Би номлолд явахын тулд сургуулиа орхих уу?
Би 1992 онд ахлах сургуулиа төгсөж, бүрэн цагийн номлолд үйлчлэх өргөдлөө тэр даруйд бөглөлөө. Дуудлагаа ирэх үед би анагаах ухаанаар суралцахаар Нигерийн шилдэг их сургуулиудын нэгэнд дөнгөж орчихоод байлаа.
Нигерт анагаах ухааны сургуульд орох нь их өрсөлдөөнтэй бөгөөд азтайд тооцогддог билээ. Номлолынхоо дуудлагыг орхих талаар зарим найз нар болон гэр бүлийн маань гишүүд надад хэлэх үед би үйлчлэх үүрэгтэй хүн, зургаан жилийн өмнө Сүмд элссэн цагаасаа л хойш номлолд үйлчлэхээр тэсч ядан хүлээлээ шүү дээ гэж тэдэнд тайлбарладаг байлаа. Номлолынхоо дараа анагаах ухааны сургуульдаа дахин орж чадна гэдэгт би итгэлтэй байсан ч, намайг энэ шийдвэртээ харамсах болно гэж олон хүмүүс боддог байлаа.
Номлолд үйлчлэх шийдвэрийг минь дэмжиж байсан гэрийн багш нар, гэр бүлийн маань зарим гишүүд болон Сүмийн найз нартаа би талархаж явдаг билээ. Семинарт явж, судруудыг судлан, сайн мэдээгээр амьдарсан нь итгэл үнэмшлээрээ бат бөх хэвээр байх боломжийг надад олгосон юм.
Номлогчийн хувьд би өөртөө зорилго тавьж, шаргуу ажилладаг байлаа. Хорин дөрвөн сарын дараа би номлолоосоо хүндтэйгээр чөлөөлөгдлөө. Их Эзэн буцаж ирсэн номлогчдыг адисалдаг хэдий ч, тэднийг хүнд сорилтуудаас дархлаатай болгоно гэж амлаагүй билээ. Нигерийн хувьд буцаж ирсэн номлогчдын ажилгүйдэл болон боловсролтой болоход мөнгөөр дутагддаг нь хүнд сорилт болдог.
Номлолынхоо дараах эхний гурван жилд би элсэлтийн шалгалтыг гурван удаа өгсөн боловч анагаахын сургуульд орж чадсангүй. Мөн энэ гурван жилд би ажил ч олж чадсангүй. Анагаахын сургуулиа орхисон нь алдаа болсон юм болов уу, зарим найз нар, гэр бүлийн бусад гишүүдийн зөв ч байсан юм болов уу гэж би бодон уруу таталтад автагдаж байв.
Би номлолынхоо үеэр ачаагаа Их Эзэнд даатгаж сурсан юм. Иймээс би амьдралаа хүсэл тааллынхаа дагуу чиглүүлэх боломжийг Түүнд олгосон билээ. Ингэсний дараа удалгүй юмс миний төлөө, гэхдээ миний төлөвлөж байснаас өөрөөр эргэх нь тэр.
Мацгийн нэгэн ням гарагт би мацаг барьж, Их Эзэний тусламжийн төлөө чин сэтгэлээсээ залбирахаар шийдэв. Тэр орой нэг хүн манай хаалгыг тогшив. Хаалга онгойлготол зургаан сарын өмнө аюулгүй ажиллагааны сургалтын үед танилцсан нэг танилаа хараад миний гайхсаныг яана. Ахынх нь ажилладаг нэг компанид аюулгүй ажиллагааны ажилтан яаралтай хэрэгтэй болсныг тэр надад хэллээ. Түүний санаанд орсон цорын ганц хүн нь би байсан гэнэ.
Маргааш нь тэр компани намайг ажилд авлаа. Тэнгэрлэг Эцэг намайг орхиогүйг, бас би Түүнд итгэх хэрэгтэйг энэ явдал надад нотолсон билээ. Энэ ажил бусад ажлын эхлэлийг тавьсан юм.
Бурханлаг адислалууд зөвхөн материаллаг аж байдлын салбарт олсон амжилтаар хэмжигддэггүй юм. Номлолынхоо дараа би материаллаг аж байдлаа тогтвортой болгохыг эрмэлзэж байлаа. Хажуугаар нь Их Эзэн намайг сүнслэг байдлаар адисалсан билээ. Миний патриархын адислал намайг гэрлэхэд чиглүүлснээс гадна дээд боловсрол эзэмших боломж надад олдоно гэдгийг хэлсэн юм. Үнэхээр ч энэ нь хэрэгжсэн билээ.
Би анагаахын сургуульд дахиад орж чадаагүй ч гэсэн нягтлан бодох бүртгэл, математикаар анагаахын сургуультай дүйцэхүйц боловсрол олсон. Эцэст нь гэрлэх боломжийг олгосон тогтвортой материаллаг аж байдлаар Их Эзэн намайг адисалсан билээ.
Хэрэв бид номлолдоо хүндэтгэлтэй хандаж үйлчлэх юм бол, хожим нь дээд боловсролтой болох боломжийг эрж хайхад Их Эзэн биднийг элбэг дэлбэгээр адислах болно. Бүрэн цагийн номлолын туршлага, адислал, номлолоос сурч мэдсэн зүйлээс илүү давуу зүйл залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдийн амьдралд ерөөсөө байдаггүй.