2009
Дуулж, түүх ярьсан нь
April 2009


Дуулж, түүх ярьсан нь

Би гэргий Сандратайгаа хамт өмнөд Африкийн Дурбаны Номлолд үйлчлэх дуудлага аваад нийгмийн үйлчлэлийн төсөл хайж байлаа. Би 20 гаруй жил Мормон Табернеклын Найрал дууны гишүүн байсан, харин туслах номын санч эхнэр маань бага сургуульд түүх ярих цагийг хариуцан явуулдаг байв. Манай номлолын ерөнхийлөгч ойролцоох жижигхэн хотод номлолын ажлыг эхлүүлэхээр шийдсэн нь бидэнд боломж олгосон юм.

Бид энэ жижиг хотод очоод сургуулиуд нь номын сангүй, харин нийтийн ганцхан жижиг номын сан л хотод нь байдгийг олж мэдэв. Залуу номлогчид биднийг номын сангийн захиралтай танилцууллаа. Эхнэр бид хоёр хүүхдэд зориулсан түүх ярих цагийг долоо хоног бүр явуулж байя гэж номын сангийн захиралд хүсэлт тавилаа. Тэр эмэгтэй хүнд барагтай итгэдэггүй хүн байлаа. Гэвч тэр хэсэг бодсоноо зөвшөөрөв. Ингээд бид оролдоод үзэхээр шийдлээ.

Эхний өдөр таван хүүхэд ирэв. Аажимдаа улам нэмэгдсээр байлаа. Хэдэн сарын дараа бид англи болон зулу хэлээр чөлөөтэй ярьдаг саяхны хөрвөгч, нэг залуу эмэгтэйг туслуулахаар авч ажиллалаа. Түүх ярих цагт оролцогчдын тоо улам нэмэгдэж, номын сангийн захирал эцэг эхчүүд энэ ажлын талаар сэтгэл хангалуун байлаа.

Зулу хүмүүс дуулах дуртай. Иймээс бид энгийн дуу, сүмийн дууллуудыг түүх ярих цаг дээрээ нэмэв. Номлолоо дуусах үедээ дуу дуулж, түүх ярих үйл ажиллагаанд 100 гаруй хүүхэд ирдэг болсон учир бид уг үйл ажиллагааг хоёр юм уу гурван хэсэг болгон явуулдаг болсон юм. Өөр газрын хүүхдүүд заасан дуунуудыг маань дуулж, сүмийн дууллуудыг бидэнд цээжээр уншиж өгч байсныг харах нь ямар сайхан адислал байсан билээ.

Энэ нутагт бидний үйлчлэлийн өөр нэг адислал гарч ирсэн юм. Орон нутгийн Сүмийн гишүүнчлэл өсөхийн хэрээр ням гарагийн цуглаануудаа явуулах газар бидэнд хэрэгтэй байлаа. Номын сангийн захирал биднийг номын сангаа үнэ төлбөргүй ашиглаж болно гэв.

Бид авьяас билгээ ашиглах замыг олж, нийгэмд үйлчлэн мөн үүгээр дамжуулаад номлолын бүсийг нээхэд Их Эзэн тусалсанд маш их талархалтай байдаг.