Сайн Хоньчны дуу хоолой
Би амьдралынхаа 75 жилийн ихэнхийг Монтанад малчин-фермерчээр өнгөрүүлснийхээ хувьд Иохан 10:1–18-д байдаг сайн хоньчны тухай сургаалт зүйрлэлийг эрхэмлэн үнэлдэг. Учир нь би энэ сургаалт зүйрлэлээр амьдарч ирсэн хүн. Энэ сургаалт зүйрлэлийн үзэл санааг амьдралд хэрэгжүүлэхэд дараах туршлагууд надад онцгой нөлөө үзүүлсэн юм.
Библийн үед айлууд хонио шөнө хашаанд нийлүүлж хашдаг байсан учир хоньчин бүр өөрийнхөө дуугаар хонио дууддаг байжээ (ш.3–4-ийг үз). Үүний нэгэн адил, би хонио хашаанд оруулах, хашаанаас гаргах үед дуудахад манай хонь намайг дагадаг байсан юм.
Мөн л хоньчин байсан гайхалтай шаламгай, хөнгөн шингэн, 96 настай манай хөрш Алис хэдэн жилийн өмнө хонь хургалах үеэр өвдчихөв. Иймээс би шөнийн цагаар тэдний хургалах хоньдыг харж, гарсан хургануудыг авч байя гэв. “Жижүүр” хийсэн анхныхаа шөнө намайг тэдний хургалах хонины саравчинд ороход Алисын 100-гаад эм хонь хэвтэртээ тайван гэгч нь налайж байлаа. Гэвч намайг тэдний саравчинд орж ирэнгүүт гаднын хүн орж ирлээ гэдгийг хоньд тэр дороо мэдчих нь тэр. Айсан хоньд аюулгүй газар хайж тэр дороо саравчны буланд бөөгнөрөв (ш.5-ыг үз).
Нэлээд хэдэн шөнө ийм байлаа. Би саравчинд хэчнээн ч сэмээрхэн орлоо гэсэн ялгаагүй, хоньд үймэн сандарч, саравчны буланд бөөгнөрдөг байлаа. Би хургалсан эм хонь болон шинээр гарсан хургануудыг аяархан дуугаар энхрийлэн дууддаг байв. Намайг дунд нь орж ажилласан бараг тав дахь шөнөөс хонь надаас үргэхээ болив. Алисын хонь миний дууг таньдаг болж, надад итгэсэн хэрэг л дээ.
Дараахан нь би тэдний арав гаруй өнчин юм уу, эх нь цатгахгүй байгаа хургыг угжин тэжээж болно шүү гэж Алист хэллээ. Би Алисын дууг дуурайж, хургануудыг нь, “Зуу зуу, наашаа ир! Зуу зуу, наашаа ир!” гэж дууддаг байв. Хурганууд намайг дуудангуут яг л Алис дуудсан юм шиг над руу бөөнөөрөө харайлгаад ирэх юм шиг л би бодож байв. Гэтэл яасан гээч. Ядахдаа ганц ч гэсэн хурга миний өөдөөс харсангүй шүү. Тэгэхэд нь Алис гал тогооныхоо хаалгаар гарч ирээд, дуудлаа. Хурганууд Алисын дууг сонсонгуут сүүгээ хөхөх гэж майлсаар түүний зүг ухаан зулаггүй харайлган ирэв.
Алис бид хоёр ихэд гайхан хурганууд яагаад ингэдгийн шалтгааныг олох гэж оролдоод үзэв. Алис манай хашаанд зогсоод миний дууг дуурайж: “Хургахан, хургахан минь, хүрээд ир! Хүрээд ир, хургахан, хургахан минь!” гэж дуудав. Гэтэл яасан гээч, хурганууд хөдөлсөн ч үгүй. Харин би нөгөөх үгсээрээ дуудтал, манай хонь тэр дороо намайг бүчин авах нь тэр. Хонио дуудахад бид хоёрын хэрэглэсэн үгс адилхан байсан ч дуу нь өөр байсан учир хонь биднийг таниагүй ажээ. Хонь зөвхөн жинхэнэ хоньчноо л итгэлтэйгээр сонсдог аж (ш.4-ийг үз).
Жинхэнэ хоньчин хөлсний хоньчноос ялгаатай байдгийг Иохан 10-төгүүлсэн байдаг. Хонины эзэн болох жинхэнэ хоньчин хониныхоо аюулгүй байдлын төлөө хайраар санаа тавьдаг юм. Үүний эсрэгээр, хөлсний хоньчин зөвхөн “хөлснийх” л байдаг бөгөөд хониндоо “санаа тавьдаггүй юм” (ш.13). Хөлсний хоньчин хонин сүргийг орхин зугтдаг (ш.12-ийг үз) бол жинхэнэ хоньчин сүргийнхээ төлөө амь насаа өргөхөд бэлэн байдгийг (ш.11-ийг үз) эл сургаалт зүйрлэл бас заадаг билээ. Энэ нь бидний Сайн Хоньчин бөгөөд бидний төлөө амь насаа хайрын үндсэн дээр өргөсөн Аврагч, Есүс Христийн тухайд бол бүр ч үнэн юм. (ш 15, 17–18-ыг үз).
Эдгээр туршлага нь энэ сургаалт зүйрлэлийн нэн чухал захиасуудын нэгийг надад нотолсон юм. Энэ бол Сайн Хоньчноо мэдэхийг хичээж, Түүний дуу хоолойг таньдаг байх нь хөлсний хоньчныг андууран дагахаас биднийг урьдчилан сэрэмжлүүлнэ гэсэн захиас мөн. Өөр хэнийхийг ч биш, зөвхөн Сайн Хоньчныхоо дуу хоолойг анхаарч итгэлтэйгээр дагах нь биднийг мөнхийн аюулгүй байдал руу хөтөлнө.