнтэй үргэлж хамт байгааг мэддэг.
Их Эзэний их цэрэг
Ламарын сэтгэлийг бадраадаг зүйл нь ганцхан нисэх биш юм. Тэр “Би Британийн цэргийн агуу шүтэн бишрэгч. Хааны титэм зүүх ёслолоос авхуулаад оршуулгын ажил гээд бүх зүйлд нь дуртай” гэв.
“Хөгжлийн бэрхшээлээсээ болоод би цэрэгт явж чадахгүй” гэж Ламар хэлэв. Гэвч өмнө нь цэрэг байсан Залуу эрэгтэйчүүдийн удирдагч нь Ламарт урам хайрлажээ. Ламар “Би Их Эзэний их цэрэгт байгаа болохоор заавал дэлхийн цэрэгт явах шаардлагагүй гэдгийг тэр надад үргэлж сануулдаг” гэв. Их Эзэний их цэрэгт байх нь амьдралд юу ч тохиолдсон, хэн ч надад юу ч хийсэн, Есүс Христ миний талд байгаа гэдгийг надад мэдрүүлдэг.
Ламар өөрийн явдаг тусгай хэрэгцээт коллеждоо ойролцоо насны хүмүүст сайн мэдээг хуваалцаж тэднийг Их Эзэний их цэрэгт нэгдэхэд тусалдаг. Тэрээр хэлэхдээ “Ихэнх тохиолдолд намайг тоодоггүй л дээ. Гэхдээ заримдаа миний яриаг хүмүүс сонирхдог. Одоохондоо миний зарим хэрэгцээнээс болж ойрын үед номлолд явах нь боломжгүй байгаа. Гэхдээ номлогч болохын тулд заавал нэрийн тэмдэг зүүх хэрэггүй гэж би боддог.”
Түүний явдаг тойрогт өсвөр үеийнхэн их цөөхөн байдаг. Ламарын ихэнх найз Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн биш. Ламарын хэлснээр “туйлын их” уруу таталт байдаг болохоор сургууль дээр хэцүү байдаг. “Олон оюутан зохисгүй зүйлийн талаар ярьдаг, зохисгүй дуу хөгжим сонсдог. Ерөнхийдөө иймэрхүү үед би энэ байдлаас холдож өөр тийшээ очдог.”
Хүчтэй бай
Уруу таталтууд ирэх үед эсвэл хүмүүс сайн мэдээний талаар сонсохгүй үед Ламар өөрийн дуртай “Харин би болон манай гэрийнхэн бид ЭЗЭНд үйлчилнэ” (Иошуа 24:15) хэмээх судрыг эрхэмлэн боддог.
“Есүс Христэд итгэх итгэлдээ хүчтэй байхад энэ судар надад тусалсан” гэж тэр хэлэв. Энэ ялангуяа Ламарын өөрийнх нь гэр бүлд чухал байдаг. Ламарыг 10 настай байхад аав нь сүмд явахаа больжээ. “Би жаахан байсан болохоор сайн ойлгоогүй” гэж тэр хэлэв. “Би түүнийг эргээд ирэхийг ятгахыг хичээсэн. Гэхдээ энэ нь минийхээр болдоггүйг би ойлгосон. Тэдэнд цаг хугацаа өгөх хэрэгтэй.”
Ламар аавтайгаа дотно хэвээрээ байгаа бөгөөд Сүм дээр юу болсон тухай ярьж, хамт цагийг өнгөрөөж түүнд хайртай гэдгээ өдөр бүр үйлдлээрээ харуулдаг. “Юу ч болж байсан хүчтэй байх хэрэгтэйг тэр надад заадаг.” Гэр бүлийн гишүүд нь Сүмд идэвхтэй биш өсвөр үеийнхэнд хандаж тэрээр, “Хүчтэй бай. Итгэлдээ үнэнч бай. Юу ч болсон битгий бууж өг” гэж нэмж хэлэв.
Хэцүү үед Христийг эрэлхийлэх нь
Ламар түүнчлэн өөр арга замуудаар Христээс урам зориг авчээ. Ламар “Би хааяа сэтгэл түгшүүрээс болж их зовдог”. “Цааш амьдрах зоригийг надад гагцхүү Есүс Христ л өгдөг гэж би боддог. Түүнд олон хэцүү зүйл тохиолдсон ч Тэрээр номлолоо дуусгасан” гэж хэлсэн юм.
Ламар хүнд хэцүү өдрүүддээ Аврагч өөрийг нь “Чи чадна аа. Чи юуг ч даван туулж чадна” хэмээн зоригжуулж байгаагаар төсөөлдөг аж.
Тэр мөн өөртэй нь ойр байдаг хүмүүсээс, ээж, аав, найзуудаасаа эрч хүчийг авдаг. “Буруу зам руу хөтлөгдөх үе надад байсан” хэмээн Ламар хэлэв. Гэхдээ сайн тусламж дэмжлэгийн ачаар тэр замаа засаж Христийн тухай гэрчлэлээ хүчирхэгжүүлсэн.
“Би гэрчлэлээ нэмэгдүүлсээр байгаа. Их Эзэний их цэрэг, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн нэг хэсэг байх нь үнэхээр гайхамшигтай. Би үүндээ дуртай” гэж хэлэв.
Түүний аялал эрээнтэй бараантай байж болох ч Ламар өөрийг нь юу дээш нисгэхийг мэднэ. “Ямар ч сорилт, асуудлыг тууллаа гэсэн Тэнгэрлэг Эцэг чамд хайртай, чамайг халамжилж, дэргэд чинь байх болно.”