Шөнө дунд болтол ажилладаггүй
Сайн мэдээний зарчмууд миний өдөр тутмын амьдралыг ч, сүнсний амьдралыг ч адисалсныг би коллеж төгсөх үедээ олж мэдсэн билээ.
Намайг бүр залуу эмэгтэй байхад, Сүм дэх миний дуудлагын олонх нь Хүүхдийн Хэсэгт заах явдал байсан. Иймээс ч энэ нь намайг бага боловсролын салбарт эрдмийн зэрэг хамгаалах шийдвэр гаргахад нөлөөлсөн юм. Гэвч мэргэжлээ ийнхүү сонгосон нь зөвхөн Сүмийн сургаал л миний боловсролд нөлөөлсөн гэсэн үг биш л дээ. Сургуулиа төгсөх гэж бэлтгэж байх үед энэ нь маш тодорхой болсон юм.
Дуусгах ёстой байсан миний сүүлчийн төсөл бол гурван шүүгчийн өмнө ам шалгалтаар хамгаалах төгсгөлтийн реферат байлаа. Шүүгч нарын зарим нь манай ангид хичээл заадаг байсан багш нар байв.
Би рефератаа арай гэж дуусгаад ам шалгалтын өмнөх оройг найз залуугийнхаа гэр бүлтэй өнгөрүүлэв. Гэртээ харихаар гарахад найзын маань ээж намайг шалгалтаа амжилттай өгнө гэдэгт найдаж байгаагаа хэлээд, “Хэрэв та нар бэлтгэгдэх аваас, та нар эмээх нь үгүй” (С ба Г 38:30) хэмээн судраас эш татав.
Маргааш нь боллоо. Үй түмэн бодол толгойд эргэлдсээр байлаа. Цаашид суралцахын тулд төрж өссөн хотоо орхин явахаар хэрхэн шийдсэнээ, миний сургалтын төлбөрийг төлөхийн тулд гэр бүлийнхээ хийсэн бүх золиослолыг би эргэн саналаа. Би тэдний урмыг хугалж болохгүй байлаа. Төгсөлтийн шалгалтаа амжилттай өгөх ёстой байв.
Ангийнхан маань ч бас шалгалтаа өгөхөөр хүлээж байлаа. Шүүгчдийн тавьж болох асуултуудын талаар бид бүгдээрээ л санаа зовниж байсан. Гэвч би тусламж хүсэн залбирсан болохоор тайван байлаа. Учир нь рефератаа цэгцлэн, судалгаа хийж, бичихэд гаргасан хүч чармайлтыг минь Бурхан мэдэж байгаа гэдэгт би итгэлтэй байв.
Миний ээлж ирлээ. Би рефаратаа шүүгчдэд тайлбарласны дараа, асуултанд нь хариулж эхэллээ. Миний хамгаалж байгаа сэдвийн талаар нэлээд хэдэн асуулт асуусны дараа, шүүгчдийн нэг нь, “Энэ рефератаа хийхэд чи хэр их хөдөлмөрлөсөн бэ?” гэж асуув.
“Маш их” гэж би хариуллаа. “Рефератаа шинэлэг болгохыг хүссэн учраас би өөртөө байгаа бүхнээ үүнд зориулсаан.”
Тэгэхээр чи шөнө дунд болтол ажилласан хэрэг үү?”
“Үгүй ээ. Би ерөөсөө шөнө дунд болтол хичээлээ хийдэггүй” гэж хариуллаа. “Би бүх ажлаа амжуулахын тулд ажлынхаа өдрийг ингэж зохион байгуулдаг юм л даа.”
Шүүгчид гайхсан нь царайнд нь илт байв. “Та шөнө дунд болтол ажилладаггүй мөртлөө ийм их зүйл хийсэн нь хачирхалтай байна” гэж нөгөө шүүгч хэлэв. Танай ангийнхнаас олон хүн шөнө ажилладгийг бид мэднэ л дээ.”
Шүүгч нарын бас нэг нь, “Би та нарт энэ оюутны тухай ярьж өгье Энэ эмэгтэй бүх зүйлд цаг гаргаж чаддаг хүн. Би түүнийг таньдаг учраас ингэж хэлж байна. Энэ оюутан хичээл сурлагадаа, найз нартаа, гэрийнхэндээ цаг гаргаж чаддаг. Бас тэгээд сүмд явдаг гээч.”
“Тийм үү?” гэж өөр нэг шүүгч дахин гайхаж, “Чи ямар сүмд явдаг юм бэ?” гэж асуув.
“Би бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн.”
“Өө, тийм, тэр чинь ямар сүм болохыг би мэднэ” гэж бас нэг нь хэлэв.
“Манай сүм эрт унтаж байхыг, мөн эрт унтах юм бол бид маргааш нь эрч хүчээр дүүрэн, сэргэлэн байдаг гэж сургадаг.”
Мэргэжлийн шалгалтын үеэр шүтлэг бишрэлийн талаар асуусанд би гайхсан ч, сайн мэдээний талаар ярихдаа тайван, өөртөө итгэлтэй байлаа.
“Та рефератаа төгс итгэл үнэмшлээр бичсэн байна. Энэ чинь маш сайн хэрэг. Энэ бол танай сүмээс өөрт чинь зааж сургасан дадал хэвшлийн ач үр байх гэж би бодож байна.”
“Тийм ээ”, “Хүүхдүүдэд хэрхэн заахыг сүм дээр надад зааж сургадаг байсан. Энэ нь үнэхээр ч зэрэг хамгаалахад минь тусаллаа” гэж би хэлэв.
“Та рефератаа загас усандаа гэдэг шиг л чадамгай бичсэн байна” гэж шүүгч нарын нэг нь наргиан болгон хэлэв. “Та сүмд явахаа болихгүй гэдэгт бид найдаж байна. Учир нь та сүмээсээ олон үнэт зүйлсийг олж авсан байна шүү дээ.”
Шүүгчид шийдвэр гаргах хэрэгтэй байсан болохоор удалгүй намайг өрөөнөөс түр гаргалаа. Хоёр минутын дараа тэд намайг эргэн орж ирнэ үү гэж дуудав.
“Санал нэгдмэл шийдвэр гаргахад бидэнд хэцүү биш байлаа. Таны хосгүй эрхэм зан чанар, сурлагын тань онц дүн, дээр нь өнөөдрийн таны хамгаалсан нэг сэдэвт зохиолыг нэгтгэн дүгнэж үзээд, хүндэт өргөмжлөлтэйгөөр эрдмийн зэрэг олгохоор санал нэгтэй шийдлээ. Танд баяр хүргэе!” гэв.
Намайг энэ тухай гэрийнхэндээ хэлэхэд тэд баярласандаа уйлж байлаа.
“Та нар ядрахгүй байхын тулд; эрт босч бай, та нарын бие хийгээд оюун чинь амарч болохын тулд орондоо эрт орж бай” (С ба Г 88:124) хэмээн Их Эзэн бидэнд зарлиг болгосныг би гэрчилж байна. Тэрбээр биднийг адислахын тулд ийн зарлиг болгосон билээ. Сайн мэдээ бидний амьдралын бүх талд аз жаргалыг авчрах боломжоор хангасных нь төлөө би Түүнд талархалтай явдаг.