2009
Суралцахуй ба Хожмын Үеийн Гэгээнтнүүд
April 2009


Суралцахуй ба Хожмын Үеийн ГэгээнΤнүүд

Мэдлэг эзэмших нь насан туршийн, ариун гэгээн, Тэнгэр дэх бидний Эцэгийг баярлуулдаг, Түүний үйлчлэгчид өндрөөр үнэлдэг үйл хэрэг юм.

Сурч мэдэхүйн ертөнцөд нэвтрэхийг хүсдэг хүн Мосе шатаж буй бут руу очдог лугаа адил ариун газар дээр зогсож байдаг. Тэр хүн ариун зүйлүүдийг эзэмших болно” гэж Тэргүүн Зөвлөлийн гишүүн, Ерөнхийлөгч Бага Ж.Рюбен Кларк (1871–1961), Бригам Янгийн Их Сургуулийн шинэ ерөнхийлөгчийн албыг эхлэх ёслол дээр хэлжээ. “Хүмүүний мэдлэгийн бүх салбар ямар ч ажил мэргэжлийнх байлаа гэсэн, бид үүнд зөвхөн хүндэтгэлтэйгээр бус, харин шүтлэг бишрэлийн санаа бодлоор хандах ёстой.”1

Хожмын Үеийн Гэгээнтнүүд бид боловсролд итгэж найддаг. Бид хэрхэн, юуны учир боловсролтой болохыг эрмэлздэг талаар бидэнд үзэл бодол бий. Бид Сүнсээр суралцахыг эрэлхийлэх ёстой, хүн төрөлхтний ашиг тусын тулд мэдлэгээ ашиглах үүрэг бидэнд бий хэмээн манай шашин сургадаг.

Үнэний төлөөх бидний эрэл

“[Манай] шашин … мэдлэгийг хичээнгүйлэн эрэлхийлэхэд [биднийг] өдөөдөг” гэж Ерөнхийлөгч Бригам Янг (1801–77) заажээ. “Үнэнийг харж, сонсож, мэдэн, ойлгохыг улам ихээр эгээрэн хүсдэг өөр хүмүүс байхгүй.”2

Үнэний төлөөх бидний эрэл насан туршийн үйл хэрэг болж, бидний нөхцөл байдал өөрчдөгдөхийн хэрээр улам нарийн байх ёстой. Мэдлэг эзэмшсэн Хожмын Үеийн Гэгээнтэн тухайн үеийнхээ шашин, материаллаг юмс, нийгэм, улс төрийн асуудлуудыг ойлгодог байх ёстой. Тэнгэрлэг хуулиуд болон дэлхийн юмсын талаар бид хэчнээн их мэдлэг эзэмшинэ, эргэн тойрныхоо хүмүүст төдийчинээ сайн нөлөө үзүүлж, биднийг төөрөгдүүлж, хөнөөж мэдэх бусармаг явдал, хилэнцэт нөлөөнөөс аюулгүй байх болно.

Бид үнэний төлөөх эрэлдээ хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийнхээ туслалцааг эрж хайх хэрэгтэй. Түүний Сүнс мэдлэг эзэмших бидний хүч чармайлтыг чиглүүлэн эрчимжүүлж, үнэнийг ойлгох бидний чадварыг нэмэгдүүлнэ. Сүнсээр суралцах нь хичээл юм уу сургуулийн шалгалтаар хязгаарлагддаг юм биш. Бид амьдралдаа хийдэг юм бүхэнд, гэр оронд, ажил дээр, бас сүм дээр болон газар сайгүй Сүнсээр суралцдаг.

Нийгмийн санаа бодол, өнөө маргаашийн тулгамдсан асуудлын эрхшээлд байгаа дэлхийн нөхцөлд бид Сүнсний удирдамжийг хүлээн авч, хэрэгжүүлэх гэж хичээх юм бол, орчин үеийн технологийн бий болгосон буруу ташаа, чухал бус мэдээллийн үерт живэх болно. Нэг судлаачийн нэрлэснээр бид, “зөвхөн товчлуур дараад асар их мэдээллийн сүлжээн дэх олон чухал сэдвийн зах зухаас нь, хам хум үзсэн болдог, өнгөц гүехэн мэдлэгтэй хүмүүс” болох эрсдэл тулгарч байна.3

Нэрд гарсан хүмүүстэй телевиз, радиогоор хийдэг ярилцлагууд, телевизийн сэтгэлзүйчид, загварын сэтгүүлүүд, мэдээллийн хэрэгслийн тайлбарлагчид үнэт зүйлсийг мушгин гуйвуулж, эргэлзээтэй асуудлыг сурталчилж, биднийг дайран довтолж байгаа нь бидний санаа бодол, зан төлөвт нөлөөлж болзошгүй юм. Жишээ нь, Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл (1895–1985) “[Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн] үүрэг ингэтлээ гуйвуулагдсан үе дэлхийд хэзээ ч байгаагүй юм” гэжээ.4

Ийм нөхцөлд, төөрөгдөл, цөхрөл гутрал, өөртөө эргэлзэх эргэлзээ итгэлийг маань сулруулж, Аврагчаас, дэлхий дээр Түүний хаант улсыг байгуулахаас биднийг холдуулж мэднэ. Хэрэв бид дэлхийн чиг хандлагыг баримтлан шийдвэр гаргахад анхаарал төвлөрүүлэх юм бол, “давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир арганд туугдах болно” (Ефес 4:14).

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нийгэмд өргөн тархсан санаа бодолд нөлөөлөгдөлгүйгээр зарчмуудыг заадаг билээ. Ялгаа нь маш их юм. Нийтийн хандлага, моод загвар, өргөн тархсан үзэл бодлын тогтолцоо түргэн хуучирдаг бөгөөд богино настай байдаг. Харин зарчмууд бол аюулгүй байдал, удирдамж чиглүүлэл, ашиг тустай үнэн болж үйлчилдэг. Хэрэв бид өөрсдийн төгс бодол санаа, удирдамж чиглүүллийг Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, бошиглогчийг дагах зэрэг сургаал зарчмууд дээр бат бөхөөр суурилуулах юм бол, энэ нь амьдралдаа чухал шийдвэрүүд гаргахад бидэнд туйлын найдвартай, өөрчлөгдөн хувирддаггүй хөтөч байх болно.5

Бид айх хэрэггүй. Тэргүүн Зөвлөлийн Нэгдүгээр зөвлөх, Ерөнхийлөгч Хенри Б.Айринг сургасан нь: “Таны хийх хэрэгтэй юмыг бас таны мэдэх хэрэгтэй зүйлийг аль алийг нь Их Эзэн мэддэг.” Тэрээр нигүүлсэнгүй бөгөөд бүхнийг мэддэг. Иймээс өөрийнхөө хийх номлолын бэлтгэлд суралцах боломжийг Тэрээр бэлтгэснийг та итгэлтэйгээр хүсэн хүлээж болно. Эдгээр боломжуудыг та төгс байдлаар танин мэдэх аргагүй. … Гэвч та сүнсний зүйлүүдийг амьдралдаа нэгдүгээрт тавих юм бол, тодорхой эрдэм мэдлэг рүү удирдан адислагдсанаа мэдрэх болно. Бас та улам шаргуу ажиллах хүсэл эрмэлзэлтэй болно.6

Хувийн зохистой байдал

Сурч мэдэх бидний хүч чармайлт нь, Ариун Сүнсний удирдамж хүлээн авч чадахуйц зохистой байх бидний хувийн зохистой байдалтай нэгдэн нийлсэн байх ёстой. Бид бэлгийн харилцааны цэвэр ариун бус байдал, порнограф, аливаа донтолт, бусдын болон өөрсдийнхөө эсрэг сөрөг муу санаа бодлоос зайлсхийх ёстой. Нүгэл нь Их Эзэний Сүнсийг зайлуулдаг бөгөөд энэ тохиолдолд Сүнсний онцгой нөлөө, сурч мэдэх хүсэл эрмэлзэл сулардаг байна.

Хэрэв бид зохистой байж, бие сэтгэл бүхнээ Бурханы алдар сууд зориулах юм бол, бидний “бүхэл бие гэрлээр дүүргэгдэх болно, мөн [бидэнд] харанхуй байх нь үгүй; мөн гэрлээр дүүргэгдсэн тэрхүү бие бүх зүйлийг ухамсарладаг бөлгөө” (С ба Г 88:67) гэсэн амлалт бидэнд орчин үеийн илчлэлтэд байдаг билээ.

Бид мөнхийн энэ зарчмыг саяхан тохиолдсон хувийн туршлагаараа нотолж чадна. Гоморхож уурласан, зөрчилдөж сөргөлдсөн, хэрэлдэж маргалдсан үеэ эргээд нэг сана даа. Ийм үед та ямар нэг ашигтай зүйлийг сурч мэдсэн үү? Ийм үедээ та ямар нэг гэгээрлийг хүлээж авсан уу?

Нүгэл хилэнц, уур уцаар оюун ухааныг мунхруулдаг юм. Нүгэл хилэнц, уур уцаар нь Бурханы алдар суу болох оюун билгийг тодорхойлдог гэрэл ба үнэний эсрэг нөхцөлийг бий болгодог (С ба Г 93:36-г үз). Есүс Христийн цагаатгагч золиослолоор дамжуулан нүглээс биднийг цэвэршүүлдэг наманчлал бол Ариун Сүнсний заах хүчээр дамжуулан гэрэл ба үнэнийг эрэлхийлдэг бүх хүмүүсийн хувьд суралцах замаар замнахад нь нэн чухал алхам мөн.

Бид бол төгс төгөлдөр бус хүмүүс. Гэвч бидний хүн нэг бүр хувийнхаа ойлголтыг нэмэгдүүлж, үнэнийг улам сайн хамгаалах, нийгмийн зүгээс учрах дарамт шахалтын эсрэг тэмцэх, нийгэмд эерэг нааштай хувь нэмэр оруулахад биднийг бэлтгэх Сүнстэй нөхөрлөхийн тулд улам зохистой байхаар хичээж чадна.

Боловсрол

Бид боловсрол олж авах сонголт хийхдээ өөрсдийгөө болон биднээс хамааралтай байдаг хүмүүсийг дэмжин тэтгэхийн тулд бэлтгэх ёстой. Зах зээлд хэрэгтэй ур чадвар, мэргэжлийг эзэмших нь маш чухал юм. Хувь хүний аюулгүй байдал, сайн сайхан амьдралд боловсрол зайлшгүй хэрэгтэй.

Сонгох эрхээ хэрэглэх, өөрсдийгөө төлөвшүүлэхэд сүнсний нөлөө болон авьяас чадвараа ашиглах, боловсролтой болохыг зорьж шийдвэр гаргахыг Тэнгэрлэг Эцэг маань биднээс хүсэн хүлээж байдаг. Ахлах сургууль төгсөж, номлолд үйлчлээд, эдүгээ дараагийн шатны сургуульд сурах буюу ажил хийх шийдвэр гаргах гэж буй залуу хүмүүст энэ нь бүр ч чухал юм. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хийх сонголтууд нэлээд өөр учраас Хожмын Үеийн олон Гэгээнтний хувьд ч эхнэр бид хоёрын эсрэг тэсрэг туршлага нийтлэг зүйл байж болно гэдэгт бид итгэнэ.

Ахлагч Өүкс: Ихэнх залуу хүмүүсийн нэгэн адил боловсрол эзэмших бид хоёрын зорилго эрч хүчтэй, байнгын шинжтэй байсан бас гэр бүлээ тэжээн тэтгэх чадвартай байх хэрэгцээнд тулгуурласан байлаа. Би коллежоо төгсөөд эрдмийн зэрэг хамгаалах болов. Сургалтынхаа төлбөрийг бүрэн бус цагийн ажил хийж олсон хөлс, боловсролтой болсны ачаар нэмэгдсэн цалингаасаа эргүүлэн төлөхөөр авсан зээлээр хийсэн. Үүний хамт бид гэрлэж, хүүхэдтэй болж эхлэв. Эхнэрээ тэжээн тэтгэх болон өнөр өтгөн болж байгаа гэр бүлийнхээ төлөө хүлээх хариуцлага нь мэргэжил боловсролоо улам дээшлүүлж, эрдмийн зэргээ дүүргэн, насан туршийн ажил хөдөлмөртөө шамдан орох хүсэл эрмэлзлийг надад төрүүлсэн билээ. Албан ёсны боловсролоо дүүргэсний дараа бий болсон чөлөөт цагаа би мэргэжлээ цаашид ахиулах, аль эртнээс хүсч байсан Сүмийн түүх болон ерөнхий боловсролын талаар ахиухан юм уншихад хамаг цагаа зориулдаг байлаа.

Өүкс эгч: Эмэгтэйчүүдийн боловсролтой болсон замнал, туршлага эрэгтэйчүүдийнхээс эрс ялгаатай байдаг. Эмэгтэйчүүдэд өөрсдийгөө тэтгэх хоёрхон сонголт байдаг юм шиг санагдаж байсан үед би төрж өссөн хүн. Энэ хоёр сонголт нь сургуульд багшлах, эмнэлэгт сувилагч болох байлаа. Би энэ хоёр ажлын алийг нь ч хийнэ гэж бодож байгаагүй нь миний “асуудал” байв. Өөрийгөө мөнгө төгрөгөөр хангах нь миний хувьд боломжтой эсвэл шаардлагатай зүйл гэж би огт бодож байгаагүй. Би сурч мэдэхэд дуртай байсан. Иймээс хэрхэн ажиллахыг мэддэг байлаа. Чухамдаа бол, би ажиллах дуртай байсан. Би зун олон өөр ажил хийдэг байсан. Бас хичээл сургуульдаа ч шаггүй сайн байлаа. Би өөрийгөө бүрэн тэтгэх хэрэгтэй юм байна гэдгийг эцэстээ ухаарч ойлгосон үед тэвдэн балмагдаж, бараг л хөдөлж чадахгүй болсон гээч. Айхад аргал хөдөлнө гэдэг шиг, ирээдүйд тулгарч болох сорилт бэрхшээл давж гарахын аргагүй, айн сүрдмээр лут юм шиг санагдаж билээ. Ажлын жинхэнэ ур чадвар надад байсангүй. Ерөнхий соёлын сэдвээр хичээллэж байсандаа сэтгэл ханамжтай байсан боловч одоо мөнгөний түрийвчээ дүүргэх хэрэгтэй байлаа.

Өөрийгөө тэтгэх мэргэжил боловсрол эзэмшихийн тулд би эрдмийн зэрэг хамгаалах сургуульд явж эхлэв. Би эрдэм мэдлэг эзэмших хором бүрийг хайрладаг байлаа. Зөвхөн шинэлэг санаануудыг нээдэг байсан төдийгүй бас чадвараа нээдэг байв. Өнгөрсөн үед ичиж зовон, бэлтгэл маруухан байна даа гэж боддог байсан ажил төрөлтэй эдүгээ би ганцаараа нүүр тулан уулзах чадвартай болсноо мэдэрдэг.

Шийдвэр гаргахад чухал үе

Ирээдүйдээ юу хийхийг мэдэхгүй байхаас илүү таагүй зүйл байдаггүйг бид мэднэ. Харин хүн авьяас чадвараа нээж илрүүлэхээс илүү их урам хайрладаг зүйл байдаггүй юм билээ. Патриархын адислалаа уншиж, мэдлэгийн аль нэг салбар юм уу аль нэг сэдвээрх чадавхи, авьяас чадвартаа үнэлэлт дүгнэлт өгөөд, цааш ахь. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Жишээ нь, Өүкс эгч Английн утга зохиолоор судалгааныхаа ажлыг эхлэх үед энэ нь түүнийг Бостонд хэвлэлийн компани үндэслэн байгуулахад хүргэнэ гэдгийг огт төсөөлж байгаагүй юм. Ахлагч Өүкс нягтлан бодох бүртгэл судалж байхдаа энэ ажил нь түүнийг эрхзүйн боловсролтой болгож, Бригам Янгийн Их Сургуульд, дараа нь Ютагийн Дээд Шүүхэд ажиллахад хүргэнэ гэж огт бодоогүй ажээ. Их Эзэнтэй хамт “[бидний] сайны төлөө бүх юм хамтдаа ажилладаг” (Ром 8:28) бөгөөд бидний эзэмшдэг боловсрол нь, амьдрал бидний нүдний өмнө төвхнөн төлөвшихийн хэрээр бага багаар өсөн нэмэгддэг юм.

Бид эзэмших мэргэжил боловсролоо нягт няхуур, ухаалгаар сонгох ёстой. Учир нь мэргэжил боловсрол үүрд мөнхийн настай юм. Иймээс энэ амьдралд бидний эзэмшсэн ямар нэг ашиг тустай мэдлэг буюу мэргэн ухаан эсвээс “оюун билгийн түвшин нь” “амилуулалтад бидэнтэй хамт сэргэн босох болно” (С ба Г 130:18).

Маш олон хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүд өөртөө, бас амжилт олох чадвартаа эргэлзэж тээнэгэлздэг нь харамсалтай юм. 2005 оны 3-р сард БЯИС-ийн ерөнхийлөгч, Далын Ахлагч Бага Сесил О.Самуелсон, математик, шинжлэх ухаан, инженерийн салбарын эмэгтэй оюутнуудад хандаж хэлсэн үгэндээ: “Та нарын зарим нь ангийнхаа эрэгтэй оюутнуудаас илүүгээр авьяас чадвар, ирээдүйн боломжууддаа итгэл сулхан байдаг тухай багш нарын чинь нэг нь надад ярьсан … Энэ нь тийм биш гэдгийг баримт нотолсоор байхад шүү. Та нар авьяас чадвар, хүч чадлаа танин мэдэж, Бурхан өөрт чинь соёрхсон бэлгүүдийн талаар аливаа эргэлзээгүй байх хэрэгтэй.”7

Ялангуяа эмэгтэйчүүд мэргэжлийн ажилд орохоор бодож байгаа үед сөрөг санаа бодол толгойд нь орж ирж болох юм. 20 нэлээд гарч яваа нэгэн залуу эмэгтэй бие даан амьдрахтай тулгарсан үедээ захидлаар зөвлөгөө хүсчээ. Тэр эмэгтэй хуулийн мэргэжлээр суралцах тухай сүмийн нэг удирдагчид хандсан ч тэр удирдагч урмыг нь хугалсан тухай нууцаа дэлгэн хуваалцсан байлаа. Бид тэр эмэгтэйн юу чаддаг, юу чаддаггүйг мэдэхгүй л дээ. Гэвч түүний хүлээн авч болох байсан зөвлөгөө нь авьяас чадвар дээр нь, бас түүний өвөрмөц нөхцөлд нийцсэн сүнслэг нөлөөн дээр үндэслэх байсан биз ээ. Үүний хамт түүний чинхүү хүсэл эрмэлзэл захидлынх нь хуудсуудаас мэдрэгдэх байсан биз. Мөн чадавхийг нь бүрэн дайчлахуйц зөвлөгөөг түүнд өгч болох байсан нь тодорхой юм.

Ерөнхийлөгч Томас С.Монсон 2007 оны есдүгээр сарын 29-нд болсон ерөнхий Нийгмийн Халамжийн Бүлгийн цуглаан дээр захиасынхаа нэг хэсэг болгон эмэгтэйчүүдэд хандаж: “Чадвартайгаа адил тэнцүү зорилгын төлөө бүү залбир, харин тавьж байгаа зорилготойгоо адил тэнцүү чадварын төлөө залбир. Тэгвэл зорилгын чинь гүйцэлдэлт гайхамшиг биш, харин та өөрөө гайхамшиг байх болно” гэжээ.8

Сургууль төгсөж, мөнгө санхүүгийн талаар бат найдвартай болох хэрэгцээ нь эрэгтэй, эмэгтэйчүүд гэрлэлтийг чухал бус гэж үзэх уруу таталтад хүргэж болох талтайг бид анхааруулж байна. Зөвхөн ажил мэргэжилтэй болохыг л сонирхох нь үүрд мөнхийн үүднээс авч үзвэл ухаалаг бус юм. Энэ нь мөнхийн үнэ цэнэтэй гэрлэлтийг боломжгүй болгодог. Учир нь энэ нь дэлхийн үнэт зүйл болох ажил мэргэжлийн зорилго төлөвлөлттэй нийцдэггүй.

Нэгдсэн Улсын дорнод хэсэг дэх эрдмийн цол зэрэг хамгаалах сургуулиудыг үзүүлэхээр нэг найз маань охиноо дагуулан очжээ. Оргилуун хүсэл эрмэлзэлтэй, авьяас билэгтэй энэ охин өөрийнхөө сонголтоор хамгийн шилдэг сургуульд сурдаг болсноор боловсролынхоо төлөө их хэмжээний өр тавих шаардлагатай болсон гэнэ. Сайн боловсролын төлөө мөнгө төлөх нь зүйн хэрэг. Гэвч энэ тохиолдолд охин нь залбирч, их өр нь түүний гэрлэлтэд саад болохгүй байж болох ч гэсэн эцэстээ тэрээр хүүхдүүдтэйгээ байхын оронд ажлаа хийсээр байх нь дээ гэж бодсон гэнэ. Ухаалаг бай. Бидний хүн нэг бүр өөр юм. Хэрэв та Түүний зөвлөгөөг эрэлхийлэх юм бол, өөрт чинь юу хамгийн чухал болохыг Их Эзэн танд мэдүүлэх болно.

Эрдэм мэдлэгийн төлөө өлсөхүй

Бид үргэлж “суралцан, өсч хөгжиж байх” хэрэгтэй гэж Далын Ерөнхийлөгчийн Зөвлөлийн Ахлагч Жэй И.Женсен заасан байдаг.9 Тэрхүү өсөлт хөгжилт нь сурах хүсэл эрмэлзлээр улам боловсронгуй болж, үүрд мөнхийн эрхэм дээд зүйлсээр чиглүүлэгдэж байх ёстой.

Бид ажил мэргэжлээ дээшлүүлэхээс гадна хувийнхаа харилцаанд бүрэн дүүрэн сэтгэл хөдлөлтэй, илүү чадварлаг байх, илүү сайн эцэг эхчүүд болон иргэд байхыг сурах хүсэлтэй байх ёстой. Ямар нэг шинэ зүйлийг сурч мэдэхээс илүү урам зориг, хөгжил хөөрийг хүнд өгдөг зүйл цөөхөн байдаг. Агуу аз жаргал, сэтгэл ханамж, мөнгө санхүүгийн урамшил үүнээс ирдэг билээ. Боловсрол зөвхөн албан боловсролоор хязгаарлагддаггүй. Насан туршид суралцах нь ажил хөдөлмөр, үүнээс баяр баясгалан, сэтгэл ханамж олох, бидний эргэн тойрон дахь ертөнцийн гоо сайхныг дээдлэн үнэлэх бидний чадварыг дээшлүүлнэ. Ийм төрлийн сурах үйл явц нь ном зохиол, Интернэт зэрэг шинэ технологийг сонгон ашиглах явдлаар хязгаарлагдахгүй юм. Энэ нь бас хүнд заяамал байдаг төрөлхийн ур чадвараа дайчлахыг шаарддаг. Хүмүүс болон олон нийтийн газар биеэ авч явах: найз нөхөдтэйгөө ярилцах, музей, концертонд очих гэхчлэн үйлчлэх бусад олон боломж байдаг. Бид өөрсдийгөө байнга хөгжүүлэх юм бол аялал маань бидэнд бүр илүү таалагдах болно.

Бид зорилгодоо хүрэхийн төлөө тэмцэх ёстой. Тэмцэл гэдэг нь сурч мэдэх үйл хэрэг бөгөөд үүний ачаар бид өсч хөгжинө. Сорилтуудыг даван туулахын тулд бидний хөгжүүлдэг хүч чадал үүрд мөнхөд бидэнтэй хамт байх болно. Санхүүгийн болон оюун билгийн чадавхи нь ая тух, тааламжтай байдлыг бий болгодог хүмүүст бид атаархах ёсгүй. Өсөлт хөгжилтийн цаадах хүчин зүйл хэзээ ч амар хялбар байдаггүй. Амьдрал ахуй нь амар хялбар байдаг хүмүүс бусад хэлбэрээр золиослол үйлдсэнээр эсвэл амжилт ололтыг амьдралын зорилго гэж үзэхээс татгалзсанаар өсөлт хөгжилтөд хүрэх болно.

Хамгийн чухал нь, бид судрууд болон Сүмийн ном зохиолуудыг уншсанаар, сүмд болон ариун сүмд явснаар сүнслэг боловсролоо байнга дээшлүүлэх үүрэгтэй билээ. Амьдралын үгсийг ойлгон эзэмших нь биднийг хөгжүүлж, хайрладаг хүмүүстээ заах бидний чадварыг дээшлүүлэн, мөнх амьдралд бэлтгэнэ.

Боловсролын эцсийн зорилго бол биднийг улам сайн эцэг эхчүүд, хаант улс дахь улам сайн үйлчлэгчид болгох явдал мөн. Эцсийн эцэст бидний оюун санааг тэлж, үүрд мөнхөд биднийг бэлтгэдэг зүйл бол сургуулийн гэрчилгээ, дипломын дүн биш, харин бидний өсөлт хөгжилт, эрдэм мэдлэг, мэргэн ухаан юм. Сүнсний зүйлс бол мөнх оршдог зүйлс бөгөөд санваарын хүчээр лацдагдан холбогдсон бидний гэр бүлийн харилцаа бол Сүнсний эцсийн үр жимс юм. Боловсрол бол Бурханаас ирдэг бэлэг юм. Бид боловсролыг бусдын ашиг тусын төлөө ашиглах юм бол энэ нь манай шашны тулгуур чулуу болдог.

Эшлэл

  1. Ж.Бага Рюбен Кларк, “Charge to President Howard S. McDonald,” Improvement Era, 1946 оны 1-р сар, 15.”

  2. Бригам Янг, “Remarks by President Brigham Young,” Deseret News, 1860 оны 3-р сарын 14, 11.

  3. Richard Foreman, “Is Google Making Us Stupid?” -ээс эш татав. Atlantic Monthly, 6/8-р сар. 2008, 63.

  4. Спенсер В.Кимбалл, Teachings of Presidents of the Church: Spencer W.Kimball (Melchizedek Priesthood and Relief Society course of study, 2006), 222.

  5. Энэ догол мөрийн болон сүүлчийн бусад нэлээд хэдэн догол мөр дэх материалыг Kristen М.Oaks, A Single Voice (2008) өгүүллээс авчээ.

  6. Хенри Б.Айринг, “Education for Real Life,” Ensign, 2002 оны 10-р сар, 18–19.

  7. Бага Сесил O.Самуелсон, “What Will Be Relevant,” нийтлэгдээгүй хэлсэн үг.

  8. Томас С.Монсон, “Three Goals to Guide You,” Лиахона болон Ensign, 2007 оны 11-р сар, 120.

  9. Жей И.Женсенээс Даллин Х.Өүкст 2008 оны 4-р сарын 23-нд бичсэн захидал.

Зүүн талд: Крейг Даймондын гэрэл зураг. Баруун талд: Зураг чимэглэлийг Жон Лук, Маттью Рейер, Кристина Смит

Гэрэл зураг чимэглэлийг Роберт Касей, Марина Лукач, Крейг Даймонд

Гэрэл зураг чимэглэлийг Маттью Рейер, Крейг Даймонд, Кристина Смит

Сүнсээр суралцах нь хичээлээр эсвэл сургуулийн шалгалтанд бэлтгэхээр хязгаарлагддаггүй. Бид амьдралдаа хийдэг юм бүхэнд, гэр орондоо, ажил дээр, бас сүм дээр болон газар сайгүй Сүнсээр суралцдаг.

Боловсрол нь зөвхөн албан ёсны боловсролоор хязгаарлагддаггүй. Насан туршид суралцах нь ажил хөдөлмөр, үүнээс ирэх баяр баясгалан, сэтгэл ханамж олох, бидний эргэн тойрон дахь ертөнцийн гоо сайхныг дээдлэн үнэлэх бидний чадварыг дээшлүүлнэ.